Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

А.Эрдэнэбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн А.Эрдэнэбатад холбогдох 2022001560151 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 02 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 60 настай, дээд боловсролтой, хуульч, санхүүгийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, 2011 онд Алтан гадас одонгоор, 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, ам бүл 2 эхнэрийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 6-р баг 312 тоотод оршин суудаг, Дар овогт Авирмэдийн Эрдэнэбат. РД:/ЗЮ61021836/

 

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.Отгондаваад давуу байдал бий болгон 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн тоёота ланд-круйзер-100 маркийн 35000000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 45000000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Эрдэнэбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Шүүгдэгч Дар овогт Авирмэдийн Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбат нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбатад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Эрдэнэбатаас хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60.000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

           Шүүгдэгч А.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдоод байгаа билээ. Анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5400000 төгрөгөөр торгож 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэсэн. А.Эрдэнэбат миний бие холбогдсон хэрэгтээ үнэхээр харамсаж гэмшиж байгаа бөгөөд төрд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд шүүх хуралдаан дээр торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Шүүх энэхүү торгох ялыг бага хэмжээгээр оногдуулсан болон эрхийг маань зөрчсөн ямар нэг зүйл болоогүй. Гэвч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болсон учир нь Эрүүгийн хариуцлагыг тэнсэн болгож өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Учир нь миний бие тэнсэж хянан харгалзах нь ял биш эрүүгийн хариуцлагын нэг төрөл тул эрх зүйн байдал маань дээрдэх боломжтой гэж үзэж байна.

           Иймээс миний гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон хувийн байдлуудыг харгалзаж торгох ялыг өөрчилж аль болох бага хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.

 

           Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оргилболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: А.Эрдэнэбатад эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний бие холбогдсон хэрэгтээ харамсаж байна. Төрд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул торгох ялыг хамгийн бага нэгжээр оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. А.Эрдэнэбатад шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5700 нэгжээр торгох ял оногдуулж, 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон байна. Энэ нь А.Эрдэнэбатын эрх зүйн байдлыг дордуулаагүй. Хэргийн болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч А.Эрдэнэбат нь Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээнд суудлын авто машин худалдан авах тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэн Д.Отгондаваад давуу байдал бий болгон 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн тоёота Ланд-круйзер-100 маркийн 35000000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зах зээлийн ханшнаас хэт дээгүүр буюу 45000000 төгрөгөөр худалдан авсан үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Эрдэнэбатын ...Эрүүгийн хариуцлагыг тэнсэн болгож өөрчилж өгнө үү. Учир нь миний бие тэнсэж хянан харгалзах нь ял биш эрүүгийн хариуцлагын нэг төрөл тул эрх зүйн байдал маань дээрдэх боломжтой гэж үзэж байна. Иймээс миний гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон хувийн байдлуудыг харгалзаж торгох ялыг өөрчилж аль болох бага хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж сонгох санкицтай хуульчилсан.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас улсад учирсан 5500000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн бага ял шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд шүүгдэгч А.Эрдэнэбатын гомдолд дурдсанаар эрүүгийн хариуцлагыг тэнсэн болгож өөрчлөх  боломжгүй гэж үзэв.

            Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Эрдэнэбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                             О.ОДНЯМАА