| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/03677/И |
| Дугаар | 184/ШШ2024/00699 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/00699
| 2024 оны өдөр | 2 сар 2 р 184/ШШ2024/00699 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн вагча. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2-р байр, 3 давхар Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн авагчийн ажлын алба
Хариуцагч: Боржигон овогт Цэгмэдийн Алтансүх /РД: ЧЙ64081978/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 9-58 байр, 36 тоот
Хариуцагч: Бөхчүүд овогт Луутарын Бат-Эрдэнэ /РД: Бат-Эрдэнэ/ Хаяг: Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Буянт-Ухаа, 23-р гудамж, 7 тоот
Гэм хорын хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, иргэдийн төлөөлөгч Н.Буянжаргал, С.Майнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим актив пассив хөрөнгийн шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай Албадан татан буулгах тухай тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банканд шилжүүлж, Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд иргэн Ц.Алтансүхийн нэр дээр бүртгэлтэй чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иргэн Ц.Алтансүх нь Монгол шуудан банкнаас 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 07/87 дугаартай Зээлийн гэрээ, 07/87 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 7,500,000 төгрөгийг сарын 2.6 хувийн, жилийн 31.2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэн авч ашигласан. Зээлдэгч Ц.Алтансүх нь хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан хэргээр шалгагдаж байсан. Монгол шуудан банкны салбар тооцооны төвүүдээс 2005 оноос 2018 оны хооронд нэр бүхий иргэдээс хуурамч баримт бичиг бүрдүүлэн банкнаас зээл авсан байж болзошгүй тухай мэдээллийг банкнаас Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. Үүнд Ц.Алтансүхэд олгосон зээл багтдаг. Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас 2005 оноос 2018 оны хооронд мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ц.Алтансүхийг Л.Бат-Эрдэнэтэй хамтран орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа, иргэний үнэмлэх зэрэг хуурамчаар үйлдсэн бичиг баримтуудыг ашиглан зээлийн хуурамч материал бүрдүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан арилжааны банкуудаас зээл авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Хамгийн сүүлд прокуророос 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 994 дугаартай яллах дүгнэлт үйлдэж яллагдагч Ц.Алтансүх нь яллагдагч Л.Бат-Эрдэнэтэй бүлэглэн нийт 6 удаагийн үйлдлээр 73,500,00 төгрөг залилсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэхээр тогтоосон. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 1б дугаартай прокурорын тогтоолын 4 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тус зээлийн гэрээний улмаас Хадгаламж банканд учирсан бодит хохирлын хэмжээ 7,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү
Хариуцагч Ц.Алтансүхийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Алтансүх нь 2007 онд тухайн үеийн Монгол шуудан банкнаас 7,500,000 төгрөгийг зээлж, гэрээний дагуу төлөлтийг хийж байсан. 2008 онд хуурамч бичиг баримт үйлдэж банкнаас зээл авсан хэрэгт шалгагдаж эхэлсэн. 2019 онд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийг хүртэл хэрэг шийдвэрлэгдэхгүй байсан шалтгаан нь банкны зүгээс тухайн үед Ц.Алтансүхийн бичиг баримтыг хуурамч гэж үзээгүй. Тухайн үед барьцаатай барьцаалбарын дагуу гэрээ байгуулсан. Зээл төлөлтүүдийг хийж нийт 1,193,300 төгрөгийг төлсөн байгаа нь баримтаас харагддаг. Хэрэгт шалгагдах явцад 5,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг өгнө гэсэн тайлбар хэлдэг. Зээлийн гэрээг нэхэмжлэх эрх байгаа боловч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Мөн эрүүгийн хэргийн тухайд 2008 оноос эхэлж шалгагдаад 2019 онд дууссан.
М.Энхтөр гэх хүн 2021 он хүртэл эрх хүлээн авагчаар томилогдсон байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээгээр М.Энхтөр гэдэг хүн банкны эрх хүлээн авагчийг төлөөлөөд өөртэйгөө гэрээ хийсэн байдаг. Банкны хөрөнгийг Монгол актив удирдлагын хэлтэс рүү шилжүүлэх буюу энэ газраас М.Энхтөрд гаргаж өгсөн итгэмжлэл хавтаст хэрэгт байдаггүй. 2020 он хүртэл М.Энхтөрд итгэмжлэл гарсан боловч үүнээс хойш байхгүй. 2020 онд Монгол банкны захирлын гарын үсэгтэй итгэмжлэл байгаа. М.Энхтөр гэх хүн нь банкны татан буулгахтай холбоотой үүргийг өгсөн 2022 оны итгэмжлэлээс харагддаг. Үүнээс харахад М.Энхтөрд олгогдсон 2017 оны итгэмжлэл дууссан гэж үзэхээр байна. Банк хүлээн авагч итгэмжлэл өгөх байтал, М.Энхтөр өөрөө өөртэйгөө гэрээ хийсэн. Монгол актив удирдлагын хэлтэс нь хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний үүргийг зохицуулах гэрээтэй болохоос шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээд гэдэг нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч нараас тэнцүү гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, зээлийн хүү торгуулиа авч байсан хэсгээ хасаагүй гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 798 дугаар итгэмжлэл, Монголын актив удирдлагын корпорацийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11/21 дугаар итгэмжлэл, 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаар Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А153, А157 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А114 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А116 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А172 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А15 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А214 дугаар тушаалын хуулбар, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А30 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн А28 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А258 дугаар тушаалын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А202 дугаар тушаалын хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 111/2020БЭХА-01/20 дугаар хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, гэрээний хавсралт, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 155/2021БЭХА-03/21 дугаар хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний нэмэлт өөрчлөлт, Активын удирдлага ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол шуудан банкны зээлийн өргөдлийн хуулбар, 2007 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 07/87 дугаар зээл болон барьцааны гэрээний хуулбар, 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гүйлгээ хийх шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1112 дугаар прокурорын тогтоолын хуулбар, 2009 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар Прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаар прокурорын тогтоолын хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 278 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/740 дугаар тогтоолын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/2410 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Балансын гадуурх дансны хуулганы хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-205 дугаар тушаалын хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-205 дугаар тушаалын хуулбар, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А-190 дүгээр тушаалын хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Баянгол дүүргийн Прокурорын газраас 21047084 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан Монгол шуудан банк, Хадгаламж банкиудаас Ц.Алтансүхэд холбогдуулан гаргасан гомдол, хохирол барагдуулах тухай хүсэлт, хэрэг шалгуулах тухай хүсэлт, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол, 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 07/87 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийн баримтууд, Монгол шуудан банкны зээлийн дансны хуулга
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Алтансүхэд холбогдуулан гэм хорын хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Бат-Эрдэнийг хамтран хариуцагчаар татан хариуцагч нараас 7,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Алтансүх нь Монгол шуудан банкнаас 7,500,000 төгрөгийн зээл авсан, зээл авахдаа Л.Бат-Эрдэнэтэй хамтран барьцаа хөрөнгө хуурамч бичиг баримт үйлдэн зээлийн материал бүрдүүлсэн нь гэмт хэрэг болох нь тогтоогдсон гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ зээл авсан нь гэмт хэрэг биш, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлаж байна.
Хадгаламж банк болон Монгол шуудан банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө тэдгээрийг шаардах эрхийг Хадагаламж банкинд шилжүүлсэн, Монголбанкны ерөнхийлөгчийн 203 оны 7 дугаар сарын 12-ны А153 тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А-190 дугаар тушаалаар 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгажээ. /I хх-ийн 7, 10, II хх-ийн 39/
Хариуцагч Ц.Алтансүх нь 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол шуудан банктай 07/87 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201001187 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34а байр, 72 тоот орон сууцыг барьцаалсан байна.
Гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан тухайд хариуцагч Ц.Алтансүх маргадаггүй бөгөөд зээлийн төлбөрт 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2010 оны 12 сарын 10-ны хооронд 3,733,330 төлсөн хэрэгт авагдсан Хадгаламж банк, Монгол шуудан банкны зээлийн дансны хуулга, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол зэрэг баримтаар тогтоогдоно. /II хх-ийн 19-27, 58-61/
Л.Бат-Эрдэнэ, Ц.Алтансүх нар нь бичиг баримт хуурамчаар үйлдэн банкнаас зээл авч залилсан гэх эрүүгийн хэрэгт 2008 оноос эхлэн шалгагдаж Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт үйлдсэн болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн 21047084 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар өөрт учирсан хохирлоо Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Энэхүү тогтоолд эрх хүлээн авагчаас гомдол гаргасныг Баянгол дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болсон байна. /I хх-ийн 58-67/
Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд яллагдагч Л.Бат-Эрдэнэ нь Ц.Алтансүхтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34а байр, 72 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн Монгол шуудан банкнаас 7,500,000 төгрөг залилан авсан тухай дурджээ.
Өөрөөр хэлбэл Ц.Алтансүхийн Монгол шуудан банкнаас авсан зээл нь иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа бус эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Хариуцагч Ц.Алтансүх, Л.Бат-Эрдэнэ нар уг гэмт хэргийг хамтран үйлдсэн тул нэхэмжлэгч хамтран хариуцуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох, шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заажаа.
Хариуцагч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гомдлыг хүлээн татгалзсан 278 дугаартай тогтоол гарснаар дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв.
Нэхэмжлэлийн шаардлага 7,500,000 төгрөгөөс хариуцагч Ц.Алтансүхийн төлсөн 3,733,330 төгрөгийг хасч хариуцагч Ц.Алтансүх, Л.Бат-Эрдэнэ нараас 3,766,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Алтансүх, Л.Бат-Эрдэнэ нараас 3,766,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 3,733,330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 74,683 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Б.ХИШИГБААТАР