Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/00478

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2024        01        29

182/ШШ2024/00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.И-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б.И.К ББСБ ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ай Би И Капитал ББСБ ХХК-д Монгол банкны зээлийн мэдээллийн санд Д.И-г 45 сая төгрөгийн зээлтэй гэж бүртгүүлсэн мэдээллийг устгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Д.И нь Ай Би И Капитал ББСБ ХХК-д холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Ай Би И Капитал ББСБ” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45 сая төгрөгийг зээлсэн гэх зээлийн гэрээг хүчингүй болгож, зээлийн мэдээллийн сангаас зээлтэй гэх мэдээллийг устгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ай Би И Капитал ББСБ ХХК-д Монгол банкны зээлийн мэдээллийн санд *******г 45 сая төгрөгийн зээлтэй гэж бүртгүүлсэн мэдээллийг устгуулахыг даалгах тухай гэж өөрчилсөн ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* нь Ай Би И Капитал ББСБ ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд 45 сая төгрөгийн зээлийг огт аваагүй. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* нь Хаан банкнаас пос машины зээл авах гэж очихдоо л анхаарал хандуулах зээлтэй болсон талаар мэдсэн. Ай Би И Капитал ББСБ ХХК нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэт, ойлгомжтой байх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх” гэж заасны дагуу зээл олгоогүй, зээлийн гэрээгүй байж 45 сая төгрөгийн зээлтэй гэх худал мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр захирал С.Гэрэлтуяа нийлүүлсэн байна.

1.2. Түүнчлэн Ай Би И Капитал ББСБ ХХК нь *******той зээлийн гэрээ байгуулаагүй, 45 сая төгрөгийг зээлээгүй байж, зээлийн үлдэгдэлтэй “анхаарал хандуулах” гэж зээлийн мэдээллийн санд үндэслэлгүй мэдээлэл нийлүүлж бүртгүүлсэн байсан. Хариуцагчийн дээрх хууль зөрчсөн үйлдлээс болж ******* нь банкнаас зээл авч бизнесийн үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй, 2023 оны 05 дугаар сараас хойш хувийн бизнес нь зогсонги байдалд ороод байна. 2023 оны 06 дугаар сард ******* нь “Ай Би И Капитал ББСБ” ХХК-ийн захирал С.Гэрэлтуяатай уулзахад “Ай Би И Капитал ББСБ” ХХК нь “зээлийн ангиллыг өөрчилж хэвийн болгож өгье” гэж хүлээн зөвшөөрсөн ба компанийн эрх бүхий зарим албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлджээ, та нар уг гэмт хэргийн золиос нь болсон байна” гэсэн. Ингээд уулзсаныхаа маргааш нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас шалгахад *******гийн “зээлийн ангилал хэвийн болсон” байсан ба “Ай Би И Капитал ББСБ” ХХК-ийн захирал руу дахин залгаж “яагаад зээлийн ангилал хэвийн болсон юм бэ? ******* нь 45 сая төгрөгийн зээл огт аваагүй байтал зөвхөн зээлийн ангилал хэвийн болгохыг зөвшөөрөхгүй, зээлтэй гэж баймааргүй байна” гэхэд “бидэнд ийм эрх байхгүй” гэж тайлбарласан. Тус компанийн албан тушаалтнуудын эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн асуудал нь тухайн байгууллагын дотоод асуудал байтал хаа хамаагүй хөндлөнгийн нэг этгээдийг “та нар уг гэмт хэргийн золиос нь болсон байна” гэж хэлээд зээлийн гэрээ байгуулж, зээл авсан мэтээр хуурамч, хууль зөрчсөн, худал мэдээлэл зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа нь үндэслэлгүй байна.

1.3. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд зээлдэгчийн мэдээллийг авсан байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл Гэрэлтуяа 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр яагаад *******гийн зөвшөөрлийг авахгүйгээр энэ мэдээллийг бүртгүүлсэн нь Зээлийн мэдээллийн сангийн хуулийг зөрчиж байна. Иймд “Ай Би И Капитал ББСБ” ХХК-д Монгол банкны зээлийн мэдээллийн санд *******г 45 сая төгрөгийн зээлтэй гэж бүртгүүлсэн мэдээллийг устгуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Тус компани нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дашням овогтой *******д 45 төгрөгийн зээл олгосон ба зээлийн гэрээ байгуулан тус компанийн Хаан банк дахь 5178010816 тоот данснаас гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Ширнэндорж бэлнээр 95 сая төгрөг авсан ба тэр дороо Дашням овогтой *******гийн Хаан банк дахь 5027551156 тоот дансанд 90,000,000 төгрөгийг тушаасан банкны баримттай байдаг. Тэр өдөр Г.Ширнэндорж бидэнд хэлэхдээ өөрийгөө Дашнямын *******той найз нөхдийн холбоотой, худалдаа, арилжаа, бизнес хамтран эрхэлдэг, олон жилийн өмнөөс мэддэг миний итгэлтэй бизнесийн түнш гэж хэлж байсан ба ******* манай компаниас 90 сая төгрөгийн зээл авч байгаа юм. Өөрөө ирж амжихгүй тул зээлийн гэрээн дээр би дараа гарын үсэг зуруулж авчирна, одоохондоо 90 сая төгрөгийг 2 гэрээнд хуваагаад *******гийн нэр дээр 45 сая төгрөгийн 2 зээл бүртгэчих. Мөн энэ дүнгээр зээлийн гэрээ байгуулчих гэж бид нарт хэлсний дагуу манай зээлийн эдийн засагч зээлийн гэрээг байгуулж, миний бие зээлийг бүртгэсэн байдаг. Харин тухайн үед уг Монгол банкны зээлийн мэдээллийн санд илгээх гэхэд ******* өөрөө бизнес эрхэлдэг, олон дахин банкнаас зээл авдаг тул илгээхгүй байхыг хүссэн гэж Г.Ширнэндоржоос гуйсан гэх тул зээлийн эдийн засагч захирал Г.Ширнэндоржийн хүсэлтээр мэдээллийг илгээгүй байдаг. Бид энэ тайлбараа Д. *******д хэлсэн боловч тэрээр би танайхаас зээл аваагүй. Тэр өдөр танай компаниас авсан 90 сая төгрөгийг удаалгүй Г.Ширнэндоржид буцаан төлсөн гэдэг тайлбар өгсөн. Гэвч энэ зээл нь манай компаний дансанд огт орж ирээгүй тул бид энэ болон бусад асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж Г.Ширнэндоржид хэрэг үүсгэн шалгуулж байгаа.

2.2. Энэ зээлийн мэдээллийг устгахаар тус зээлийг хэн төлөх нь тодорхойгүй болох юм. Зээл төлөх эзэнгүй болно. Хэврээ 45 сая төгрөгийн зээлийг Ширнэндорж төлнө гэвэл зээлийн мэдээллийг устгаж болно. Нэхэмжлэгчийн эрх ашгийг бодоод зээлийн мэдээллийн ангиллыг  хэвийн болгочихсон байгаа. Бүр тэг болгож болохгүй. Бид нар үүнийг шууд устгах эрх мэдэл байхгүй. Хэрвээ зээл устгаж үлдэгдэлгүй болгохын тулд зээл төлсөн мэтээр оруулж дахин Монгол банк руу илгээнэ. Хэн нэгнээс төлөлт орж ирээгүй байхад төлөлт орсон гэж программд оруулах боломжгүй. Би Монгол банкны зээлийн мэдээллийн ангиллыг хэвийн болгосон болохоор нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй, зээл авах боломжтой гэж үзэж байна. Би хуулийн дагуу зээлийн мэдээллээ илгээсэн, хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Зээлийн мэдээллийг илгээхэд зээлдэгчээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Зээлийн мэдээллийг нийлүүлэхээс өмнө *******д утсаар мэдэгдсэн. Компани дээр ирээд уулзаач гэж дуудсан. Надтай ирж уулзаагүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/

3.3. Итгэмжлэл /хх 4/

3.4. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 7/,

3.5. *******гийн Хаан банкны 5027551156 тоот дансны хуулга /хх 68-94/ зэрэг баримтууд болно.

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 11/,

4.2. Хариу тайлбар /хх 17/,

4.3. Хаан банкны орлого, зарлагын мэдүүлгийн баримт /хх 18/,

4.4. Итгэмжлэл /хх 20/,

4.5. Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн Хаан банкны дансны хуулга зэрэг болно.

 

5. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023.03.17-ны өдрийн 231100636 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 38-39/, нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол банкнаас Ай Би И Капитал ББСБ ХХК-иас *******гийн нэр дээр зээлийн мэдээлэл нийлүүлсэн талаарх баримтыг бүрдүүлсэн.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч ******* нь Ай Би И Капитал ББСБ ХХК-иас огт зээл аваагүй байхад хариуцагч нь Монгол банкны зээлийн мэдээллийн санд *******г 45,000,000 төгрөгийн зээлтэй гэж худал мэдээлэл нийлүүлсэн учир зөрчигдсөн эрхийг сэргээлгэх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

1.2. Хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК нь “компанийн гүйцэтгэх захирал Г.Ширнэндорж бидэнд хэлэхдээ өөрийгөө ******* манай компаниас 90 сая төгрөгийн зээл авч байгаа, *******гийн нэр дээр 45,000,000 төгрөгийн 2 зээл бүртгэчих гэсэн, ******* манай компаниас зээл авсан, зээлийн мэдээллийг устгавал төлөх эзэнгүй болно, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Ай Би И Капитал ББСБ ХХК нь *******гийн нэр дээр 0101ХЖ7606016520200909000000 зээлийн дугаартай 45,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13:26:23 цагт нийлүүлсэн болох нь Монголбанкны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн н/156 тоот албан бичгээр нотлогдож байна.

 

3.  Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;, 4.1.6. “зээлдэгч” гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;, 4.1.7. “зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;, 4.1.8. “мэдээлэл нийлүүлэгч” гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг;”, 7 дугаар зүйлийн 7.1. “Зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд магадална:”, 7.1.1.”энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч;”, 7.2. “Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно.” гэж заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд мэдээлэл нийлүүлэгч буюу Ай Би И Капитал ББСБ ХХК нь зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд мэдүүлэх, энэхүү мэдээллийг нийлүүлэхдээ зээлдэгчээс зөвшөөрөл авсан байх, зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг магадлах үүрэгтэй байх бөгөөд зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэхийг хориглосон байна.  

 

4. Хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК нь нэхэмжлэгч *******д зээл олгосон, зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж байх хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн “би зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй” гэх, хариуцагчийн “Г.Ширнэндорж бидэнд хэлэхдээ өөрийгөө *******той найз нөхдийн холбоотой, худалдаа, арилжаа, бизнес хамтран эрхэлдэг, олон жилийн өмнөөс мэддэг миний итгэлтэй бизнесийн түнш гэж хэлж байсан ба ******* манай компаниас 90 сая төгрөгийн зээл авч байгаа юм. Өөрөө ирж амжихгүй тул зээлийн гэрээн дээр би дараа гарын үсэг зуруулж авчирна, одоохондоо 90 сая төгрөгийг 2 гэрээнд хуваагаад *******гийн нэр дээр 45 сая төгрөгийн 2 зээл бүртгэчих. Мөн энэ дүнгээр зээлийн гэрээ байгуулчих гэж бид нарт хэлсний дагуу манай зээлийн эдийн засагч зээлийн гэрээг байгуулж, миний бие зээлийг бүртгэсэн” гэх талбаруудаар ******* нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан зээлдэгч мөн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байна.

 

5. Түүнчлэн хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэгт Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн 51788010816 тоот данснаас 95,000,000 төгрөг бэлнээр зарлагдсан байдал, мөн өдөр *******гийн 5027551156 тоот данс руу Ай Би И Капитал-с гэх утгатайгаар 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг, Ай Би И Капитал ББСБ ХХК-ийн 5178010816 тоот данс хуулга, тус данс руу Г.Ширнэндорж болон Ш.Очгэрэл нарын данснаас ichko, ichinhorloo гэх утгаар мөнгө шилжүүлсэн байдал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 231100638 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “зээлийн мэдээллийг устгахаар тус зээлийг хэн төлөх нь тодорхойгүй, зээл төлөх эзэнгүй болно. Хэврээ 45 сая төгрөгийн зээлийг Ширнэндорж төлнө гэвэл зээлийн мэдээллийг устгаж болно” гэх тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг магадлах үүргээ зориуд хэрэгжүүлээгүй,  7.2-т заасан “... мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх ... ийг  хориглоно.” гэж заасныг зөрчсөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан “зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой ... байх”, 17.1.4 “зөвхөн энэ хуульд заасан зорилгын дагуу ашиглагдах мэдээлэл байх” зэрэг зээлийн мэдээлэл нийцүүлэхэд баримтлах зарчмыг баримтлаагүй, 20 дугаар зүйлийн 20.2.1-д заасан зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягталж шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүргээ зөрчиж *******гийн нэр дээр 0101ХЖ7606016520200909000000 зээлийн дугаартай 45,000,000 төгрөгийн зээлийн мэдээллийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13:26:23 цагт нийлүүлж, хууль зөрчсөн байна.

 

6. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т хэрэглэгч нь зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх , засварлахыг ... мэдээлэл нийлүүлэгчээс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т заасны дагуу хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-д  Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13:26:23 цагт нийлүүлсэн ******* 0101ХЖ7606016520200909000000 зээлийн дугаартай 45,000,000 төгрөгийн зээлтэй гэх  мэдээллийг устгуулахыг даалгаж шийдвэрлэв.

 

7. Хариуцагч талын тус компанийн гүйцэтгэх захирал асан Г.Ширнэндоржид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй учир иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурдав.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.08.02-ны өдөр төлсөн 382,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 312,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-д  Монгол банкны зээлийн мэдээллийн санд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13:26:23 цагт нийлүүлсэн ******* 0101ХЖ7606016520200909000000 зээлийн дугаартай 45,000,000 төгрөгийн зээлтэй гэх  мэдээллийг устгуулахыг даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасны баримтлан хариуцагч Ай Би И Капитал ББСБ ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2023.08.02-ны өдөр төлсөн 382,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 312,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА