Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/00770

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж шүүгч З.Баярмаа, шүүгч Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.Д холбогдох

Гэм хорын хохирол 183,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/, иргэдийн төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* хариуцагч т холбогдуулж гэм хорын хохирол талийгаачийн хойдохын зан үйлийг болон ном уншуулсан зардалд 21,675,602 төгрөгийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 15,000,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөгийг, сэтгэл зүйн зөвлөгөө 4,050,000 төгрөгийг нийт 198,300,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:Миний охин Э.******* охиноо 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Тэрэлжийн шугуй гэх газар усанд живж амь насыг хохироосонд харамсаж байна. Охиныг минь А. гэх 16 насаар ах залуу дагуулж яваад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчөөд улсаар бэлгийн харьцаанд орсон байсан. Тэрээр мөрдөн байцаалтад ...нэг удаа бэлгийн харьцаанд орсон, бөөлжөөд цээж нүцгэн майхнаас миний хажуугаар мөлхөөд гарсан, би бөөлжис цэвэрлээд үлдсэн, тэгээд усанд унасан гэх мэдүүлгийг өгдөг.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолоор, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 00061 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор А.ийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор бусад нотлох баримтгүй нэхэмжилсэн 20,913,629 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Миний бие хайртай охиныхоо хойдохын буянд зориулж ном айлтгалуудыг чин сэтгэлээсээ хариуцлагатайгаар гэр орондоо сүм хийдүүдэд, уул ус хангайд, эндсэн газар очиж лус савдаг аргадах зан үйлийг 2020, 2021, 2022 онуудад хийсэн, бүх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд 21,675,602 төгрөгийг хариуцагч А.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгч Н.******* 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Миний бие хайрт охиноо Тэрэлжийн голд эндсэн гэх мэдээг 2020 оны 6 дуугар сарын 28-ны өглөө Төв аймгийн Цагдаагийн газар мэдэгдсэн. Охиныхоо шарилыг 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 17.40 цагаас Төв аймгийн төвөөс Гэмтлийн эмнэлгийн шарил хадгалах газар хүртэл зөөж тээвэрлэсэн жолоочид 50,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Даваа гаригт охиноо оршоох газар гуйхад Төв аймгийн Цагдаагийн газар очиход явсан 2 машины жолоочид 100,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Лхагва гаригт охиноо хөдөөлүүлэхэд ажил явдалд явсан 12 машины жолооч нарт 240,000 төгрөгийг нийт 390,000 төгрөгийг гаргуулж өгнө гэжээ.

3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А. миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Эрүүгийн хэргийн урьдчилан хэлэлцүүлгээр Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анахн шатны шүүхээс гэм хорын хохиролд 21,348,541 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Энэ мөнгийг Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийн, 7 дугаар сарын 05-ны өдөр 14,348,541 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн Тэрэлжийн шугуй гэх газар Э.******* нь голын усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан. Дээрх Э.*******ын амь насаа алдсан шалтгаанд А.ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 10.6.1.д зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоолоор А.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 10.6.1.д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн. Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 00061 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар өршөөн хэтрүүлж, даруй сулласугай гэсэн өөрчлөлт оруулж эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Амт хохироогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хэрэгт хохирол, хор уршгаар нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөг, 42,259,170 төгрөг 57,259,170 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор өмгөөллийн хөлс 15,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтгүй нэхэмжилсэн 20,913,629 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эхийг нээлттэй үлдээж, А.ээс 21,348,541 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.А. дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор нөхөн төлөх хохирол болох 21,348,541 төгрөгөөс 7, 000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 17- өдөр Н.*******гийн дугаар дансанд шилжүүлж, 7 дугаар сарын 05-ны өдөр 14,348,571 төгрөгийг мөн *******гийн дансанд шилжүүлж хохирлыг бүрэн төлсөн. А. нь Э.*******ыг амт насаа алдсан золгүй явдалд өнөөдрийг хүртэл харамсаж өөрийн буруу ухамсарлаж явдаг.А. анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хяналтын шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд 6сар хорих байгууллагад ялыг биеэр эдэлж гарсан. А. нь өнөөдрийн байдлаар эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч ар гэрээ тэжээн тэтгэж, хувираа хөдөлмөр эрхэлж амьдарч байна.Түүний бага хоёр хүүхэд нь 2 настай өнөөдрийн байдлаар жирэмсэн 6-7 сартай удахгүй төрнө. Дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч ойлгож, А.ийг уучилж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ эргэн харах байх гэж итгэж хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Нэхэмжлэгч Н.******* 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хурал товлогдсон өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр миний бие сэтгэл зүйн зөвлөгөө оношилгоо засал хийлгэсэн 4,05,000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийт А.ээс 198,300,602 төгрөгийг хуулийн дагуу хангаж өгөхийг хүсэж байна гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 198,300,320 төгрөгийг нэхэмжилсэн үүнийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр талийгаач н.******* болон А. нар найзуудын хамт Төв аймгийн Эрдэнэ суманд амарч, зугаалж явж байгаад санамсар, болгоомжгүй, хахрамжгүй үйлдлээс болж н.******* гэдэг охин голын усанд унаж амь насаа алдсан. А. мөн адил голын усанд унаад хөвөөд явж байхад хүмүүс татаж гаргаж ирээд амь насыг нь аварсан ийм үйл явдал болсон. Энэ үйл явдалтай холбогдуулаад А.ийг цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүхэл зүйлийг шалгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж шүүхээс 3 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. 2022 оны 6 дугаар сарын 17-ны 264 дугаартай Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 3 жилийн хорио ялыг оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх явцад талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь нийт 57,262,170 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эрүүгийн шүүх хянан хэлэлцээд 21,348,541 төгрөгийг А.ээс гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн хорих ял оногдуулсан хэсэг дээр зөвшөөрөх, эс зөвшөөрөх болох давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхэд гомдол гаргаад хянан хэлэлцээд А.т холбогдох хэрэг нь өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хэрэг гэж үзээд А.ийг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 179 дугаартай эрүүгийн хэргийн хяналтын тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас чөлөөлсөн. А. энэ гэмт хэргийн улмаас 6 сарыг хорих байгууллагат биеэр эдэлсэн. Энэ гэмт хэргийн улмаас өөрөө ч гэсэн хохироод ар гэр нь сэтгэл зүйн асуудалтай болсон. А. нь шүүхээс гаргасан 21,348,541 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөг, 7 дугаар сарын 05-ны өдөр 14,000,000 төгрөгийг нийт 21,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Шүүх шийдвэрлэхдээ 57,262,170 төгрөгөөс 15,000,000 төгрөг болох өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах нь өөрийн эрхийн асуудал өмгөөлөгч авсан зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баримтаар нотлогдоогүй 20,913,129 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэй гэж заасан үүний дагуу нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлээ гаргасан гэж ойлгож байна. 21,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд бурхан шашны зан үйл хийсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 15,000,000 төгрөг болох өмгөөлөгчийн хөлсийг Эрүүгийн хэргийн шүүх хянан эцэслэн шийдвэрлэсэн иргэний журмаар нээлттэй үлдээгүй, хэрэгсэхгүй болгосон энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон нэгэнт илэрхий зүйлийг захин нотолж тогтоох хянан хэлэлцэх боломжгүй гэж үзээд 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөгийг хохирлыг нэхэмжилсэн энэ хохирлыг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл шалтгаан нь хууль тогтоох байгууллага буюу УИХ-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан энэ нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох түүнийг үнэлж дүгнэх хуулийн зохицуулалтууд орж ирсэн. Өмнө ийм асуудал байдаггүй байсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гээд хуульд тодорхой заасан байдаг. Тэгэхээр энэ сэтгэцэд учирсан хохирол нь 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргүүдэд сэтгэцэд учирсан хохиролд тооцох боломжтой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулаад Улсын Дээд Шүүхээс тайлбар, зөвлөмжүүд гараад шүүх хуралд хэрэглээд явж байгаа. Тиймээс Иргэний хууль тогтоомжоор иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан 157,575,000 төгрөгийг Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхэд хамаарч байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Н.******* сая А.ийг уучлалт гуйхгүй байсан гэж хэллээ мэдээж нэг хүний алтан амь нас үрэгдсэн санамсар болгоомжгүй энэ асуудал гарсан шүүх үүнийг гэм бурууг тогтоогоод зохих ял шийтгэлийг оногдуулаад, хохирол төлбөрийг нь барагдуулсан байгаа. А. энэ асуудал дээр өнөөдрийг хүртэл маш их харамсаж байгаа өөрөө ч энэ асуудлаас болоод сэтгэл зүйн гүн хямралд орчихсон, эмнэлгээр эмчилгээ хийлгээд явж байдаг залуу байгаа. Ямар ч байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулаад нэхэмжлэгч Н.*******гаас уучлалт гуйгаад өгөөрэй гэдэг зүйлийг хэлсэн. Тиймээс албан ёсоор уучлалт гуйж байна. А. өөрөө нэхэмжлэгч Э.*******гийн уулзаад энэ хүний царайг хараад болсон нөхцөл байдлыг тайлбарлахыг хичээсэн боловч нөхцөл байдал олдоогүй гэдгийг энэ танхимд хэлэх нь зүйлтэй болов уу гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.Мөн 4,050,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэдгийг заасан байгаа. Мэдээж хүнээ алдсан хүнд хэцүү байгааг бүгд мэдэж, ойлгож байгаа гэхдээ сэтгэцэд учирсан хохирлыг ямар хэмжээнд байхыг хуульд тодорхой заасан байгаа Шүүхийн шинжилгээний байгууллага буюу эрх бүхий байгууллага тогтоогоод хуулиар тодорхойлон заасан байгаа учраас төрийн бус байгууллага тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

8.Иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Монгол Улсад ямар нэгэн үйлчилгээ авахад тэр болгон авсан худалдан авалтаа баримтаар нотлоод байл боломжгүй тул нэгэнт хохирол учирсан нь үнэн тул хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна. Юугаа ч мэдэхгүй хүүхэд дагуулж явсан учраас буруутай гэж үзэж байна гэв.

9.Нэхэмжлэгчээс шүүхэд: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол(хх5-15), Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 00061 дүгээр магадлал(хх16-25), Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дүгээр тогтоол(хх26-33), Үржин хажодлин хийд 2020.07.01.-07.03(хх66), Ц.*******гийн тайлбар(хх67-68), Т.ын тайлбар(хх69-70), Ламрин хийд 2020.07.028-07.17(хх71-72), П.*******ийн тайлбар(хх73), Гандантэгчэнлин хийдийн тасалбар(хх78-82), Зарлагын баримт(хх79-85,154-158), Э.ын Хаан банкны депозит хуулга(хх88-90), Н.*******гийн Хас банкны депозит хуулга(хх91-102), Н.*******гийн Худалдаа хөгжлийн банкны депозит хуулга(хх103-103-107), нэхэмжлэх(хх166), зураглал(хх167), 2020.07.06-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хөлс төлсөн баримт(хх168-170), сэтгэл зүйн дүгнэлт (хх171-177) зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн.

10.Хариуцагчаас шүүхэд: Төв аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт(хх141-142),бурхан болоочийг оршоох захиалгын хуудас(хх143-144),буяны зориулалт(хх145-149), 2020.06.29-ний зарлагын баримт(хх150-153),бэлэн мөнгөний орлогын баримт(хх159), Хаан банкны орлогын баримт(хх160), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар(хх161), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар(хх162-163),эмнэлгийн солилцох хуудас(хх164) зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч А.т холбогдуулан гэм хорын хохиролд 198,300,602 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс хойш амь хохирогч Э./*******/-ын хойдохын зан үйлийг болон ном уншуулсан шинээр гарсан зардалд төлсөн 21,675,602 төгрөгийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн төлбөр 15,000,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөгийг, сэтгэл зүйн зөвлөгөө авсан төлбөр 4,050,000 төгрөгийг нийт 198,300,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

1.1.Хариуцагч А. эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршуулгын 14,148,541 төгрөгийг төлсөн, өмгөөлөгчийн зардал 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, сэтгэл санааны хохиролд 157,575,000 төгрөгийг гаргуулах шаардлага нь Шүүх шинжилгээний тухай хуулийн заалт 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн, Иргэний хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй, сэтгэл зүйн зөвлөгөө авсан төлбөр 4,050,000 төгрөгийг төлсөн баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

1.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх ******* дүгээр тогтоолоор хариуцагч А.ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 57,262,170 төгрөгийг гаргуулах тухай шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан 14,148,541 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******д олгож шийдвэрлэжээ.(хх5-15,141-160)

1.3.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх 2022/ШЦТ/*дүгээр тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/*дүгээр магадлалаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг өмгөөлөгч нар эс зөвшөөрч Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор хянан хэлэлцээд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх 2022/ШЦТ/*дүгээр тогтоол, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/*дүгээр магадлалд Шүүгдэгч А.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар ангийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.,12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэтрүүлж, даруй сулласугай гэсэн өөрчлөлт оруулж шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.(хх16-33)

2. 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

2.1.Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.2.Нэхэмжлэгч Н.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 57,262,170, төгрөгийг хариуцагч А.ээс гаргуулахаар шаарджээ.

2.3.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх 2022/ШЦТ/*дүгээр тогтоолоор оршуулгын, зан үйлийн, шатахууны зардалд 21,348,541 төгрөгийг А.ээс гаргуулж Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсэгт өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хамт шийдвэрлэсэн байна.

2.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул нэхэмжлэгч иргэний журмаар нэхэмжлэх эрхгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.(хх5-15)

3.    157,575,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

3.1.Нэхэмжлэгч Н.******* нь сэтгэцэд учирсан хохирол 157,575,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Үндэсний статистикийн хорооноос эмэгтэй хүний дундаж насжилтыг 75 гэж тогтоосон ба охин маань нас барах үедээ 19 нас 4 сартай байсан гэж шийтгэх тогтоолд дурдсан /55.96х12=671,52/ гэж үзээд 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг байсан тул 5 дахин нэмэгдүүлэхээр 2,100,000 төгрөг үүнийгээ дундаж наслалт 671.52 үржүүлж 157,575,000 төгрөгийг шаардана гэж тодорхойлсон.

3.2.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3.иргэний, захиргааны, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч иргэн нь иргэний эрх зүйн чадамжтай эсэхэд эргэлзээ байвал тэдний сэтгцэийн байдлыг тодорхойлоход, 40.1.-д Шинжилгээний байгууллага ..... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана., 80.6.-д Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. гэж заажээ.

3.3.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, тухайн 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр учрал болсон эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх 2022/ШЦТ/*дүгээр тогтоолоор, Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/*дүгээр магадлалаар, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор хянан хэлэлцсэн, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон.

3.4.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно. гэж зааснаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан эрүүгийн хэргийн улмаас хохирогч нас барсан бол гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой хуулийн зохицуулалт үйлчлэх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй.

3.5.Иймд нэхэмжлэгч Н.*******гийн сэтгэцэд учирсан хохиролд 157,575,000 төгрөгийг А.ээс гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

4. 4,050,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ...эгчийн зөвлөснөөр Сэтгэл судлалын багш нарын холбоо мөрөөдлийн кактус сэтгэл зүйн урлангийн сэтгэл зүйчид хандан сэтгэл зүйн дүгнэлт гаргуулж, 15 удаагийн сургалтад хамрагдахаас 8 удаагийн сэргэлтэд хамрагдаж, 7 удаагийн сургалтад хамрагдаагүй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлээгүй... гэж тайлбарласан.

4.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэтгэл судлалын багш нарын холбоо мөрөөдлийн кактус сэтгэл зүйн урлангийн сэтгэл зүйн дүгнэлт гаргуулж, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэтгэц оношилгоонд хамрагдаж 8 удаагийн сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдаж, тус байгууллагаас сэтгэл зүйн үйлчилгээний 4,050,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэл хэрэгт баримтаар авагдсан.(хх166-167,171-177)

4.3.Эрүүгийн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон эмнэлэг, эмчийн үзлэг хийгдсэн, сэтгэл зүйн эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

4.4.Сэтгэл судлалын багш нарын холбоо мөрөөдлийн кактус сэтгэл зүйн урлангийн сэтгэл зүйн засал хийлгэх эмчилгээний төлбөр 4,05,000 төгрөгийг төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, бодитоор сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. 21,675,602 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх 2022/ШЦТ/*дүгээр тогтоолоор оршуулгын, зан үйлийн, шатахууны зардалд 21,348,541 төгрөгийг А.ээс гаргуулж Н.*******д олгож, баримтгүй нэхэмжилсэн 20,913,629 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурджээ.(хх5-15)

 

5.2.Нэхэмжлэгч нь 21,675,602 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс хойш амь хохирогч Э./*******/-ын хойдохын зан үйлд зориулан лус савдаг аргадах, хандив өргөх, ном уншуулах, засал хийлгэх, хүний гар цайлах зэргээр шинээр зардлыг шаардана гэж тодорхойлсон.

 

5.3.Хариуцагч тал зан үйлд зориулж ном уншуулсан гэх гар бичмэлүүдийг нэхэмжлэгч нөхөж бичээд хувь хүмүүсээр гарын үсэг зуруулсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5.4.Зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч Э.******* 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нас барж, 7 дугаар сарын 01-ний өдөр оршоосон үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 42.1Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ., 43.1.1хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заажээ.

 

Хэрэгт:

 

5.4.1.Ц.******* ламд ном уншуулахад:

-       2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг;

-       2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөгийн нийт 800,000 төгрөгийн, (хх67)

5.4.2. Ц.******* ламд ном уншуулахад:

-       2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 400,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 110,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг;

-       2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50,000 төгрөгийг;

-       2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөгийг;

-       2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийг нийт 1,960,000 төгрөгийг; (хх67-68)

5.4.3. Т.******* түшээд:

-       2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг;

-       2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг нийт 3,600,0000 төгрөгийг;(хх69-70)

5.4.4. ******* хийдэд ном уншуулахад:

-       2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 20,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 50,000 төгрөгийг, орой гэрт 4 ламд 400,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Жамсрангийн жансрэг бэлтгэлд 1,000,000 төгрөгийг;

-       2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Жамсрангийн жансрэг хурсан ламд 1,000,000 төгрөг, 6 ламд тус бүр 300,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг нийт 4,370,000 төгрөгийг;(хх71-72)

5.4.5. П.******* ламд:

-       2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 800,000 төгрөгийг;

-       2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 3,200,000 төгрөгийг нийт 4,000,000 төгрөгийг;(хх73)

5.4.6. Ганданчэглин хийдэд:

-       зул барихад 910,000 төгрөгийг;

-       ном уншуулахад 30,00 төгрөгийн,нийт 940,000 төгрөгийг; (хх77-78)

5.4.7. Зарлагын баримт:

-      2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 110,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 90,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 111,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 105,000 төгрөгийг;

-      2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 150,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 200,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 90,000 төгрөгийг;

-      2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 83,200 төгрөгийг;

нийт 1,349,200 төгрөгийг;

5.4.8. амь хохирогчийг оршуулгын үйл ажиллагаанд оролцсон жолооч, лам нарын гарыг цайлахад гарсан 390,000 төгрөгийн нийт 17,409,200 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчийн учирсан хохирол гэж үзэж нийт А.ээс гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй.

 

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ....нэхэмжлэгч гар бичмэлийн өөрөө бичээд нөхөж гарын үсэг зуруулсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: нэхэмжлэгч нь амь хохирогчийг оршоосны дараах зан заншлын шинжтэй бусдаар үйлийг үйлдүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх учир нэхэмжлэгч нь зан үйлийн шинжтэй өөрөөс гарсан зардлын талаарх бусадтай тохиролцсон хэлцлийг нөхөн бичгээр хэлбэрт оруулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан Үржан хажодлин хийдэд/ алтан сав нээлгэх, хойтохыг даатгах гэх мэт/ зарцуулсан 4,700,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчид хохирлыг олгосон гэж үзэв. (хх66)

 

5.6. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч ...Монгол Улсад ямар нэгэн үйлчилгээ авахад тэр болгон авсан худалдан авалтаа баримтаар нотлоод байл боломжгүй тул нэгэнт хохирол учирсан нь үнэн тул хохирлыг барагдуулах ёстой гэж бодож байна. Юугаа ч мэдэхгүй хүүхэд дагуулж явсан учраас буруутай гэж үзэж байна. гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар гэм хорын хохиролд төлбөр гаргуулах үндэслэлтэй иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан А.ээс гэмт хэргийн улмаас учирсан гэх хорын хохиролд 17,409,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 165,891,402 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч А.ээс нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,996 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Д.ГАНБОЛД