Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

Г.Цэрэндэжидэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгч Г.Цэрэндэжид,  нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Г.Цэрэндэжидэд холбогдох 2022001050019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “Монос” ХХК-ний салбарт худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 18 дугаар байрны 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогтой Ганхуягийн Цэрэндэжид /ЗЮ82102665/.

Шүүгдэгч Г.Цэрэндэжид нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Ялгуум билэгт” ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 08 дугаар сарын 18-аас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс, ажил үүргийнхээ дагуу нийт 89894910 төгрөгийн бараа хүлээн авч 15138850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23221760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан, 38836525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч, нийт 77197135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12697775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гаргаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Цэрэндэжидийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Цэрэндэжидийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдзгч Г.Цэрэндэжидэд 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Цэрэндэжид нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэндэжидээс 12.062.887 /арван хоёр сая жаран хоёр мянга найман зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан хохирогч “Ялгуум билэгт” ХХК- д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэрэндэжидэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Цэрэндэжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолын ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт: “ ...шүүгдэгч нь худалдагчаар ажиллаж байсан ба бараа материалыг хүлээн авч зарж борлуулан мөнгийг нь буцаан тушаах үүрэгтэй этгээд тул бараа материал, эсхүл бэлэн мөнгө дутагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Тухайлбал шүүгдэгчийн хариуцаж байсан бараа материалын тооллогын дүн нь барааны үлдэгдэл дээр борлуулсан орлого нэмэгдэж гарах тул дутагдсан дүнг бараа материал байсан уу, бэлэн мөнгө байсан уу гэдгийг тогтоох боломжгүй юм. ... 12.697.775 төгрөгийн барааны зөрүү дутагдал гаргасан нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна" гэж дүгнэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

1.Энэхүү гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй.

Хөрөнгө завших гэдэг бол бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг ... өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах, хувьдаа ашиглах үйдлийг хэлнэ. Гэтэл Аудитын болон ШШҮХүрээлэлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “... нийт 77.197.135 төгрөгийн зарлагын тооцооноос 12.697.775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гарсан байна” гэсэн дүгнэлт гарсан. Мөнгө завшсан байна гэсэн дүгнэлт гараагүй. Хохирогч Д.Оюунчимэгийн мэдүүлэгт Г Цэрэндэжид нь мөнгө дутагдуулсан гэж удаа дараа мэдүүлээд байхад шинжээч бараа дутагдуулсан гэж дүгнэлт гаргасан. Гэтэл ямар нэр төрлийн барааг дутагдуулсан нь 2019.11.16-ны өдөр, 2019.11.29-ний өдрийн 2 удаагийн тооллого хийсэн баримтаас харагдахгүй байна. Яг ямар нэр төрөл, кодтой хэдэн ширхэг барааг дутаасныг тогтоолгүйгээр, мөн энэхүү дутаасан гэх барааг хэрхэн яаж дутаасан аргыг нотлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2 удаагийн тооллогын баримт хавтаст хэргийн 174-215 дугаар талд авагдсан бөгөөд энэхүү баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд, шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл, шүүгдэгч Г.Цэрэндэжидийн хөрөнгө завшсан гэх үйлдлийг нотлож байгаа гэх 2 удаагийн тооллогын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй болохыг шүүх дүгнэчихээд, Г.Цэрэндэжидийг гэм буруутайд тооцсон үндэслэлгүй. Энэхүү хэрэгт шүүгдэгч Г.Цэрэндэжид нь:

1.1. Ямар код, нэр төрлийн, хэдэн ширхэг барааг хэрхэн дутагдуулсныг нотлолгүйгээр,

           1.2.  “Ялгуумбилэгт, ХХК нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж хэрхэн баталгаажуулсан” эсэх, бусдыг гэм буруутайд тооцуулахад хүргэж байгаа санхүүгийн анхан шатны баримтууд, 2 удаагийн тооллогын баримт нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, хууль ёсны байдлыг хангаж байгааг тогтоолгүйгээр, “Ялгуумбилэгт ХХК нь Г.Цэрэндэжидтэй гараар тооллого хийж, дутагдал үүрүүлж байгаа энэхүү анхан шатны бүртгэлийн баримт нь бусад анхан шатны баримтаараа нотлогдож байгаа үндэслэлтэй баримт болохыг шалган тогтоолголгүйгээр, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            2. Шинжээчийн дүгнэлтээр нийт хүлээн авсан бараа, бэлэн болон бэлэн бусаар худалдаалсан бараа, тушаасан мөнгө, үлдэгдэл барааны тооцоог л тоо, ширхэгээр гаргасан болохоос “барааны нэгжийн үнэ” тооллогын бүртгэлд зөв бичигдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй. Барааны нэгжийн үнэ тооллогын бүртгэлд үнэн зөв бичигдсэн эсэхээс хамаарч 12.697.775 төгрөгийн дутагдал гарах эсэх нь шалтгаалж байхад энэ талаар тавьсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээж авалгүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй.

            3. Хохирогчийн төлөөлөгч Д.Оюунчимэг 2021.02.23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Бүх бараа кодлогдож орж ирж байгаа, харин тооцооны нэгдсэн систем ашигладаггүй, гараар тооллого явуулдаг” гэж мэдүүлсэн бөгөөд 2019.08.18, 2019.11.16-ны өдрийн 2 удаагийн тооллогын баримтад барааны код хэмжих нэгж, бичигдээгүй, яг ямар нэртэй бараа тоолоод байгаа барааны нэр тодорхойгүй, гаргацгүй, ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дутагдаад байгааг мэдэх боломжгүй байх бөгөөд энэ нь шинжээч Б.Шатарын мэдүүлгээр нотлогдож байхад тооллогын баримтыг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.

            4. Г. Цэрэндэжид нь өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хэрхэн яаж завшсан, захиран зарцуулсан. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь нотлогдоогүй.

            5. Г.Цэрэндэжид нь “Ялгуум билэгт” ХХК-тай Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа барааны зөрүү, дутагдал гаргасан байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэл болно. Г.Цэрэндэжидийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм.

           Анхан шатны шүүх Г.Цэрэндэжидэд холбогдох эрүүгийн 2022001050019 тоот хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарласан хэрэглэсэн, хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШШТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Цэрэндэжид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 2021/ШШТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг Г.Цэрэндэжид миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би “Ялгуум билэгт” ХХК-нд 2006 оноос хойш 2019 оны 12 дугаар сарыг хүртэл 13 жил тасралтгүй, амралтгүй, ар гэр, эрүүл мэндээ золиослон байж ажиллаж байсан. Би санаатай болон санамсаргүйгээр энэ компаний худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнээс нэг бараа, мөнгийг хувьдаа завшиж байгаагүй. Би энэ компанид үнэнчээр ажиллаж ажиллачихаад хэрэгтэн болж байгаадаа үнэхээр гомдолтой байна. Надад холбогдох хэргийг мөрдөн шалгахдаа нотлох ёстой зүйлийг бүрэн нотолсонгүй гэж үзэж байна. Учир нь 2 удаагийн тооллогыг Д.Оюунчимэг бид хоёр хоёулахнаа хийсэн бөгөөд би тэдэн ширхэг байна гэж хэлээд, Д.Оюунчимэг бичээд явсан. Миний хэлсэн тоо, ширхэгийг яг зөв бичсэн эсэхийг бол би мэдэхгүй, үүнд би эргэлзэж, мөн энэхүү тооллогын баримтад барааны нэгжийн үнэ зөв бичигдсэн эсэх нь эргэлзээтэй, зарим барааны тоо ширхэгийг засварлаж бичсэн байгаа нь тооллого үнэн зөвд би эргэлзэж, тооллогыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Ийм байхад энэхүү 2 удаагийн тооллогын баримтаар намайг завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Надад бараа материал болон бэлэн мөнгөнөөс хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Дотор дэлгүүрийн түлхүүр Д.Оюунчимэг бид хоёрт байдаг байсан, жижиглэнгийн бараа материал зардаг бол эрсдлийн сан байх ёстой гэж шинжээч дүгнэсэн. Жижиглэн, ширхэгийн бараа зардаг бол эрсдэл бий болох нь зайлшгүй байдаг бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь байхгүй, камер нь ажилладаггүй, кассын машин, нэгдсэн тооллогын систем байхгүй, орлого, зарлагаа цахимаар бүртгэх, хянах ийм боломжгүй нөхцөлд ажиллуулж, гар тооллогын зөвшөөрөөгүй баримтыг үндэслэж намайг буруутгасан нь буруу гэж үзэж байна. Хулгайд алдсан юм болуу камерыг нь шалгая гэхэд камер нь ажиллахгүй, шалгах боломжгүй. Үнэхээр 12.697.775 төгрөгийн бараа хэрхэн яаж дутагдсан, Г.Цэрэндэжид гэдэг хүн тэдэн сарын тэдний орлогыг ингэж хувьдаа завшсан байна гэдэг зүйл нотлогдоогүй. Би барааг нь хувьдаа завшиж, ашиглаж, мөнгийг нь захиран зарцуулсан үйлдэл үнэхээр байхгүй тул нотлогдохгүй юм.

           Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Хяналтын прокурор Б.Оргилболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Энэ гэмт хэрэг нь нууц далд байдлаар үйлдэгддэг байгаа.  Шүүгдэгч Г.Цэрэндэжид нь анхны шүүхэд өгсөн мэдүүлэгт Д.Оюунчимэгт тооллого хийхдээ мөнгөн дүнгээ хүлээн зөвшөөрч сард 1 сая төгрөгөөр төлж барагдуулахаар мэдүүлэг өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн шатанд өөрөө мэдүүлэхдээ байнга дутагдал гардаг байсан, цалингаасаа  төлөөд  явдаг байсан гэж байна. Энэ нь ямар ашиг сонирхол байгаад байна вэ, цалин авдаггүй байж ажлаасаа гарах боломж байгаагүй юу. Энэ компаний үйл ажиллагааны онцлог нь хуучны гар аргаар тооллого хийдэг мөн санхүүгийн анхан шатны баримтаар хөтөлж байсан, цахим бүртгэл байдаггүй. Тооллогын баримтад үндэслээд Саруул баян уул компани аудитын дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Эдгээр баримтуудыг шаардлага хангахгүй байна гэсэн хариу дүгнэлт гараагүй байдаг. Шүүгдэгч Г.Цэрэндэжид нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Ялгуум билэгт” ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөөс ажил үүргийнхээ дагуу нийт 89894910 төгрөгийн бараа хүлээн авч 15138850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23221760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан 38836525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч нийт 77197135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12697775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гаргаж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа. Хохирол төлбөрөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа. Анхан шатны хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Цэрэндэжид нь торгох ял оногдуулж өгөөч гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам торгох ял оногдуулах саналтай байна гэдгээ илэрхийлсэн ба анхан шүүхээс шүүгдэгч Г.Цэрэндэжидэд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хэргийн болон түүний хувийн байдалд тохирсон, эрх зүйн байдлыг нь дордуулаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолтой Г.Цэрэндэжидэд холбогдох хэргийг шүүгдэгч талын давж заалдсан гомдолд үндэслэн хянан үзэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Цэрэндэжид нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Ялгуум билэгт” ХХК-д худалдагчаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний хооронд өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгөөс ажил үүргийнхээ дагуу нийт 89894910 төгрөгийн бараа хүлээн авч 15138850 төгрөгийн барааг бэлэн бусаар худалдаалсан, 23221760 төгрөгийн барааг бэлэн мөнгөөр худалдаалж, бэлэн мөнгө тушаасан 38836525 төгрөгийн барааг тооллогоор хүлээлгэн өгч нийт 77197135 төгрөгийн зарлагыг тооцсоноос 12697775 төгрөгийн барааны зөрүү /дутагдал/ гаргаж завшсан гэмт хэрэгт холбогдсонд нь прокурорын байгууллагаас мөрдөх ажиллагаа явуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-нд хүлээн авч хянаад 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2021/ШЦТ/40 тоот шийтгэх тогтоол гаргажээ.

Уг шийтгэх тогтоолд Боржигон овогт Ганхуягийн Цэрэндэжидийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдзгч Г.Цэрэндэжидэд 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгч Г.Цэрэндэжид нар давж заалджээ.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам гомдолдоо: ...1. Энэхүү гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй,

           ...2. Шинжээчийн дүгнэлтээр нийт хүлээн авсан бараа, бэлэн болон бэлэн бусаар худалдаалсан бараа, тушаасан мөнгө, үлдэгдэл барааны тооцоог л тоо, ширхэгээр гаргасан болохоос “барааны нэгжийн үнэ” тооллогын бүртгэлд үнэн зөв бичигдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, барааны нэгжийн үнэ тооллогын бүртгэлд үнэн зөв бичигдсэн эсэхээс хамаарч 12697775 төгрөгийн дутагдал гарах эсэх нь шалтгаалж байхад энэ талаар тавьсан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээж авалгүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй,

            3. Хохирогчийн төлөөлөгч Д.Оюунчимэг 2021.02.23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Бүх бараа кодлогдож орж ирж байгаа, харин тооцооны нэгдсэн систем ашигладаггүй, гараар тооллого явуулдаг” гэж мэдүүлсэн бөгөөд 2019.08.18, 2019.11.16-ны өдрийн 2 удаагийн тооллогын баримтад барааны код хэмжих нэгж, бичигдээгүй, яг ямар нэртэй бараа тоолоод байгаа барааны нэр тодорхойгүй, гаргацгүй, ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дутагдаад байгааг мэдэх боломжгүй байх бөгөөд энэ нь шинжээч Б.Шатарын мэдүүлгээр нотлогдож байхад тооллогын баримтыг үндэслэж гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй,

            4. Г. Цэрэндэжид нь өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хэрхэн яаж завшсан, захиран зарцуулсан, өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь нотлогдоогүй.

            5. Г.Цэрэндэжид нь “Ялгуум билэгт” ХХК-тай Хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байхдаа барааны зөрүү, дутагдал гаргасан байна гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээх үндэслэл болно. Г.Цэрэндэжидийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш юм...  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж гомдол гаргажээ.

Шүүгдэгч Г.Цэрэндэжид гомдолдоо: ...Би “Ялгуум билэгт” ХХК-нд 2006 оноос хойш... 13 жил үнэнчээр ажиллаад хэрэгтэн болж байгаадаа гомдолтой байна. Надад холбогдох хэргийг шалгахдаа нотлох ёстой зүйлийг бүрэн нотолсонгүй гэж үзэж байна. ... 2 удаагийн тооллогыг Д.Оюунчимэг бид хоёр хийсэн...  тоо, ширхэгийг зөв бичсэн эсэхийг мэдэхгүй, ... эргэлзэж байгаа... тооллогыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. 2 удаагийн тооллогын баримтаар намайг завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой. Надад бараа материал бэлэн мөнгөнөөс хувьдаа авч ашигласан зүйл байхгүй... гэж давж заалджээ.  

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан үзээд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс тавьсан гомдол үндэстэй, хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн заалт шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд

    1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн .../;

1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох ёстой.

Эрүүгийн хавтаст хэргээс үзэхэд “Ялгуум билэгт” ХХК-аас ирүүлсэн тооцоо бодсон акт болон аудитын дүгнэлт гэсэн баримтад хөтлөгдөн мөрдөлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэх үндэстэй байна.

“Ялгуум билэгт” ХХК болон захирал Д.Оюунчимэгийн хувьд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газарт хандаж ...Г.Цэрэндэжид нь 2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 16 хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 2019 оны 11 сарын 29 хүртэл хугацаанд эд хөрөнгийн тооллого явуулж тооцоог бодож үзэхэд 12697775 /арван хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга долоон зуун далан тав/ төгрөгийг ашиглаж дутагдал гаргаж байгууллагыг хохироосон, дутагдаж ашигласан мөнгөө эргүүлж төлөөгүй... иймд ... үрэгдүүлэн хувьдаа ашигласан шалтгааныг Эрүүгийн хуульд нийцүүлэн нарийвчлан тогтоож, нийгмээс тусгаарлан шалгаж өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэж гомдол гаргасан байх ба гомдолдоо 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Саруул баян Уул-Аудит” ХХК-наас гаргасан 03 тоот Аудитын дүгнэлт гэсэн баримтыг хавсарган ирүүлжээ.

“Ялгуум билэгт” ХХК-ны зүгээс тавьсан “ашигласан шалтгааныг нарийвчлан тогтоолгох гэсэн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаах байгууллага огт шалгаж тогтоогоогүйгээр шүүхэд шилжүүлсэн байна. Бусдын хөрөнгийг ашиглан завшсан этгээдийн үйлдлийг шалган тогтооход нягтлан бодох бүртгэлийн тооцоог маш нарийн гаргах, санхүүгийн нарийн шинжилгээг хийж дүгнэлт гаргах ёстой. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд ямар зорилгоор гэм буруугийн ямар хэлбэрээр, завших гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг мөн түүний шалтгаан нөхцлийг тогтоохгүйгээр шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй.

Г.Цэрэндэжидийн үйлдлийг шалгасан хэрэг бүртгэх мөрдөх байгууллагын үйл ажиллагаа нь хохирогч тал болон яллагдагч нараас мэдүүлэг авсан төдийгөөр хязгаарлагдсаны гадна шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.

Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны шинжээч томилох тогтоолд дурдсанаар ...”Саруул баян Уул Аудит” ХХК-ны дүгнэлт үндэслэлтэй зөв үү?

-“Ялгуум билэгт” ХХК-ны гоо сайхан бичиг хэргийн тасгийн 2019 оны санхүүгийн баримтад сар, улирлын тайлангууд хийгдвэл зохих хугацаандаа үнэн зөв хийгдэж байсан эсэх,

-“Ялгуум билэгт” ХХК-ны 2019 оны санхүүгийн баримтуудад зөрчил илэрч байгаа бол хэний буруутай үйл ажиллагаанаас болсон бэ зэрэг асуултыг шинжээчид тавьсан бөгөөд энэ асуултын дагуу шинжээч дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийг шүүх хэрэг шийдвэрлэхдээ үндэслэх нэг баримт болгосон нь шийтгэх тогтоолын үндэслэх хэсгээс харагдаж байна.

Мөрдөх байгууллага бол аудит зэрэг аливаа нэг байгууллагын дүгнэлтийг баталгаажуулагч биш гэмт хэргийг илрүүлж мөрдөх ажиллагааг хараат бусаар бие даан шударгаар явуулах бүрэн эрх бүхий этгээд гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-д “Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна” гэж заасан.

Яллагдагч Г.Цэрэндэжид ямар нэр төрлийн барааг хэдэн тоо ширхэгээр хүлээн авсан, түүнээс хэдийг борлуулж, үлдэгдэл хэд байгааг нэг бүрчлэн тооцон шалгаж, ямар бараа хичнээн хэмжээгээр дутагдаж зөрүү гарч байгааг шалгах ёстой. Мөн хичнээн хэмжээний барааг борлуулж хэдэн төгрөгийн орлого олсон, түүнээс хэдэн төгрөг дутаасан болон эсвэл тушаагаагүй аль нь болохыг барааны нэр төрөл үнийн дүнгээр тулган шалгаж нарийвчлан тогтоох нь шударга ёсонд нийцнэ. Ажилтны ажлын байранд тавигдах шаардлага нөхцлийг хангах нь аливаа этгээдийн дотоод дахь хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ийм байдал үүсэх шалтгаан нөхцлийг таслан зогсоох нь хуулийн этгээдийн үүрэг байх ёстой. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд мөрдөгч энэ ажиллагааг сайтар хэрэгжүүлэх ёстой. Гэмт хэргийг шалгах ажиллагааны нэг тал нь хуулийн этгээд нөгөө тал нь иргэн хүн байгаа тохиолдолд үүнийг анхааран үзэх ёстой.

Г.Цэрэндэжидэд холбогдох хэргийг мөрдөх ажиллагаа зөрчилтэй явагдсан байхаас гадна хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа ч нэг талыг барьсан хуулийн заалт шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдов.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 174-р хуудсанд авагдсан ба энэхүү ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байх тул үзлэгийн дагуу хэрэгт хуулбарлан хавсаргасан анхан шатны баримтууд /175-215-р хуу/-ыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж заажээ.

Гэтэл энд нотлох бичгэн баримтаар авагдсан зарлагын баримтууд нь дээр дурдагдсан 03 тоот шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон болох нь Дундговь аймгийн Цагдаагийн газраас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд явуулсан 37/562 тоотын “2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 29 хүртэл” 225 ширхэг хуудас, мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны үзлэг хийсэн тэмдэглэлийн агуулгад ...үзлэг хийж байгаа баримт нь “Ялгуум билэгт” ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 18-наас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл” гэсэн бичигтэй... гэсэн бичиг баримтуудаас тодорхой харагдаж байна. Зарлагын баримтуудыг буюу санхүүгийн эх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн атал түүнд үндэслэн гарсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлт эрс зөрүүтэй байхаас гадна мөрдөн шалгах явцад гарсан зөрчилд зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

Мөн шийтгэх тогтоолд: шүүгдэгч нь худалдагчаар ажиллаж байсан ба бараа материалыг хүлээн авч зарж борлуулан мөнгийг нь буцаан тушаах үүрэгтэй этгээд тул бараа материал эсхүл бэлэн мөнгө дутагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Тухайлбал шүүгдэгчийн хариуцаж байсан бараа материалын тооллогын дүн нь барааны үлдэгдэл дээр борлуулсан орлого нэмэгдэж гарах тул дутагдсан дүнг бараа материал байсан уу, бэлэн мөнгө байсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэж нэг талыг барьсан үндэсгүй дүгнэлт хийж, яллах талыг баримталжээ. Шүүх бусдын хөрөнгийг Г.Цэрэндэжид хэрхэн ямар аргаар, ямар хэмжээтэй завшсан бэ, бараа дутагдуулсан бол ямар нэр төрлийн барааг хэрхэн яаж завшиж дутагдуулсан, мөнгө завшсан бол түүнийг хэрхэн яаж гарган авч завшсан бэ гэдгийг л нотлох баримтын үндсэн дээр тогтоох ёстой, бусдаар хийсвэр дүгнэлт хийж болохгүй.

Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хууль зөрчсөн зөрчил гарчээ.

2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгчийн хүсэлтэд үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай шүүгчийн захирамж гарч хэлэлцүүлэг хийх товыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг 30 минутад явуулахаар тогтоожээ.

Хохирогч тал болох “Ялгуум билэгт” ХХК түүний захирал Д.Оюунчимэгээс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 56 тоот албан бичигт “хууль ёсны төлөөлөгчийг тогтоохгүйгээр урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэх болжээ. ...Хууль ёсны төлөөлөгчийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх хэлэлцэхээр тогтоосон асуудлаасаа өөр зүйл хэлэлцэж, хурал хойшлуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох, шүүгчийг татгалзсан асуудлыг хүлээн авч хэлэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуулиар тогтоосон журмуудыг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан “хохирогчийн эрх” гэсэн заалтын 8.2 дугаар зүйлийн 2-д Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол... түүний эрхийг хууль ёсны төлөөлөгч эдэлнэ.” гэжээ. “Ялгуум билэгт” ХХК, энэ байдлыг тодорхойлоогүй байжээ.

Мөн ямар тохиолдолд хууль ёсны төлөөлөгч тогтоох, хэн шийдвэр гаргахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд тодорхойлсон. Энд зааснаар хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч прокурор л томилох ёстой болохоос шүүх томилох асуудлыг заагаагүй. Харин хууль ёсны төлөөлөгч тогтоохтой холбоотой маргааныг шийдвэрлэхээр буюу шүүхийг хөндлөнгийн байр сууринд байх асуудлыг баталгаажуулан заасан байна. Ийм байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуулийн шаардлагыг анхаараагүй байна. Мөн зүйлд зааснаар “хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдохоор заасан байхад мөрдөх байгууллага “Ялгуум билэгт” ХХК, захирал Д.Оюунчимэг нарын хэн нь хохирогч, хэн нь хохирогчийн төлөөлөгч болохыг зөв тодорхойлолгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зүгээс Д.Оюунчимэгийн ирүүлсэн Компаний зөвлөх С.Дэжидийг хууль ёсны төлөөлөгчөөр хуралд оролцуулах гэсэн бичигт үндэслэн түүнийг хууль ёсны төлөөлөгч гэж захирамжилжээ.

С.Дэжид уг “Ялгуум билэгт” ХХК-ны зөвлөх гэдгийг нотлох аливаа баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хавтаст хэргийн 169 дүгээр хуудсанд Д.Оюунчимэгийн гаргасан “Ялгуум билэгт” ХХК ажилчдын судалгаа гэсэн баримтад Д.Оюунчимэг захирал гэх мэтээр 4 хүний л нэр бичигдсэн байхаас С.Дэжид уг компаний албан тушаалтан гэдгийг нотлох зүйлгүй байхаас гадна хуульд заасан “итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэдгийг хуулийн шаардлагын дагуу зөв тайлбарлан ойлгож хэрэглэх асуудлыг анхан шатны шүүх орхигдуулжээ.

Нэгэнт итгэмжлэгдсэн гэж үзэх гол үндэслэл бол итгэмжлэл байх бөгөөд итгэмжлэлийн хэлбэр агуулга тавигдах шаардлагын талаар холбогдох хуулинд тодорхой заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох өөрчлөх талаарх санал хүсэлтийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх эрхтэй.

Энэ заалтыг зөв хэрэглэх буюу өөрөөр хэлбэл талуудаас дээрх асуудлаар санал хүсэлт гарсан тохиолдолд үндэслэлийг хянаж томилох, өөрчлөх асуудлыг эрх бүхий субъектүүдэд тавихаар буюу хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэл байгаа эсэхийг шийдэхээс бус шүүх өөрөө томилох зэргээр аль нэг талд орсон хараат бус байдлаа зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй.

Нөгөө талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах журам, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д ...яллах дүгнэлтэд заасан...хүрээнд ... гэж тодорхой заасан.

Г.Цэрэндэжидэд холбогдох хэрэгт прокурор Б.Оргилболдын үйлдсэн 15 тоот яллах дүгнэлтийн хавсралтад хууль ёсны төлөөлөгч болон С.Дэжидэд холбогдох аливаа заалт, хурлаар хэлэлцүүлэх ямар нэгэн асуудлын талаар огт дурдаагүй байна.

Анхан шатны шүүхийн хууль зөрчсөн эдгээр ажиллагаа нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хууль бусаар хойшлуулах, хууль ёсны төлөөлөгчийг хууль бусаар томилох, урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдэх үндэсгүй шүүгчийг татгалзах зэрэг шүүхийн хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг удаашруулж чирэгдүүлсэн, шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого гэж үзэхээр зөрчлүүдийг гаргажээ.

Хэрэг бүртгэх мөрдөн шалгах болон хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд гаргасан дээрх ноцтой зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул хэргийг шийдвэрлэсэн ажиллагаа болон сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/40 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаахаар тогтов. Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 78-88 дугаар талд бичгэн баримтууд авагдсан байх бөгөөд энэ баримтуудыг эсрэг талд танилцуулаагүй шууд хэрэг хэлэлцэхэд судалж талуудын эрхийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/40 тоот шийтгэх тогтоол нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй мөн анхан шатны шүүхээс 12697775 төгрөг дутагдсан гэх асуудлыг нотолж тогтоолгүйгээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэж үзэж гэм буруутайд тооцон шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгов.

Хэргийг прокурорт буцаан хүргүүлж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт хэвээр үргэлжүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
  2. Яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт хэвээр үргэлжүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                             О.ОДНЯМАА