Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2024/00277

 

 

 

 

 

 

 

 

 

 2024       01        16                                               182/ШШ2024/00277

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Н-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 69,882,144 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж,

Хариуцагч болон гуравдагч этгээд Б.эгийн төлөөлөгч Л.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Н нь 2019.05.01-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 30 тоотод байрлах, 50 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 4,2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд 2019.10.13, 2021.01.28, 2021.12.01-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацаа 2022.08.04-ний өдрийг хүртэл сунгагдаж, зээлийн эргэн төлөлтийн графикийг шинэчилсэн байдаг. Харин хариуцагч Ц.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 12,218,889 төгрөг, хүүд 42,889,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,597,847 төгрөг, нийт 57,706,457 төгрөгийг төлсөн байна. Бидний хувьд нэгэнт гэрээгээр тохиролцсон хүүг бууруулах боломжгүй. Гэхдээ гэрээнд заасан тодорхой нөхцөл биелсэн үед 1%-ийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой байсан.

Бид зээл төлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хариуцагчид шаардлага хүргүүлж, утсаар холбогдож байсны дүнд тэрээр 2022 оны 2 сард 25 сая төгрөг, 4 сард 1 сая төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, бид уг мөнгийг гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн байдлаар тооцон авсан, бүхэлд нь үндсэн зээлээс хасах ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. 2023.11.06-ны өдрийн байдлаар бид нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн хэмжээгээр ихэсгэсэн бөгөөд энэ үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 27,781,110 төгрөг, хүү 33,167,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,160,764 төгрөг, хууль зүйн туслалцаа авсаны төлбөр 6,700,000 төгрөг, нийт 77,809,799 төгрөг болсон.

Харин хууль зүйн туслалцаа авсны төлбөр буюу хохирол 6,700,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Үлдэх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,109,799 төгрөгийг 1,227,655 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 69,882,144 төгрөг болгож байна. Учир нь манай байгууллага ковидын үед нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй байтал програмаас автоматаар авсан байх тул хариуцагчаас тухайн цаг үед төлсөн 1,227,655 төгрөгийг нь нэхэмжлэлийн шаардлагаас хассан болно. Иймд хариуцагч нь зээлийн үлдэгдэлтэй байгаа тул түүнээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 69,882,144 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нь зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Н нь 2019.05.01-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 30 тоотод байрлах, 50 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 4,2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан нь үнэн. Зээлийн тодорхой хэсгийг төлж байсан боловч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж төлбөр төлөх боломжгүй болсон. Хариуцагч Ц.Н нь 2022 оны 04 сард АНУ руу явсан, зээлийн төлөлт хийгдэхгүй байхад зээлийн гэрээг цуцлах эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй, санаатай удааж хүүгийн хэмжээг ихэсгэсэн. Миний бие 2022.02.28-ны өдөр 25,000,000 төгрөг, 2022.04.02-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлд төлөхөд уг мөнгийг үндсэн зээлээс хасаагүй, нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн байдлаар суутган авсныг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс хасах байсан. Мөн нэхэмжлэгч байгууллагын зээлийн хүүгийн хэмжээ их байна. Жилийн 50,4%, 2 жилийн 100,8%-ийн хүү тооцогдохоор, нэхэмжлэгч өөртөө ашигтай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хүү 4,2% нь бусад банк, банк бус байгууллагаас нийтэд зарласан хэмжээнээс давсан байх ба хүү 2,5% байна. Бид нэхэмжлэгч талын санал болгосон гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш харилцан тохиролцсон зүйл байхгүй. Тийм учраас шүүх 25,000,000, 1,000,000 төгрөгийн зээлийн төлөлтийг үндсэн зээлээс хасаж, зээлийн хүүг бууруулан тооцож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.эгийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон нь үнэн боловч хариуцагч Ц.Нийг өндөр хүүтэй зээл авч байгааг мэдээгүй. Зээлийн өр төлбөрийг мөнгөн дүнгээр нь төлөх учир өөрийн өмчлөлийн хөрөнгөөс зээлийн өр төлбөр барагдуулахыг зөвшөөрөхгүй байна гэв.  

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, тооцоолол, 2019.05.01-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019.10.13, 2021.01.28, 2021.12.01-ий өдрүүдийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд, 2022.02.17, 2022.10.26-ны өдрийн шаардлагууд, Ц.Наранцэцэгийн гаргасан өргөдөл, 2019.04.18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.01-ний өдрийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.06-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргийг,

 

5.Хариуцагч талаас нотлох баримтаар,

ХААН банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгууд, Ц.Нийн гадаад паспортын хуулбар, БИД ББСБ ХХК-ийн Орбит, Толгойтын зар сурталчилгааны самбарт байрлах хүүгийн мэдээлэл зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Хариуцагч талын гаргасан хүсэлтээр,

Санхүүгийн зохицуулах хорооны 2024.01.01-ний өдрийн 3/148 тоот албан бичгийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК /цаашид БИД ББСБ ХХК гэх/ нь хариуцагч Ц.Нт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 71,109,799 төгрөг, хохиролд 6,700,000 төгрөг, нийт 77,809,799 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад хохиролд 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт 71,109,799 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэмэгдүүлсэн хүү 1,227,655 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 69,882,144 төгрөг гэж тодорхойлсон болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

                                               

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...хариуцагч нь зээлийг хүлээн авч ашигласан байх боловч зээлийн гэрээний график зөрчиж, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, энэ хугацаанд зээлийн гэрээнд 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан, бид зээл, хүүг төлүүлэх талаар хариуцагчид шаардлага өгч, утсаар холбогдож байсны дүнд хариуцагч нь 2022 оны 2 сард 25 сая төгрөг, 4 сард 1 сая төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, бид уг мөнгийг гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн байдлаар тооцон авсан, бүхэлд нь үндсэн зээлээс хасах ямар ч хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нь зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй тул зээл төлөхийг шаардах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...бид зээл аваад удаагүй байтал улс орон даяар ковид-19 өвчин, цар тахал дэлгэрсэн, үүний улмаас үйл ажиллагаа явуулах, зээл төлөх боломжгүй болсон, мөн хариуцагч 2022 онд АНУ руу явсан, нэхэмжлэгч тал энэ нөхцөл байдлыг мэдсээр байж зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүхэд хандахгүй удаасаар байгаад хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн, нэхэмжлэгч тал бидний төлсөн 26 сая төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой байтал хасаагүй, хүүд авсныг зөвшөөрөхгүй, мөн хүүгийн хэмжээ хэт их байгаа учир шүүх бууруулж тооцох боломжтой...” гэж,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “...зээлийн төлбөрийг мөнгөөр төлчих учир өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хариуцагч Ц.Н нь БИД ББСБ ХХК-тай 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 4,20%, хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авах, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 20%-иар тооцон төлөх, зээлийн хүүг хавсралтад заасан хуваарьт өдөр төлбөл гэрээнд заасан хүүгээс 1%-ийн хөнгөлөлт эдлэх, нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн мөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ.    

 

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019.05.01-ний өдөр хариуцагч Ц.Нтэй барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны гэрээгээр хариуцагч Ц.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202000877 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 30 тоотод байрлах, 50 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалсан, ийнхүү барьцаалахыг хамтран өмчлөгч Б.э хүлээн зөвшөөрсөн байх ба, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.-д заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2, 3 дугаар зүйлийн 3.2.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлийн 40,000,000 төгрөгийг 2019.05.01-ний өдөр хариуцагч Ц.Нт шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Ц.Н нь зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу, гэрээний хугацаанд үндсэн зээлд 40,000,000 төгрөг, хүүд 30,016,000 төгрөг, нийт 70,016,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

Дээрх үүргээс хариуцагч Ц.Н нь 2019.06.13-ны өдөр үндсэн зээлд 600,000 төгрөг, хүүд 1,920,000 төгрөг, 2019.07.16-ны өдөр үндсэн зээлд 20,480 төгрөг, хүүд 1,259,520 төгрөг, 2019.08.16-ны өдөр үндсэн зээлд 20,495 төгрөг, хүүд 1,302,171 төгрөг, 2019.09.12-ны өдөр үндсэн зээлд 21,240 төгрөг, хүүд 1,301,430 төгрөг төлж, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж байжээ.

 

5.Харин зохигчид 2019.10.13-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан,

2021.01.28-ны өдрийн гэрээгээр хөнгөлөлттэй хүүг 3,2%, үндсэн хүүг 4,2% байхаар, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, зээлийн сүүлийн төлөлтийг 2021.12.01-ний өдөр байхаар, зээлийн гэрээний хугацааг төлбөрийн сүүлийн өдөр хүртэл сунгагдсанд тооцох талаар тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулсан,

2021.12.01-ний өдрийн гэрээгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг дахин өөрчилж, зээл төлөх сүүлийн хугацааг 2022.08.01-ний өдөр байхаар тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулсан байх боловч гэрээний хугацааг сунгасан талаар ямар нэгэн зохицуулалт тусгаагүй байна.

 

Ийнхүү тохиролцсоны дагуу хариуцагч Ц.Н нь 2019.10.18-ны өдөр үндсэн зээлд 2,022,195 төгрөг, хүүд 1,258,804 төгрөг, 2019.11.16-ны өдөр үндсэн зээлд 16,226 төгрөг, хүүд 1,240,373 төгрөг, 2019.12.19-ний өдөр үндсэн зээлд 1403 төгрөг, хүүд 1,193,596 төгрөг гэх мэтээр зээлийг үргэлжлүүлэн төлж байгаад 2020 оны 1 сараас эхлэн зээлийг төлөөгүй, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигджээ.

 

6.Иймд нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар зээл, хүү төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан байх боловч хариуцагч нь зээл хүүг төлөөгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа 2021.12.01-ний өдөр дууссан байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь 2021.12.01-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр зохигчид зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээл төлөх сүүлийн хугацааг 2022.08.01-ний өдөр байхаар өөрчилсөн байх боловч гэрээний хугацааг сунгасан талаар ямар нэгэн зохицуулалт тусгаагүй байна. Тийм учраас зээл төлөх графикт хугацаагаар зээлийн гэрээг 2022.08.01-ний өдрийг хүртэл сунгагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2021.12.01-ний өдрөөс хойш 2022.02.17, 2022.10.26-ны өдрүүдэд зээл төлөхийг шаардсан, зээлийн тооцооллыг тусгасан албан бичгийг хариуцагч Ц.Нт хүргүүлсэн байх ба, түүний өмнөөс мэдэгдлийг нөхөр Л.Б, охин Б.э нар хүлээн авчээ. Улмаар хариуцагчийн нөхөр Л.Б өөрийн Худалдаа хөгжлийн банкнаас данснаас 2022.02.28-ны өдөр 25,207,205 төгрөгийг “Ц.Н ЧЛ72061968 зээл төлөв” гэсэн утгаар, 2022.04.22-ны өдөр 1,000,000 төгрөгийг “Ц.Н, РД: ЧЛ72061968, зээлийн төлбөрт” гэсэн утгаар тус тус зээлийн төлбөр төлснийг нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээлд суутган авсан болохоо тайлбарлаж байна.

 

Үүнийг хариуцагч тал зөвшөөрөхгүй, төлсөн 26,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар бүхэлдээ үндсэн зээлээс хасагдах ёстой гэж зээлийн тооцооллын талаар маргаж байх боловч зээлийн төлсөн баримтын утганд үндсэн зээл төлөх агуулга байхгүй, талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д зээл төлөх дарааллыг нэгэнт тохиролцсон, энэ тохиролцооны дагуу нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн төлөлтийг суутган авсныг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Харин хариуцагч Ц.Н нь 2022.09.20-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу яваад 2023.03.02-ны өдөр Монгол улсад буцаж ирсэн болох нь хариуцагчийн тайлбар, түүний гадаад паспортын хуулгаар тогтоогдсон. Тэрээр хариуцагч Ц.Н нь энэ нөхцөл байдлаа зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.12-т зааснаар нэхэмжлэгч талд мэдэгдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, зээлийн мэргэжилтэнтэй уулзуулах үүрэгтэй байхад уг үүргээ биелүүлээгүй, нөгөө талаар хариуцагч 14 хоногоос дээш хугацаагаар гадагшаа явахдаа төлөөлөгч томилоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлагдсанд тооцож зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх арга хэмжээ авах үүргээ мөн биелүүлээгүй, үүнд зохигчдын хэн алин нь буруутай гэж үзэхээр байна.

 

7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө”, 26 дугаар зүйлийн 26.1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”,

174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

 

8.Иймд нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар хариуцагч Ц.Нээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Нөгөө талаар хариуцагч Ц.Н нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн 40,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Нт хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Ц.Н нь зээлийг ашиглаж үндсэн зээл, хүү төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй, 2022.04.22-ны өдрөөс хойш огт зээлийн төлөлт хийгээгүй, зээлийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон.

 

9.Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь 69,882,144 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2023.11.06-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 27,781,110 төгрөг, хүүгийн үлдэгдэл 33,167,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,160,764 төгрөг, үүнээс 1,227,655 төгрөгийг хасаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан гэж задлан тайлбарласан.

 

Харин хариуцагч нь ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, зээлийн хүүгийн хэмжээ их байгааг харгалзан үзэж багасгаж өгөхийг хүссэн. Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий гэрээ байгуулсан Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд шүүх зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалт, 2021.01.28, 2021.12.01-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 1-д заасан “хөнгөлөлттэй хүү 3,2%, үндсэн хүү 4,2%” гэсэн сонгож болох хувилбартай заалт, эргэн төлөлтийн хуваарь №3-т заасан “3,2%” гэсэн зохигчдын тохиролцоог Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар зээлдэгчид буюу хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж зээлийн гэрээний 4,20%-ийн хүүг 3,2% болгон бууруулж, зээлийн хүүг 3,2%-иар тооцох боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.01.01-ний өдрийн 3/148 тоот албан бичигт дурдсанаар 2019 оны зээлийн жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ II улирлын байдлаар 3,3%, III улирлын байдлаар 3,1%-тай байсан, зохигчдын тайлбарласнаар БИД ББСБ ХХК-ийн Яармаг, Орбитод байрлах шинэ салбарын зээлийн хүү 2023 оны 11 сарын байдлаар 2,5% байгаа, Монгол улсад 2020 оны 03 сард Ковид-19 өвчний анхны тохиолдол бүртгэгдэж, Монгол улсын Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, эрх бүхий байгууллагууд холбогдох арга хэмжээ авч байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байсан зэргийг зээлийн хүүг бууруулж тооцоход давхар харгалзан үзсэн болно.  

 

10.Шүүх зээлийн тооцооллыг 2023.11.06-ны өдрийг хүртэл, зээлийн дансны хуулга, зээлийн тооцоолол, хариуцагч талын гарган өгсөн банкны дансны хуулгуудыг үндэслэн тооцож үзвэл,

- үндсэн зээлийн үлдэгдэл 27,781,110 төгрөг,

- зээлийн хүүгийн үлдэгдэл 16,890,905 /2022.04.22-ны өдрөөс 2023.11.06-ны өдрийг хүртэл нийт 19 сар. 27,781,110 * 3,2% = 888,995 төг * 19 сар/ төгрөг

- нэмэгдүүлсэн хүү 3,378,181 /зээлийн хүүгийн үлдэгдэл 16,890,905*20/ төгрөг,

Бүгд 48,050,196 /27,781,110 төг + 16,890,905 төг + 3,378,181 төг/ төгрөг болсноос нэхэмжлэгч талын зээлийн гэрээний хугацаанд, график зөрчсөн үндэслэлээр хариуцагч талаас нэмэгдүүлсэн хүүд тооцон авсан 1,370,192 /нэмэгдүүлсэн хүүд төлсөн 2,597,847 төгрөгөөс хариуцагчийн багасган тооцсон 1,227,655 төгрөгийг хассан/ төгрөгийг хасахад 46,680,004 төгрөг болов.

 

Тодруулбал, нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоодог, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцдог хууль зүйн ойлголт юм. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү тооцож авах хууль зүйн үндэслэлгүй тул гэрээний хугацаанд хариуцагч талаас нэмэгдүүлсэн хүүд төлсөн 1,370,192 төгрөгийг зээлээс хасаж тооцсон болно.

 

11.Иймд хариуцагч Ц.Нээс 46,680,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,202,140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ц.Н нь зээлийн гэрээний дагуу 46,680,004 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь барьцааны зүйл болох хариуцагч Ц.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202000877 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 30 тоотод байрлах, 50 м.кв гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК нь хариуцагч Ц.Нт холбогдох хохиролд 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-ийн 2023.06.27-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 678,868 /525,763+70,200+82,905/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нээс 461,550 /391,350+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БИД ББСБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Нээс 46,680,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,202,140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Н нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч Ц.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202000877 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 30 тоотод байрлах, 50 м.кв гурван өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ц.Нт холбогдох хохиролд 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 678,868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нээс 461,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ББСБ ХХК-нд олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА