Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/00421

 

 

 

 

 

 

 

 

 2024       01        25                                                182/ШШ2024/00421

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЛО ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНБО ХХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 507,906,296 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн төлөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу төлөөлөгч Д.Э-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ХНБО ХХК болон МТП ХХК-тай 2021.08.27-ны өдөр байгуулсан авлага шилжүүлэх хэлцлийн дагуу 2021.10.01-ний өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээг ХНБО ХХК-тай байгуулж, нийт 376,517,250 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн. Энэхүү гэрээний дагуу хариуцагч нь төлбөрийг 1 жилийн хугацаанд төлөх, жилийн 8%-ийн хүү төлөх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1%-ийн алданги тооцож төлөх үүрэгтэй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, үүнд дүр үзүүлсэн зүйл огт байхгүй.

 Бид гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж шатахууныг хугацаанд нь нийлүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээний 1 жилийн хугацаа нь 2022.10.01-ний өдөр дууссан. Өөрөөр хэлбэл авлага шилжүүлэх гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар бид МТП ХХК-нд 376,517,250 төгрөгийн шатахууныг нийлүүлж, акт үйлдсэн байгааг хэрэгт баримтаар өгсөн. Улмаар хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд нийлүүлсэн шатахууны үнэ 376,517,250 төгрөг, 2022.12.31-ний өдрөөс 2023.05.23-ны өдрийг хүртэл хүү тооцож 52,320,424 төгрөг, 2022.10.25-ны өдрөөс 2023.05.23-ны өдрийг хүртэл 210 хоногоор, хоногийн 0,1%-иар алданги тооцож 79,068,622 төгрөг, бүгд 507,906,296 төгрөгийг Иргэний хуулийн 262.1, 232.6-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь МТП ХХК-иас шатахуун худалдан авсан бөгөөд 376,517,250 төгрөг төлөх өртэй байсан. 2021.08.21-ний өдөр МТП ХХК, ЛО ХХК, ХНБО ХХК-иуд хоорондоо уулзаж ЛО ХХК нь манай байгууллагын МТП ХХК-нд төлөх өрийг өөртөө шилжүүлэн авахаар тохиролцож, 2021.08.27-ны өдрийн авлага шилжүүлэх хэлцлийг 3 тал байгуулсан байдаг. Бид энэхүү авлага шилжүүлэх хэлцлийн дагуу 376,517,250 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрнө. Харин дараа нь байгуулсан 2021.10.01-ний өдрийн шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээг зөвшөөрөхгүй. Тусад нь гэрээ байгуулах шаардлагагүй байхад нэхэмжлэгч талаас байгуулна гэж хэлээд хариуцагчаар гарын үсэг зуруулсан байдаг. Тийм учраас нэхэмжлэгч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах хууль зүйн үндэслэлгүй. Бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч тал бидэнд бодит байдлаар шатахуун нийлүүлээгүй, энэ нь Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тийм учраас хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2021.08.27-ны өдрийн Авлага шилжүүлэх хэлцэл, 2021.10.01-ний өдрийн шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, гэрээний алдангийн тооцоо, 2023.05.23-ны өдрийн нэхэмжлэх, хариуцагч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2021 оны 10 сарын ЛО ХХК болон МТП ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн акт зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар,

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын 2023.10.27-ны өдрийн тодорхойлолт, компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.01.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2023.11.01-ний өдрийн Э.Анударийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЛО ХХК нь хариуцагч ХНБО ХХК-нд холбогдуулж гэрээний үүрэгт 507,906,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

                                               

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...бид МТП ХХК-иас хариуцагчийн төлөх авлагыг шилжүүлэн авч, оронд нь тус компанид шатахуун нийлүүлсэн, тийм учраас бидний хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу бид шатахууныг зохих газар, хугацаанд нь нийлүүлсэн, харин хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлдөггүй, иймд гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангийг шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...МТП ХХК, нэхэмжлэгч, хариуцагч бид 3-н тал харилцан ярилцаж байгаад манай байгууллагын МТП ХХК-иас шатахуун худалдан аваад төлөөгүй байгаа, төлөх ёстой 376,517,250 төгрөгийн өрийг нэхэмжлэгч тал шилжүүлж авсан, үүний дагуу бид 376,517,250 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин дараа нь байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг зөвшөөрөхгүй, бидний хооронд бодит байдлаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний зүйл болох шатахууныг нэхэмжлэгч талаас манайд бодитоор шилжүүлэн өгөөгүй, дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус гэрээ учир хүү, алданги төлөх үндэслэлгүй...” гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.2021.08.27-ны өдөр нэхэмжлэгч ЛО ХХК, хариуцагч ХНБО ХХК болон МТП ХХК харилцан тохиролцож авлага шилжүүлэх тухай хэлцэл байгуулсан байх бөгөөд уг хэлцлээр хариуцагч ХНБО ХХК-ийн МТП ХХК-нд төлөх ёстой шатахууны төлбөр 376,517,250 төгрөгийн дүнд нэхэмжлэгч ЛО ХХК-иас МТП ХХК-нд шатахуун нийлүүлэх, шатахуун хүлээлцсэн актын дүнгээр МТП ХХК нь ХНБО ХХК-иас авах авлагаас хасалт хийж тооцох, ХНБО ХХК болон ЛО ХХК нь хоорондоо үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тусдаа байгуулах, ЛО ХХК нь МТП ХХК-нд 376,517,250 төгрөгийн үнийн дүнд шатахуун нийлүүлэх ба нийлүүлэлтийн гэрээг тусдаа байгуулахаар үүрэг хүлээжээ.

 

Дээрх гэрээний 3 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь 376,517,250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2021.10.25-ны өдрийн дотор хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг 1 жилийн хугацаанд, жилийн 8%-ийн хүүтэй төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

 

4.Нэхэмжлэгч ЛО ХХК нь 2021.08.27-ны өдрийн авлага шилжүүлэх тухай хэлцлээр хариуцагч ХНБО ХХК-ийн МТП ХХК-иас худалдан авсан, тус компанид төлөх ёстой шатахууны төлбөр болох 376,517,250 төгрөгийн өрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан, улмаар зохигчид 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8, 189 дүгээр зүйлийн 189.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд хариуцагч талын гаргасан “...зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлээр талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг төдийгүй аливаа хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй. Энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог онцлогтой. Харин зохигчдын хооронд байгуулагдсан 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэсэн нэртэй гэрээ нь хүчин төгөлдөр бус байх дурдсан шинжид хамаарахгүй байна.

 

Тодруулбал, зохигчид 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээгээр МТП ХХК-иас шилжүүлэн авсан 376,517,250 төгрөгийн өрийг хэрхэн, ямар хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээхийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн анзын гэрээ гэж үзэх үндэслэлтэй.

 

5.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээдэг бөгөөд хүү тохиролцсоноор гэрээний үнэ нэмэгдэж байдаг онцлогтой.

 

Харин нэхэмжлэгч ЛО ХХК нь “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээний 3 дугаар зүйлд зааснаар 376,517,250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хариуцагч ХНБО ХХК-нд бодит байдлаар шилжүүлэн өгөөгүй, түүний МТП ХХК-нд төлөх 376,517,250 төгрөгийн өрийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон бөгөөд зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, бид 376,517,250 төгрөгөнд тооцож МТП ХХК-нд шатахуун нийлүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Учир нь нэхэмжлэгч ЛО ХХК нь 2021.08.27-ны өдрийн авлага шилжүүлэх хэлцлийн 4-т зааснаар МТП ХХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээ байгуулсан тухай баримтгүй, 2021 оны 10 сарын тооцоо нийлсэн актаар ЛО ХХК нь МТП ХХК-нд 2021.09.16-ны өдрийн LEX/MT-21/06 тоот гэрээний дагуу 2021.10.06-ны өдөр 3 удаагийн нийлүүлэлтээр нийт 194,000 литр, 1940 төгрөгийн нэгжийн үнэтэй, 376,360,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн болох нь харагдах бөгөөд энэ нь шаардаж байгаа 376,517,250 төгрөгийн үнийн дүнтэй тохирохгүй байх тул шүүх 376,360,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн асуудал нь тухайн маргааны зүйлд хамааралгүй, МТП ХХК, ЛО ХХК хоёрын тусдаа асуудал байна гэж дүгнэлээ.

 

6.Зохигчдын хооронд байгуулагдсан 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээний 1 жилийн хугацаа 2022.10.01-ний өдөр дууссан байх ба, нэхэмжлэгч ЛО ХХК нь гэрээний дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2023.05.23-ны өдөр 507,906,296 төгрөгийн нэхэмжлэх /үндсэн төлбөр 376,517,250 төг, хүүгийн төлбөр 52,320,424 төг, алданги 79,068,622 төг/-ийг хариуцагч ХНБО ХХК-нд хүргүүлж, төлбөрөө төлөхийг шаардаж байсан, харин хариуцагч ХНБО ХХК нь 376,517,250 төгрөгийн үнэ бүхий шатахууныг МТП ХХК-иас худалдан авч ашигласан атлаа гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэм буруутай болох нь тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч ЛО ХХК-нд 2021.10.01-ний өдрийн “шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нэртэй гэрээний дагуу 376,517,250 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрх үүссэн, нөгөө талаар хариуцагч ХНБО ХХК нь 376,517,250 төгрөг болон алданги төлөх үүрэгтэй, тэрээр 376,517,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

 

6.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан гэрээний хугацаа дууссан 2022.10.25-ны өдрөөс 2023.05.23-ны өдрийг хүртэл, хоног тутамд 0,1%-иар, 210 хоногийн алдангийг 79,068,622 /376,517,250 төг * 0,1% = 376,517 төг * 210 хон/ төгрөг гэж тооцсон тооцооллыг үндэслэл бүхий гэж үзсэн тул хариуцагч талын гаргасан алданги төлөхгүй гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Түүнчлэн шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болохыг дээр нэгэнт дүгнэсэн тул энэ гэрээний дагуу нэхэмжлэгчид хүү шаардах эрх, хариуцагчид хүү төлөх үүрэг үүсэхгүй болно.

 

Тиймээс хариуцагч ХНБО ХХК-иас 455,585,872 /376,517,250 төг + 79,068,622 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛО ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хүү болох 52,320,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          7.Нэхэмжлэгч ЛО ХХК-ийн 2023.05.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 2,697,482 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХНБО ХХК-иас 2,435,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛО ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч ХНБО ХХК-иас 455,585,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛО ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 52,320,424 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар ЛО ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,697,482 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХНБО ХХК-иас 2,435,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЛО ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА