Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2024/00797

 

 

 

 

 

 

 

                               2024        02          07

                   101/ШШ2024/00797

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* давхар хаягт оршин байрлах “******* ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******лол, тоот хаягт оршин суух Боржигин овогт ийн /рд:/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 6,175,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч АЛТАНЦООЖ нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-12-01-нд 7101900510 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 3,970,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021-12-05-нд 7101943667 тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 240,000 төгрөгийн зээлийг 2.1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 149,711 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 75,406 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 225,117 төгрөг төлсөн байна.

Зээлдэгчтэй байгуулсан 7101900510 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-11-27-нд. 7101943667 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-11-30-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101900510 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 3,828,980 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 1,850,582 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 136,623 төгрөг, 7101943667 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 231,309 төгрөг, Үндсэн хүүгийн төлбөрт 111,300 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,205 төгрөг төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 6,175,999 төгрөгийг зээлдэгч АЛТАНЦООЖ-с гаргуулах.

 

2.         Хариуцагч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбаргүй төлнө. Нэхэмжлэлийг зөвшөөрнө гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: Үйлчилгээ авах хүсэлтийн хуулбар /хх7/, хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар /хх8-9/, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн цахим зээлийн гэрээний хуулбар /хх10/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол 2 ширхэг /хх14-16/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,984,883 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь 2 зээлийн гэрээний үүрэг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд нийт 6,175,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч А. нь зээлийн гэрээний дагуу зээл авсан эсэх талаар маргаагүй.

 

4.         Нэхэмжлэгч талыг төлөөлж шүүх хуралдаанд Г. хүрэлцэн ирсэн. Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр С.т итгэмжлэл олгосон боловч уг итгэмжлэлээр олгогдсон эрхийг бусдад дамжуулан олгох эрх олгоогүй. Улмаар С. нь Г.д итгэмжлэл олгож, шүүх хуралдаанд оролцох эрх олгосон байгаа нь дамжуулан олгох эрхгүй этгээдээс олгосон итгэмжлэл байна. Иймд нэхэмжлэгчийг төлөөлөн ирсэн Г.г шүүх хуралдаанд ажиглагчаар оролцуулсан болно.

4а. Мөн хариуцагч нь зээлийн гэрээ байгуулж, зээл олгогдсон болон зээл, зээлийн хүүгийн тооцооллын талаар маргаагүй. Гэвч шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд зээлийн эргэн төлөлтийн талаар баримтаар тулгаж үлдэгдлийг тооцох хүсэлтээ байгаа талаар тайлбарласан. Иймд шүүх хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж шууд үзэх боломжгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй.

 

5.         Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүсэлт гаргаснаар мөн өдөр зохигчид хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан. /хх7, 8-9/

Хэрэглээний зээлийн гэрээний 3.2-т талууд цахим зээл олгох талаар тохиролцсон байна. Харин ирээдүйд олгогдох зээлийн нөхцөлийг энэхүү гэрээгээр зохицуулаагүй. Тодруулбал, гэрээний 3.2.3-т зааснаар зээлийн үндсэн нөхцөлийг цахим зээлийн гэрээгээр тохиролцохоор заасан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх4/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5а. Цаашлаад, хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан өдрөө 3,970,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан гэх баримт хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан зохицуулалт нь хэргийн оролцогчид хамаарахгүй.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 240,000 төгрөгийн зээлийн гэрээ нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангах боловч түүнд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй байна.

Эдгээрээс үзэхэд зохигчдын хооронд бичгийн хэлбэрээр цахим зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Ийнхүү зээлийн нөхцөл тохиролцсон гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

6.         Хэдийгээр нэхэмжлэгч нь зээл олгосныг баримтаар нотлоогүй боловч хариуцагч нь 2 удаагийн зээлд нийт 4,210,000 төгрөг олгогдсон үйл баримтыг зөвшөөрсөн. Улмаар нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь нийт 225,117 төгрөг буцаан төлсөн гэх бөгөөд хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгээс илүү төлбөр буцаан төлсөн эсэх талаар маргаагүй, энэ талаар баримт ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрсөн мөнгөн дүнгээр буцаан төлөлтийг тооцох нь зүйтэй.

Ийнхүү тооцвол хариуцагч нь 3,984,883 /4,210,000-225,117/ төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

7.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 9,000 төгрөг төлж хохирол учирсан гэж тайлбарласан байна. Гэвч хэрэгт бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй 5,000 төгрөгийн баримт авагдсан. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгээс учирсан хохирлоо нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар биелүүлээгүй тул 9,000 төгрөг холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

8.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

           ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А.оос 3,984,883 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,191,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,708.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД