| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2018/05461/И |
| Дугаар | 1597 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1597
М.Ш нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.М, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэртэй, М.Ш нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн болон зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч О.М, О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ш 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144, 430 дугаар байрны 76 тоот нийт 6 ширхэг орон сууцуудыг тус тус албадан чөлөөлөхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчтай 691 520 000 төгрөгийн төлбөр тооцооны үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс гудамж, 54 тоот хаяг байрлах 550 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөлдөө шилжүүлж авсан бөгөөд улмаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.Э уг үл хөдлөх эд хөрөнгийг 600 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамжинд орших дээрх 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, орон сууц бүрээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Гэтэл хариуцагч Б.Б “Чи миний худалдсан газраар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг арилжиж авсан тул чамд мөнгийг чинь олж өгнө тийм учраас энэ үл хөдлөх хөрөнгүүдийг чинь би авъя” гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл хийж, эдгээр орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулах замаар төлбөр тооцоогоо дуусгана, хэрэв худалдан борлуулахгүй бол орон сууцуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээнэ гэж тохиролцсон. Гэвч хариуцагч Б.Б хугацаандаа худалдан борлуулаагүй, одоо болтол төлбөрийг барагдуулаагүй бөгөөд орон сууцуудыг эзэмшилдээ байлгаж байна. Нэхэмжлэгч М.Ш 2018 оны 11 сард 2 ширхэг орон сууцыг эзэмшилдээ авсан хэдий ч үлдэх 6 ширхэг орон сууцыг эзэмшиж, ашиглаж чадахгүй байсан тул 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал хууль бусаар эзэмшиж байгаа 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны засаг даргаас энэ талаар тодруулахад уг орон сууцуудад оршин суугч бүртгэлгүй гэсэн хариу өгсөн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э-ын тайлбарыг үзвэл тэрээр хариуцагч Б.Б болон М.Ш нар газрыг орон сууцаар солиход хамт байсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, эзэмшлийн газраараа арилжиж олж авсан орон сууцыг хариуцагч Б.Б одоо ашиглаж байна. Талууд төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулснаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т заасан хэлцлийг хожим хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Б.Э болон нэхэмжлэгч М.Ш нарыг арилжаа хийхэд өмнөх гэрээ дуусгавар болсон. Хариуцагч тал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр маргаан гаргаагүй, хуульд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Бид, анх зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргахгүй, төлбөр төлж барагдуулах хэлцлийн дагуу хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг худалдаад зээлийг төлөх ёстой байсан хэдий ч өөрөө үүргээ биелүүлээгүй. Талууд өмнөх үүргийг сольсон тул зээлийн гэрээний харилцаа дууссан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар төлбөр төлж барагдуулах хэлцлийг тодорхой болзол бүхий байгуулсан боловч хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3.-д зааснаар төлбөр төлж барагдуулах хэлцэл нотариатаар орж батлагдсан. Хэлцлээ анзаараагүй хийсэн гэж хариуцагч тайлбарлаж байна. Эрх зүйн чадвартай хүн өөрийн хүслээр нотариатаар гэрээгээ батлуулсан. 2016 оны 01 дүгээр сары 08-ны өдөр хэлцэл хийснээс хойш төлбөр төлсөн гэх баримт хэрэгт байхгүй, төлбөр төлж барагдуулах хэлцэл дээр 49 920 000 төгрөгийн тооцоо байдаг. А.А нэхэмжлэгч М.Ш нөхөр мөн гэдэгтэй маргахгүй, түүний С.М байгуулсан 80 000 000 төгрөгийн зээлийг төлбөр төлж барагдуулах хэлцэлд оруулсан гэж байна. Гэвч хэрэгт С.М, Б. нар хамтарч зээл авсан талаар нотлох баримт байгаагаас гадна хариуцагч тал 80 000 000 төгрөгийг өөрөө төлнө гэж гарын үсэг зурсан. Ийм учраас А.А С.М нарын хооронд хийсэн гэрээний үүргийг харицагч Б.Б төлбөр төлөх хэлцэл хийж үүргийн шилжүүлж авсан гэж хэлж болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 520 000 000 төгрөг гэж бичсэн тул үүнээс хүүгээ бодно. Төлбөр төлж барагдуулах хэлцлийн 3-рт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт үндсэн зээл 520 000 000 төгрөг, хүү 171 520 000 төгрөг, нийт 691 520 000 төгрөг болно, мөн 5-рт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүг хэвээр тооцно гэснээс гадна 774 720 000 төгрөг дээр татвар 9 500 000 төгрөг, нотариатын төлбөр 305 000 төгрөг төлнө, түүнчлэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 000 000 төгрөгийг, мөн 28 000 000 төгрөгийг тус тус нэмж авсан байх тул нийт төлбөр төлж барагдуулах хэлцлийн үнийн дүн 828 525 000 төгрөг болсон. Хариуцагч тал 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд нэг ч төлбөр төлөөгүй, дээрх орон сууцуудыг зах зээлийн үнээр худалдан борлуулах, худалдаагүй тохиолдолд М.Ш өмчлөлд хэвээр үлдээх байсан болзол биелэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэлцлийг хүчин төгөлдөр бус болох талаар өмнө ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй, орон сууцны өмчлөх эрхийг М.Ш шилжүүлэх, өмчлөгчийн талаар маргаж байгаагүй. Төлбөр төлж барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 болон 56.1.8.-д зааснаар сөрөг нэхэмжлэлээ үндэслэсэн, гэвч тус хуулийн 56.1.8.-д заасан шаардлагыг хангахгүй байна. Маргаж буй 6 ширхэг орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас нэхэмжлэгч М.Ш өмчлөх эрхтэй гэж үзнэ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрхийн ямар нэгэн зөрчилгүй байна. Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон. Ийм учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: Би, анх газар барьцаалуулан нэхэмжлэгч М.Ш зээл авсан бөгөөд зээлийн нөхцөлөө сайжруулах зорилгоор Т ХХК-тай ярилцаад нэхэмжлэгчид 8 ширхэг байрыг өгсөн. Сүүлд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн хэлцэл хүртэл хоорондоо ойлголцоод явж байсан хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал, хууль зүйн мэдлэг дутуугаас болоод ийм хэлцэл хийсэн. Орон сууцуудыг түрээслэж ашиг олоогүй, зээлээ тодорхой хэмжээнд төлж байсан, гэхэмжлэгчийн нөхөр А.А мөнгөө нэхэх үед орон сууц өгч байсныг гэрч Ц.Б хэлнэ. Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн нэр дээрх 3,651 м.кв талбайтай газар, 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгийг Т ХХК-нд худалдан борлуулж, төлбөрт 9 ширхэг орон сууц, 1 ширхэг гараж авах хэлцэл хийсэн. Тухайн үед нэхэмжлэгч М.Ш 8 ширхэг орон сууц, гэрч Ц.Б 1 ширхэг орон сууцыг шилжүүлсэн ба гаражийг одоо болтол аваагүй байна. Тус төлбөр төлж барагдуулах хэлцлийг хариуцагч тал авсан зээлээ төлж дуусаад 8 ширхэг орон сууцыг өөрийн нэр дээр буцаан авах баталгаа болгож хийсэн. Гэтэл нэхэмжлэгч зээлийн төлбөрөөс гадна 6 ширхэг орон сууц авахаар нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргах болсон. Хариуцагч Б.Б нийт 440 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд 550 м.кв үл хөлдөх хөрөнгө, 3,651 м.кв газар шилжүүлж өгсөн. Энэ үед зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан учраас Б.Э М.Ш 8 ширхэг орон сууц шилжүүлсэн ба үүнээс 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид зээлийн төлбөрт тооцож өгөөд гэрч Ц.Б нэр дээрх болон С.М нэр дээрх нийт 3 ширхэг орон сууцыг худалдаад төлбөрийг нь нэхэмжлэгчид өгсөн. Гэрээнд зааснаар нийт 49 920 000 төгрөгийг зээлд төлсөн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр төлж барагдуулах хэлцэл дээр нэхэмжлэгч М.Ш нөхөр А.А С.М нарын хооронд хийсэн 80 000 000 төгрөгийн зээлийг оруулж тооцоод нийт 520 000 000 төгрөг болгосон. Гэвч уг 80 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б хамааруулах ёсгүй. Зээлийн гэрээгээр тохирсон хугацаанаас хэтрүүлж хүү тооцсон ба хариуцагчид хохиролтой байгаа тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсанаар 8 ширхэг орон сууцнаас 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөө хүлээн зөвшөөрч, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Би, С.М хамт зээл авч, нэхэмжлэгчийн нөхөр А.А С.М нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг орон сууцыг зээлийн төлбөрт өгсөн. Эдгээр байрны үнэ нийт 160 000 000 төгрөг бөгөөд гэрч Ц.Б нэр дээрх 3 өрөө орон сууцыг худалдаж, төлбөрийг нь нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс С.М үүргийг Б.Б шилжүүлсэн гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 65, 66, 67 дугаар талд орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээгээр 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 80 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн этгээд бол хариуцагч биш гэдгийг нотолно. Талууд анхнаасаа барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн гэдгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 39 байрны 67 тоотод орших 55 м.кв, 66 тоотод орших 48 м.кв талбайтай орон сууцыг тус бүр 40 000 000 төгрөгөөр А.А худалдсан гэдгээр нотолж болно. С.М зээлийг бид нар хариуцах ёсгүй, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд л зээлийн хүү тооцох ёстой болохоос 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бодох ёсгүй. Ийм учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг 49 921 000 төгрөгийг гэрч Ц.Б байрыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр худалдаад нэхэмжлэгч М.Ш төлбөрт тооцож өгсөн. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийхдээ 49 921 000 төгрөгийг хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Төлбөрөө төлж байгаагүй гэж тайлбарлаж байна, гэтэл хариуцагч тал газраа зараад авсан 8 ширхэг орон сууцыг зээлээ төлөөд буцааж авах гэж байсан. Гэвч үүнээс өмнө 3 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид өгсөн учраас одоо үлдэх 6 ширхэг орон сууцыг буцаан авах нь зүйтэй. Иргэний хуулийн 56.1.8.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Б.Б эзэмшлийн газрыг захиран зарцуулах эрх нэхэмжлэгч М.Ш нэр дээр шилжээгүй байсан гэдэг нь гуравдагч этгээдтэй гэрээ хийж байхад харагддаг. Хариуцагч тал өөрөө худалдан авагчийг олсон, хэдийгээр эдгээр орон сууцыг нэхэмжлэгч М.Ш нэр дээр шилжүүлсэн боловч захиран зарцуулах эрхийг хариуцагч Б.Б мэднэ. Өөрөөр хэлбэл, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн хэлцэл дээр 9 ширхэг орон сууцны нэгийг гэрч Ц.Б нэр дээр шилжүүлсэн. Гэрч мэдүүлэгтээ хариуцагч Б.Б байр гэж тайлбарласан. Хэрэв нэхэмжлэгч М.Ш нь тухайн орон сууцуудыг бүрэн захиран зарцуулах эрхтэй байсан бол гэрчийн нэр дээр шилжүүлэх шаардлага байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага бол 6 ширхэг орон сууцыг чөлөөлүүлэх болохоос зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох талаар биш. Голомт банк ХХК-ийн дансын хуулга дээр 2 ширхэг байрны үнэ гэж оруулсан баримт бий. Нийт 520 000 000 төгрөгийн зээл гэж тооцох нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байна. Маргаж буй 6 ширхэг орон сууц бий болох хөрөнгийн үүсвэр нь хариуцагч Б.Б өмчлөлийн 550 м.кв талбайтай үл хөдлөх, 3 651 м.кв талбайтай газар байсан. Иймд, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Б Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт байрлах орон сууцуудыг чөлөөлөхийг даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5.-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Б гаргасан нэхэмжлэгч М.Ш холбогдох 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 56.1, 60 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 287 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 421 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд шүүх зохигчдын хооронд анх зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 440 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож уг гэрээг байгуулсан, худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзсэн атлаа тухайн эрх зүйн дүгнэлтээ зохигчдын маргааны зүйл болоогүй, гуравдагч этгээд болох Б.Э М.Ш олж авсан газар өмчлөх эрхэд хамааруулан Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн. Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан "Төлбөр төлж барагдуулах тухай" хэлцлийг илт үндэслэлгүй, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласнаар хариуцагчийн эрхийг дордуулж, хэргийн үйл баримт болон бодит байдлыг нотлох баримтыг үндэслэн тогтоох, маргааны зүйлийг тогтоох ажиллагааг хуулийн дагуу явуулж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Тухайлбал, дээрх төлбөр барагдуулах тухай хэлцэл нь зээлийн гэрээний үүргийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж өмнөх эрх зүйн дүгнэлттэйгээ зөрчилдсөн, хэлцлийн агуулгыг илтэд буруугаар гуйвуулан тайлбарласан байна. Энэхүү хэлцлийн агуулгаас үзвэл “Б.Б нь авсан зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд хэлцэлд заасан нэр бүхий орон сууцны өмчлөх эрх М.Ш хэвээр үлдэхээр заасан нь эсрэг тохиолдолд буюу хэрэв Б.Б нь зээлээ буцаан төлөх тохиолдолд тухайн орон сууцнуудын өмчлөх эрх Б.Б М.Ш шилжинэ” гэсэн агуулгаар тайлбарлагдах юм. Хэрэв шүүхийн дүгнэснээр зээлийн гэрээний харилцааг талууд төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулснаар дуусгавар болгосон гэж үзвэл зээлдэгч Б.Б нь зээл, зээлийн хүүг хэзээ хэрхэн төлөх талаар энэхүү хэлцэлд тусгах ёсгүй. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагад албадан чөлөөлүүлэхээр дурдагдсан 6 орон сууцыг хариуцагч Б.Б эзэмшдэг эсэх, хэрэв орон сууцыг бүгдийг эзэмшдэг бол түүний эзэмшил нь хууль ёсны эсхүл хууль бус эсэх зэрэг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг хэрэглэхэд зайлшгүй тогтоох шаардлагатай нэг урьдчилсан нөхцөлийг шүүх тогтоохгүйгээр зөвхөн нэхэмжлэгч тухайн 6 орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн З8.6 дахь хэсэгт заасан хариуцагчийн эрхийг хязгаарлан гэрч асуулгах, зээлийн төлбөрт өгсөн орон сууцнуудын зах зээлийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгох, лавлагаа гаргуулах зэрэг хүсэлт гаргасныг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байсан атлаа М.Ш зээлийн төлбөрт орон сууц өгсөн болохоо хариуцагчийг нотлоогүй гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн аль алинд нь хангагдах хууль зүйн үндэслэлтэй болохыг тогтооход хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хэзээ, хэрхэн, яаж гүйцэтгэсэн болохыг тогтоох нь чухал ач холбогдолтой тул шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэх талаар хариуцагчаас тодорхой хүсэлтүүдийг гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, зохигч аль нэг тал хэн ч хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачилгаараа Н.Э гэгчийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Мөн гуравдагч этгээд Н.Э тайлбарыг шүүх хуралдаанд хэлэлцээгүй. Шүүх "Тодруулбал, нэхэмжлэгч М.Ш 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 320 000 000 төгрөг, мөн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 120 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б өгснөөс гадна 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 80 000 000 төгрөгийг нэмж өгч , үндсэн зээлийн дүн нийт 520 000 000 төгрөг болсон бөгөөд хариуцагч тал зээлийн хүүнд 221 440 000 төгрөг төлөх ёстойгоор 49 920 000 төгрөгийг төлсөн байна." гэж А.А С.М нарын хооронд байгуулсан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Б гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. С.Мягмаржавын үүргийг Б.Болдбаатар хүлээхгүй. Мөн А.А нь С.М 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг нэхэмжлэгч М.Ш шилжүүлээгүй байхад шүүх гэрээний үүргийг хариуцагч Б.Б хариуцахаар дүгнэсэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч М.Ш нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хүннүгийн гудамж 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144, 430 дугаар байрны 76 тоот нийт 6 ширхэг орон сууцуудыг тус тус албадан чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 427 дугаар байрны 58, 428 дугаар байрны 129, 134, 139, 144 тоот, 430 дугаар байрны 76 тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ./хэргийн 1-3, 75-76, 106-107, 234-235 дугаар тал/
Зохигчдын хооронд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 320 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэмж 120 000 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нийт 440 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ.
Түүнчлэн, А.А, С.М нар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 80 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулж, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдөр 55.42, 48.01 м.кв талбайтай орон сууцуудыг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ./1хх 239-241 дүгээр тал/.
Гэтэл шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан үндсэн зээлийн хэмжээг 520 000 000 төгрөг гэж тооцсон байх боловч, дээрх 440 000 000 төгрөгөөс гадна 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа тэдгээрийн хооронд хэдийд үүссэн болохыг тодруулаагүй нь буруу болжээ. Үүнийг тодруулахаар хариуцагчийн өмгөөлөгч О.М2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б С.М, А.А, Э.Б нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг, уг маргаанд хамааралгүй гэх үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2019/04017 тоот шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, С.М, А.А нарын хооронд байгуулагдсан 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс тусдаа зохигчдын хооронд 80 000 000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтооход дээрх хүмүүсийг гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангах нь ач холбогдолтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01933 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 420 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
С.ЭНХТӨР