Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

Ж.Пүрэв-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Пүрэв-Очирт холбогдох 2022002160034 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, Очир Гэрэлт-Оргил ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 13-р хороо 13 дугаар гудамж 526 тоот хаягт оршин суух урьд ял шийтгэлгүй, Ноён овогт Жанчивын Пүрэв-Очир /РД:Ц365021575/.

Шүүгдэгч Ж.Пүрэв-Очир нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн 7-р багийн нутаг дэвсгэр дэх “Алтанговь” зочид буудлын зүүн урд байрлах замын хойд хэсэгт бохирын шуудуу ухах ажилд, туслах ажилтнаар ажиллаж байсан Ш.Хатанбаатар нь шороонд дарагдаж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Пүрэв-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Шүүгдэгч Ноён овогт Жанчивын Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноён овогт Жанчивын Пүрэв-Очирт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пүрэв-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хүрэлбаатарын амь хохирогчийн охин Х.Эмүүжингийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, амь хохирогчийн асрамжид байсан эх Б.Цэцгээг асрахтай холбоотой гэм хор учруулсны төлбөр 74.720.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хүрэлбаатарт шүүгдэгчээс бэлнээр 500.000 төгрөг, оршуулгын зардал 13.500.000 төгрөг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын болон Улсын мэргэжлийн хяналтын байцаагчийн нөхөн төлбөр төлөх тухай актаар тогтоосон 37.440.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь цус мэт зүйл болж хугарсан хүрз, цогцост гадны үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан шаргал өнгийн хамгаалалтын каск, хар саарал өнгийн саравчтай малгай, шаргал улаан өнгийн алгатай бээлий 1 хос, улбар шаргал өнгийн хантааз, хар өнгийн майк, цэнхэр өнгийн ажлын өмд, бор өнгийн тэлээ, ногоон саарал өнгийн дотоож, цэнхэр өнгийн оймс 1 хос, хар өнгийн ажлын мэт гутал 1 хос, цэнхэр өнгийн өмдний халааснаас 2 хос ажлын бээлий, LD гэсэн бичигтэй дотроо 15 ширхэгтэй тамхи зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Пүрэв-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Миний үйлчлүүлэгч Ж.Пүрэв-Очирыг Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж 2 жилийн хорих ялыг ногдуулж шийтгэсэн. Тус шийтгэх тогтоолын 2, 3 дугаар хэсгийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

         Ж.Пүрэв-Очир нь анхнаасаа өөрийн холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрч, өөрийн буруутай буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн компанийн ажилтан, амь хохирогч Ш.Хатанбаатарын амь насыг хохироосноо сайн дураар хүлээн зөвшөөрч гэрчээр, яллагдагчаар, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээр мэдүүлэг өгч ирсэн.

         Хохирогчийн ар гэрийнхэнд талийгаачийг нас барсны маргааш өдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 500000 төгрөг, мөн өдөр дансаар 2000000 болон 500000 төгрөг, мөн сарын 04-ний өдөр 11000000 төгрөг, нийт 14000000 төгрөгийг оршуулгын зардалд, мөн тус аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчдын актаар 19946304 төгрөг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн актаар 17493696 төгрөг, нийтдээ 51440000 төгрөгийг хохирогчийн ар гэрийнхэнд төлсөн. Мөн тэрээр цаашид хохирогч талаас нэхэмжлэх хохирлын төлбөрүүдийг төлөхөө илэрхийлэхийн сацуу хохирогчийн эх, охиныг зөвхөн хуульд заасан хохирол төлбөрийн хэмжээнд биш өөрөө ажил хөдөлмөрөө эрхлээд явж байвал боломжоороо илүүтэйгээр харж хандахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж мэдүүлэг өгч байсан.

         Дээрх нөхцөл байдлын хүрээнд анхан шатны шүүх хуралдаан явагдаж шүүхээс Ж.Пүрэв-Очирт хорих ял ногдуулсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих гэсэн хоёр ялын төрөлтэй буюу сонгох боломжтой санкциудтай.

         Тус гэмт хэрэг нь санаа зорилгын хувьд болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргийг хууль тогтоогчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял ногдуулахдаа зайлшгүй хорих бус, хорихоос өөр ял, хорих ялыг ногдуулахгүйгээр тэнсэхээр хуульчилж, энэрэнгүй, шударга ёсны зарчимыг хангасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дээрх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнээгүй, үнэлээгүй, эрх зүйн байдлыг асар дордуулж буюу шууд хорих ялыг ногдуулжээ.

         Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох тухайд шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нийт 51440000 төгрөгийг хохирогч талд төлсөн, мөн шүүгдэгч нь хохирогчийн эх болон охинд хуульд заасны дагуу хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдсэн. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэхэд дан ганц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй нь нөлөөлөөгүй буюу өөр бусад тохиолдлын шинжтэй хүчин зүйл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байгааг илэрхийлдэг. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд өдгөө 56 настай. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй эхнэртэй, 2 хүүхэдтэй, 1 ачтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Патагар буюу шээсний хүчил ихсэхэд хөдөлдөг өвчин буюу тулуй, мөн сахарын өвчинтэй билээ.

         Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгчид хорихоос өөр төрлийн болон хорих ялыг ногдуулахгүйгээр тэнсэх боломжийг хангалттай бүрдүүлсэн гэж үзэж байна.

         Тус шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолд “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Хүрэлбаатар шүүгдэгчээс бэлнээр 500000 төгрөг, оршуулгын зардал 13500000 төгрөг, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн нөхөн төлбөр төлөх тухай актаар тогтоосон 37440000 төгрөгийг тус тус хүлээн авсан тухай талууд маргахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзлээ...” гэсэн атлаа “...харин шүүгдэгч Ж.Пүрэв-Очирын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй байна. . ” гэж дүгнэсэн.

          Дээрх хоёр дүгнэлт нь хоорондоо эрс зөрүүтэй байна гэж үзэж байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзэх нь өөрөө шүүх хуралдаанаар шүүгдэгчийг хохирогч талд төлөх хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны шатанд хохирол төлбөр төлөгдсөн байна гэж үзэхээр байна. Гэтэл ийнхүү дүгнэж түүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

          Мөн шүүгдэгч Ж.Пүрэв-Очирын үйлдлээс хохирогчийн амь нас хохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Эрүүгийн хуульд “хохирогчийн амь хохирсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэх үндэслэлгүй” гэх заалт байхгүй.          Харин Эрүүгийн хуульд хохирлыг төлүүлэх тухай ойлголт байгаа. Тэгэхээр бодитоор учирсан хохирлыг хохиролд тооцож, түүнийг шүүгдэгч төлсөн нь хохирол төлөгдсөн, хохирол арилсан гэж үзэх үндэслэл болно.

          ...Шүүгдэгч Ж.Пүрэв-Очирыг Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим”, “Эрүүгийн хариуцлагын зорилго”-ын хүрээнд түүний үйлдэл, гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хохирлыг төлүүлэх зэрэг нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр, мөн хорихоос өөр ял, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх байдлыг тогтоолгүйгээр түүнийг хорих ялаар шийтгэсэн нь “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, хохирол арилсан талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна.

          Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хоёрдугаар заалт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноён овогт Жанчивын Пүрэв-Очирт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй”, гуравдугаар заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пүрэв-Очирт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлсүгэй” гэснийг тус тус хүчингүй болгож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэн, мөн долдугаар хэсэгт заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэн даруй өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Пүрэв-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би болсон хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэнэтийн ослын улмаас эрдэнэт хүний амь нас эрсдсэнд харамсдаг. Ар гэрийнхэнд нь мөнгөн төлбөрийг байнга төлж ирсэн. Цаашдаа төлөх болно. Эхнэр маань төрөлхийн сонсголгүй. Сая өвдөгний хагалгаанд орсон. Эхнэрийг минь надаас өөр асарч ойлгох хүн байдаггүй. Миний биед сахарын шинж тэмдэг илрээд удаж байна. Энэ өвчнийг хүндрүүлэхгүйн тулд эмчийн зөвлөснөөр хоолны дэглэм барьж, архи тамхинаас татгалзаж, байнгын хөдөлгөөн хийж амьдардаг. Энэ байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэж хүсэж байна. Өөр зүйлгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тайлбар ирүүлсэн. Тайлбарыг хэрэгт хавсаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан тайлбартай санал нэг өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Энэ хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлын төлбөр 37 сая төгрөг, оршуулгын зардал 14 сая төгрөг хүлээж авсан. Эдгээр төлбөрийг хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч хохирол төлбөрийг барагдуулахад санаачилга гаргасан. Шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгаан хүндрэлтэй гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөрийг барагдуулсан, гомдол саналгүй гэж тайлбар ирүүлсэн. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ж.Пүрэв-Очирт оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэсэн саналтай оролцож байна гэв.

 

Хяналтын прокурор Б.Оргилболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлсөн гэж ярьсан. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжих байр суурьтай оролцож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ж.Пүрэв-Очирыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, 2020 оны 07 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн 7-р багийн нутаг дэвсгэр дэх “Алтанговь” зочид буудлын зүүн урд байрлах замын хойд хэсэгт бохирын шуудуу ухах ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан Ш.Хатанбаатар нь шороонд дарагдаж, бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулан шийтгэсэн байна.

Ж.Пүрэв-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дэлгэрэнгүй дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн үндсэн шинжид 1-рт хууль зөрчих, 2-рт захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэхгүй байх, 3-рт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх гэсэн 3 обьектив нөхцлийг хамааруулсан байх бөгөөд эдгээр зөрчлүүдийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь гэмт хэрэг болох талаар хуульчилсан байна.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч  Ж.Пүрэв-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, хуульд зааснаар хохирол нөхөн төлүүлэх зэрэг үндэслэл бүхий дүгнэлтийг хийх хуульд заасан зарчимд үл нийцэх тул давж заалдах шатны шүүх магадлалд нарийвчилсан дүгнэлтийг хийх шаардлагатай гэж үзэв.

 

Ж.Пүрэв-Очир хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчсөн эсэх талаар:

1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр талд “Сайн Констракшн” ХХК  “Очир гэрэлт Оргил” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 4.3-т “Туслан гүйцэтгэгч нь захиалагч компаний Ерөнхий захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/222 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ /энэ гэрээний хавсралт 2-т заасан/ журмыг өөрийн ажилтнууддаа бүрэн танилцуулан дагаж мөрдүүлэх үүрэгтэй ба ХАБЭАхуйн хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг өөрийн ажилтнуудад дагаж мөрдүүлэхтэй холбогдон гарах зардлыг бүрэн хариуцаж ажиллана.” гэж заасны дагуу тухайн үүргийг Ж.Пүрэв-Очир захиралтай “Очир Гэрэлт Оргил” ХХК-д хариуцуулахаар  гэрээгээр тохирсон байна. Гэтэл 2 дугаар хавтаст хэргийн 76 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээгээр “Очир гэрэлт Оргил” ХХК нь дээрх үүргийг ажилтан /инженер/ А.Золмаад хариуцуулсан байна. Өөрөөр хэлбэл тухайн хөдөлмөрийн гэрээний хавсралт 1-д заасан А.Золмаагийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг, хариуцлага хэсэгт “...хэсэг тус бүрийн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ..., компанийн хэмжээнд батлагдсан дүрэм журмыг ажилчдад танилцуулж, гарын үсгээр баталгаажуулж, хэрэгжилтэд хяналт тавих” зэрэг нь А.Золмаагийн үүрэг байхаар хөдөлмөрийн гэрээний талууд тохиролцсон байна. 

“Очир Гэрэлт Оргил” ХХК-нд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй ажилтан А.Золмаагийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс гарсан эрх зүйн дагаварыг бусдад халдааж, Ж.Пүрэв-Очир хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан, шүүгдэгчийн буруутай эс үйлдэхүй нь амь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой эсэх, түүгээр ч зогсохгүй Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд 

“...Ажил хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх  хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх...” зэрэг хуулийг чанд мөрдөх үүрэгтэй бөгөөд энэ нөхцөл байдалд шүүхээс хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

Шүүхээс энэхүү нөхцөл байдал, нотлох баримтуудыг харьцуулан судалж, аль нэгийг нь няцааж үгүйсгэх талаар  дүгнэлт хийх, уг осол гарах үндсэн шалтгаан нь ажил олгогч, эсхүл ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг  хийх нь хуульд нийцнэ.

Тухайн гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, амь хохирогчийн ар гэрт учирсан хохирол, насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй хохирогчийг насан туршид нь ч тэжээн тэтгэх эрх зүйн үр дагавар үүсдэг учир гэм хорыг хариуцвал зохих хүнийг тогтоох ажиллагааг нягт нямбай шалгаж, шаардлагатай тохиолдолд гэрээгээр үүрэг хүлээсэн ажилтныг иргэний хариуцагчаар татах ажиллагааг хийх нь шударга ёсонд нийцэхийг мөрдөн шалгах болон, хууль, шүүхийн байгууллага анхаарах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл тухайн өдөр амь хохирогчийг ажилд гарахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулах үйл ажиллагааг “Очир гэрэлт Оргил” ХХК-ны инженер А.Золмаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. 8.6 дугаар зүйлийн 2-д “ иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж,  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу шаардлагатай гэж үзвэл ажил олгогч байгууллагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоохоос гадна хохирлыг шууд хариуцан төлөх эзэн холбогдогчийг үндэслэлтэй зөв тогтоох эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

 

Гэхдээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдүүдийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч  ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд хожим нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгон шүүхэд мэдүүлэхэд саад болох зүйлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх зарчимд нийцүүлэн  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ажилтнаас гэм хорын хохирлыг хамтран хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй.

Шүүгдэгч Ж.Пүрэв-Очирын үйлдэлд анхан шатны шүүх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүх хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гэж өөрчлөх үндэстэй бөгөөд Ж.Пүрэв-Очир нь Очир гэрэлт Оргил” ХХК-ны ерөнхий захирал гэдэг албан тушаалтны хувьд өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн эзэн буюу ажил олгогчийн хувиар хариуцлага хүлээж буй хүн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Ж.Пүрэв-Очир хууль зөрчсөн эсэх талаар

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 27.2, 27.3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай дүрэм журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4, дэх хэсэгт заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.6 дахь хэсэгт заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм,, заавар, журам баталж мөрдүүлэх” 28.8 дахь хэсэгт заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” зэрэг нь аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогчийн шууд хариуцах үүрэг байх тул “Очир гэрэлт оргил” ХХК-ны ерөнхий захирал Ж.Пүрэв-Очир нь уг хуулийг зөрчсөн гэм буруутай болно.

Ж.Пүрэв-Очир хэм хэмжээний акт биелүүлээгүй эсэх талаар

Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн БД12-101-05 зааврын 1-р бүлгийн Газар шорооны ажил хийх үед өгөх аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 1.7-д заасан / Газрыг бэхэлгээгүй хөндийлөн ухах ба элсэрхэг хөрсөнд бэхэлгээгүй 1м-с илүү гүн нүх, шуудуу ухахыг хориглоно./ 1.8-д / элс шавар холимог хөрсөнд 2м-ээс илүүгүй гүнд эгц босоо хана босгож болно/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь хүний амь нас эрсдэх шалтгаан болсон гэх прокурорын мэдэгдэлд дурдагдсан байх бөгөөд энэхүү үлгэрчилсэн дүрэм нь барилга, газар шорооны ажил эрхлэгчдийн заавал дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, байнгын үйлчлэл бүхий эрх зүйн баримт бичиг мөн тул энэхүү хэм хэмжээний акт

зөрчсөн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож прокурор мэдэгдэл дурдагдсанаар шүүгдэгч Ж.Пүрэв-Очир хэм хэмжээний акт зөрчсөн нь тогтоогдсон, үүнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд шүүгдэгч Ж.Пүрэв-Очирыг хэлцлээр хүлээсэн үүрэг бус харин хууль зөрчсөн,  хэм хэмжээний актыг биелүүлээгүй  гэм буруутай, үүний улмаас 2020 оны 07 сарын 31-ний өдөр бохирын шуудуу ухах ажилд, туслах ажилтнаар ажиллаж байсан Ш.Хатанбаатар нь шороонд дарагдаж нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд дээр дурдсанчлан хууль болон хэм хэмжээний актад тусгагдсан тухайн тодорхой нөхцөлд заавал хийх ёстой, хийж болох байсан үйлдлийг хийгээгүй гэмт идэвхгүй зан үйлээрээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь бодит байдалд нийцнэ.

Дээр дурдсан нөхцөл байдал болон шүүгдэгчийн анх удаа санамсар болгоомжгүйгээс гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний насны байдал / одоо 56 настай/, тэрээр шүүх хуралдаанд би хөгжлийн бэрхшээлтэй эхнэртэй, эхнэрийг маань надаас өөр хүн ойлгож харьцахад хэцүү гэх тайлбар гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид  51440000  төгрөгийн хохирол төлсөн, эрүүл мэндийн байдал / шээсний хүчил ихсэх өвчин тулай/  өвчний хүндрэлээс хөл нь хазгар болсон, сахарын өвчинтэй зэрэг нөхцөл байдал, мөн хохирогчийн зүгээс гаргасан гомдол саналгүй гэх бичгээр ирүүлсэн хүсэлт давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн мөн гомдол саналгүй гэх тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолын удирдлага болгосон заалтаас “36.4” гэснийг хасч, тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтын “акт” гэснийг “актыг” гэж өөрчилж, “хэлцлээр хүлээсэн үүргээ гэснийг” хасч, 2 дугаар заалтын Ж.Пүрэв-Очир гэсний дараа ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж өөрчилж, 3 дугаар заалтыг хасч, 4 дүгээр заалтыг 3, 5 дугаар заалтыг 4, 6 дугаар заалтыг 5 гэж өөрчилж, 7 дугаар заалтын “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Пүрэв-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, 8 дугаар заалтыг 6 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгч Ж.Пүрэв-Очирт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                             О.ОДНЯМАА