Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2023/0022/З |
Дугаар | 116/ШШ2023/0028 |
Огноо | 2023-06-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 116/ШШ2023/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: . тоотод оршин суух, Б.Батжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай...Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүслэн, гуравдагч этгээд Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023.04.28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг худалдаа үйлчилгээний зориулалттай 186м2 газрын дуудлага худалдаанд оролцсон. Энэхүү дуудлага худалдаа нь журмын дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь би энэ өдөр 3 газарт зэрэг дуудлага худалдаанд оролцсон бөгөөд 1-д нь ялагдаж, нөгөө нэг нь 1 оролцогчтой гэж хүчингүй болсон. Харин #2023-13456 дугаартай дуудлага худалдаанд дээд үнийг 6 161 000 төгрөг гэж 15 цаг 04 минут 21 секунтэд өөрийн санал болгох үнийг оруулсан. Үүнээс яг 1 минутын дараа дуудлага худалдааг хаасан. Журам дээр 15 цаг хүртэл энгийн журмаар явна. Үүнээс хойш 1 минут тутамд үнийн саналаа гаргаж оролцоно гэж заасан байсан. Энхболдын хувьд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан байсан. Ингэхдээ миний компютер гацсаны улмаас би 30 секунт хоцорсон гэсэн байсан. Гэхдээ миний үнийн санал гаргасан 1 минутын хугацаа дуусгавар болсон байгаа. Би ялалт байгуулсан гэдэгтээ маш их итгэлтэй байсан учраас гэрээ байгуулахыг 2023.05.12-ыг хүртэл хүлээсэн. Дуудлага худалдааны журмандаа ямар нэгэн асуудал гарвал 3 хоногт хянаж үзээд хариу ирүүлнэ гэж заасан байдаг боловч ирүүлээгүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас баримт ирүүлсэн байсан. Үүн дээр дүгнэлт хийж үзсэн. Тухайн өдөр 15 цаг 04 минутаас хойш 6 дуудлага худалдаа болсон байсан. Үүнээс 3 нь 15 цаг 04 минутаас өмнө дуусгавар болсон байна лээ. 15 цаг 04 минутаас хойш 3 дуудлага худалдаа үргэлжилсэн байдаг. Зөвхөн бид хоёрын газрын асуудал дээр ганц гацалт үүссэн байх боломжгүй юм. Хамгийн удаан нь 15 цаг 25 минут хүртэл үргэлжилсэн байна. Дорнод аймгийн дуудлага худалдаа, Хэнтий аймгийн дуудлага худалдаа, Дорноговь аймгийн дуудлага худалдаа нь бүр цааш үргэлжилсэн байдаг. Ганцхан хүн дээр л гацалт үүссэн байх боломжгүй шүү дээ. 15 цагаас өмнө нийт дуудлага худалдааны 50 орчим хувь нь дуусгавар болдог юм байна лээ. 15 цаг 03 минут гэхэд нийт 90 орчим хувийн дуудлага худалдаа нь дуусгавар болсон байсан. Тухайн хүн өөрөө техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах ёстой байсан. Гэвч дуудлага худалдааны сайтаас гадна өөр зүйл ачааллуулсан ч байх боломжтой байсан. Иймд оролцогч миний эрхийг хангаж “Дуудлага худалдааны ялагч”-аар тодруулж гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хүслэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2023.03.27-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Чойбалсан 6 гудамжны 625 “а” тоотын 186м2 газрыг дуудлага худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр 2023.04.28-ны өдөр зохион байгуулсан. Дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2023 оны А/237 дугаар захирамжаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Дээрх дуудлага худалдаанд 4 оролцогч оролцох хүсэлтээ ирүүлж баталгаажуулсан. Дуудлага худалдаанд оролцогч Б.Батжаргал ялагч болсон боловч тухайн өдөр оролцогч Г.Энхболдоос “дуудлага худалдааны үнэ илгээх явцад системийн ачаалал гацалтаас болж үнэ илгээх явц удааширч, ялагч болсон боловч дахин хугацаа тоологдож, үнэ илгээсэн боловч хүлээж авалгүй хугацаа дууссан” гэсэн өргөдлийг, бичлэгийн хамт ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу асуудлыг шалгуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт Газрын даргын 2023.05.01-ний өдрийн 1/318 тоот албан бичгийг хүргүүлж, хариу ирүүлэх хүртэл ялагчтай гэрээ байгуулах боломжгүй талаар утсаар болон биечлэн мэдэгдсэн. Хариуг 2023.05.11-ний өдрийн 1/968 тоот албан бичгээр “дуудлага худалдаа зохион байгуулагдсан өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдэж, өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэн байна. Үнийн санал ирэх бүрд бүх оролцогчийн дэлгэц дээр үнийн саналын шинэчлэлтийг харуулах ёстой байтал өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэний улмаас үнийн саналын шинэчлэл удаан хийгдэж, шинээр ирсэн үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд ажлын хэсэг 2023.05.15-ны өдөр хуралдаж “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 9.9.12 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдааг давтан зохион байгуулахаар шийдвэрлэж, оролцогчдод утсаар холбогдож мэдэгдсэн. Давтан дуудлага худалдаа 2023.05.16-ны өдөр зохион байгуулагдаж, оролцогч Энхболдын хувьд 25 960 000 төгрөгийн үнэлгээг өгч ялагч болж, гэрээ байгуулсан гэв.
Гуравдагч этгээд Г.Энхболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023.04.28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай газрын цахим дуудлага худалдаанд оролцсон. Энэ өдөр олон дуудлага худалдаа Монгол орон даяар зэрэг зохион байгуулагдсан байсан. Цахим дуудлага худалдааны явцад газрын биржийн цахим систем гацаж, үнэ илгээгээд хугацаа дууссан боловч, хугацаа дахин 31 секундээс тоологдож, шинэ үнэ орж ирсэн. Миний зүгээс дахин үнэ илгээсэн боловч хүлээж авахгүй дуудлага худалдаа дууссан. Ингээд газрын дуудлага худалдааны хууль, журамд заасны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж цахим систем гацсан талаар мэдэгдэж, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны А/237 дугаар захирамжаар байгуулагдсан дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэгт гомдол гаргаж, дахин дуудлага худалдаа зохион байгуулах хүсэлт өгсөн болно. Уг өргөдлийг ...Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар руу явуулж шалгуулан 2023.05.16-ны өдөр газрын дуудлага дахин зохион байгуулах болсон талаар 2023.05.15-ны өдөр мэдэгдэж, тухайн дуудлага худалдаанд 25 960 000 төгрөгийн үнийн саналыг хамгийн сүүлд илгээж дуудлага худалдааны ялагч болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батжаргал нь тус шүүхэд Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай ... Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/176 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжаар[1] ...Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Чойбалсан 6 гудамжны 625 “а” тоотын 186м2 газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар /анхны үнэ 1 860 000 төгрөг/ эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Дээрхи захирамжийн дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/237 дугаар захирамжаар[2] ... газар эзэмших эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалгааг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулжээ.
2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд 4 оролцогч оролцож, Б.Батжаргал ялагч болсон гэж маргаж буй боловч оролцогч Г.Энхболдоос ... дуудлага худалдааны үнэ илгээх явцад системийн ачаалал гацалтаас болж үнэ илгээх явц удааширч, ялагч болсон боловч дахин хугацаа тоологдож, үнэ илгээсэн боловч хүлээж авалгүй хугацаа дууссан, энэ байршилд миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө байдаг ... иймд дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн өргөдлийг, CD бичлэгийн хамт дуудлага худалдааг зохион байгуулах Ажлын хэсэгт гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1/318 дугаартай албан бичгээр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шалгуулахаар хүргүүлсэн.[3]
Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/968 дугаартай албан бичгээр “... 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдааны явцад бүртгэгдсэн өгөгдөл бүртгэл болон тус системийн серверийг шалгаж үзэхэд тухайн өдөр улсын хэмжээнд нэгэн зэрэг олон дуудлага худалдаа зохион байгуулагдаж сүлжээний болон өгөгдөл боловсруулалтын ачаалал нэмэгдэж, өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэн байна. Үнийн санал ирэх бүрд бүх оролцогчийн дэлгэц дээр үнийн саналын шинэчлэлтийг харуулах ёстой байтал өгөгдөл хадгалах үеийн ачаалал үүссэний улмаас үнийн саналын шинэчлэл удаан хийгдэж, шинээр ирсэн үнийн саналыг харуулаагүй, үнийн саналаа илгээх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна” гэсэн хариуг Дорнод айигийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох нотлох баримтын хамт ирүүлжээ.[4]
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” батлагдсан. Дээрхи журмын 9.9.12-т “... программ хангамж, техникийн саатал ...сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна”, мөн журмын 15.1-т “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/176 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжаар ... 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан дуудлага худалдааны явцад дээрх журамд заасан нөхцөл байдал үүссэн нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/968 дугаартай албан бичиг, хариуцагч, гуравдагч этгэээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөн “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж дуудлага худалдааг давтан зохион байгуулахаар шийдвэрлэж, оролцогчдод мэдэгдсэн болох нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаартай хурлын тэмдэглэл, Дорнод аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2023 оны 1/405 дугаартай албан бичиг зэргээс тодорхой харагдаж байна.[5]
Давтан дуудлага худалдаа 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдаж, оролцогч Ганболдын Энхболдын хувьд 25 960 000 төгрөгийн үнэлгээг өгч ялагч болж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ” байгуулсан[6] нь үндэслэлтэй бөгөөд хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй байна. Мөн нэхэмжлэгч Б.Батжаргал нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан давтан дуудлага худалдааны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ... Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.Батжаргалын, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан #2023-13456 дугаартай... Газрын дуудлага худалдааны ялагчаар тодруулж гэрээ байгуулахыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ