Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 44

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох 1723000250007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй С овогт М-н А

Шүүгдэгч М.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Т-н хэсгийн ....... тоот хашааны үүдэнд иргэн М.С-г “эхнэр, ээж хоёрыг нь түлхэж унагаасан гэх” шалтгааны улмаас түүний толгойд гараараа цохисон хэргийн үйл баримт нь энэ талаар хохирогч М.С-н “... орой манай 2 дүү хашааныхаа үүдэнд машинтай ирсэн. Би 2 дүүтэйгээ хашааны үүдэнд машин дотор сууж байхад хашааны үүднээс жаахан зайтай нэг машин ухарч миний сууж байсан машинд тулж ирсэн. Тэр хоёр машины жолооч холдооч гээд цонхоор хоорондоо маргалдаж эхэлсэн...2 залуу бууж ирээд манай машины жолооч дүү Д-г цонхоор нь татаж буулгаад зодолдсон. ...би машинаас буугаад тэд нар луу очиход миний урдаас 2 залуу ирээд миний араас бариад боож унагаад зодоод байсан. Тэгээд Д, Д нар цагдаа дуудахаар явсан үед намайг тэр хоёр залуу хашааны булан руу авч очоод зодож үүдэн шүд рүү мөргөж, толгой руу цохиод байсан...” гэсэн мэдүүлэг, Тухайн үйл баримтыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... намайг цохиж байгаад болиод газраас чулуу аваад манай дүүг хөөсөн. Хөөж байхад эхнэр нь бололтой эмэгтэй хүн “чи болиоч хүн аллаа шүү дээ, хүүхэд чинь айгаад байна” гэж хэлж сонсогдсон. Тэгээд манай дүү зугтаж явангуут эхнэрээ хараад чулуугаа хаячихаад гүйж ирээд манай ахыг гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...бид нар машинаасаа буугаад болиоч та нар гэж хэлээд байж байтал тэр машины арын суудлаас нэг согтуу хүн бууж ирээд яасан овоо муу пизда нар вэ алаад өгнө өө гэхээр нь манай нөхөр очоод тэр залууг одоо бөөн зодоон болно гээд барьж аваад машин руу суулгах гээд түлхэхэд машиндаа суухгүй зүтгэж байгаад хажууд байсан миний тархи руу тэр согтуу залуу цохиж унагаасан. Манай жирэмсэн бэр А-н эхнэр намайг босгох гээд гүйж ирэхээр бэрийг бас цохиод унагаасан. Тэгээд тэр согтууг тавьчихсан чинь газраас чулуу аваад алаад өгнө гэхээр нь А гүйж ирээд тэр залууг барьж аваад 2-3 удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан болох нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 201720152 дугаартай “хохирогч М.С-н биед тархи доргилт, тархины хөнгөн няцрал, дээд эрүүний баруу зүүн 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн, баруун нүдний дээд доод зовхинд, хүзүүний урд хэсгээр цус хуралт, гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл учирсан”гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрхи гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.А-г 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ******* хэсгийн ******* тоот хашааны үүдэнд иргэн М.С-г “эхнэр, ээж хоёрыг нь түлхэж унагаасан гэх” шалтгааны улмаас түүний толгойн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж түүнд хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Хохирогч М.С-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирогчид хохирлыг нь төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч М.А-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А овогт М-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан М.А-д оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг торгох ялыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА