Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/00511

 

 

 

 

 

 

 

 

 

 2024        01        30                                                182/ШШ2024/00511

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БГ ХХК-нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ТСК ТӨХХК,

Хариуцагч: МХБ ХХК-нд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэлийн баталгаа болон хохиролд нийт 82,543,482 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Л.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч,

Хариуцагч ТСК ТӨХХК-ийн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч МХБ ХХК-ийн төлөөлөгч Б.Н, Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ОСКас зарласан Д аймгийн төв баригдах төрийн албан хаагчдын 20 айлын барилга угсралтын ажлыг хийх тендерт шалгарсан юм. Улмаар 2007.08.30-ны өдөр тухайн үеийн Орон сууц санхүүжилтын корпораци, одоогийн ТСК ТӨХХК, БГ ХХК-ийн хооронд Д аймгийн Сайнцагаан суманд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 40 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 айлын орон сууцны барилгыг барихаар 499,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээ байгуулсан байдаг. Ингээд барилгын ажлыг эхлүүлж 149,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирээд 2 давхар хүртлээ баригдаад 2009 оноос санхүүжилтгүй болж зогссон байдаг. Тухайн үед Орон сууцны санхүүжилтын корпораци нь Төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.3-т зааснаар гүйцэтгэлийн баталгаанд 5%-ийг буюу 27,494,500 төгрөгийг суутган авсан. Үүнээс 8,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл нь 19,494,500 төгрөг болсон байгаа. Улмаар манай компанийн зүгээс гэрээт ажлыг үргэлжлүүлэх саналыг удаа дараа Орон сууцны корпораци ХХК-нд тавьсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, бид ч гэрээг ямар нэгэн байдлаар дүгнээгүй. Харин 2018 онд Засгийн газрын 81 дүгээр тогтоол гарч, ДАт баригдаж байгаа 20 айлын орон сууцны царцаагдсан барилгыг МХБанд шилжүүлж, цаашид түрээсийн орон сууц барих хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийдвэрлэсэн байдаг. Ингээд 2019 онд МХБ, ОСК, Барилга хот байгуулалтын яам хамтран ажиллах гэрээ байгуулж, акт үйлдээд нийт 172,436,631 төгрөгийн хэмжээнд ХБанд шилжүүлсэн байдаг. Үүнд чанарын баталгаа буюу барьцааны 19,494,500 төгрөг багтсан.  

Бид бас ХБанд санал тавьж, удирдлагуудтай нь уулзаж байсан. Гэтэл ХБ 2023.03.09-ний өдөр ДАт баригдаж байсан 20 айлын орон сууцны царцаагдсан барилгыг өөр байгууллагад буюу Зуут констракшн ХХК-нд 175,000,000 төгрөгийн хэмжээнд худалдаад, барилгыг шилжүүлчихсэн байна. Энэ үеэс бид гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо, чанарын баталгаанд суутгаж авсан мөнгөө нэхэмжлэх эрхтэй болсон. Хөөн хэлэлцэх хугацаа өнөөдрийг хүртэл тасалдаад явж байсан, дуусаагүй байгаа. Бид бүтэн 16 жилийн туршид чанарын баталгаанд 19,494,500 төгрөгөө Орон сууцны корпорацид хадгалуулсан, энэ хугацаанд үнийн өсөлт явагдсан, валютын ханшинд өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагч нар цаг алдалгүй, тухайн үед нь шийдвэр гаргаж чадаагүй, хайхрамжгүй, санаачилгагүй, хариуцлагагүй хандсанаас болж манай компанид эдийн засгийн ямар нэгэн үр өгөөжгүй байдал үүсч, хохироод байна. Барилга угсралтын төсөвт өртгийн тооцоонд ашигт хөрөнгийг төсөвт өртгийн 15%-иар тооцдог. Иймд 19,494,500 төгрөгөөс 15%-иар тооцож, 10 жилээр үржүүлээд 29,241,750 төгрөг, валютын ханшийн зөрүүнээс 33,807,232 төгрөг, нийт 63,048,982 төгрөгийн хохирол тооцогдож байна. Тиймээс хариуцагч нараас гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөг, хохирол 63,048,982 төгрөг, нийт 82,543,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ТСК ТӨХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн 15 дугаар хуралдаанаар ТОСК ТӨҮГ-ын захиалан бариулж буй дуусаагүй 1562 айлын орон сууцыг ХБаар санхүүжүүлэхийг шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоол батлагдан гарсан байгаа. Тус тогтоолын дагуу талууд 2018.05.18-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 2018.06.13-ны өдрийн 3/94, 2019.04.25-ны өдрийн 3/94А дугаар барилга байгууламж хүлээлцэх актаар ДАт баригдаж байсан 20 айлын орон сууцыг балансаас балансад шилжүүлж хүлээлцсэн байна. Тиймээс ДАт байрлах дуусаагүй 20 айлын орон сууцны барилга нь ТСК ТӨХХК-ийн өмчлөлөөс бүрэн чөлөөлөгдөж ХБанд шилжсэн тул тухайн орон сууцны барилгатай холбоотой аливаа төлбөрийн бусад асуудал манай байгууллага оролцох үндэслэлгүй юм.

Нөгөө талаар чанарын баталгаа нь барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш тодорхой хугацааны дараа бий болсон доголдлыг засварлахад ашиглагддаг мөнгө. Нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй. 2018 оны ШУТИС-ийн тайланд бичсэнээр тухайн барилгад хүчитгэл хийх шаардлагатай, ийнхүү хүчитгэл хийснээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой гэсэн байгаа. Үүний дараа дахиад дүгнэлт гарсан, уг дүгнэлтээр ШУТИС-ийн тайланд бичсэнийг баталсан байгаа. Эндээс нэхэмжлэгч барилгыг анхнаасаа доголдолтой барьсан байна гэдэг нь харагдана. Харин нэхэмжлэгч талаас зөрчил, дутагдлыг арилгасан талаар ямар нэгэн бичгийн баримтгүй байна. Мөн гэрээний хугацаа 2009.09.07-ны өдөр дууссан гэж үзэхээр байх бөгөөд үүнээс хойш гэрээ сунгагдсан ямар нэгэн бичгийн баримтгүй. Тэгэхлээр 2011, 2012 онд шаардах эрх үүссэн, үүнээс хойш нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд манай байгууллага чанарын баталгааны барьцаа болон хохирол хариуцах үндэслэлгүй. Учир нь гүйцэтгэлийн баталгааны мөнгө манай байгууллагад байхгүй, мөн манай байгууллагаас шалтгаалж нэхэмжлэгчид учирсан бодит хохирол байхгүй, энэ талаар баримтгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ХБ, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг санаачилсан бөгөөд 5 байршил бүхий 5 аймагт орон сууц барьсан байгаа. Түүний нэг нь БГ ХХК-ийн барьж байсан ДА дахь 20 айлын орон сууц юм. Бид Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу уг орон сууцыг хариуцагч ТОСК ТӨХХК-иас 172,334,631 төгрөгийн зээлийн өр төлбөрт шилжүүлэн авсан бөгөөд үүнд чанарын барьцааны 19,494,500 төгрөг багтсан байгаа. Бид зөвхөн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болохоос биш захиалагчийн эрх, үүргийг шилжүүлж аваагүй. Энэ барилга өөрөө чанарын доголдолтой бөгөөд энэ нь 2018, 2023 онд экспертизийн тайлангаар тогтоогдоно. Засгийн газрын 223 дугаар тогтоолоор 4 барилгыг үргэлжлүүлэн санхүүжүүлсэн бөгөөд түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Харин Д аймгийн 20 айлын орон сууцыг банкны зүгээс 2023 оны 03 сард Зуут констракшн ХХК-нд худалдсан. Тэгээд ч бид БГ ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, үүрэг хүлээгээгүй. БГ ХХК-ийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал Л.Эрдэнэбудын иргэний үнэмлэхний хуулбар, ОСК ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007/94 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт, 2007.08.30-ны өдрийн 2007/14 тоот гэрээ, барилга угсралтын ажлын санхүүжилтийн хуваарь, 2017.04.03, 2015.07.03-ны өдрүүдийн БГ ХХК-ийн барьсан 20 айлын орон сууцны барилгын санхүүжилтийн тооцоо нийлсэн актууд, БГ ХХК-д олгосон барилгын санхүүжилтийн зээл, хүүгийн тооцоо, ОСКйн 2010.06.03-ны өдрийн 7/825 тоот, 2011.11.30-ны өдрийн 1/2240 тоот албан бичгүүд, Монгол улсын Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн 81 дүгээр тогтоол, хавсралт, 2019.04.25-ны өдрийн Барилга, байгууламж хүлээлцэх нэмэлт акт, БГ ХХК-ийн 2022, 2020, 2019, 2018, 2016, 2015, 2014, 2012, 2011, 2010 оны албан бичиг, хүсэлтүүд, Монголбанкы ханшийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.24-ний өдрийн 1593 дугаар шүүхийн шийдвэр, ОСКйн 2007 оны албан бичиг, Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм зэргийг,

 

5.Хариуцагч ХБ ХХК нотлох баримтаар,

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2018 оны Барилгын экспертизийн тайлан, Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2007, 2009 оны албан бичгүүд, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2023 оны Барилгын экспертизийн тайлан зэргийг

 

6.Хариуцагч ТСК ТӨХХК нотлох баримтаар,

2018.05.18-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2018.06.13-ны өдрийн 3/94, 2019.04.25-ны өдрийн 3/94А дугаар дуусаагүй барилга байгууламжийг хүлээлцэх актууд, 20 айлын орон сууцны санхүүжилтийн тооцоо зэргийг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

7.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр,

Төрийн албан хаагчдын 20 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гаргасан комиссын дүгнэлт, МХБ ХХК-ийн зээлийн хорооны удирдлагын 2023.03.24-ний өдрийн шийдвэр, МХБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.06.06-ны өдрийн 23 дугаар тогтоол, хавсралт, Монгол улсын Засгийн газрын 2019.06.05-ны өдрийн 223 дугаар тогтоол, 2018.03.27-ны өдрийн 81 дүгээр тогтоол, 2023.03.30-ны өдрийн итгэмжлэл, 2023.03.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ХБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Зуут констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг,

Тус шүүхийн 2023.11.24-ний өдрийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Үндэсний төв Архиваас ОСКйн 2007 оны Д аймгийн ТАХ-20 айлын орон сууцны 07/60 тендерийн баримтаас холбогдох 171 хуудас баримт зэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч БГ ХХК нь хариуцагч ТСК ТӨХХК /цаашид ТОСК ТӨХХК гэх/, МХБ ХХК-нд тус тус холбогдуулж гүйцэтгэлийн баталгаа 19,494,500 төгрөг, хохирол 63,048,982 төгрөг, нийт 82,543,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...бид гэрээний дагуу хариуцагч ТОСК ТӨХХК-иас авсан санхүүжилтийнхээ хэмжээнд Д аймгийн төвд төрийн албан хаагчийн 20 айлын орон сууцны барилгыг 2 дугаар давхар хүртэл нь барьсан, гэтэл хариуцагч ТОСК ТӨХХК-ийн санхүүжилтээс шалтгаалж барилга бүтэн 16 гаруй жил царцсан, манай компанийн зүгээс санхүүжилт олгох, барилгаа барьж дуусгах, гүйцэтгэлийн баталгааны мөнгийг буцаан авах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтан, хариуцагч ТОСК ТӨХХК-нд удаа дараа шаардлага тавьсан боловч дорвитой хариу өгөөгүй, харин хариуцагч ТОСК ТӨХХК нь 2018 онд барилгыг МХБ ХХК-нд шилжүүлсэн, МХБ ХХК нь барилгыг 2023 онд Зуутраг констракшн ХХК-нд худалдсан, иймд бидний хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нэг мөр дууссан учраас тухайн үед хариуцагч ТОСК ТӨХХК-иас бидний ажлын хөлсөнд өгөх ёстой мөнгөнөөс суутган авсан гүйцэтгэлийн баталгааны мөнгөө авч чадаагүй өнөөдрийг хүрч байна, үүний улмаас бид барилгыг олон жил харуул хамгаалалттай байлгаж өөрөөсөө зардал гаргасан, энэ олон жилийн хугацаанд барилгыг бариад дуусгасан бол зохих хэмжээний ашиг олох байсан боловч олж чадаагүй, энэ хугацаанд валютын ханшид их хэмжээний өөрчлөлт орсон учраас бид хариуцагч нараас гүйцэтгэлийн баталгааны мөнгө болон хохирлыг шаардах эрхтэй гэж...” тайлбарлав.

 

Хариуцагч ТОСК ТӨХХК гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь ДАт төрийн албан хаагч нарт зориулсан 20 айлын орон сууцны барилгыг барьж дуусгах байсан, хариуцагчаас тодорхой хэмжээний санхүүжилтийг олгосон, ингэхдээ гүйцэтгэлийн баталгааг суутгаж авсан нь үнэн, гэхдээ манай байгууллага 2018 оны Засгийн газрын тогтоолын дагуу энэ барилгыг, гүйцэтгэлийн баталгааных нь хамт балансаас балансад хариуцагч МХБ ХХК-нд шилжүүлчихсэн учир бид төлөх үндэслэлгүй, гүйцэтгэлийн баталгаа мөнгийг барилга, байгууламж ашиглалтад орсноос хойш тодорхой хугацаанд ямар нэгэн чанарын доголдол гараагүй бол буцаан олгох, гарсан бол уг мөнгөнөөс хохирлыг арилгадаг онцлогтой, барилга байгууламж ашиглалтад ороогүй, дутуу баригдсан, бидний хооронд байгуулагдсан гэрээ 1 жилийн хугацаатай, үүнээс хойш нэг л удаа нэмэлт өөрчлөлт оруулсан, өөр байдлаар сунгасан зүйл байдаггүй, тийм учраас нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан, бидний зүгээс нэхэмжлэгчид ямар нэгэн бодит хохирол учруулсан зүйл байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж,

 

Хариуцагч МХБ ХХК гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “... бид нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2018 онд ДАт байрлах, 20 айлын орон сууцны дуусаагүй барилгыг, гүйцэтгэлийн баталгаа мөнгөний хамт зээлийн өрөндөө шилжүүлэн авсан болохоос биш ямар нэгэн эрх, үүргийг шилжүүлж аваагүй, тухайн барилга чанарын доголдолтой, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийг бид хариуцах үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон Үндэсний төв архиваас ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл, БГ ХХК нь ОСК ХХК-иас зарласан тендерт шалгарч, тэдний хооронд 2007.08.30-ны өдрийн 2007/14 тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу БГ ХХК нь Д аймгийн төвд төрийн албан хаагчдад зориулан 20 айлын орон сууцны 1 барилга, угсралтын ажил буюу 1423 ам метр талбай, 5666,4 шоо метр эзлэхүүнтэй, төмөр бетон баганан суурь, 120 мм тоосгон өнгөлгөө, 100 мм полистрол дулаалгатай, 360 мм-ийн хөнгөн блокон хана, төмөр бетон цутгамал хучилттай, цокольтой 5 давхар, төмөр бетонон каркасан барилга угсралтын ажлыг дотор инженерийн шугам сүлжээ /цахилгаан, холбоо, дулаан, цэвэр, бохир усан хангамж бүхий/-г 499,900,000 төгрөгийн санхүүжилтээр 2007.09.03-ны өдрөөс 2008.07.10-ны өдрийг хүртэл хугацаанд барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх, ТОСК ТӨХХК нь Засгийн газрын бондын хөрөнгөөр 499,900,0000 төгрөгийг 2007 онд 300,000,000 төгрөг, 2008 онд 199,900,000 төгрөгөөр тус тус төлөх, ингэхдээ гэрээний үнийн дүнгийн 5%-иас доошгүй дүнтэй тэнцэх гүйцэтгэлийн баталгаа авахаар харилцан тохиролцсон байна.

 

Энэхүү гэрээнд зохигчид 2008.11.14-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба, уг гэрээгээр үнийн тохируулга хийж, барилгын гол нэр төрлийн 6 материал болох цемент, арматур, тоосго, блок, мод, сантехникийн труба болон тээврийн үнийн зөрүү нийт 49,990,000 төгрөгийг нэмж, гэрээний үнийг 549,890,000 төгрөг болгон нэмэгдүүлж, гэрээний үүргийн хариуцлагаар 34,816,760 төгрөгийг хасч тооцон, барилгыг 2009.09.07-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шинжид нийцсэн ажил гүйцэтгэх гэрээний харилцааг үүсгэсэн байх ба, хариуцагч ТОСК нь ОСК ХХК, ТОСК төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болж тус тус өөрчлөгдсөн талаар зохигчид маргаангүй.

 

4.Нэхэмжлэгч БГ ХХК нь гэрээний ерөнхий нөхцлийн 16, 17 дугаар зүйлд заасны дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж, хоёр давхар хүртэл нь бариад зогссон, хариуцагч ТОСК ТӨХХК нь гэрээний ерөнхий нөхцлийн 40 дүгээр зүйл, тусгай нөхцлийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 2007.08.30-ны өдөр 7,072,174 төгрөг, 2008.04.25-ны өдөр 104,957,376 төгрөг, 2008.11.21-ний өдөр 6,334,845 төгрөг, 2009.06.25-ны өдөр 54,070,236 төгрөгийн санхүүжилт хийснээс өөр санхүүжилт хийгээгүй, гэрээний үнийн дүн болох 549,890,000 төгрөгийн 5% буюу 27,494,500 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг суутган авсан байх ба, гэрээний хугацаа 2009.09.07-ны өдөр дуусгавар болсон, энэхүү хугацааг сунгасан талаар, гэрээг дүгнэсэн талаар болон тухайн үед ажлын гүйцэтгэл, чанар, доголдол ямар байсан талаар зохигчид өөр хоорондоо ямар нэгэн бичгийн баримт үйлдээгүй байна.

 

Тодруулбал, 2009 оны 09 сараас хойш барилга, угсралтын ажлын санхүүжилт доголдсон, санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдээгүй байх ба, энэ талаар зохигчид өөр хоорондоо 2010 оноос эхлэн харилцсан, улмаар нэхэмжлэгч БГ ХХК нь гүйцэтгэлийн баталгаа болох 27,494,500 төгрөгийг буцаан авах талаар шаардсан, хариуцагч ТОСК ТӨХХК нь 2011.11.30-ны өдрийн 1/2240 тоот албан бичгээр барилгыг байнгын ашиглалтад орсны дараа тодорхой үе шаттайгаар журмын дагуу гүйцэтгэлийн баталгааг чөлөөлж өгөх талаар хариу өгч байжээ.

 

Нэхэмжлэгч БГ ХХК нь 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2018  онуудад хариуцагч ТОСК ТӨХХК-нд дуусаагүй барилгыг үргэлжлүүлэн дуусгах талаар холбогдох хүсэлт, санал гаргаж, барилга угсралтын ажлыг өөрсдөө шилжүүлэн авч, ТОСК ТӨХХК-тай хамтран ажиллах хүсэлтийг гаргасан байх боловч хариуцагч ТОСК ТӨХХК нь энэ талаар хариу өгсөн тухай баримтгүй, БГ ХХК-ийн 2016.04.12-ны өдрийн 12/22 тоот албан бичгээр тус дуусаагүй барилгыг 2010 онд 2 удаа дуудлага худалдаанд оруулахаар зарласан, ямар нэгэн үнийн санал ирээгүй, тус барилгын санхүүжилт жил бүрийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусаагүй 2016 оныг хүрсэн байх ба, тухайн үед нэхэмжлэгч нь гүйцэтгэлийн баталгааны мөнгөө дахин шаардаж байсан нь тогтоогдсон, зохигчид 2015.07.03, 2017.04.03, 2018.04.24-ний өдрүүдэд 20 айлын орон сууцны барилгын санхүүжилтийн тооцоог нийлж акт үйлдсэн.

 

5.Монгол улсын Засгийн газрын 2018.03.27-ны өдрийн 81 дүгээр тогтоол, хавсралтаар төрөөс түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТОСК ТӨХХК-ийн балансад бүртгэлтэй, хавсралтад заасан 5 орон сууцны дуусаагүй барилгыг хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт нь тооцон ХБанд шилжүүлэх арга хэмжээ авахыг Барилга хот байгуулалтын сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад тус тус даалгасан ба, тогтоолын хавсралтад заасан 5 барилгын нэг нь маргааны зүйл болох Д аймгийн 20 айлын орон сууцны барилга байна.

Дээрх Засгийн газрын тогтоолыг үндэслэн 2018.05.18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, МХБ ХХК, ТОСК ТӨХХК нь хамтран ажиллах гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр хариуцагч ТОСК ТӨХХК нь балансад бүртгэлтэй гэрээний хавсралтад заасан 5 барилгыг хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр болох 35,477,278,512 төгрөгт тооцон хариуцагч МХБ ХХК-нд шилжүүлэх, МХБ нь 54,538,800 төгрөгийг дуусаагүй 5 барилгын ажлыг санхүүжүүлэхэд зориулахаар тохиролцжээ.

 

Энэхүү гэрээний хавсралтын 5 дугаарт Д-20 айлын барилга, санхүүжүүлэх үнийн дүн 377,400,000 төгрөг, санхүүжүүлсэн үнийн дүн 149,390,757 төгрөг, ТОСК ТӨХХК-ийн балансад бүртгэгдсэн дүн 249,245,379 төгрөг гэж тусгагдсан байна. Улмаар хариуцагч ТОСК ТӨХХК нь 2018.06.13-ны өдрийн 3/94 тоот актаар Д аймгийн 20 айлын орон сууцны дуусаагүй 1 барилгыг 149,390,757 төгрөгийн санхүүжилттэй, 2019.04.25-ны өдрийн 3/94А тоот нэмэлт актаар шилжүүлсэн дүн 149,390,757 төгрөг, ТХЗ 3,549,374 төгрөг, чанарын баталгаа 5% 19,494,500 төгрөг, нийт 172,434,631 төгрөгийн буюу тус актын 1-д зааснаар 35,477,278,512 төгрөгийн өртгийг 10,722,066,111 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдлаар МХБинд зээлийн төлбөртөө шилжүүлэн өгчээ.

 

6.Ийнхүү шилжүүлэхтэй холбоотойгоор хариуцагч ТОСК ТӨХХК нь 2018 онд нэхэмжлэгч БГ ХХК-ийн дутуу барьсан Д аймгийн 20 айлын орон сууцны барилгыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулиар оношлуулсан байх ба, Барилгын Экспертизийн тайлангаар ...2 дугаар давхрын баганын бетоны бат бэх бага зэрэг байна, ... заасан ажлуудыг хийсэн тохиолдолд барилгын угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болохыг дүгнэж, хотойлт ихтэй хучилтын төмөр бетон хавтанг хүчитгэх, барилгын 2 дугаар давхрын баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй учир хүчитгэл хийх талаар зөвлөсөн байна.

 

Мөн хариуцагч МХБ ХХК нь 2023 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулиар Д аймгийн 20 айлын орон сууцны барилгыг дахин оношлуулсан байх ба, уг оношилгоогоор ...барилгын төмөр бетон каркасын бетон доторх арматур одоогоор зэврээгүй боловч цаашид удаан зогсоож болохгүйг анхааруулж,...барилгын 2 дугаар давхрын баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлагыг хангахгүй учир буулгахыг зөвлөжээ.

 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007.10.29-ний өдрийн 07/175/106 тоот зөрчил арилгуулах тухай албан бичгээр ...барилгад олгосон газрын захирамж, газар ашиглах гэрээ, гэрчилгээ байхгүй талаар, ...зураг төслийг аймгийн ерөнхий архитектораар батлуулаагүй, ...зохиогчийн хяналтын гэрээ хийгдээгүй, ...цутгамал бетон аяган сууриас шоо сорьц авч шинжилгээнд хамруулаагүй болохыг,

2009.07.06-ны өдрийн 39/14/174 тоот зөрчил арилгуулах тухай албан бичгээр барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон подьёмникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтныг байгууллагын даргын тушаалаар томилж хувийг ирүүлэх... зэргээр албан шаардлагыг БГ ХХК-нд тавьсан байх ба, энэ зөрчил нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн 2018, 2023 оны Барилгын Экспертизийн тайланд тусаагүй, энэхүү зөрчил тухайн үедээ арилсан гэж үзэхээр байна.

 

 

Иймд хариуцагч нарын татгалзлын үндэслэл болгож буй 2018, 2023 оны Барилгын Экспертизийн тайлангууд, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007, 2009 оны албан бичгүүдээр БГ ХХК-ийг буруутай гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нар нь хоёр удаагийн Барилгын Экспертизийн тайлангуудыг маргааны зүйл болсон Д аймгийн 20 айлын орон сууцны барилгыг өөр хоорондоо шилжүүлэх, бусдад худалдах зорилгоор, удаан хугацаанд царцсан байдалтай байсан ерөнхий шинж байдалд үзлэг, оношилгоо хийлгэх зорилгоор эрх бүхий байгууллагаар гаргуулсан тусдаа асуудал болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч БГ ХХК, хариуцагч ТОСК ХХК нь гэрээний ерөнхий нөхцлийн 30, 32, 52, 53 дугаар зүйл, тусгай нөхцлийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дууссан 2009.09.07-ны өдөр Д аймгийн 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийсэн хэмжээндээ хүлээлцэж акт үйлдэх учиртай бөгөөд барилгын ажилд доголдол, зөрчил илэрсэн бол чанарын баталгаат хугацаа болох 1 жилийн дотор харилцан бие биедээ шаардлага тавьж зөрчил, доголдлыг засуулах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлсэн талаарх бичгийн баримтгүй, зохигчид тухайн үедээ ямар нэгэн акт үйлдээгүй байх тул тухайн барилга гэрээ дууссан 2009.09.07-ны өдөр ямар нэгэн доголдолтой байсан гэдэг нь баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын гаргасан тайлбарууд үгүйсгэгдэнэ.  

 

7.Нэхэмжлэгч БГ ХХК нь 2019.02.26-ны өдрийн 19/02 тоот албан бичгээр ТОСК ТӨХХК-нд, 2019.01.25-ны өдрийн 19/03 тоот албан бичгээр Барилга хот байгуулалтын яаманд, 2020.10.12-ны өдрийн 20/20 тоот албан бичгээр МХБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд, 2022.08.30-ны өдрийн 22/05 тоот албан бичгээр Д аймгийн Засаг дарга Ц.М-д тус тус хандаж, уг албан бичгүүдээр 20 айлын орон сууцны дуусаагүй барилгын ажлыг дуусгах үлдэгдэл ажлын төсвийн тооцоо, магадлалын дүгнэлтийг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлж, барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийн баталгааны мөнгийг буцаан олгохыг хүсэж байжээ.

 

Ийнхүү нэхэмжлэгч БГ ХХК нь 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016, 2018 онуудад хариуцагч ТОСК ТӨХХК-иас барилгын ажлыг үргэлжлүүлэх, гүйцэтгэлийн баталгааны мөнгөө буцаан авахаар шаардаж, албан бичгийг хүргүүлж байсан, зохигчид санхүүжилтийн талаар 2015, 2017, 2018 онуудад харилцан тооцоо нийлж байсан, энэ үед гүйцэтгэлийн баталгаа 27,494,500 төгрөгөөс Н.О-ны урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг суутган гүйцэтгэлийн баталгаа 19,494,500 төгрөг болсон нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.24-ний өдрийн 1593 дугаар шийдвэрээр давхар нотлогдсон.

 

Мөн нэхэмжлэгч БГ ХХК нь 2019, 2020, 2022 онуудад 20 айлын орон сууцны дуусаагүй барилгын ажлыг дуусгах үлдэгдэл ажлын төсвийн тооцоо, магадлалын дүгнэлтийг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлж, барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийн баталгааны мөнгийг буцаан авах шаардлагыг хариуцагч нарт тавьж байсан зэрэг нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа тасалдах, хугацааг дахин шинээр эхлэн тоолох үндэслэлд хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.  Тиймээс хариуцагч нарын гаргасан “...нэхэмжлэгч талын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

8.Хариуцагч МХБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол улсын Засгийн газрын 2019.06.05-ны өдрийн 223 дугаар тогтоол, 2018.03.27-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг үндэслэн 2019.06.06-ны өдрийн 23 дугаар тогтоолыг гаргасан, тус тогтоолын 3 дахь заалтаар ДА дахь дуусаагүй орон сууцны барилгыг худалдан борлуулахаар шийдвэрлэж, 2023.03.30-ны өдрийн итгэмжлэл, 2023.03.29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тус барилгыг Зуут констракшн ХХК-нд 175,556,086 төгрөгөөр худалдсан байх ба, уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч БГ ХХК нь дутуу баригдсан 20 айлын орон сууцны барилгыг Зуут констракшн ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн болохоо тайлбарлаж байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байх ба, нэхэмжлэгч БГ ХХК, хариуцагч ТОСК ТӨХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа 2009.09.07-ны өдөр нэгэнт дуусгавар болсон, тухайн барилгад ямар нэгэн доголдол илрээгүй, гэрээнд заасан 1 жилийн чанарын баталгаат хугацаа дууссан байхад хариуцагч ТОСК ТӨХХК нь нэхэмжлэгч БГ ХХК-ийн ажлын хөлснөөс суутган авсан гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон бөгөөд  тэрээр “...балансаас балансад МХБанд шилжсэн, барилга ашиглалтад ороогүй учир төлөх үндэслэлгүй...” гэх агуулга бүхий тайлбараар хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

9.Иймд нэхэмжлэгч БГ ТӨХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ажлын хөлснөөс суутган авсан гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөг, хохирол болох 63,048,982 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй, тэрээр нэхэмжлэгч нь барилга тухайн үедээ ашиглалтад орсон бол 15%-ийн орлого олох боломжтой байсан, үүнд хариуцагч ТОСК ХХК буруутай, санхүүжилт олгоогүй гэж тайлбарлан, 2012 оны Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн нэг хэсэг болох хуулбар баримт, Монгол банкны ханшийн лавлагааг үндэслэн гүйцэтгэлийн баталгаа 19,494,500 төгрөгөөс 15%-иар тооцож, 2,924,175 төгрөгийг 10 жилээр үржүүлж 29,241,750 төгрөг, валютын ханшийн зөрүүнээс 33,807,232 төгрөг, нийт 63,048,982 төгрөгийг хохирол гэж тооцсон.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох бөгөөд хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирол арилгах үндэслэл, шаардах эрх нь хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгчид учирсан хохиролтой шууд шалтгаантай холбоотой байхаас гадна хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

Зохигчид 2007.08.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд хохирлын талаар тухайлан тохиролцоогүй, харин гэрээний ерөнхий нөхцлийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэв төлбөрийг төгрөгөөс өөр валютаар хийх бол төлбөрийн дүнг тооцохдоо тендер зарласан өдрийн Монголбанкны ханшийг ашиглахаар тохиролцсон хэдий ч уг гэрээний хувьд төлбөр тооцооны хэрэгсэл нь төгрөг байх ба, валютаар ямар нэгэн тооцоо хийгдээгүй байна.

 

10.Өөрөөр хэлбэл, хариуцагч ТОСК ТӨХХК болон МХБ ХХК-ийн гэрээний үүргийг зөрчсөн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч БГ ХХК-нд 63,048,982 төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй, түүний үндэслэл болгосон Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.2-т зааснаар төсөвт ашгийн нормативыг барилга угсралтын ажлын шууд зардал, барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцлийг бүрдүүлэх зардлын нийлбэр дүнгээс 15%-иар тооцож орлого олох байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч БГ ХХК нь хариуцагч МХБ ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, МХБ ХХК нь Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр маргааны зүйл болсон ДАт байрлах, 20 айлын дутуу баригдсан барилгыг 2018.06.13-ны өдөр хариуцагч ТОСК ТӨХХК-иас балансаас балансанд, 172,434,631 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан, энэ нь хариуцагч нарын зээлийн өр төлбөртэй холбоотой тусдаа асуудал гэж үзэхээр байна.  

 

Иймд хариуцагч ТОСК ТӨХХК-иас гүйцэтгэлийн баталгаа болох 19,494,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх хохирол 63,048,982 төгрөгийн шаардлагыг, хариуцагч МХБ ХХК-нд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

11.Нэхэмжлэгч БГ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 570,667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТОСК ТӨХХК-иас 255,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГ ХХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар хариуцагч ТСК ТӨХХК-иас 19,494,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 63,048,982 төгрөгийн шаардлагыг, хариуцагч МХБ ХХК-нд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч БГ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 570,667 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТСК ТӨХХК-иас 255,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БГ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА