Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 116/ШШ2023/0027

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                 Нэхэмжлэгч: , “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                 Хариуцагч: Дорнод аймаг дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргалд холбогдуулан гаргасан,

              Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод  аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Галсан, түүний өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагч Л.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргал нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг үндэслэн 2023.04.14-ний өдрийн 0091876 тоот шийтгэлийн хуудсаар “Үлэмж Хүч Транс” ХХК-д шийтгэл оногдуулсан. Уг шийтгэх хуудасны 1 дэх хэсэгт “...торгох, 1000000 төгрөг” гэж бичиж, 12 шил архийг хурааж авсан. Дээр дурдсан шийтгэлийг эс зөвшөөрч миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023.04.14-ний өдрийн 0091876 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шийтгэх хуудаст зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг үндэслэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримт байхгүй байхад надад шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Гэтэл уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ тухайн архи нь хууль бус ямар аргаар нэвтэрсэн гэдгийг шалган тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

            Миний бие нь тухайн 12 литр буюу 12 шил архины эх үүсвэрийн талаар зөвшөөрсөн хэмжээнд нь цуг явж байсан хүмүүсийн тоог хэлж үнэн зөв мэдүүлж архийг би авсан талаараа мэдүүлсэн атал “Үлэмж Хүч Транс” ХХК-нд холбогдуулан ямар ч үндэслэлгүйгээр компанийн нэрээр шийтгүүлсэндээ гомдолтой байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 “...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, ...хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тодорхой зохицуулсан. Гэтэл шийтгэлийн хуудсын 2 дахь заалтад оногдуулсан шийдвэрийг тодорхой тусгасан байх байтал огт тусгаагүй.

                Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

               а/ Гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргал нь тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. Шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1-р зүйлийн 2.3-д заасны дагуу шалгах боломжтой байна” гэсэн үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-р зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан байтал 6.6-р зүйлийн аль заалт, хэсгийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээ огт тусгаагүй. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг шалгуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт зарчмууд хэрэгждэг. Гэтэл энэ ажиллагаануудыг огт хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            б/ Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааснаар Эд зүйл баримт бичиг хураан авах талаар зохицуулалт тусгагдсан бөгөөд 6 дахь хэсэгт “Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна” гэж заасан бөгөөд тухайн ажиллагаанд өөр хүн байлцуулаагүй мөн эд зүйл хураан авсан тэмдэглэлээ надад огт өгөөгүй.

             Дээрхи зөрчлийн тухай хуулийг зөрчиж буруу хэрэглэн, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх журмыг зөрчиж “Үлэмж хүч Транс” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “Үлэмж хүч транс” ХХК-ийг буруутгасан байдаг. 12 шил архийг хураан авч 1000000 төгрөгөөр торгосон нь хууль бус гэж үзэж байна. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий баримт байхгүй байхад тухайн шийтгэлийг оногдуулсан. Тарифийн дагуу барааг оруулахыг завдсан байдаг. Үнийг гаргуулах, эсвэл 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Эрх бүхий этгээд хуулийг хэрэглэхдээ хууль зүйн үндэслэлтэй тохирч байх шаардлагыг хангасан байх ёстой. Тухайн барааг нуун дарагдуулсан ямар үйлдэл байгааг ойлгохгүй байна. Шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. 12 шил архины эх үүсвэрийн талаар лавлах ёстой байсан. Зөвшөөрсөн хэмжээнд архийг авч гарч байгаа талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр компанийн нэрээр шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Хураан авсан битүүмжилсэн эд зүйлсийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж миний зүгээс үзэж байна. Гаалийн улсын байцаагч нь тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх талаар нарийвчлан зааж өгсөн байдаг. Хуульд нийцэж ажиллагааг явуулах ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Эд зүйл баримт бичиг хураан авсан байгаа. Тухайн ажиллагаанд өөр хүн байгаагүй. Эд зүйл хураан авсан тэмдэглэлийг миний үйлчлүүлэгчид өгөөгүй. “Үлэмж хүч транс” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах саналыг гаргаж байна гэв.

             Хариуцагч Л.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийж, тухайн архийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж, гаалийн мэдүүлэгт бичилгүй, согтууруулах ундаа импортолж экспортлох нэр заагдаагүй боомтоор улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэн тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцсон. Гаалийн шалгалт хийгдээгүй тээврийн хэрэгслээс хяналт шалгалт хийгдсэн тээврийн хэрэгсэл рүү эд зүйлийг гаалийн улсын байцаагчийн зөвшөөрөлгүйгээр зөөх үйлдэл нь “гаалийн хяналт шалгалтаас нуун далдлах” идэвхитэй үйлдэл гэж үзэж байна. Мөн “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсангийн хилийн гаалийн байгууллагад гаргаж өгсөн 06-2211022-23-Е30000 дугаартай гаалийн мэдүүлэгт уг архины талаар мэдүүлсэн зүйл байхгүй, гаалийн хяналт шалгалт эхлэхээс өмнө гаалийн улсын байцаагчид амаар болон бичгээр мэдүүлсэн зүйл байхгүй байгаа нь холбогдогч, гэрч нарын мэдүүлгээр тодорхой харагдаж байгаа. Уг 12 шил архийг улсын хилээр зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6.5 дугаар зүйлийн 12-т заасныг тус тус зөрчсөн. Д.Галсан нь гаалийн харилцаанд оролцохдоо “Үлэмж хүч транс” ХХК-ийг төлөөлж, зөвхөн тус компанийн нэр дээр хийгдсэн гаалийн мэдүүлэг болон бичиг баримтыг гаргаж, гаалийн мэдүүлгүүдэд холбогдох барааг улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад хандсан бөгөөд зорчигчийн гаалийн мэдүүлгийн хуудсыг иргэн Д.Галсан гэсэн хувийн мэдээллээр мэдүүлж, гаалийн байгууллагад хандаагүй. Мөн 12 шил архийг “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, гаалийн мэдүүлэгт бичигдсэн 27-10 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хийж улсын хил нэвтрүүлсэн тул хуулийн этгээдэд холбогдуулж зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Зорчигчийн хувийн хэрэглээг гаалийн хилээр нэвтрүүлэхээр бол өөр журмаар шийдвэрлэдэг. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлээс давсан тоо хэмжээ байсан. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 225, 226, 230 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Улсын ерөнхий прокурорын 2021.06.18-ны өдрийн А/77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ЗХБ-22 маягтаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг бичсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК нь тус шүүхэд Дорнод аймаг дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргалд холбогдуулан “Дорнод аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

         Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...  тухайн үйл баримт нь хууль зүйн үндэслэлтэйгээ тохирч байх зарчим байдаг. Гэтэл уг зөрчлийг шалган шийдвэрлэхдээ тухайн архи нь хууль бус ямар аргаар нэвтэрсэн гэдгийг шалган тогтоогоогүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох баримтаар нотлогдоогүй байхад шийтгэл оногдуулсан нь хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Миний бие нь тухайн 12 литр буюу 12 шил архины эх үүсвэрийн талаар зөвшөөрсөн хэмжээнд нь цуг явж байсан хүмүүсийн тоог хэлж үнэн зөв мэдүүлж архийг би авсан талаараа мэдүүлсэн атал “Үлэмж Хүч Транс” ХХК-нд холбогдуулан ямар ч үндэслэлгүйгээр компанийн нэрээр шийтгүүлсэндээ гомдолтой байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 “...зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, ...хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тодорхой зохицуулсан. Гэтэл шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад оногдуулсан шийдвэрийг тодорхой тусгасан байх байтал огт тусгаагүй. Гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргал нь тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй ...”  гэж маргадаг.

            Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...  “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсангийн хилийн гаалийн байгууллагад гаргаж өгсөн 06-2211022-23-Е30000 дугаартай гаалийн мэдүүлэгт уг архины талаар мэдүүлсэн зүйл байхгүй, гаалийн хяналт шалгалт эхлэхээс өмнө гаалийн улсын байцаагчид амаар болон бичгээр мэдүүлсэн зүйл байхгүй байгаа нь холбогдогч, гэрч нарын мэдүүлгээр тодорхой харагдаж байгаа. Уг 12 шил архийг улсын хилээр зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1, 1.3, 6.5 дугаар зүйлийн 12-т заасныг тус тус зөрчсөн. Д.Галсан нь гаалийн харилцаанд оролцохдоо “Үлэмж хүч транс” ХХК-ийг төлөөлж, зөвхөн тус компанийн нэр дээр хийгдсэн гаалийн мэдүүлэг болон бичиг баримтыг гаргаж, гаалийн мэдүүлгүүдэд холбогдох барааг улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад хандсан бөгөөд зорчигчийн гаалийн мэдүүлгийн хуудсыг иргэн Д.Галсан гэсэн хувийн мэдээллээр мэдүүлж, гаалийн байгууллагад хандаагүй. Мөн 12 шил архийг “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, гаалийн мэдүүлэгт бичигдсэн 27-10 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хийж улсын хил нэвтрүүлсэн тул хуулийн этгээдэд холбогдуулж зөрчлийг шалган шийдвэрлэсэн. Зорчигчийн хувийн хэрэглээг гаалийн хилээр нэвтрүүлэхээр бол өөр журмаар шийдвэрлэдэг. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлээс давсан тоо хэмжээ байсан. Энэ талаар Гаалийн тухай хуулийн 225, 226, 230 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1, Архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй гэж заасан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Улсын ерөнхий прокурорын 2021.06.18-ны өдрийн А/77 дугаар тушаалын хамвсралтаар батлагдсан ЗХБ-22 маягтаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг бичсэн ... ” гэж тайлбарладаг.

              “Үлэмж транс” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсэн байгуулагдаж, гадаад, дотоод худалдаа, хот хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 3371077 регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 0000096320 дугаар гэрчилгээтэй аж ахуйн нэгж юм.[1]

              Анх Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Мягмаржаваас 3371077 регистрийн дугаартай “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсан нь 2710 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, 06-2211022-23-Е30000 дугаарын мэдүүлэгтэй ачааг Дорнод аймгийн Эрээнцав боомтын гарах чиглэлээр улсын хил нэвтрүүлэхдээ тарифын бус хязгаарлалттай бараа болох 1 литрийн савлагаатай “Koskenkorva” хэмээх 12 шил архийг улсын хилээр нэвтрүүлсэн зөрчлийг илрүүлж, холбогдох албан тушаалтанд мэдээлжээ.

           Энэхүү зөрчлийг  Дорнод аймаг дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргал  шалгаад 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсаар[2] ...”Үлэмж хүч транс” ХХК-ийг “тарифын бус хязгаарлалттай бараа болох 1 литрийн савлагаатай “Koskenkorva” хэмээх 12 шил архийг улсын хилээр нэвтрүүлсэн” зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1 000 000 төгрөгөөр торгож, 12 шил архийг хураах шийтгэл ногдуулсан. Энэхүү зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд холбогдох хууль, журмыг зөрчөөгүй байна.

               Нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК нь  Дорнод аймаг дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргалын  2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Гаалийн газрын даргад ханджээ.

               Хариуцагчаас, “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсан нь ... зөвхөн тус компанийн нэр дээр хийгдсэн гаалийн мэдүүлэг болон бичиг баримтыг гаргаж, гаалийн мэдүүлгүүдэд холбогдох барааг улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн байгууллагад хандсан бөгөөд зорчигчийн гаалийн мэдүүлгийн хуудсыг иргэн Д.Галсан гэсэн хувийн мэдээллээр мэдүүлж, гаалийн байгууллагад хандаагүй. Мөн 12 шил архийг “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, гаалийн мэдүүлэгт бичигдсэн 27-10 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хийж улсын хил нэвтрүүлсэн тул хуулийн этгээдэд холбогдуулж зөрчлийг шалган шийдвэрлэсэн гэж мэдүүлж байгаа нь үндэслэлтэй бөгөөд энэ нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтууд[3] болон гэрч Д.Мягмаржав, жолооч С.Мөнхтулгын тайлбар, эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

             Өөрөөр хэлбэл “Үлэмж хүч транс” ХХК-ийн захирал Д.Галсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1-д “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон”, 11.21 дүгээр зүйлийн 1.3-д “гаалийн шалгалтаас нуун далдалсан”, 6.5 дугаар зүйлийн 12-д “согтууруулах ундааг импортлох, экспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журам зөрчсөн” гэх хуулийн заалтуудыг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

                 “Үлэмж хүч транс” ХХК-ийн  захирал Д.Галсан нь 1 литрийн савлагаатай “Koskenkorva” хэмээх 12 шил архийг гаалийн мэдүүлэгт тусгалгүй өөрийн  “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, гаалийн мэдүүлэгт бичигдсэн 27-10 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хийж улсын хил нэвтрүүлсэн нь дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

           Мөн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн  А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-д “ Архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй”, Гаалийн ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/83 тоот тушаалын 1-д “Согтууруулах ундааг Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа” боомтоор тус тус нэвтрүүлэх журмыг тус тус зөрчсөн байна.

                 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани нь “Үлэмж хүч транс” ХХК бус “Үлэмж транс” ХХК гэсэн компанийн тамга тэмдэгтэй байгааг дурдах нь зүйтэй бөгөөд  энэ нь Дорнод аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

               Мөн нэхэмжлэгч Д.Галсан нь тус шүүхэд “Үлэмж хүч транс” ХХК-ийн нэрээр “Үлэмж транс” ХХК-ийн албан ёсны тамгыг ашиглаж нэхэмжлэл болон албан бичгээр хүсэлт гаргасан нь холбогдох хууль, дүрмийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК-ийн, Дорнод аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

                  1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11, 11.21 дүгээр зүйлийн 1.1, 11.21 дүгээр зүйлийн 1.3, 6.5 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК-ийн, Дорнод аймаг дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Л.Отгонжаргалд холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0091876 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Үлэмж хүч транс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

               

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 19-37-р хуудас