| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/08567/И |
| Дугаар | 101/ШШ2024/00858 |
| Огноо | 2024-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/00858
| 2024 02 14 | 101/ШШ2024/00858 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 35 дугаар хороо, баатархайрхан 2а гудамж 1544 тоот хаягт оршин суух Гөрөөчин овогт Дашдаваагийн Булганцэцэг /рд:ГЮ77122501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Баянзүрх дүүрэг дэх салбар, номин дэлгүүрийн хажууд 1 давхар хаягт оршин байрлах “Прогресскапитал ББСБ” ХХК /рд:5366283/-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Булганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагчийн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Булганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 сарын 03-ны өдөр П.Даваажаргал, Д.Булганцэцэг
нар нь Баянзүрх дүүргийн 23-р хороо. Баатар хайрхан 2а хэсэг гудамж, 1544 тоот хаягт “ЗАРНА 88991812 ХЯМД” гэсэн маш томоор хар өнгөөр бичсэн байсан Зарыг олж харсан. “Хямд зарна” гэсэн зарын дагуу бид хашааны хаалга дээр томоор бичсэн байсан 88991812 утасны дугаар луу залгаж, “энэ хашаа байшинг зарах юм уу, гэж асууж ярихад, “Хямд зарна, Зарна ороод ир, уулзъя” гэснээр бид орсон. Энэ айлд ороход, Б.Алтансүх гэгч нь өөрийн биеэр “20 000 000 төгрөгт энэхүү хашаа байшингаа хамтад нь нийлүүлээд зарна, дотор засал хийгдээгүй болохоор мөнгө хэрэгтэй байгаа учраас хямдхан зарчихна” гэж хэлсэн. Улмаар Б.Алтансүх нь бид хоёрын 88520938 утасны дугаарыг авч үлдсэн. Гэтэл маргааш нь буюу 2020.11.04-ний өдөр Б.Алтансүх залгаад, “та манай байшинг сонирхож байгаа бол ярих яриа байна” гэж хэлснээр, нөхөр П.Даваажаргал нь Б.Алтансүхийн гэрт очсон. Ингээд түүнтэй уулзтал, Б.Алтансүх нь хоёр суга таягтай, 3 хүүхдийн хамт гэртээ байж байсан ба “Зарна гэж зар тавьсан, байшин газар банканд зээлтэй байгаа би сая аваарт ороод, банкны зээлээ төлж чадахгүй боллоо 2020 оны 07 сараас зээлийн төлөлтөө хийж чадахгүй, төлж чадахгүй өнөөг хүрсэн одоо банканд хураагдах гээд байна, банк суллаж өг гээд шаардаад байна тийм болохоор 20 000 000 төгрөгт зараад, банкны зээлээ дараад үлдсэнээр нь хоосон газар авъя та 10 000 000 төгрөг бэлэн өгчхөөд миний зээл авсан банкны зээлийг минь миний нэр дээр төлөлтийг нь үргэлжлүүлэн хийгээд явчхаж болно, харин зээл нь төлөгдөж дуусвал би танд нэрийг нь асуудалгүй шилжүүлж өгье” гэж бидэнд хэлсэн. Тэгээд бид хоорондоо ярилцаж байгаад “Зарна” гэсэн зар өгсөн энэ газар, хашаа байшинг худалдаж авахаар тохиролцож, маргааш нь өдөр нь бид энэхүү газар, хувийн сууц нь зээлийн барьцаанд байгаа гэсэн газар болох “Прогресскапитал” ББСБ дээр Б.Алтансүх, болон Д.Булганцэцэг, П.Даваажаргал бид нар хамтдаа очсон.
Гэтэл дээрх зарна гэсэн газар, байшин нь “Прогресскапитал” ББСБ-ын нэр дээр барьцаанд байсан ба “Прогресскапитал” ББСБ-ын салбарын эрхлэгч гэх зээлийн мэргэжилтэн Мөнхтогтох гэдэг хүнтэй биечлэн уулзахад, Мөнхтогтох нь “Б.Алтансүхийн манай ББСБ-аас зээлийн барьцаанд тавьсан газар, хашаа байшин нь одоо хураагдах хэмжээнд очсон байна, мөн Б.Алтансүх нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй байгаа учраас манай ББСБ-ын зүгээс 8 520 000 төгрөгт хураах нь хайран бас өрөвдөөд байна хураавал 8 520 000 төгрөгт л хураагдана өөр илүү дутуу мөнгө Б.Алтансүхэд өгөхгүй, Б.Алтансүх бид нараас гуйгаад байна “би өөрөө Зарна” гэж Зар тавьсан байгаа, Б.Алтансүх нь би өөрөө зараад танай байгууллагыг хохиролгүй болгоё” гэж гуйгаад байгаа учраас, үнэхээр та нар л хоорондоо тохиролцсон бол зээлийн төлөлтөө ямар ч асуудалгүй төлөөд яваад байхын бол манай ББСБ-ын зүгээс ямар ч асуудал гаргахгүй гэж хэлсэн ба нэгэнт та гурав хоорондоо тохиролцсон бол алдангаа төлөөд, Гэрээгээ манай ББСБ-тай байгуулаад, цааш Б Алтансүхийн зээлийг үргэлжлүүлэн төлөөд явахад болно гэж зөвшөөрсөн
Ингээд “Прогресскапитал” ББСБ-аас “та хоёр тэгвэл алдангийг нь төлөөд, одоогийн байдлаар 1 610 000 төгрөг болсон байна, үүнийг төл” гэсэн тул “Прогресскапитал” ББСБ-тай Б.Алтансүхийн үлдэгдэл зээлийн төлбөрийг, Д.Булганцэцэг би төлж, барьцаанд байгаа Б.Алтансүхийн газар, хашаа байшинг худалдаж авахын тулд, Б.Алтансүхийн зээлийг төлөхөөр, Д.Булганцэцэг нь “Прогресскапитал” ББСБ-тай 2020 оны 11 сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар “Зээлийн гэрээ”-г албан ёсоор байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний 2.1-д зааснаар Б.Алтансүхийн “Прогресскапитал” ББСБ-д төлөх ёстой 8 520 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 20 / хорин / сарын хугацаатайгаар цааш Зээл эргэн төлөх хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөхөөр бид, Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд ББСБ-аас мөнгө бол зээлж аваагүй юм.
Бүр тодруулбал иргэн Б Алтансүхээс худалдаж авсан газар, байшингийн зээлийн төлбөр нь 2011 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар 8 520 000 төгрөг үлдсэн байсан тул Б.Алтансүхийн төлөх ёстой 8 520 000 төгрөгийн үлдэгдэл дээр “Прогресскапитал” ББСБ-д дээрх үл хөдлөх хөрөнгө болох газар, хашаа байшинг барьцаалан зээл авсан зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх ёстой уг мөнгөн дүнд, Зээлийн гэрээг Д.Булганцэцэг нь Прогресскапитал ББСБ-тай байгуулсан учиртай.
Мөн Б.Алтансүхийн “Прогресскапитал” ББСБ-д төлөх ёстой зээлийн төлбөрийн алданги 1 610 000 төгрөг гарсан байсан учраас, бид 2020.11.06-ны өдөр алданги 1 610 000 төгрөгийг “Прогресскапиатал" ББСБ-д бэлнээр, Д.Булганцэцэг би төлж, гүйлгээний утга нь: “Алтансүх зээлийн хүү төлөв” гэсэн утгатай төлсөн ба ББСБ-аас Б.Алтансүхийн зээлийг төлсөн баримтыг бидэнд эх хувиараа өгснийг тус шүүхэд нотлох баримтаар гарган өгч байна.
Б.Алтансүх нь нэхэмжлэгч бид хоёроор “Прогресскапитал” ББСБ-д 1 610 000 төгрөгийг төлүүлсэн ба Б.Алтансүх нь “би газар, хашаа байшингаа суллаад, одоо П.Даваажаргал, Д.Булганцэцэг нарт өглөө” гэж “Прогресскапитал” ББСБ-д тухайн үедээ хэлж байсан.
Мөн Б.Алтансүх нь “Прогресскапитал” ББСБ-ын салбар хариуцсан захирал Мөнхтогтохын дэргэд миний зээлийг энэ хоёр хүн болох П.Даваажаргал, Д.Булганцэцэг нар нь бүрэн төлөөд дууссаны дараа, би ямар ч асуудалгүй хэл ам гаргахгүйгээр нэрээ шилжүүлж өгнө гэж хэлсэн. Үүнийг нь сонссон захирал Мөнхтогтох нь Б.Алтансүхэд хандан би таныг эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас л таны хүсэлтийг зөвшөөрч, П Даваажаргал. Д.Булганцэцэг нараар таны зээлийг үргэлжлүүлэн төлүүлэхийг чинь зөвшөөрлөө, хэрэв ямар нэгэн асуудал гарвал би гэрчээр ороход бэлэн гэж өөрөө амаар олж байсан болно.
Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2020.11.09-ний өдөр Б.Алтансүх нь Д.Даваажаргал уруу утасдан “та боломжтой бол хүрээд ирээч ээ, ярих юм байна, гэснээр нөхөр П Даваажаргал түүний гэрт нь очсон.
П.Даваажаргалыг очиход, Б.Алтансүх нь “ах аа би хөл муутай, наашаа цаашаа эмнэлэг явмаар байна, байнга нүүрс түлээ авах гэхээр машин тэрэггүй хэцүү байна, та үлдэгдэг 10 000 000 төгрөгтөө оролцуулан тооцуулан өгчих унах унаа машин тэрэг байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь П.Даваажаргал нь надад Приус 10 байна, чи сонирхох юм уу гэтэл Б.Алтансүх нь тэгье гээд хүүгийнхээ хамт ирж, миний машиныг үзэж хараад, авахаар болоод бид тохиролцсон ба уг машиныг 1 500 000 төгрөгт тооцож Б.Алтансүхэд худалдахаар болж, 2020.11.10-ны өдөр Б.Алтансүх нь биднээс худалдаж авсан машинаа аваад явсан.
Машинаа Б.Алтансүхэд зарснаас хойш, Б.Алтансүх нь 2020.11.10-ны өдрөөс 2021.02.28-ны өдөр хүртэл буюу 3 сар гаруй машиныг минь унаж ашигласан. Тэгээд Б.Алтансүх нь машин авсан хирнээ байшингаа суллаж өгөхгүй, ярьсан тохиролцоогоо биелүүлэхгүй болохоор нь бид ББСБ-д төлүүлсэн мөнгөө арга ядаад нэхсэн. Гэтэл Б.Алтансүх нь ковид гарсан учир банкны зээл, хүү царцаагдсан учраас би газар байшингаа зарахаа болилоо гэхээр нь би “тэгвэл одоо миний мөнгийг бүгдийг гаргаад өг” гэсэн боловч Б.Алтансүх нь миний мөнгийг гаргаж өгөөгүй, мөн байшингаа суллаж өгөөгүй учир нөхөр машинаа аргагүйн эрхэнд буцаагаад 3 сар гаруй хугацаанд Б.Алтансүхэд ашиглуулчхаад авсан. Гэвч Б.Алтансүх нь намайг / биднийг / хуурч, залилж бидний өмч хөрөнгө болох машиныг минь 3 сар гаруй үнэ төлбөргүй унаад ашигласанд би бас гомдолтой байгаа болно.
Б.Алтансүх нь чухамхүү л нөхөр П.Даваажаргал бид хоёрыг дагуулж, “Прогресскапитал" ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2020.11.06-ны өдөр байшингаа суллаад өгнө асуудалгүй гээд зөвшөөрч, тохиролцсон атлаа байшингаа суллаж өгөхгүй байсаар байгаад, 2021.05.11-ний өдөр буюу 6 сар гаруйн хугацааны дараа суллаж өгсөн ба Б.Алтансүх нь дээрх тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, нийт 6 сар 5 хоног байшингаа суллаж өгөхгүй, хэлсэн ярьсан тохиролцоо, үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаа болох 6 сар 5 хоногийн хугацаанд бидний зүгээс байшингаа суллаж чөлөөлж өгөөч ээ, бид байшиндаа оръё гэдэг шаардлагыг Б.Алтансүхэд байнга тавьж байсан боловч “одоохон нүүлээ” гээд биднийг хуураад байсан.
Ингээд Б.Алтансүх нь байшингаа суллаж өгөхгүй 6 сар 5 хоног болсон энэ хугацаанд бид өгөхгүй юм байна гэж ойлгоод, Б.Алтансүхийн зээлийг “Прогресскапитал” ББСБ-д төлөөгүй.
Гэтэл 2021 оны 01 сарын үеэр “Прогресскапитал” ББСБ-аас Зээлийн гэрээг надтай байгуулсан Д Булганцэцэг над руу залгаад, “яасан бэ зээлээ төлөөч ээ Гэрээ хийчхээд” гээд байн байн залгаад байсан. Д.Булганцэцэг би хариуд нь “Б.Алтансүх нь банкны зээл ковидиын үед царцаасан учир газар байшингаа зарах шаардлагагүй боллоо гэж хэлсэн, одоо хүртэл бидэнд газар байшингаа суллаж өгөөгүй тул төлсөнгүй гэж хэлсэн.
Гэтэл зээлийн мэргэжилтэн Мөнхтогтох нь “за тэгвэл би Б.Алтансүхтэй ярья, та нарыг аль хэдийн байшиндаа ороод амьдарч байгаа гэж ойлгож байсан, тийм юм байхгүй, банкны зүгээс зээл царцаана” гэсэн гэсэн ойлголт байхгүй, зээлээ үргэлжлүүлэн төл гэсэн шаардлагыг зээлийн мэргэжилтэн Г.Мөнхтогтох, бидэнд тавьсан.
2021 оны 04 сарын 08-ны өдөр Б.Алтансүх нь дахин нөхөр П.Даваажаргал руу залгаад “ахаа тантай уулзаа байна би өөрөө гарч чадахгүй байна та манайхаар хүрээд ир” гэснээр П.Даваажаргалын гэрт нь очсон. Гэрт нь очоод уулзтал, Б.Алтансүх нь нөхөрт хандан хоёулаа наймаагаа хийдгээрээ хийе” гэхээр нь нөхөр хариуд нь “чи яасан тоглоомтой юм бэ, хийвэл хийсэн шиг хий, эсвэл боливол больсон шиг боль” гэж хэлсэн.
Гэтэл Б.Алтансүх нь “уучлаарай ах аа нэг хүн авъя гэсэн чинь больчихлоо одоо хоёулаа наймаагаа тохиролцсоноороо үргэлжлүүлэн хийе, одоо ББСБ хураах гээд байна, сулла гээд байна” гэдгээ дахин нөхөрт хэлсэн. Тэгэхээр нь нөхөр маань “чи тэгвэл хэлсэн тохиролцоогоороо л бай л даа одоо байшингаа суллаач дээ” гэтэл Б.Алтансүх нь надад нүүх мөнгө байдаггүй, та надад ганц хоёр төгрөг шилжүүлчхээч дээ би гадуур буух газар хөөцөлдье гээд нөхрөөс мөнгө гуйгаад, 2021.04.08-ны өдөр 100 000 төгрөгийг, эхнэр Д.Булганцэцэг миний данснаас, Б.Алтансүхийн данс руу шилжүүлсэн.
Дараа нь буюу 6 хоногийн дараа 2021.04.14-ний өдөр Б.Алтансүх нь нөхөр П.Даваажаргал руу “ах аа би буух газар олчихлоо, та хүрээд ирээч” гэснээр очсон. Очиход Б.Алтансүх нь нүүхэд их мөнгө болох юм байна. та надад 2 000 000 төгрөг өгөөч" гэхээр нөхөр “тэгээд үнэн юм уу, яг үнэн юм уу” гэсэн ба Б.Алтансүх нь “Үнэн үнэн баараагүй үнэн” гэсэн. Тэгэхээр нь эхнэр Д.Булганцэцэг миний данснаас 2021.04.14-ний өдөр 2 000 000 төгрөгийг Б.Алтансүхийн хаан банкны дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш Б Алтансүх мөнгө аваад мөн л таг болчихсон.
Дараа нь 2021.05.08-аас 9-ний үед Б Алтансүх нь гэнэтхэн П Даваажаргал руу утасдаад дахин “ах аа хоёулаа хашаа байшингийнхаа наймааг хийх үү” гэж ярьсан. Тэгэхээр нь нөхөр маш их уурлаж, “чи залуу хүн байж ямар хариуцлагагүй юм бэ” гэж хэлэхэд, Б.Алтансүх нь одоо ямар ч асуудалгүй, би ганц худгийн тийшээ буухаар боллоо газар оллоо та тооцоогоо хийчих, би нүүлээ, хажуу гэртээ оръё, та ирээд энэ байшиндаа нүүж ороо” гэж хэлсэн. Тэгээд нөхөр П.Даваажаргал нь Б.Алтансүхийн гэрт очиж уулзахад Б.Алтансүх нь гэртээ хүүхдүүдийнхээ хамт байсан бөгөөд Б.Алтансүх нь “... дүү нь аваарт орсон суга таягтай, бөгсөн бие мэдээгүй болохоор эхнэр хаяад явсан, би таны мөнгөнүүдийг өгч чадахгүй, наймаагаа хийдгээрээ хийе” гээд нөхрөөс маань бас л гуйсан Тэгээд манайх 2021.05.11-ний өдөр албан ёсоор худалдаж авсан хашаа байшин газартаа нүүж орсон ба маргааш нь буюу 2021 оны 5 сарын 12-ны өдөр бэлнээр 7 000 000 төгрөгийг, Б.Алтансүхэд хүлээлгэн өгсөн. Уг 7 000 000 төгрөгийг өгөх үед ковид гарсан хөл хорио ихтэй үе байсан бөгөөд албан газрууд, банкнууд дийлэнх нь нарийн цагийн хуваарьт орсон ажиллахгүй зогссон, эдийн засгийн хямралтай хүнд үеүд байсан. Иймээс өвчин хууч гарсан хүндрэлтэй үед Д.Булганцэцэг би өөрийн дүү Д.Нарантуяагийн Хаан банкны хадгаламжаас 7 000 000 төгрөгийг банкны хүүтэй нь зээлж, Б.Алтансүхэд өгсөн учиртай. Энэ 7 000 000 төгрөгийг, Б.Алтансүхэд бэлнээр өгсөн учир нь 2021.05.12-ны өглөө П.Даваажаргал Д.Булганцэцэг бид нарыг Хаан банк руу явах гэж байхад, Б.Алтансүх нь гэрээсээ гарч ирээд ( энэ үед бид нүүгээд ирсэн, Б.Алтансүх нь явтлаа хашаанд хоёр хоног гэр барьсан байсан ) бид хоёртой биечлэн уулзаад, миний данс руу 700 000 төгрөг хийгээд өгөөч ээ, та нарыг яваад иртэл би хашаан доторх юмнуудаа зөөгөөд, цэгцлээд байж байя гэхээр нь, эхнэр Д.Булганцэцэг миний данснаас, Б.Алтансүхийн данс руу шилжүүлж өгсөн.
Дараа нь бид хоёр Д.Булганцэцэгийн дүү Д.Нарантуяагийн хамт Хаан банк руу явж байтал, Б.Алтансүх араас дахин утасдаад, “ах аа та надад өгөх 7 000 000 төгрөгөө бэлнээр аваад ирээч ээ” гэхэд нь нөхөр П.Даваажаргал “яагаад бэлнээр” гэж асуухад, Б.Алтансүх нь “би бусдад өртэй юмаа, миний бичиг баримт, картыг сая ирээд өртэй хүн маань аваад явчихлаа, та бэлнээр авчраад өгөөч ээ, би дараа нь ямар нэгэн асуудал гаргахгүй би гуйж байна” гээд уйлах шахам утсаар ярьсан. Тэгээд дүү Д Нарантуяа нь 2021,05.12-ны өдөр хаан банкнаас зээл авч, бид хоёрт бэлнээр өгөөд, бид хоёр Б.Алтансүхэд мөн бэлнээр аваачиж өгсөн ба Б.Алтансүх нь гарын үсгээ зурж, П.Даваажаргал, Д.Булганцэцэг нараас 7 000 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд уг мөнгийг Б.Алтансүх, биднээс бэлнээр авахад Б.Алтансүхийн хүү хамт байсан болно. Ер нь дашрамд дурдахад, Б.Алтансүх нь ковидийн хүнд үед нөхөр П.Даваажаргалаас байнга хоолны мөнгө нэхэж, та надад өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчихоорой гээд нэхээд гуйгаад, авдаг байсан бөгөөд, цувуулан бэлнээр 700 000 төгрөгийг, Б.Алтансүх нь биднээс авсан байдаг
2021.05.14-ний өдөр “Прогресскапитал” ББСБ-аас зээлийн мэргэжилтэн Мөнхтогтох бидний нүүж ирсэн гэрт, биечлэн өөрөө ирээд, “ Б.Алтансүх хаачсан бэ энэ газар хашаа байшинг албан ёсоор хураахаар ирлээ” гэсэн. Тэгэхээр нь нөхөр П.Даваажаргал нь “Б.Алтансүх бид хоёр тохиролцсон тохиролцоогоороо би газар байшинг худалдаж авсан хэвээрээ байгаа 7 000 000 төгрөгөө ч Б Алтансүхэд төлсөн Б Алтансүх ч газар байшингаа чөлөөлөөд, өмнөх өдөр нь буюу 2021.05.13-ны өдөр явсан” гэж хэлсэн.
Гэтэл “Прогресскапитал” ББСБ-ийн зээлийн мэргэжилтэн “ одоо таны энэ амьдарч байгаа газар хашаа байшин чинь манай барьцаанд хэвээрээ л байгаа, та Б.Алтансүхэд бэлэн мөнгө 7 000 0000 төгрөг өгөх байсан бол манай ББСБ-ыг дуудах байсан юм, манайх одоо тэр мөнгөнөөс чинь хүү, алдангаа бодож авах байсан юм, манай дээр ирээд, бодоод тооцоолоод үзээ” гэхээр нь бид дараа нь ББСБ дээр очиж уулзаад өөрийн авсан газар хашаа байшингаа алдаж байхаар гэж бодоод, үнэхээр амьдрах газар орох оронтой болохын тулд Д.Булганцэцэгийн хаан банкны данснаас 2021.05.30-ны өдөр 500 000 төгрөг, 2021.06.21-ний өдөр 500 000 төгрөг, 2021.07.30-ны өдөр 500 000 төгрөг, 2021.08.03-ны өдөр 500 000 төгрөг, 2021.09.24-ний өдөр 300 000 төгрөг, 2021.10.25-ны өдөр “Прогресскапитал” ББСБ-ын Кассын орлогын баримтаар бэлнээр 1 393 650 төгрөг, мөн өдөр дахин бэлнээр 20 000 төгрөг, нийт 1 413 650 төгрөг, бүгд нийлээд 3 713 650 төгрөг, мөн “Прогресскапитал’ ББСБ-д 2020.11.06-ны өдөр төлсөн анхны алданги 1 610 000 төгрөг, бүгд нийлээд нийт 5 323 650 төгрөг ББСБ-д төлсөн.
Нэхэмжлэгч Д.Булганцэцэг надаар 5 323 650 төгрөгийг “Прогресскапитал” ББСБ-д төлүүлсэн нь Б.Алтансүхийн буруугаас болсон, худал хэлснээс болж, би 5 323 650 төгрөгийг төлж эдийн засгаараа нэмж хохирол хүлээсэн.
Бүр тодруулбал Б Алтансүхийн буруутай үйл ажиллагаа газар, хашаа байшингаа чөлөөлж өгөхгүй, удсанаас болж, түүний удаа дараагийн биднийг хуурсан худал үгнээс болж, бид ороод удаагүй байгаа газар байшингаа “Прогресскапитал” ББСБ-д алдахгүйн тулд аргагүйн эрхэнд дахин 2021 оны 10 сарын 25-ны өдөр 40-21092060 дугаар гэрээний хавсралтаар, Д.Булганцэцэг нь “Прогресскапитал” ББСБ-тай “Зээл эргэн төлөх хуваарь” шинэчлэн байгуулсан. Дээрх шинэчилсэн “Зээл эргэн төлөх хуваарь”-ийн дагуу баримтаас харахад Б Алтансүхийн хариуцлагагүй байдлаас болж, бид үндсэн төлбөр 8 520 000 төгрөгөөс огт хасагдахгүй нэмж хүү алданги төлсөн ийм байдалд хүргэсэн нь Б.Алтансүхээс өөрөөс нь болсон асуудал юм. Одоо бидний тооцоогоор, шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2021.11.25 -ы өдөр 505 000 төгрөг, 2021.12.22-ны өдөр 505 000 төгрөг, 2.022.01.24-ний өдөр 505 000 төгрөг, 2022.02 23-ны өдөр 505 000 төгрөг, 2022.03.22-ны өдөр 505 000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 515 000 төгрөг, 2022.05.25-ны өдөр 505 000 төгрөг 2022.06 24-ний өдөр 505 000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 505 000 төгрөг, 2022.08.25-ны өдөр 505 000 төгрөг, 2022.09.24 өдөр 505 000 төгрөг, 2022.10.24-ний өдөр 505 000 төгрөг, 2022 12.01-ний өдөр 505 000 төгрөг, 2022.12 25-ны өдөр 505 000 төгрөг, 2023.01.26-ны өдөр 505 000 төгрөг, 2023.02.25 -ы өдөр 505 000 төгрөг, 2023.03.29-ний өдөр 510 000 төгрөг, 2023.04.28-ны өдөр 510 000 төгрөг, 2023.05.25-ны өдөр 520 000 төгрөг, 2023.06.30-ны өдөр 510 000 төгрөг, 2023.08.01-ний өдөр 505 000 төгрөг, 2023.08.31-ний 520 000 төгрөг, 2023.10.01-ний 510 000 төгрөг, 2023.10 26-ны өдөр 470 000 төгрөг, нийт 12 145 000 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгч Д.Булганцэцэгээс Б Алтансүхийн “Прогресскапитал” ББСБ-д төлөх ёстой 8 520 000 төгрөг төлөх ёстойгоос, одоо нийт 17 468 650 төгрөгийг “Прогресскапитал” ББСБ-д төлж, ( “Прогресскапитал” ББСБ-д 5 323 650 + 12 145 000 = 17 468 650 төгрөг) Б.Алтансүхэд бэлнээр 7 000 000 + дансаар 2 800 000 + хоолны мөнгө гэж нэхэж авсан 700 000 төгрөг, нийт 10 500 000 төгрөг, Бүгд нийлээд 27 968 650 төгрөгийг бүрэн төлж, зээлийг дуусган, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан тооцоо гарч байна.
Б.Алтансүх нь козидийн хүнд хэцүү үед өөрийн өмч болох газар, байшингаа “Прогресскапитал" ББСБ-ын зээлийн барьцаанд 8 500 000 төгрөгт алдах дээрээ тулаад нэхэмжлэгч надад / бидэнд / үнэ тохиролцон газар хашаа байшингаа 20 000 000 төгрөгт зарж худалдсан тул бид хангалттайгаар, Б.Алтансүхэд болон Прогресскапитал” ББСБ давуулан нийт 27 968 650 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжлэгч би бүх зээлээ бүрэн төлсөн тул 2023.10.25-ны өглөө “Прогресскапитал” ББСБ хандан, “би / бид / одоо зээлийн хамгийн сүүлийн төлөлтөө дуусгаад, нэр дээрээ шилжүүлж авмаар байна” гэж хэлэхэд, “Прогресскапитал” ББСБ нь Гэрээ болон тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, “Б.Алтансүхийн эхнэр гэгч хүн саяхан буюу 2023 оны 09 сард ирээд, Б Алтансүхийн зээлийн төлөлтийг хаасан” гэж хэллээ.
Иймээс нэхэмжлэгч би нэгэнт “Прогресскапитал" ББСБ-тай албан ёсоор Гэрээ байгуулсан, зээлийн төлөлтөө бүрэн төлж дуусангуут нэхэмжлэгч миний нэр дээр асуудалгүй шилжүүлэн өгөхөөр тохиролцсон Тохиролцоо, улмаар Б.Алтансүхийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн төлж, зээлээ бүрэн төлсөн тул хариуцагчаар “Прогресскапитал’ ББСБ-ыг татаж байгаа болно.
Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатар хайрхан 2а хэсэг гудамж 1544 тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай 18651311915915 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч мөн болохыг тус тус тогтоолгож Ү-2204105166 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд болон мөн Г-2204015866 дугаар газрын гэрчилгээнд Д.Булганцэцэгийн нэрийг оруулахыг ( Д.Булганцэцэгийн нэр дээр болгуулахыг даалгуулах ) даалгуулж өгнө үү.
1а. Шүүгчээс татгалзаж байна. Тухайн үед цар тахлын үе байсан тул албан ёсоор нотариат орж гэрээ хийж чадаагүй. Алтансүх нь тухайн үед би зээлээ төлөх боломжгүй болсон. Банканд цөөхөн хэдэн төгрөгт алдаж байснаас хүнд зараад зөрүүгээ авмаар байна. Энэ талаа Прогрессд хэлчихсэн байгаа тул 20 саяд зарна гэж байсан. Ингээд 10 саяыг Алтансүхэд өгөөд үлдэх зээл дээр гэрээ хийгээд төлсөн.
1б. Шүүгчээс татгалзаж байна. Хүсэлтийг дутуу шийдээд байна. Нотлох баримт гаргуулах хүсэлт хамааралтай байхад хангасангүй. Уг нь хүсэлтийг хангасан бол тайлбар хэлж болох байсан. Нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлачихаар өнөөдөр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэв.
2. Хариуцагч “Прогресскапитал ББСБ” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Э.Эрхэмбаяр, өмгөөлөгч Т.Урангэрэл нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Дашдаваа овогтой Булганцэцэг 2023.11.29-ны өдөр БЗД-ийн шүүхэд гарган нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн хөрөнгүүдийг Буянтогтох овогтой Алтансүх нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр 40-19121475 дугаартай зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж манай байгууллагын зээлийн барьцаанд тавьж 2023 оны 08 сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан бөгөөд тухайн хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр өнөөдрийг хүртэл Б.Алтансүх гэдэг нэр байгаа болно. Өмчлөгч нь нас барсан гэх тул гэрчилгээг хэн авах нь тодорхойгүй манай байгууллагад хадгалагдаж байна. Барьцаа хөрөнгийг манай байгууллага бусдад шилжүүлэх худалдах ямар нэгэн үйлдэл хийх эрх бүхий байгууллага биш бөгөөд манай байгууллага жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү
2а. Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар өгсөн. Зээлийн гэрээний үүрэг дууссан, бид шаардлагыг хангах байгууллага биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2б. Шүүгчээс татгалзах үндэслэлийг хуульд тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь татгалзах үндэслэлээ өмнө нь болон өнөөдөр гаргасан хүсэлтийг хангаагүй гэж тайлбарласан. Энэ нь шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь хангагдах үндэслэлгүй байна. Манайх бол хариуцагч биш бид өмчлөгчөөр тогтоохгүй. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж байвал өөр замаар явах ёстой гэв.
3. Зохигчид шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1285 дугаар тодорхойлолт /хх10/, 1286 дугаар тодорхойлолт /хх11/, 1 ширхэг гэрэл зураг /хх12/, зээлийн гэрээ /хх13-14/, кассын орлогын баримт 4 ширхэг /хх15-16/, мөнгөн хүлээн авсан талаарх гараар бичсэн баримт /хх17/, зээл эргэн төлөх хуваарь /хх18/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх19-34, 47-50/, Б.Алтансүхийн зээлийн дансны хуулга /хх35-37/, зээлийн эрх нээх гэрээ /хх38-40/, барьцааны гэрээ /хх41-43/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04976 дугаар захирамж /хх44-45/, Хаан банк дахь Ц.Отгонтөгсийн дансны хуулга /хх51-56/,
3б. Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх97/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх98/,
3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл /хх99-100/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх102-103/ нотлох баримтаар гаргуулсан.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Булганцэцэг нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхан гудамж, 2/А хэсэг, 1544 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204015866 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105166 дугаарт бүртгэгдсэн, 108 м.кв талбайтай, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрийг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “Прогресскапитал ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрт хамааралгүй, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бүртгүүлэх асуудлыг гүйцэтгэх боломжгүй гэж маргасан.
4. Шүүх хуралдааныг нээж шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуусны дараа нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч татах, нотлох баримт гаргуулах, гэрч асуух тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулж, дээрх хүсэлтийг хянаад бүхэлд нь хангахаас татгалзаж, холбогдох захирамжийг танилцуулсан. Ийнхүү захирамж гарсан буюу хүсэлт хангаагүйтэй холбогдуулан хэргийг хэлэлцэж эхэлсний дараа нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн татгалзан гаргах үндэслэл болохгүй. Мөн хэргийг хэлэлцэж эхэлсэн байсан тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүйд тооцож, хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
5. Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгч байсан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргах замаар хамтран өмчлөгч бүртгүүлэх эрхтэй байдаг тул хувийн сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр бүртгүүлэх асуудлыг гүйцэтгэх боломжгүй, гагцхүү улсын бүртгэлийн байгууллага гүйцэтгэдэг гэх тайлбар үндэслэлгүй.
6. Зохигчдын маргаж буй хувийн сууц болон газар нь Б.Алтансүхийн өмчлөлд бүртгэлтэй болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төрийн мэдээлэл солилцооны хур системээс авсан үл хөдлөх хөрөнгийг мэдээлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх97, 98, 99, 100, 102, 103/
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Алтансүх нь эдгээр эд хөрөнгөө хариуцагч “Прогресскапитал ББСБ” ХХК-д барьцаалан зээл авсан болох нь кассын орлогын баримт, зээлийн дансны хуулга, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдсон. /хх15, 35-37, 102, 103/
Улмаар хариуцагч нь Б.Алтансүхийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас байгуулсан барьцааны гэрээний үүрэг мөн адил дуусгавар болсон байна.
Эдгээр үйл баримтын талаар зохигчд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг тухайн эд хөрөнгийг өмчлөгч Б.Алтансүхтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж зарим үнийг худалдагчид төлж, үлдэх үнээр түүний зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авч гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна. Эдгээрээс үзэхэд хариуцагч нь маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч биш, харин барьцаалагч байх тул нэхэмжлэлийн шаардлага хариуцагчид хамааралгүй. Учир нь өмчлөгчөөр тогтоох, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэр бүртгүүлэх буюу өмчлөх эрхтэй холбогдох маргаанд хариуцагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд байх ёстой. Өөрөөр хэлбэл, барьцаалагч буюу хариуцагч нь өмчлөх эрхтэй холбоотойгоор маргаагүй тул энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлага түүнд хамааралгүй юм. Түүнчлэн зохигчид маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөх эрхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаанд ороогүй байна.
Иймд хариуцагч “Прогресскапитал ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Зохигчид маргаж буй эд хөрөнгийг өмчлөгч Б.Алтансүх нь нас барсан гэж тайлбарласан бөгөөд энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04976 дугаар захирамжид дүгнэгджээ. Иймд нэхэмжлэгч нь худалдан авсан гэх эд хөрөнгөний өмчлөх эрхтэй холбоотойгоор талийгаачийн өвлөгч, эсхүл тухайн эд хөрөнгөний өмчлөх эрхийг олж авсан этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид төлөх журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Прогресскапитал ББСБ” ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Баатар хайрхан гудамж, 2/А хэсэг,1544 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2204015866 дугаарт бүртгэгдсэн, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204105166 дугаарт бүртгэгдсэн, 108 м.кв талбайтай, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрийг бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Булганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 367,993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД