Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/18

 

Э.Авирмидэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Саруул-Ирээдүй, хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, шүүгдэгч Э.Авирмид, нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Э.Авирмидэд холбогдох 2122000660059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Буянт гэх газар оршин суух хаягтай /одоо Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн Хайрхан гэх газарт нутаглаж байгаа/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Пунцаг овогт Эрдэнэчимэгийн Авирмид регистрийн дугаар: /3И86041403/.

Шүүгдэгч Э.Авирмид нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2021 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Хүрэн толгой” гэх газарт байх иргэн Д.Мөнх-Эрдэний эзэмшлийн монгол гэрт бусадтай нийлж архидан согтуурах үедээ төрсөн ах Д.Мөнх-Эрдэнийг цохилоо гэж өмөөрч, хохирогч Г.Улаанхүүгийн биед халдаж, нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Г.Наранцэцэгийг төрсөн ах Д.Мөнх-Эрдэнийг цохилоо гэх шалтгаанаар биед нь халдаж, гараараа нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, зүүн нүдний алимны салстын цус хуралт бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Авирмидийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Шүүгдэгч Пунцаг овогт Эрдэнэчимэгийн Авирмидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Э.Авирмидэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Авирмид нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Авирмид нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Авирмидээс 34.620 төгрөг гаргуулж хохирогч Г.Улаанхүүд олгож, хохирогчийн гэм хорын нэхэмжлэлээс 113.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.587.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж хохирогч хэлзлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, Шүүгдэгч Э.Авирмид нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Г.Наранцэцэгт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Авирмидэд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 21-ний 2021/ШШТ/54 дүгээртэй шийтгэх тогтоолоор Э.Авирмидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй боловч хохирогч Г.Улаанхүүгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт: “ ... хохирогч Г.Улаанхүүгийн гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаас ... 113.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. Мөн хохирогч Г.Улаанхүүгийн эмчилгээний зардал 1.587.000 төгрөг гэх Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн санхүүгийн баримтад төлбөр төлөгчийн нэрийг Ч.Авирмэд гэж бичсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар Эрдэнэчимэгийн Авирмидэд холбогдох хэргийг хянан хэлэлцсэн, өөрөөр хэлбэл овог, нэр зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Э.Авирмидээс дээрх төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байх тул хэлэлцэхгүй орхиж ...” шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь:

                 1.Хохирогч Г.Улаанхүү нь 2021 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө Э.Авирмидэд толгой нүүр хэсэгтээ цохиулж зодуулсан байдаг. Ингээд 2021.03.09-ний өдөр Өлзийт сумын эмчид үзүүлээд, 03 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхэд “Тархины битүү гэмтэл, тархи доргилт, нүүрний олон өнгөц зулгарсан” шарх онош тавьж яаралтай хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн боловч “ эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байна” гэж картандаа гарын үсэг зураад явсан бөгөөд тэр оройноо ухаан алдаж түргэн дуудаж, өрхийн эмчид үзүүлээд Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 2021.03.12-ноос 22-ны хооронд 10 хоног “ Тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархи доргилт” оношоор хэвтэн эмчлүүлсэн байдаг. Хавтаст хэргийн материалд 2021.03.12-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, Өвчтөний түүх, Эрүүл мэндийн карт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг баримтуудад гэмтсэн шалтгааныг “2021 03.09-нд Авирмид гэх хүнд зодуулсан” гэж бичсэн бөгөөд үүний улмаас дээрх оношоор эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Хавтаст хэргийн 76-р талд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ганбатын Улаанхүүгийн эмчилгээний зардал 1.587.000 төгрөгийг нэхэмжилсэн” нэхэмжлэх авагдсан байна. Энэхүү нэхэмжлэхэд төлөгчийн нэрийг Ч.Авирмэд гэж бичсэнийг овог, нэр зөрүүтэй гэдэг үндэслэлээр нотлох баримтаар үнэлж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй юм. Хохирогч Г.Улаанхүү нь Авирмидэд зодуулсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шалтгаант холбоотой байхад эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн эмчилгээний төлбөрийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хохирогч Г.Улаанхүүгийн эмнэлгээс гарсны дараа эмчийн бичиж өгсний дагуу 2021,03.26-ны өдөр “Өсгө жирэм” ХХК-иас эм худалдан авсан 50.000 төгрөгийн баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймээс шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад хохирогч Г.Улаанхүү нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна. Мөн хэрэглэсэн эмийн зардал 309452 төгрөг гэж бичигдсэн байхад эмнэлгийн төлбөрт 1500000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж /шүүх хуралдааны тэмдэглэлийн 7-р талд/ мэтгэлцсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас, өвчтөний түүх, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтад хохирогч Г.Улаанхүү нь “ Э.Авирмид гэх хүнд зодуулсан”-ы улмаас "тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины доргилт “ оношоор хэвтэн эмчлүүлж, яаралтай хийх эмчилгээ тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах, гэмтлийн дараах эмчилгээ хийлгэсэн болох нь Өвчний түүхэд тодорхой бичигдсэн байхад шалтгаант холбоогүй гэж үзэх боломжгүй. Нөгөө талаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардалд хэрэглэсэн эмний зардал 309.452 төгрөг, 10 хоног хэвтэн эмчлүүлсний ор хоногийн мөнгө нийлээд 1.587.000 төгрөг болж байгаа болно. Энэ зардлыг эмнэлгийн нэхэмжлэхийг үгүйсгэх боломжгүй юм.

3. Хохирогч Г.Улаанхүүгийн биеийн байдал эрс сайжирсан зүйл огт байхгүй. Гэмтлийн эмчээс цаашид нарийн мэргэжлийн компьютер томографид оношлуулахыг зөвлөсөн боловч COVID цар тахлын нөхцөл байдал, мөн эмчилгээний зардалгүйн улмаас Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлж чадахгүй, өнөөдрийг хүртэл өвчтэй, зовиуртай хэвээр байгаа болно. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.03.15-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Г.Улаанхүүгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн байдаг. Ингэж дүгнэхдээ 2021.03.09-ний өдрийн сумын эмчийн үзлэг, шинжээч эмчийн 2021.03.11-ний өдрийн үзлэг, гэмтлийн эмчийн 2021.03.11-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргасан байна. Хохирогч Г.Улаанхүүгийн биед, тархинд учирсан гэмтэл нь эмнэл зүйн ямар шинжээрээ тархи доргилт гэж оношлогдож байгаа нь тодорхойгүй, шинжилгээний бодит үр дүнг тусгасан эсэх нь эргэлзээтэй байна.

           Яагаад гэвэл шинжээч эмчид үзүүлснийхээ орой нь хохирогч Г.Улаанхүү ухаан алдаж, таталт өгч, түргэн дуудаж, маргааш нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Пүрэвдорж нь хохирогч Г.Улаанхүүгийн биед үзлэг хийгээд "Тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархи доргилт” гэж оношлон эмчилсэн байхад шинжээчийн дүгнэлтэд тархины битүү гэмтлийг хэрхэн авч үзэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Тархины доргилт, тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа өөр гэмтэл. 2021.03.11-ний өдөр гэмтлийн эмч Пүрэвдорж хохирогч Г.Улаанхүүг үзээд ’’тархины битүү гэмтэл” гэж оношилсон байхад шинжээч эмч Дунгаамаа үүнийг тусгай мэдлэгийн хүрээнд юу гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй орхигдсон байна. Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.

Иймээс Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиин 2021 оны 05 сарын 21-ний 2021/ШШТ/54 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Авирмидээс хохирогч Г.Улаанхүүгийн эмчилгээний болон эм тарианы зардлыг бүрэн гаргуулж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Г.Улаанхүү гэдэг хүн 2021 оны 03 сарын 08,09-ны үед Э.Авирмидэд зодуулсны улмаас эрүүл мэндийн хувьд маш их хохирсон. Г.Улаанхүүгийн хувьд бичиг үсэг мэдэхгүй, хар бор ажил хийж, айлын мал маллаж, айлд ямаа самнах мэтээр орлогын эх үүсвэрээ бүрдүүлж амьдардаг хүн. Хүнд зодуулснаасаа хойш өнөөдрийг хүртэл хугацаанд, байнгын тархи өвддөг ийм байдалтайгаар орлого ч олж чадахгүй ийм хүн байдаг. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой эмнэлгийн төлбөр 1587000 төгрөгийг Г.Улаанхүүд Э.Авирмидийн зүгээс дансаар төлсөн мөн шүүхийн шийдвэрээр төлөхөөр гарсан 34626 төгрөгийг мөн Г.Улаанхүүд бэлнээр өгсөн байна. Миний үйлчлүүлэгч дээрх хохирлыг хүлээн авлаа гэж хэлсэн байгаа. Тийм учраас гомдолд гаргасан хохирлууд төлөгдсөн. Хавтас хэргийн 79-р хуудсанд авагдсан Өсөх жирэм ХХК-аас 50,000 төгрөгөөр эм тариа худалдаж авсан баримттай холбоотой хохирол төлөгдөөгүй байгаа. Энэ үндэслэлийг бол дэмжиж оролцож байгаа. Г.Улаанхүү хөнгөн гэмтэл авсан гэдэг дээр эргэлзээ төрдөг, одоо бол биеийн байдал нь сайнгүй байгаа. 07 дугаар сард давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш дүрс оношилгооны шинжилгээнд орж ирсэн. Биеийн байдал тийм ч сайнгүй тархины хавантай гэсэн хариу ирсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. Өөр тайлбаргүй гэв.

 

Шүүгдэгч Э.Авирмид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1587000 төгрөгийн хохирлоо төлсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Улаанхүүгийн биед халдаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт холбогдсон байгаа. Гэм буруугийн тал дээр ямар ч маргаан байхгүй. Холбогдсон хэрэгт гэм буруугаа ухаарч гэмшиж байгаа тул анхан шатны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хохирлын нотлох баримт шаардлага хангахгүй байна гэсэн маргаантай орж байсан. Анхан шатны шүүх 1587000 төгрөгийн хохирлын баримтыг хэлэлцэхгүй орхиж, 101000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Манай үйлчлүүлэгч сайн дураараа давж заалдах шатан дээр хохирлын төлбөр болох 1587000 төгрөгийг төлсөн байдаг. Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөл үзүүлэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй байгаа тул өршөөлд хамруулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Авирмидэд холбогдох хэрэгт томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Э.Авирмидэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Авирмид нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн хохирлоо бүрэн төлсөн байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох шийдвэрийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  өөрчлөлд оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу Эрдэнэчимэгийн Авирмидэд холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэв. Э.Авирмид нь Г.Наранцэцэг, Г.Улаанхүү нарын биед хүндрүүлэх шалтгаантайгаар халдаж санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон байх ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож шийтгэжээ.

           Шүүхийн 2021/ШЦТ/54 тоот шийтгэх тогтоолыг өмгөөлөгч давж заалдсан ба гомдлын гол үндэслэл нь эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах арга хэмжээ аваагүй гэж гомджээ. Шүүхээс хохирлын талаар жичдээ нэхэмжлэхээр хэлэлцэхгүй орхисон байх ба давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд Э.Авирмидийн зүгээс 1587000 төгрөгийг хохирогчид төлжээ. Үүнийг ч хариуцагч тал зөвшөөрөн хүлээснээ шүүх хурал дээр тодорхойлжээ.

            Шүүгдэгчээс хохирогчийн гомдолд дурдсан хохирлыг арилгасан байдал болон шүүгдэгч Э.Авирмидийн холбогдсон хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд хамаарч байх тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэх заалтыг хэрэглэн дээрх шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Авирмидэд өршөөлд хамрагдах боломж олгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/54 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Авирмидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  
  2. Шийтгэх тогтоолын 3,4 дүгээр заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Шүүгдэгч Э.Авирмид нь хохирогч Г.Улаанхүүд хохирлын төлбөр 1587000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                      Н.НАСАНЖАРГАЛ