Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар  151/ШШ2024/00058

 

 2024        01        18                                             151/ШШ2024/00058

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Д.Д-т холбогдох,

6,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.Н,

Хариуцагч: Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Т.Н миний бие 2022 оны 07 дугаар сард Д.Д-ын нөхөр Д.Ч-тай 100 тооны борлон худалдан авахаар ярилцаад тодорхой хариу өгөөгүй явсан. Түүний дараа удалгүй Д.Ч-ын эхнэр Д.Д утсаар залгаад “Та хоёрын борлонгийн наймаа бид ярилцаад 1 борлонг 65,000 төгрөгөөр тооцож, 2023 оны 04 дүгээр сард 100 тооны шүдлэн болгоод тоо толгой дутаахгүй бүрэн өгнө” гэж хэлсэн. Тэгээд 100 тооны борлонгийн үнэ болох 6,500,000 төгрөгийг өөрийн нөхөр Б.Г-ын Хаан банкны ... тоот данснаас Д.Д-ын Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Д.Д нь харилцан тохиролцсон хугацаандаа 100 тооны малыг хүлээлгэж өгөөгүй. Хавар бид малаа авъя гэхэд 40 тооны ямаа ав өөр байхгүй гэсэн боловч хүнээс 100 тооны ямаагаар адуу худалдаж авсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Д.Д-аас нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие Т.Н-тэй 2022 оны намар 100 тооны борлон худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Т.Н-ээс 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Т.Н нь ямаагаа тухайн үедээ авахаас татгалзаж, хавар авна гээд манайд орхисон. Өвөл нь манай нутагт зуд болж мал ихээр үхэж хорогдсон. Тухайн үеийн бичлэг болон зураг байгаа. Т.Н-т өгөх байсан 100 тооны ямаанаас ихэнх нь хорогдсон. Манай 1000 гаруй тооны малаас ихэнх нь цас, зуданд үхэж үрэгдээд 200 гаруй тооны мал үлдсэн. Мөн өвлийн хугацаанд малын өвс тэжээл их хэмжээгээр зээлээр худалдаж авсан. Өвс тэжээлээр тэжээхгүй бол бүгд хорогдох байсан. Т.Н нь энэ нөхцөл байдлыг мэдсээр байж малдаа өвс тэжээл авчирч өгөөгүй. Хавар үлдсэн ямаанаасаа өвс тэжээлийн өрөө өгсөн, Т.Н-т 40 тооны ямаа авахыг санал болгосон боловч авахаас татгалзсан. Тэгэхээр нь хавар тариад энэ намар хурааж авч байгаа өөрсдийн тарьсан малын ногоон тэжээл аваач гэсэн ч мөн татгалзсан. Зөвхөн мөнгөө буюу 6,500,000 төгрөгийг авна гэдэг. Зуд болж худалдсан малын ихэнх нь хорогдсон. Т.Н нь цас зудны үеэр малдаа өвс тэжээл авчирч өгөөгүй, бид малыг нь тэжээж өөрсдөөсөө зарлага гаргасан. Мөн Т.Н нь ямаагаа тухайн үедээ авахаас татгалзаж, хавар авна гээд манайд орхисон. Хэрэв намар шууд аваад явсан бол бид айлын малыг тэжээж зарлага гаргах, эрсдэл үүрэх учиргүй байсан. Иймд миний бие Т.Н-ийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн өгөх боломжгүй. Тал хувийг нь буюу 3,250,000 төгрөгийг төлж болно гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Д.Д-т холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

1. Нэхэмжлэгч Т.Н нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... 2022 оны 07 дугаар сард Д.Д-тай 100 тооны борлон худалдан авахаар харилцан тохиролцож, 6,500,000 төгрөгийг өөрийн нөхөр Б.Г-ын Хаан банкны 5070035706 тоот данснаас Д.Д-ын Хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн. Д.Д нь харилцан тохиролцсон хугацаандаа 100 тооны малыг хүлээлгэж өгөөгүй. Иймд Д.Д-аас нийт 6,500,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч Д.Д нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“... Т.Н-тэй 2022 оны намар 100 тооны борлон худалдахаар харилцан тохиролцож, Т.Н-ийн 100 тооны борлонгийн үнэ 6,500,000 төгрөгийг авсан нь үнэн, үүнд маргаан байхгүй, харин Т.Н нь ямаагаа тухайн үедээ авахаас татгалзаж, хавар авна гээд манайд орхисон. Өвөл нь манай нутагт зуд болж худалдсан малын ихэнх нь хорогдсон. Т.Н нь цас зудны үеэр малдаа өвс тэжээл авчирч өгөөгүй, бид малыг нь тэжээж өөрсдөөсөө зарлага гаргасан. Иймд миний бие Т.Н-ийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн өгөх боломжгүй. Тал хувийг нь буюу 3,250,000 төгрөгийг төлнө” гэж тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Д.Д нар нь хариуцагчийн өмчлөлийн 100 тооны ямааг нэг бүрийг нь 65,000 төгрөгөөр, нийт 6,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь 100 тооны ямааны үнэ 6,500,000 төгрөгийг хариуцагч Д.Д-ын дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны ... тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-7-9/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Зохигчид гэрээ байгуулсан үйл баримт болон 100 тооны ямааны үнэ 6,500,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь: “... Д.Д нь харилцан тохиролцсон хугацаандаа 100 тооны малыг хүлээлгэж өгөөгүй. Иймд гэрээг цуцалж, Д.Д-аас нийт 6,500,000 төгрөгийг гаргуулна” гэсэн тайлбар гаргаж,

хариуцагч нь: “... Т.Н нь ямаагаа тухайн үедээ авахаас татгалзаж, хавар авна гэж манайд орхисон. Өвөл нь манай нутагт зуд болж худалдсан малын ихэнх нь хорогдсон. Иймд миний бие Т.Н-ийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн өгөх боломжгүй. Тал хувийг нь буюу 3,250,000 төгрөгийг төлнө” гэсэн тайлбар тус тус гаргаж маргаж байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж,

хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Т.Н нь “... 100 тооны ямааг дараа хавар нь авахаар тохиролцсон, Д.Д нь найз нь энэ жил өөр дээрээ тоолуулж, мянгат малчнаа баталъя дараа хавар 100 тооны ямаагаа аваарай” гэж хэлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Д.Д нь худалдаж буй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах тухай шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч Т.Н нь гэрээгээр тохиролцсон үнийг хариуцагч Д.Д-т шилжүүлсэн боловч хариуцагч Д.Д нь гэрээний зүйл болох 100 тооны ямааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-аас нь 100 тооны ямааны үнэнд авсан 6,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н-т олгох үндэслэлтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 118,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-т олгох нь зүйтэй байна.    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-аас 6,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 118,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Н-т олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН