Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Номинхолдинг” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Маргааны төрөл: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболат, М.Өлзийбат, Ж.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Номинхолдинг” ХХК-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу “Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж” гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Номинхолдинг” ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Номинхолдинг ХХК нь нэгж талбарын 18642309615029 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2,194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар “Цаст констракшн” ХХК-иас шилжүүлэн авч, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг өөрчилжээ.

4.Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Улмаар нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2019  оны   11   дүгээр   сарын   28-ны   өдрийн   834   дүгээр  шийдвэрээр

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалаар анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5.Нэхэмжлэгч “Номинхолдинг” ХХК шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл:

1/...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дугаартай шийдвэрээр “Номинхолдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Харин Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0834 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх, 2 дахь заалтад "Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдсугай” гэж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын зүгээс Улсын дээд шүүхийн тогтоолд заасан 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бөгөөд ингэснээр шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаартай захирамж хүчингүй болж, “Номинхолдинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл бүрдсэн болно.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “Номинхолдинг” ХХК-ийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар тогтоол гаргасан нь хууль бус, үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нийтийн

эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоохдоо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох, маргаан бүхий акттай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шийдвэрээ гаргах хуулийн шаардлагыг биелүүлэлгүй “Номинхолдинг” ХХК-ийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “Хуульд үндэслэх”, 4.2.5 дахь хэсэгт заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хангаагүй байна.

Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу “Номинхолдинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх үндэслэл бүрдсэн байхад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар шийдвэрлэж, тус шийдвэрийг нь үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба “Номинхолдинг” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь “Номинхолдинг” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Ийнхүү захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаанаас болж “Номинхолдинг” ХХК нь 2019 оноос хойш өдийг хүртэл газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй явсаар байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолоор “Номинхолдинг" ХХК-ийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэрт газарт үндэслэлгүйгээр хамааруулснаас үүдэн шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон газар эзэмших эрхээ сэргээлгэх боломжгүй нөхцөл байдалд хүрч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохироод байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай, “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасанхуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй” захиргааны хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.5 дахь хэсэгт заасан “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд тус хэм хэмжээний акт нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.legalinfo.mn вэб сайт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын www.khural.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудаст нийтлэгдээгүй учир хүчин төгөлдөр дагаж мөрдөх акт биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаартай тогтоолыг “Номинхолдинг” ХХК-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдээгүй бөгөөд дээр дурдсанчлан тухайн акт нь Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдээгүй, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээгүй учир “Номинхолдинг” ХХК-ийн зүгээс дээрх хэм хэмжээний акт гарсан эсэхийг мэдэх боломжгүй байсан.

“Номинхолдинг” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу газар эзэмших эрхээ сэргээлгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн огноотой, 02-06/1377 дугаартай албан бичгээр “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн авсан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол шуудангаар дамжуулан ирүүлснээр “Номинхолдинг” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт хамааруулах шийдвэр гарсныг мэдсэн ба манай компани хуульд заасан хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1443 дугаартай захирамжаар харьяаллын бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх захирамж гарсныг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэний дагуу захирамжийг хүлээн авч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Мөн 2020 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэсэн нутгийн өөрийн удирдлагын субъектыг хассан бөгөөд 2006 онд батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /хуучин хууль/-д заасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд шилжсэн, нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг Захиргааны байгууллага гэж тодорхойлсон, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Иргэдийн төлөөллийн байгууллагын чиг үүргийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” гэж заасан учраас хариуцагчаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тодорхойлсон болно.

2/Манай компанийн эзэмших эрхтэй нэгж талбарын18642309615029 дугаартай,Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах 2,194м.кв хэмжээтэй газрыг өмнө нь “Цаст констракшн” ХХК эзэмшиж байсан ба манай компани уг газрын эзэмших эрхийг 2009 онд шилжүүлж авч эзэмшиж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг.

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана" гэж заасан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан хугацаанд дахин шинэ захиргааны акт гаргаагүй тул 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн  A/562 дугаар захирамж хүчингүй болсон.

Манай компанийн зүгээс хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөх талаар хүсэлт гаргасан боловч хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй буюу манай компанийн газар эзэмших эрхийг хүлээн зөвшөөрөхгүй өнөөдрийг хүрсэн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоол нь манай компанийн нэгж талбарын18642309615029  дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах 2,194м.кв хэмжээтэй газрыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаартай эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь манай компанийн захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан байдаг. Эндээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч (Нийслэлийн Засаг дарга)-ийн зүгээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл тухайн үед энэ талаар шүүхэд ямар ч тайлбар, нотлох баримт өгөөгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн үед шүүхэд гаргаж өгөөгүй, мэдэгдээгүй нотлох баримт, шийдвэрээр одоо манай компанийн газар эзэмших эрхийг үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Номинхолдинг” компанийн эзэмших эрхтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2491 метр квадрат хэмжээтэй газрыг өмнө 2009 онд “Цаст констракшн” ХХК-аас эзэмших эрхийг худалдаж, шилжүүлж авсан байдаг. 1 тэрбум 825 сая гаруй төгрөгөөр худалдсан байдаг. Үүнтэй холбоотой гэрээ болон төлбөрийн баримтыг хэрэгт өгсөн байгаа юм. Дээр газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2017.07.06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгаж баталгаажуулсан байсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019.06.05-ны өдрийн А/562 дугаар захирамжаар “Номинхолдинг” компанийн эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ захиргааны актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тухайн үед  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас манай компани Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаад Улсын дээд шүүхийн 2020.06.03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаанд түдгэлзүүлэхээр шийдвэрлээд хэрвээ энэ хугацаанд шинэ акт гаргахгүй бол хүчингүй болсонд тооцуулна гэж Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх явцад 2019.08.02-ны өдөр хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий захиргааны актыг гаргаж “Номинхолдинг” компанийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь хууль бус үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэсэн зарчмуудыг хангахгүйгээр шийдвэр гаргасан. “Номинхолдинг” компани нь эзэмшлийнхээ газрыг нийтийн эдэлбэр газарт тооцуулсан шийдвэр гарсныг сүүлд захиргааны байгууллагаас мэдээгүй. Сүүлд мэдсэн байдаг. “Номинхолдинг” ХХК-д хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй гэсэн үг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Улсын дээд шүүхийн шийдвэрээр манай газар эзэмших эрх сэргэсэн учраас гэрчилгээг шинээр сэргээж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны хариуд Газар зохион байгуулалтын албанаас 2022.03.25-ны өдрийн 020623 дугаартай албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор танай газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн авсан байх тул хүсэлтийг тань шийдвэрлэх боломжгүй байна гэж хариу ирүүлснийг бид маргаан бүхий захиргааны акт гаргах болсныг мэдсэн. Хариуцагч нь захиргааны акт гаргахдаа эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг энэ хуульд заасны дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Захиргааны байгууллага нь захиргааны актын талаар мэдэгдээгүй учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргасан 126 дугаартай тогтоол нь анхнаасаа хүчингүй байна, зөрчиж гаргасан гэж үзэж байна. Захиргааны процессыг ноцтой зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэдэг нь харагдаж байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь нийтийн эдэлбэр газарт тооцох газруудын хаяг байршлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөн барьж танилцуулна гэсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг дарга тухайн үед өөрөө Захиргааны хэргийн шүүх дээр  хариуцагчаар татагдсан  газрын маргаан дээр оролцож явж байсан атлаа бодит нөхцөл байдлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулаагүйгээр хууль бус захиргааны акт гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээс харагдаж байна. “Номинхолдинг” ХХК-ийн  эзэмшлийн газрын талаар огт маргаантай байгаа нөхцөл байдал харагдахгүй байна. Иргэдийн Хурлын зүгээс асууж тодруулсан зүйл байхгүй байна. Ийм нөхцөл байдлуудыг үндэслээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 126 дугаартай тогтоол нь бусад газруудын хувьд танилцуулга нь ямар байсан гэдгийг мэдэхгүй байна. Зөвхөн “Номинхолдинг” ХХК-д хамааралтай буюу тухайн тогтоолын хавсралтын 22 дугаар хэсэгт заасан Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Орон сууцны 16 байр, Ногоон байгууламж гэж тодорхойлон байгаа учраас тогтоолын энэ хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын 22 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболат шүүх хуралдаанд гаргасан: “Манай компани өнөөдрийн ханшаар 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол амсаад явж байгаа юм. Одоо бид мөнгөгүй, газаргүй, юу ч үгүй болсон байна. Бусдын эзэмшилтэй газрыг нийтийн эдэлбэр газарт тооцон ашиглах зохицуулалт Газрын тухай хуульд заасан байгаа. Төрийн байгууллага ийм учир нийтийн эдэлбэр газарт авах гэж байгаа байдлаа хэлж, бид нартай тохирсон бол өөр хэрэг. Гэтэл  ямар ч тохирсон зүйл байхгүйгээр газрыг цуцлаад мөнгөгүй, газаргүй бид нар сууж байна.  2019.06.05-ны өдрийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийтийн эдэлбэр газарт 2019.08.02-ны өдөр тогтоож авсан нь өөрөө тухайн газар нийтийн эдэлбэр газар биш байна,  хувийн эзэмшлийн газар байсан гэдгийг нотолж байгаа юм.  Дээд шүүхээс буцаахдаа үүнийг тодруулсан. Нийслэлийн Засаг дарга тодруулж чадаагүй. Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр гаргахаас өмнө ажиллагаа явж байх хооронд нийтийн эдэлбэр газарт тооцоод байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө нийтийн эдэлбэр газар биш байсан гэдгийг нотолж байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гаргаад байгаа тогтоол дээрээс харахад нийтийн эдэлбэр газрын хэмжээ байршлыг тогтоох тухай гээд 126 дугаар тогтоол буюу 2019.08.02-ны өдөр гаргасан тогтоолын барьж байгаа хуулийн үндэслэлүүдийг харахаар орон нутгийн чиг үүрэг буюу хүн амьтны ундны усан хангамжийг хангах зорилгоор гарсан тогтоол гэж харагдаад байгаа юм. Манай газар нь хүн амьтны усны ундарга дээр байдаг газар биш. Тэгшхэн барилга барих боломжтой газар байгаа юм. 126 тогтоолын хууль зүйн үндэслэлүүд нь нийтийн эрх ашгийн төлөө бус зөрөөд байна гэж хэлмээр байна. Бид нар эцэст нь 1 тэрбум гаруй төгрөгөөр хохироод байна. Бидэнд мөнгө ч алга, газар ч алга.  Бид тухайн газрыг 1 тэрбум гаруй төгрөгөөр “Цаст констракшн” ХХК худалдаж авсан бөгөөд газрын барилга барих зөвшөөрлийг авсан. Гэтэл газрыг цуцалсан. Гурван шатны шүүхээр газрыг сэргээх шийдвэр гарсан. Иймд шүүхээр хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татаад нэхэмжлэгч “Номинхолдинг” ХХК-ийн нэгж талбарын дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах эзэмших эрхтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид газрын эзэмших эрхийн гэрчилгээг олгож газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

 Өмнө нь эзэмшиж байсан газрыг Нийслэлийн Засаг дарга 2019.06.05-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжийг гардаж аваад 6 сардаа шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс захиргааны хэрэг үүсгээд явсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр 2019.11.28-ны өдөр гарсан байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тогтоол 2019.08.02-ны өдөр гарсан. Тухайн үед маргаж байсан “Номинхолдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан дээр маргаж байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байсан. Үүнийг тухайн үед хариуцагчийн зүгээс мэдэж байсан, яагаад гаргаж өгөөгүй гэдэг асуудлууд байгаа юм. Гаргаж өгөх нь өөрсдөд нь ашиггүй байсан учраас санаатайгаар гаргаж өгөөгүй юм болов уу гэж ойлгож байгаа юм.

Шүүхийн шийдвэр нэгэнтээ гараад Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар 6 сарын хугацаанд дахин шинэ акт гарахыг хүлээсэн. Хариуцагчийн зүгээс шинэ актаа гаргаагүй. Бидний маргаж байсан захирамж хүчингүй болоод газар эзэмших эрх сэргэж байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж хамтран хариуцагчаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг татсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол өнөөдөр “Номинхолдинг” компанид эрх зүйн үйлчлэл үзүүлж чадахгүй байна. Тогтоол гарсан хэдий ч тухайн үед хэрэгт шийдвэрлээгүй орхисон. Ийм учраас “Номинхолдинг” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэсэн, бодит байдал дээр ашиглах гэхээр хариуцагчийн зүгээс ийм тогтоол байна, танай газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэдэг байдлаар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа асуудлууд байна. Иймд маргаан бүхий тогтоол эрх зүйн үйлчлэлийн хувьд “Номин холдинг” компанид нөлөөлөхгүй, гэхдээ  нэгэнт ийм тогтоол гарсан байгаа учраас шүүхээс хүчингүй болговол “Номинхолдинг” ХХК-ийн газар эзэмших эрх бүр илүү сэргэх нөхцөл байдал байна. Нэгэнт ийм тогтоол гарсан гээд анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага гаргаад явсан учраас дэмжээд явж байгаа юм. Газар эзэмших эрх аль хэдийн сэргээд байгаа юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг гол хамтран хариуцагчаар татсан нь газар эзэмших эрхийг зөрчиж байгаа, газар эзэмших эрхтэй этгээд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй асуудал байгаа учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж, хамтран хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын үндэслэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь  Нийслэлийн гудамж, талбай, ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх, ногоон байгууламж, аялал зугаалгын талбайг нэмэгдүүлэх, Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай өрнүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах гэсэн төлөвлөгөөний дагуу нийтийн эдэлбэр газрын хүрээ хэмжээ байршлыг тогтоож байна. Нийслэлийн Засаг даргад 2019 онд өргөн мэдүүлсний дагуу нийт 32 байршилд байгаа газрыг нийтийн эдэлбэрт авсан. Үүнд нэхэмжлэгч талын газар бас орсон явж байгаа юм байна. Уг учир нь орон сууцны барилга байгууламж ихтэй, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, авто зогсоол зэрэг нийтийн эзэмшлийн газар нь тухайн оршин суугчидтай харьцуулахад харьцангуй бага, тухайн нийтийн эдэлбэр газрыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ асуудлын хүрээнд тогтоол шийдвэр гарсан. Тухайн тогтоолыг үндэслэл болгоод байгаа. Газрын тухай хуулийн 3.4.9, тухайн үеийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нийтийн эдэлбэр газрыг хуульд заасан эрхийн хүрээнд авсан. 2016.09.29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан дүүрэг хороодын цэцэрлэгт хүрээлэн байгууламж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гээд заасан, тухайн жилийн газар зохион байгуулалтын бодлогын баримт бичигт үндэслэж маргаан бүхий тогтоол гарсан. Тухайн маргаан бүхий газар анхнаасаа нийтийн эзэмшил газрын зориулалтаар эзэмшиж ашиглаж байсан. Хавтаст хэрэгт хэн нэгэн этгээд эзэмшигчээр нь эзэмшиж байсан баримт байдаггүй. Тухайн үеийн бодит нөхцөлөөр тухайн газар нь нийтийн зориулалттай газар байсан. Бодит нөхцөл байдалтайгаа нийцэж байгаа гэж харж байгаа юм. Засаг дарга нэгжийн хүрээнд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг өргөн барьсан. Хурлаар тухайн асуудалтай холбоотой сонсох ажиллагаа,  өргөн барих үйл ажиллагаа, хяналт шалгалт, судалгаа бүх зүйл хийгдээд явагддаг. Нийслэлийн Засаг дарга тухайн үед сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Манайх сонсох ажиллагааг хийнэ гэж шаардлагагүй гэж үзсэн. Энэ асуудал нь 2019.07.04-ний өдөр хурлаар орж ирж,  тухайн үед энэ асуудлыг хэлэлцээд олон нийтэд мэдээлэх шаардлагатай, олон нийтээс санал асуулга авч танилцуулга хийнэ үү гэдэг байдлаар тухайн асуудлыг буцаасан. 2019.08.02-ны хурлаар уг асуудлыг тухайн үеийн Газар зохион байгуулалтын албаны дарга танилцуулахдаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны вэб сайт, Улаанбаатар.мн сайт, фэйсбүүк хаягаар дамжуулж, олон нийтэд мэдээлсэн. Олон нийт талархалтай хүлээж авсан гэх зүйл авагдсан байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

7.Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Тус компанийн эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2.194 м.кв газрыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 209 дүгээр тогтоолоор сэргээсэн боловч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 126 дугаар тогтоолоор маргаан

бүхий газрыг нийтийн эдэлбэрт бүртгэн авсан нөхцөл байдал үүссэн.

Дээрх нөхцөл байдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/1377 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу давхцал үүсэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийслэлийн кадастрын мэдээллийн санд “Номинхолдинг” ХХК-ийн гаргасан хүсэлтийг бүртгэж газрыг бүртгэх боломжгүй байгаа юм.

Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус компанийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага эцэслэгдсэн шийдвэрлэгдсэний дараа нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тус асуудлыг шийдвэрлэх боломжтой юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу “Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж” гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч нь анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дүгээр захирамжаар “Цаст констракшн” ХХК-иас шилжүүлэн авч, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар талбайн хэмжээг нэмэгдүүлж, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг өөрчилжээ.

1.2.Харин Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

1.3.Улмаар нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 136 дугаар магадлалаар анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

1.4.Дээрх хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй байх тул маргаан бүхий захиргааны акт хүчингүй болжээ.

1.5.Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоосон бөгөөд хавсралтын 22 дахь хэсэгт Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж 4488.27 га газрыг хамруулжээ.

1.6.Энэ нь маргаан бүхий газарт хамаарч байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.2.1-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх” гэжээ.

1.7.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/2885 тоот албан бичгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох асуудлыг Засаг даргын зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцэж дэмжсэн саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.

1.8.Уг тогтоолын төслийн танилцуулгын 22 дугаарт маргаан бүхий газрын фото зураг, олголт хийсэн талбайн хэмжээг дурдаж, тайлбар хэсэгт Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/562 дугаар захирамжаар “Номин холдинг” ХХК-д эзэмшүүлснийг цуцалсан талаар дурджээ.

1.9.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт гарах үед Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/562 дугаар захирамж хүчин төгөлдөр байсан, Нийслэлийн Засаг даргаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд санал хүргүүлсэн, улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэх, ингэхдээ нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хамгаалах зорилгоор эрхийн акт гаргах эрхийг олгосон байна.

1.10.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг маргаан бүхий захиргааны акт гарсны дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасныг тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6094 дүгээр захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0607 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

1.11.Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж маргаж буй хэдий ч түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/562 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамж тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан, тухайн байршил бүхий газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар тогтоол гарсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй.

2.Нэхэмжлэгч “Номинхолдинг” ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 01/379 дүгээр албан бичгээр газар эзэмших эрх сэргэсэнтэй холбоотойгоор шинэчилсэн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 02-06/1377 тоот албан бичгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолоор тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэн авсан тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

2.2.Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хуульд нийцсэн байх тул “Номинхолдинг” ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Номинхолдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 ны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу “Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж” гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулах, “Номинхолдинг” ХХК нь нэгж талбарын 18642309615029 дүгээр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ