Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 41

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 201713010011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* сумд 1975 онд төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, *******, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, малчин, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө ял эдэлж байгаагүй. ******* овгийн *******ын ******* РД//

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Б. нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны орой буюу сар шинийн баяр шинийн нэгний орой Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг гэх газар өвөлжиж байсан өөрийн гэртээ хүзүүний зүүн доод хэсэгт хутгалагдан нас барсан үйл баримт болжээ. Хэргийн энэ үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад ******* бэргэн жаахан архи уудаг юм уу гээд гэрт орж ирсэн. Би дэмий дээ гэж хэлтэл, ******* манай хүү од ахдаа архи өгөхгүй юм уу гэсэн чинь манай хүү архи авч өгч байгаа харагдсан. ...удалгүй нэлээн халчихсан орж ирээд *******тай нөгөө архийг хувааж уусан. ...дараа нь дахин 0.75 гр-тай архи гаргаж ирээд ууж байхаар нь одоо болно, архи чинь хэтэрлээ гэж хэлсэн. ...тэр хоёр мөн ерөөл архины шилтэй монгол архи байсныг аваад ууж байгаа харагдсан. Тэр үед халчихсан гадаад гарсан дүүгээ олж ирнэ гээд, ******* болохоор өөрөө мэдээд явсан юм чинь яахав гэж байсан... би морь аргамжаад гэртээ орж иртэл талийгаач битүүрэгнээс идээд сууж байсан. хоол гээд байхаар нь гал дээр бууз халааж, хүүгээ хөхүүлээд галын ам руу хараад сууж байтал талийгаач нөхөр маань “миний дүү намайг бүлчихлээ” гэхээр нь эргэж хартал талийгаач гэрийн зүүн хойморт ширээний зүүн талд дээшээ хараад уначихсан дээр нь ******* хутга бариад тонгойчихсон байхаар нь “чи чинь юу болж байна. Ахыгаа болохоо байлгачихсан байна шүү дээ” гэж хэлээд түлхэж унагаагаад гарнаас нь хутгийг нь авч хашааны хажуу талын цас руу хийчихсэн.. буцаж гэрт ороход талийгаач сууж байсан. Тэгэхээр нь *******д чи ингэхдээ яадаг юм гээд уйлсан чинь ******* бүгдийг чинь гүйцээчихнэ шүү гэсэн, тэгтэл талийгаач нөхөр “чи хурдан явж хүнд хэл” гэсэн тэгээд би хүүгээ дагуулаад *******ы гэрт очсон ...*******ы гэрт эхнэр 2 хүүхэд нь байсан. тай хамт уул руу гарч сумын төв явсан хүргэн ыг эмч дууд гэж хэлээд, мөн ийн ахынх нь хүргэн болох рүү утсаар ярьсан. , тэй хамт ирээд байж байтал ******* хувцас хунар нь цус болчихсон орж ирээд би ахыгаа алчихлаа та нарыг алчхаад өөрийгөө ална гээд байхаар нь , , нар *******ыг хүлсэн..” гэсэн байна. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “...Шинийн нэгэнд манайд ******* гэрийнхэнтэйгээ бүгд ирж золгосон. Урьд өмнө ахтайгаа хэрүүл маргаан хийдэггүй байсан. Тэр өдөр архи хэтрүүлж хэрэглэснээс болж ийм хэрэг болж байгаа юм. Уг нь бол ******* миний үгэнд ордог юм. Би анх орж ирэхэд нь битгий архи уугаарай, одоо дэмий гэж хэлсэн. Тэгсэн манай бага хүүхэд архи авч өгч байж харагдсан. Манай талийгаач, ******* хоёр хоёулаа хамт мах идэж байсан. Би хонио хотлуулаад, морио аргамжаад, тугалаа хашчихаад гэртээ орсон юм. Гэртээ ороод хүүхэддээ бууз халааж өгөх гэсэн чинь гал унтарсан байхаар нь галаа асаагаад, хүүхдээ хөхүүлээд байж байсан чинь гэнэт “миний дүү намайг бүлчихлээ” гэхээр нь чи ахыгаа ийм болгочихдоо яахав дээ л гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг өгч хэргийн үйл баримтыг нотолжээ. Хэрэг гарах үед байсан цорын ганц гэрч О.******* ийнхүү түүний нөхөр Б.ийн амь насыг дүү Б.******* нь хохироосон болохыг нотолж байна. Түүнчлэн тэрээр “...манай нөхөр миний дүү намайг бүлчихлээ ш дээ гэж хэлэхээр нь харахад талийгаач нөхөр маань гэрийн зүүн хойморт ширээнийхээ зүүн талд дээшээ хараад уначихсан дээр нь ******* тонгойчихсон хутга барьчихсан байхаар нь орилж очоод...” гэж талийгаач нөхөр нь тухайн үед өөрийг нь Б.******* хутгалсан гэдгийг хэлмэгц харахад Б.******* ах дээрээ дарж унаагүй харин босоо байрлалд/тонгойсон/ гартаа хутгатай байсан талаарх мэдүүлгийг удаа дараа тууштай өгч байгаа бөгөөд энэ мэдүүлгээр шүүгдэгч Б.*******ы хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн “...ах маань ...мах идэж байснаа хутгаар над руу заагаад, чичлээд ярихаар нь би хутгыг нь авдаг юм билүү гээд босох гээд битүүлгийн махан дээр тээглэн ах дээр дараад уначихсан... надад ахыгаа алах санаа байгаагүй...” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Мөрдөн байцаалтын шатанд гэрч П., Ж. нарын хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******гийн дээрх мэдүүлгийг баталж байна. Мөн шинжээчийн “...Нас барагч Б. нь хүзүүнд нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас түүний харалдаа байсан гүрээний артери тасарч гол судсанд нэвтэрсний улмаас дотуур цус алдалтын шок, амьсгалын дутагдалд орж нас баржээ” гэсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171007 дугаартай дүгнэлт, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлийн “...Хүзүүний зүүн доод хэсэгт 2х0.5 см хэмжээтэй зах ирмэг тэгш шархтай” гэсэн хэсэг, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлийн “...Гол судас... оройн хэсэгтээ нэвтэрсэн шархтай...” гэсэн хэсэг, шинжээчийг байцаахад өгсөн “...Нас барагч ийн хүзүүний зүүн хэсэгт доош бамбай булчирхайн доод хэсэг рүү чиглэсэн байрлалтай 2х0.5см хэмжээтэй, хутганы иртэй тал нь доошоо харсан шарх үүссэн байсан.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч хүзүүн тус газраа хутгалагдсаны улмаас нас барсан болох нь нотлогджээ. Иймд шүүгдэгч Б.*******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” заасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд хорих ялын доод хэмжээ багассан байх тул энэ Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ы үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нөхөн төлүүлэх хор уршиг нэхэмжлээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын байдал зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь түүнд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах тухай дүгнэлт гаргаж байгаа ч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ...хорих ялыг хөнгөрүүлж ...болно” гэж заасан бөгөөд Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүнчлэн түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал болон үйлдлийнх нь улмаас хүний амь хохирсон зэрэг байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулах үндэслэлгүй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг 8/найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******д оногдуулсан 8/найман/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ы тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 182/нэг зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн улаан өнгийн дээл, саарал өнгийн босоо захтай, улаан өнгийн оруулгатай цамц, шаргал өнгийн иштэй 26.3 см урттай хутгыг тус тус устгасугай.

8. Шүүгдэгч Б.*******ы эд хөрөнгө болох 7420000 төгрөгний үнэлгээтэй 8 бод, 44 бог нийт 52 толгой малыг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ