Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 01 өдөр

Дугаар  182/ШШ2024/00061

 

 

 

 

 

 

 

 

2024       01         02                                          182/ШШ2024/00061

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЖКИЛ компани /төлөөлж Израйл улсын иргэн ЯЖП/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Р-д холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: АИ ХХК-нд учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М,

Хариуцагч Д.Р,

Хариуцагчийн өмгөөлөгч В.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АИТ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Британийн Виржинийн арлуудын ЖКИЛ компани нь АИ ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд ЖКИЛ компани, хариуцагч Д.Р нар нь 2006.06.14-ний өдөр АИ ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар компанийн гүйцэтгэх захирлаар Д.Р ажилласан бөгөөд тус компани нь 2007 оноос эхлэн Бельги улсын Ва хэмээх компанийн хэрэглэгчийг танин баталгаажуулдаг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах үйлчилгээг Монгол улсын арилжааны банкуудад худалдан борлуулах болсон бөгөөд ийм эрхтэй цорын ганц этгээд байсан. 2007 оноос Компани нь Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, Зоос банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хас банк, Чингис хаан банкуудад дээрх Ва үйлчилгээг нийлүүлдэг байсан. Харин гүйцэтгэх захирал Д.Р нь 2011 оноос хойш АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн тэрээр 2016.05.10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр АИ ХХК-тай ижил төрлийн буюу программ хангамжийн үйл ажиллагаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр АИТ ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшиж, тухайн компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Д.Р нь АИТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа АИ ХХК-ийн мэдээллийг ашиглан тус компанитай ижил үйл ажиллагаа бүхий, төөрөгдөл үүсгэхүйц ижил нэртэй өөр компани байгуулан, харилцагчдыг шилжүүлэн авсан үйлдэл нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, компанийн мэдээллийг хууль бусаар хувийн сонирхлын зорилгоор ашигласан явдал юм.

Д.Р нь дүрмийн 7.1, Компанийн тухай хуулийн 84.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан, тэрээр Компанийн тухай хуульд зааснаар хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх (84.4.1), үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх (84.4.2), компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах (84.4.3), шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх (84.4.4), өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх (84.4.5), компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх (84.4.6) үүрэгтэй бөгөөд компанийн дүрмийн 3.7-д заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 84 дүгээр зүйлийн 84.7, 90 дүгээр зүйлийн 90.2, 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар хохирлоо хариуцагч Д.Раас шаардах эрхтэй.

Харин өнөөдрийг хүртэл АИТ ХХК нь Ва компанийн төхөөрөмжийг Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, Капитрон банк,  Хас банк, Чингис хаан банк ХХК-нд нийлүүлж, худалдан борлуулж ашиг олж байгаа бөгөөд 2020, 2021 онд дунджаар 82,345,741 төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. Үүний 41%-ийг АИ ХХК олох байсан гэж үзсэн бөгөөд 2016 оноос 2019 оны хооронд 185,770,512 төгрөг, 2020, 2021 онд 82,345,741 төгрөг, нийт 268,116,253.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Британийн Виржинийн арлуудын ЖКИЛ компанитай хамтран АИ ХХК-ийг үүсгэн байгуулж, нийт 100 ширхэг хувьцааг 50/50 хувиар эзэмших, үйл ажиллагаа явуулах хугацаа 10 жил байхаар компанийн дүрэмд заасан. Миний бие Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж байсан. Тухайлбал 2016.04.29-ний өдрийн Өнөөдөр сонинд зар тавьж хурал зарлаж байсан боловч нэхэмжлэгч талаас хуралд оролцдоггүй болно. Түүнээс хойш нэхэмжлэгч шүүхээр эрэн сурвалжлагдаад олдохгүй байсан тул бид цахим шуудангаар хурлын зар хүргэсэн, хуралдаа ирдэггүй болно. Харин 2009 оноос эхлэн ЖКИЛ компанийн хувьцаа эзэмшигч Израйль улсын иргэн ЯЖП нь өөрөө компанийн үйл ажиллагаанд саад хийж эхэлсэн ба гүйцэтгэх захирлын зүгээс үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Тухайлбал хамтарсан компанийн албан ёсны домэйнийг хувьдаа авч, гүйцэтгэх захирал миний албаны и-мэйл хаягийн нууц үгийг сольж, хууль бусаар нэвтэрч, уншиж, албан хаягаар ирсэн имэйлүүдэд Д.Р АИ ХХК-д ажиллахаа больсон тул аливаа хүсэлтээ түүний хувийн мэйлээр илгээнэ үү гэсэн автомат и-мэйлийг харилцагч байгууллагуудад цацаж эхэлсэн.

ЯЖП хаана байгаа нь тодорхойгүй болсон тул түүнийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5096, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 962 дугаар шүүхийн шийдвэрүүдээр эрэн сурвалжлуулж байсан бөгөөд тэрээр 2020 оны 2 сард олдсон болно. Ингэж эрэн сурвалжлуулж, олдохгүй, хуралд ирэхгүй байсан этгээд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй мэтээр гомдол гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна. Түүнчлэн компанид их хэмжээний хохирол учирсан гэсэн боловч яг ямар хохирол учирсан талаар тодорхой нотлоогүй, энэ талаар ямар нэг нотлох баримт байхгүй байна. Компанийн дүрмийн 1.6-д компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа нь 10 жил байна гэж заасан ба хамтарсан компанийн үйл ажиллагаа 2016 онд дуусгавар болсон. Иймд Д.Р миний бие компанийн тухай хууль, хамтарсан компанийн дүрмийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл АИ ХХК үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж чадахгүй болсон. Гэсэн хэдий ч миний бие үйл ажиллагаа явуулах зорилгоор компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа, гэрчилгээг сунгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч ЖКИЛ ХХК нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаж, компанийн гэрчилгээг сунгасан байсныг хүчингүй болгосон байдаг.

Тиймээс миний бие цаашид амьдрах, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд АИТ ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ компани нь АИ ХХК-тай адил үйл ажиллагаа явуулдаггүй. Ва компанийн төхөөрөмжийг зөвхөн банкууд л ашигладаг учраас банкуудад Ва компанийн төхөөрөмжийг худалдан борлуулсан, энэ нь АИ ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл биш юм. Тэгээд ч АИ ХХК-ийн дүрмийн дагуу үйл ажиллагаа дуусгавар болсон, хамтарсан компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх захирлын аж ахуй эрхлэх талаар хориглосон, хязгаарласан заалт байхгүй. Учирсан хохирлын хэмжээг өөр нэг компанийн олсон орлогыг харж, түүнээс олох байсан ашиг нь 41 хувь гэж багцаалдан тооцож нэхэмжлэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл АИ ХХК-нд бодит байдлаар учирсан ямар ч хохирол байхгүй, хоёр хувьцаа эзэмшигч хоорондоо маргаан үүсгэж, цаашид ажиллах боломжгүй болсон, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадахгүй болсон байхад орлого олж байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АИ такс ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АИТ ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Д.Р миний 100%-ийн эзэмшилтэй компани болно. Миний бие Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, хугацаагүй эрхтэй аудитор, Татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн эрхтэй учраас тус компани нь нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө, аутсорсонгийн үйлчилгээ болон Ва төхөөрөмжийн албан ёсны эрхтэй борлуулагчаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бид Ва төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс тавьсан саналын дагуу албан ёсны эрхтэй борлуулагчийн гэрээ байгуулан ажиллах болсон. Гэрээний дагуу АИТ ХХК нь аль нэгэн гадаад, дотоодын хуулийн этгээдээр дамжуулахгүй, Ва төхөөрөмжийн үйлдвэрлэгчтэй шууд хамтран ажиллаж, борлуулалт, үйлчилгээ үзүүлдэг. Энэ төхөөрөмжийг зөвхөн банкууд л ашигладаг учраас АИ ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан зүйл байхгүй. Манай компанийн олсон ашгийн 41%-ийг нэхэмжлэгч авах эрхтэй гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. АИ ХХК-ийн дүрмээр заасан үйл ажиллагаа явуулах хугацаа 2016 онд дууссан бөгөөд ЯЖПын хууль бус үйлдлийн улмаас хугацаа нь сунгагдаагүй, үйл ажиллагаа нь зогссон байдаг. Тиймээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Их Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр олон улсын бизнесийн компанийн акт Бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 7-9, 2-р хх 63-64/, АИ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх 10-11/, Цахим захидлууд орчуулгын хамт, Компанийн тухай хуулийн хэсгийн орчуулга /1-р хх 72-113, 136-138/, Британийн Виржинийн арлуудын нутаг дэвсгэр Олон улсын бизнесийн компаниудын тухай акт /3-р хх 58/ зэргийг,

 

5.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/00962 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/05096 дугаартай шийдвэр /1-р хх 34-37/, Монгол-Их Британийн Виржинийн Айлэндын хамтарсан хөрөнгө оруулалттай АИ ХХК-ийн дүрэм /1-р хх 38-40/, Өнөөдөр сонины хуулбар /1-р хх 43-44/, Цахим захидлууд /1-р хх 149-157/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 8/5579 дугаартай албан бичиг /1-р хх 185/, АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол /2-р хх 13-15/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 101/ШШ2020/01948 дугаартай шийдвэр /2-р хх 105-108/, Виржинийн арлууд албан ёсны мэдээ /орчуулга, 2-р хх 227, 3-р хх 3/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2354 дугаартай дүгнэлт /3-р хх 159-161/ зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Зохигчдын гаргасан хүсэлтээр,

АИТ ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм /1-р хх 51-55/, А.Бг гэрчээр асуусан тэмдэглэл /1-р хх 145-146/, Цахим захидалд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 163-183, 3-р хх 81-111/, Худалдаа хөгжлийн банк Дансны хуулга /1-р хх 202-228/, Төрийн банк ХХК 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/6243 дугаартай албан бичиг, Чингис хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн, Хаан банк ХХК 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 50/10967 дугаартай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50/9667 дугаартай албан бичиг, Хасбанкны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5б/5505 тоот албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 08-нй өдрийн 5в/3593 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/1808 дугаартай албан бичиг, Капитрон банкны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 71/1878 дугаартай албан бичиг /1-р хх 230-250, 2-р хх 1, 2-р хх 70-71, 2-р хх 136-159, 192, 210-214/, АИТ ХХК-ийн санхүүгийн баримтууд /3-р хх 172-250/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Нэхэмжлэгч ЖКИЛ компани /төлөөлж Израйл улсын иргэн ЯЖП/ нь хариуцагч Д.Рад холбогдуулж АИ ХХК-нд учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...хариуцагч Д.Р нь АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 7.1 дэх заалтыг зөрчиж хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулаагүй, хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй АИТ ХХК-ийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа, компанийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан, улмаар 2016-2021 онуудад Ва компанийн нууц үг тайлдаг нэг удаагийн төхөөрөмжийг банкуудад зарж орлого олсон, энэ орлогын 41%-ийг АИ ХХК-ийн олох байсан орлого гэж үзэж байгаа, хариуцагч Д.Р нь өөрт олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн, компанийн эрх ашигт үл нийцсэн, үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, компанийн мэдээллийг хууль бусаар, хувийн сонирхлын зорилгоор ашигласан тул хохирол шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...ЯЖП нь ЖКИЛ компанийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, өөрөө компанийн үйл ажиллагаанд саад болсон бөгөөд сүүлдээ олдохгүй болсон, миний бие хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах гэж нийтэд мэдээлэл тавьсан, ЯЖП нь хуралд ирээгүй, АИ ХХК-ийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа дуусч сунгуулсан боловч өөрсдөө хүчингүй болгуулсан, ЯЖП Монгол улсын хилээр гараад явсан, олдохгүй болсон, үүний улмаас би шүүхэд хандан эрэн сурвалжлуулсан, улмаар компани цаашид ажиллах ямар ч боломжгүй болсон учир миний бие АИ таск ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн дүрмээр ямар нэгэн хориглосон зохицуулалт байхгүй, Ва компанийн төхөөрөмжийг зөвхөн банкууд л ашигладаг, АИ ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан, Компанийн тухай хууль, дүрмийн заалт зөрчсөн нь баримтаар тогтоогдохгүй, бусдын олсон орлогын 41%-ийг өөрийн компанийн орлого гэж үзэх боломжгүй, миний бие АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанид ямар нэгэн бодит хохирол учруулаагүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АИТ ХХК нь хариуцагчийн тайлбарыг дэмжсэн болно.

 

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, АИ ХХК-ийн дүрмээс үзвэл нэхэмжлэгч ЖКИЛ компани болон хариуцагч Д.Р нар нь 2004.04.29-ний өдөр АИ ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 50%-ийн хувьцааг нэхэмжлэгч ЖКИЛ компани, 50%-ийн хувьцааг хариуцагч Д.Р эзэмших, бизнес санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлээр зөвлөгөө өгөх, санхүү, нягтлан бодох төрөл бүрийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагааг 10 жилийн хугацаанд явуулахаар дүрэмдээ зааж, АИ ХХК-ийг 2006.06.14-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Хариуцагч Д.Р нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т зааснаар АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2006.06.14-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн байх ба, гүйцэтгэх удирдлагын хувьд хувьцаа эзэмшигч ЖКИЛ компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй учир АИ ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлд зааснаар эрх бүхий харилцаанд компанийг төлөөлөх, компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тэдний цалин хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргах, хувь нийлүүлэгчийн хурлаас тогтоосон эрх хэмжээний хүрээнд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах,

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлах, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, сонирхлын зөрчлөөс зайлсхийх, компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлоор ашиглахгүй байх үүргийг хүлээсэн байна.

 

4.Хариуцагч Д.Р нь ийнхүү ажиллахдаа дээр дурдсан үүргийг хангалттай хэрэгжүүлж чадаагүй, удаа дараа зөрчсөн, компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан, хувьцаа эзэмшигчид санаатай хуурамч мэдээлэл өгсөн, компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6, 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

Харин нэхэмжлэгч ЖКИЛ компани нь Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 84 дүгээр зүйлийн 84.7-д зааснаар хариуцагч Д.Раас АИ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаанд хамаарах учруулсан гэх хохирлыг шаардах эрхтэй, энэ тохиолдолд  хариуцагч Д.Рын гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.     

 

Өөрөөр хэлбэл, байгууллагын гэрчилгээ, дүрэм 2022.05.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр ЖКИЛ компани нь Британийн Виржини мужид Олон Улсын бизнесийн компаниар бүртгэгдсэн, ЯЖП нь ЖКИЛ компанийг төлөөлөх эрхтэй, ЖКИЛ компани АИ ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон.

 

5.Нэхэмжлэгч талын гарган өгсөн цахим захидал /мэйл/-ууд, түүнд үзлэг хийж баримтжуулсан 2020.10.01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, АИ ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2020.10.08-ны өдрийн 5/6931 тоот албан бичиг, хавсралт болох дансны хуулга зэрэг баримтуудаар АИ ХХК нь Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг дистрибьютерийн эрхээр Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Зоос банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хас банкинд худалдан борлуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан, энэ нь гэрч Д.Б-н гаргасан “...АИ ХХК нь санхүүгийн зөвлөх, интернэт банкны нууцлалын төхөөрөмж /Ва/-ийг ...Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Капитрон банкуудад нийлүүлж байсан, ...Монгол улс дахь Ва төхөөрөмжийн эрхтэй албан ёсны дистрибютер...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг,

2023.05.18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Д.Наранчимэгийн гаргасан “...би 2012-2013 оны хооронд АИ ХХК-нд ажиллаж санхүүгийн тайлан гаргадаг, байсан, ...тус компани санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд Ва төхөөрөмжийг банкуудад нийлүүлдэг байсан, энэ төхөөрөмжийн талаар хүмүүс мэддэггүй, их хэмжээгээр авдаггүй байсан...Б.Батбуян нь борлуулалтын менежер хийдэг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон гэрчээр асуугдсан Д.Батбуянгийн 2015.05.11-ний өдрийн мэйл, түүний тооцооллоор АИ ХХК нь 2014 онд 62,770 ам долларын борлуулалт хийж, 25,546 ам долларын ашиг олж байсан, энэ нь компанийн орлогын 41% гэж шууд дүгнэх боломжгүй, тухайн тооцоолол нь ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэггүй байна. Харин ашиг, алдагдалтай байдал нь АИ ХХК-ийн тухайн жилийн санхүүгийн тайлан тооцоонд тусгагдсан тохиолдолд нэхэмжлэгч талын үндэслэл болгосон тооцооллыг  бодитой гэж үзэх боломжтой бөгөөд Д.Батбуянгийн тооцооллыг нотолсон өөр бусад баримтгүй байна.

 

6.АИ ХХК-ийн 50%-ийн хувьцаа эзэмшигч ЖКИЛ компанийн захирал ЯЖП, Д.Р нарын хооронд компанийн нэр дээр худалдан авсан оффиссын байрыг ЯЖП өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Д.Рын албаны мэйлийг хааж, бусадтай харилцах боломжгүй болгосон, компани нийгмийн даатгалын өртэй байсан зэрэг шалтгааны улмаас маргаан үүсч, зохигчид энэ асуудлаа эвлэрлэх байдлаар шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах талаар хоорондоо 2015 оны 12 сард мэйлээр харилцаж байсан байх боловч үр дүнд хүрээгүй.

 

Улмаар АИ ХХК нь оффисын байртай холбоотой маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр ЯЖПад холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2020.05.27-ны өдрийн 1948 дугаар шийдвэрээр АИ ХХК-ийг улсын бүртгэлийн Ү-2204030629 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар байрны 4 давхрын оффисын 4, 5, 6А, 6В хэсгийн нийт 155,9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосон, Улсын дээд шүүхийн 2022.09.27-ны өдрийн 863 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

7.Үүний зэрэгцээ АИ ХХК нь эзэмшигчдийн хурлыг 2016.04.30-ны өдрийн 10 цагт дахин хуралдуулахаар зарлаж, компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан, компанийн үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэхээр тусгаж, зарлалыг Өнөөдөр сонины 2016.04.29-ний өдрийн 099 дугаарт нийтлүүлсэн байх боловч хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй, хийгдээгүй байна.

 

Харин ЯЖП нь 2016.03.30, 2016.03.31-ний өдрүүдэд хариуцагч Д.Р руу мэйл бичиж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, хурлаар танилцуулагдах санхүүгийн тайлан, татварын тайлан, аудитын тайлан зэрэг баримтуудаа урьдчилан танилцуулж байхыг шаардсан, тухайн мэйлдээ АИ ХХК ямар ч үйлчлүүлэгчгүй, ажилчидгүй байгааг бичсэн байна. Энэ нь 2023.05.18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Д.Б-н өгсөн “...би АИ ХХК-нд ажиллаж байсан. ...ЯЖП, Д.Р 2 үл ойлголцож, үйлчлүүлж буй гадны компаниудыг ЯЖП нь болиулсан. Цөөхөн монгол компаниуд үлдсэн... мөн компани нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан...” гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.  

 

8.Өөрөөр хэлбэл, АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид үүссэн маргаантай асуудлаа шийдвэрлэж чадаагүй, Хувьцаа эзэмшигч ЖКИЛ компанийн захирал ЯЖП нь Монгол улсад хаана оршин суугаа нь тодорхойгүй болсон байна. Харин АИ ХХК нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.06-ны өдрийн 5096 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.28-ны өдрийн 962 дугаар шийдвэрээр ЯЖПыг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоох ажиллагааг хийсэн, ЯЖП нь 2019 оноос эхлэн Монгол улсын хилээр орж, гарсан болох нь түүний гадаад паспортын хуулгаар тогтоогдож байна.

 

Ийнхүү зохигчдын маргаантай байх цаг хугацаанд АИ ХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 6-д заасан компанийн үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа 2016.06.14-ний өдөр дууссан байх ба, АИ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Р Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гарган 2020.01.30-ны өдөр компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаа явуулах хугацааг сунгуулсан байна. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигч ЖКИЛ компанийн гомдлыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага нь хяналтын улсын байцаагчийн 2020.05.04-ний өдрийн 2354 дугаар дүгнэлтээр хугацаа сунгасан бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.06.08-ны өдрийн 8/5579 дугаар хариу өгөх тухай албан бичгээр тогтоогдсон.

 

9.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм зэргээр хариуцагч Д.Р нь 2016.05.09-ний өдөр АИТ ХХК-ийг үүсгэн байгуулж, 100%-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2016.05.10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар АИ ХХК, АИТ ХХК-ийн нэрийг хоорондоо давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэхгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас АИТ ХХК-ийг нэгэнт улсын бүртгэлд бүртгэсэн, энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

АИТ ХХК нь бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг Монгол улсад худалдан борлуулдаг байна. Тодруулбал, Хаан банк ХХК-ийн 2020.10.19-ний өдрийн 50/10967, 2021.10.18-ны өдрийн 50/9667 тоот албан бичиг, хавсралтаар АИТ ХХК нь 2016-2021 оны хооронд нийт 584,790,260 төгрөгийн үнэ бүхий Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг ХААН банк ХХК-нд,

Хас банк ХХК-ийн 2020.11.04-ний өдрийн 58/5505, 2021.11.08-ны өдрийн 56/3593 тоот албан бичиг, хавсралтаар 2018-2020 оны хооронд нийт 173,301,750 /57,064,182+116,237,568/ төгрөгийн үнэ бүхий Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг Хас банк ХХК-нд,

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2021.03.11-ний өдрийн 5/1808, 2021.10.18-ны өдрийн 5/8924 тоот албан бичиг, хавсралтаар АИТ ХХК нь 2017-2021 оны хооронд нийт 444,324,894 /165,570,286+278,754,608/ төгрөгийн үнэ бүхий Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг Худалдаа хөгжлийн банк ХХК-нд тус тус худалдан борлуулжээ.

 

10.Харин АИТ ХХК нь 2016 оны орлогын албан татварын тайлангаар  30,454,545 төгрөгийн орлого олсон, 2017 оны орлогын дэлгэрэнгүй тайлангаар ямар нэгэн орлого олоогүй, 2018 оны орлогын дэлгэрэнгүй тайлангаар 102,157,300 төгрөгийн борлуулалтын орлого олсноос 6,632,400 төгрөгийн ашиг олсон, 2019 оны орлогын дэлгэрэнгүй тайлангаар 102,157,300 төгрөгийн борлуулалтын орлого олсноос 6,632,400 төгрөгийн ашиг олсон зэрэг байдал харагдана.

 

Энэхүү Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг Монгол улсад худалдан борлуулах нь ямар нэгэн тусгай эрхээр баталгаажих ёстой, АИ ХХК-ийн нууцад хамаарсан мэдээлэл биш байх бөгөөд энэ нь 2010.05.18-ны өдөр ЖД, Яир Ж.П нарын хоорондоо харилцсан “...Бид Vasco-гийн маркетингд ихээхэн хүчин чармайлт гаргаад байна. ...Монгол улсын зах зээл жижигхэн ...өөр хэн нэгэнтэй өрсөлдөхийг хүсэхгүй байна. Бид онцгой эрхийн гэрээг байгуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан мэйл, “...Vasco нь хэн нэгэнтэй онцгой эрхийн гэрээ байгуулдаггүй...” гэсэн агуулга бүхий хариу өгсөн мэйл, тус мэйлүүдэд үзлэг хийж баримтжуулсан үзлэгийн тэмдэглэлээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

11.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, АИ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь өөр хоорондоо оффисын байр болон бусад асуудлаас улбаатай маргаантай, энэ асуудлаа эвлэрлийн журмаар шийдвэрлэж чадаагүй, хариуцагч Д.Р нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар 2016 оны 3 сард хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан байх боловч тухайн хурал нь хийгдээгүй, энэ тохиолдолд гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно.

 

Харин Д.Рыг АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч талын үндэслэл болгосон АИ ХХК-ийн 2023.12.28-ны өдрийн 23/12-11 тоот албан бичгээр Д.Р нь Компанийн дүрмийн 10.4-т зааснаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хувь нийлүүлэгчдэд нэг сарын өмнө бичгээр мэдэгдсэнээр хөлсөөр ажиллах гэрээг цуцлах эрхтэй, тэрээр 2016.04.25-ны өдрөөр дуусгавар болж үүрэг ажлаасаа чөлөөлөгдсөн гэх боловч шүүх дээр нэгэнт дүгнэснээр талууд хоорондоо маргаантай, хувьцаа эзэмшигчдийн хурал огт хийгдээгүй, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэж чадаагүй байхад хариуцагч Д.Р нь ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хувьцаа эзэмшигч ЖКИЛ компанийн захирал ЯЖПад гаргаж байсан гэдэг нь үндэслэлгүй, 2023.12.28-ны өдрийн 23/12-11 тоот албан бичигт дурдсан үндэслэлийг нотолсон өөр бусад баримтгүй байна.

 

12.Түүнчлэн АИ ХХК-ийн дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах 10 жилийн хугацаа 2016.06.14-ний өдөр нэгэнт дууссан, уг хугацаа сунгагдсан байх боловч улсын бүртгэл хүчингүй болсон, гүйцэтгэх захирал Д.Рын хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад хууль болон дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болсон, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаар АИ ХХК нь 2013.10.31-ний өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэл дансаараа огт гүйлгээ хийгээгүй, харин 2016.03.01-ний өдөр 12,135,600 төгрөгийг “гэрээний урьд 60% төлбөр шил-в/600ш Ва” гэсэн утгаар, 2016.04.14-ний өдөр 8,090,400 төгрөгийг “600ш Вагийн үлдэгдэл 40% төлбөр шил-в” гэсэн утгаар тус тус өөрийн дансанд шилжүүлэн авсан, мөн үүнээс хойш ямар нэгэн гүйлгээ хийгээгүй байх тул тус компанийг 2016 оны 04 сараас эхлэн үйл ажиллагаа явуулах бодит боломжгүй болсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Д.Р нь 2016.05.10-ны өдөр АИ такс ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа нь АИ такс ХХК-ийн бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай адил байх боловч ийнхүү адил төрлийн үйл ажиллагаа явуулж болохгүй талаар хязгаарлалт, хориглолт АИ ХХК-ийн дүрмээр зохицуулагдаагүй, энэ нь дүрмийн 7 дугаар зүйлийн 1, 2-т заасан компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах, компанийн нэр хүнд, өмч хөрөнгөд гэм хор учруулж болзошгүй ямарваа үйлдэл хийсэн гэх хориглосон зохицуулалтад хамаарсангүй.

 

Мөн АИ такс ХХК нь АИ ХХК-ийн эрхэлж байсан Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг ХААН банк ХХК, Хас банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-нд 2016-2021 оны хооронд худалдан борлуулсан үйлдлийг АИ ХХК-ийн үйлчлүүлэгч нарыг хууль бусаар шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

13.Тиймээс хариуцагч Д.Р нь АИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан хугацаандаа компанийн дүрмийн 7, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй, компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан гэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүй баримтаар тогтоогдоогүй, үүний улмаас АИ ХХК-нд АИТ ХХК-ийн 2016-2021 оны хооронд Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг нэр бүхий банкуудад худалдан борлуулсан орлогын 41 хувь буюу математикийн пропорцын аргаар тооцсон 268,116,253 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэхгүй, эдгээрийн хооронд ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал АИТ ХХК-ийг ХААН банк ХХК-нд 2016-2021 оны хооронд нийт 584,790,260 төгрөгийн үнэ бүхий, Хас банк ХХК-нд 2018-2020 оны хооронд нийт 173,301,750 /57,064,182+116,237,568/ төгрөгийн үнэ бүхий, Худалдаа хөгжлийн банк ХХК-нд 2017-2021 оны хооронд нийт 444,324,894 төгрөгийн үнэ бүхий Ва компанийн нэг удаагийн нууц үг үүсгэгч төхөөрөмжийг тус тус худалдан борлуулж, ашиг олсон, энэхүү худалдан борлуулсан үнийн дүнгийн 41% буюу 268,116,253 төгрөг нь АИ ХХК-нд орох байсан орлого гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Д.Рад холбогдох АИ ХХК-нд учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулах тухай ЖКИЛ компани /төлөөлж Израйл улсын иргэн ЯЖП/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

14.Нэхэмжлэгч ЖКИЛ компани, захирал ЯЖПын 2020.08.06-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөг, 2020.09.16-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,058,252 төгрөг, 2021.02.10-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,734 төгрөг, 2022.03.22-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тэмдэгтийн хураамжид төлсөн 569,678 төгрөг, нийт 1,994,214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7., 86 дугаар зүйлийн 86.1.-д зааснаар Д.Рад холбогдох АИ ХХК-нд учруулсан хохиролд 268,116,253 төгрөг гаргуулах тухай ЖКИЛ компани /төлөөлж Израйл улсын иргэн ЯЖП/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ЖКИЛ компани /төлөөлж Израйл улсын иргэн ЯЖП/-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,994,214 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА