Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/20

 

П.Цолмонбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Г.Эсэн,

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч П.Цолмонбаатарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.Цолмонбаатарт холбогдох 2122000900097 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд аж ахуй албаны менежер ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Дундговь аймаг Сайнцагаан сум, 7 дугаар баг, 176-06 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Жонуул овогт Пүрэвсүрэнгийн Цолмонбаатар /регистрийн дугаар: ЗЕ86041419/.

Шүүгдэгч П.Цолмонбаатар нь согтуурсан үедээ буюу 2021 оны 04 сарын 22-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 126 байрны гадна талд иргэн Д.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: П.Цолмонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жонуул овогт Пүрэвсүрэнгийн Цолмонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цолмонбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цолмонбаатараас 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Баяржаргалд олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цолмонбаатарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

           Шүүгдэгч П.Цолмонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...миний бие Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч П.Цолмонбаатараас 140.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Баяржаргалд олгосугай гэсэн заалтын хүрээнд гомдол гаргаж байна. Хохирогч Д.Баяржаргалын 60000 төгрөгийн цамцыг хохироосон, хохирогч Д.Баяржаргал нь миний цамцыг урж 80000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч болон шүүгдэгч миний өгсөн мэдүүлэг, мөн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Иймд шүүх хохирлын 140000 төгрөг төлөх гэсэн хэсгийг зөвтгөж 60000 төгрөгийн хохирлыг Д.Баяржаргалд гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна гэв.

                                                                                                         

Прокурор Г.Эсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь хувцасны үнэлгээтэй холбоотой зардал дээр гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хавтаст хэргийн 55 дугаар талд хөрөнгийн үнэлгээний тайланд П.Цолмонбаатарын тухайн үед өөрийнх нь өмсөж явсан цамц 80.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Гэвч шүүхээс тогтоол уншихдаа 140000 төгрөг гэж танилцуулсан. Шүүгдэгч П.Цолмонбаатар нь хохирогч Д.Баянжаргалд 140000 төгрөг бус 60.000 төгрөг төлөх нь зүйтэй байгаа юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Цолмонбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч П.Цолмонбаатарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.  

          Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. 

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

          П.Цолмонбаатар нь согтуурсан үедээ буюу 2021 оны 04 сарын 22-ны орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 126 байрны гадна талд иргэн Д.Баяржаргалыг үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Цолмонбаатарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

          Хохирогч Д.Баяржаргалын “...П.Цолмонбаатар намайг цохих гээд гараа савах үед нь би хойш бултаад П.Цолмонбаатарыг бариад автал П.Цолмонбаатар миний гар руу цохиод тавиулсан. Тэгтэл миний араас тэврээд П.Цолмонбаатар миний баруун нүд хэсэгт гараараа цохисон. Тухайн үед миний баруун хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Миний биеийн нүүр толгой хэсэгт цохиж байсан. П.Цолмонбаатарт зодуулсны улмаас миний баруун нүд хөхөрсөн, баруун хөмсөг задарч 4 оёдол тавиулсан...”/хх 17/

          Гэрч Б.Мөнхжаргалын “...Д.Баяржаргал нь П.Цолмонбаатарын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Д.Баяржаргалд цохиулсны улмаас П.Цолмонбаатарын хамраас цус гарч эхэлсэн. Тэгээд П.Цолмонбаатар, Д.Баяржаргал 2 зууралдаад орцноос гарсан. Би араас нь гартал нөгөө 2 зууралдаад хэрэлдэж маргалдаж байсан...”/хх 26/ гэх мэдүүлгүүд,

Хохирогч Д.Баяржаргалын биед тархи доргилт, хөмсөгт шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, шуунд зулгаралт тухайн хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 120 тоот шинжээчийн дүгнэлт /хх 32-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

           Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Цолмонбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүх, шүүгдэгч П.Цолмонбаатарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Баяржаргалын баруун нүдний орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Цолмонбаатарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, мөн хуулийн 5:1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж уг хуулийг хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч П.Цолмонбаатар нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Цолмонбаатар хохирогч Д.Баяржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

Хохирогчийн гомдол саналтай гэснийг харгалзаж Өршөөлийн хуульд хамруулах эсэхийг шийдвэрлэхгүй бөгөөд гагцхүү хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцлийг хуулиар тогтоосон, үүний дагуу анхан шатны шүүх хохирогч Д.Баяржаргал нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал болохгүй юм.

Харин хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний  комиссын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай  “Дугуй захтай даавуун эрэгтэй хүний цамц 40.000 төгрөг, эрэгтэй хүний юүдэнтэй урд хэсгээрээ цахилгаантай цамц 20.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ  хийсэн акт /хх 54-р хуудас/-аас харахад тухайн хувцас нь хохирогч Д.Баяржаргалынх, харин 80000 төгрөгийн үнэлгээ бүхий цамц нь шүүгдэгч П.Цолмонбаатарын цамц болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байхад эдгээр эд зүйлсийн үнийг бүгдийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул зөвтгөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 5 дахь заалтын “П.Цолмонбаатараас гэсний дараа 140000 төгрөг гэснийг 60000 төгрөг” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. .
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                      Н.НАСАНЖАРГАЛ