| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2023/00880/И |
| Дугаар | 151/ШШ2024/00057 |
| Огноо | 2024-01-18 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 151/ШШ2024/00057
2024 01 18 151/ШШ2024/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш газар-т холбогдох,
... хүнсний дэлгүүр, гэр бүлийн хэрэгцээний газрыг 68,638,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э, Г.У,
Гэрч: Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар захирамжаар Ж.А, А.С нараас 45,531,521 төгрөг гаргуулж Х банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудсаар Ш газар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Барьцаа хөрөнгө болох ... хүнсний дэлгүүр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 68,638,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасан процессыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж хөрөнгийн өмчлөгч намайг хохироож байна. Ш газраас хөрөнгийн өмчлөгч Ж.А надад хөрөнгийн үнэлгээний талаар 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мэдсэн өдрөөсөө дээрх хугацааг тоолж шүүхэд гомдол гаргаж байна. Иймд ... байрлах, 72 мк2 амины орон сууц, 50 мк2 хүнсний дэлгүүр, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг 68,638,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэрээр Ж.А, А.С нараас 45,077,981.12 төгрөгийг гаргуулж, “Х Банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Тухайн шүүхийн шийдвэр гарахад барьцаа хөрөнгө болох ... байршилтай 72 м.кв хувийн орон сууц, 50 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 500 м.кв өмчлөх эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зааж өгсөн. Эдгээр хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хурааж, битүүмжлэх ажиллагаанууд явагдаж байгаад талуудаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнийн санал авсан. Үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөрөнгийн үнэлгээчин томилоод, шинжээчийг томилсон байгаа. Үнэлгээчин Г.А-г томилсон, уг үнэлгээчин өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ хийх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хэрхэн үнэлгээ хийх талаар тодорхой заасан байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон үнэлгээ хийлгэх хүсэлтээр хийдэг. Эрх бүхий албан тушаалтан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Т гэдэг хүн хөрөнгийн үнэлгээг хийлгэх гээд үнэлгээчин томилсон байгаа юм. Уг тогтоол дээр хэнийг томилж байгаа талаар нэр тодорхойгүй, шинжээчид эрх үүрэг танилцуулаад, хэзээ шинжилгээ гарахыг заадаг. Уг тогтоол дээр даалгасан хугацаанд үнэлгээг гаргана уу гэсэн нь мөн хэнд даалгаад байгаа нь тодорхойгүй, доор нь Г.А гэсэн гарын үсэгтэй, гэхдээ дээр нь хэнд даалгаж байгаа нь байхгүй. Шинжээч томилсон тогтоол нь хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж харж байна. Хөрөнгийн үнэлгээчин Г.А-гийн гаргасан үнэлгээний тайлантай холбоотой тайлбар байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зааснаар хөрөнгийн үнэлгээг 3 аргаар хийдэг. Шинэ хууль болон хуучин хуульд зах зээлийн харьцуулах арга, өртгийн арга, орлогын арга гэсэн аргууд байдаг. Энэ аргуудын 2 аргаар заавал үнэлгээг үнэлгээчин хийх шаардлагатай. Энэ дундаасаа яг аль арга нийцсэн бэ? гэдгээр нь анхаарч аргаа сонгох ёстой. Хөрөнгийн үнэлгээчин 2 аргаар үнэлгээг гаргасан гэж үнэлгээний тайландаа дурдсан, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд өртгийн хандлагаар үнэлгээг тооцоолсон байгаа. Түүний арын хуудсанд өртгөөр гаргаж байгаа талаар бичсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хөрөнгийг үнэлж байгаа хөрөнгийн үнэлгээчин юуг үндэслэж гаргасан бэ? гэдгээ заавал хавсаргах зохицуулалттай байдаг. Уг үнэлгээний тайландаа тус судалгааг хавсаргаагүй байсан. Зах зээлийн үнэлгээний аргаар буюу бусад ижил хөрөнгөтэй жишиж гаргасан. Зах зээлийн аргаар гаргахдаа бусад хөрөнгүүдтэй жишсэн судалгаа дутуу хавсаргасан гэж дүгнэж байна. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа юуг харах, мөн хөрөнгийн үнэлгээний олон улсын стандарт байгаа. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд заасан байгаа. Хөрөнгийн үнэлгээг хийх аргачлал, хөрөнгийн үнэлгээг хийхдээ юу анхаарах, хөрөнгийн үнэлгээг гаргахдаа юуг үндэслэн гаргасныг заавал хавсаргах ёстой байсныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ш газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрээр Ж.А, А.С нараас 45,077,981 төгрөгийг гаргуулж, Хаан банканд олгохоор, хэрэв үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.А, А.С нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... байрлах 72 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 50 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай хувийн сууц, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг ... тоот тогтоолоор битүүмжилж, ... тоот тогтоолоор хураасан. Хураасан хөрөнгийн үнэлгээ тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн санал авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/07 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход 68,638,000 төгрөгөөр үнэлэгдсэн тул 26 хуудас тайланг хуульд заасан 3 хоногийн дотор талуудад танилцуулсан. Тус газраас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж.А, А.С нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийн биелүүлээгүй. А.С-ыг дуудсан хугацаанд ирдэггүй учраас барьцаа хөрөнгийн битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, хуулийн хугацаанд эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасны дагуу ... өдрийн 8/07 дугаартай шинжээч томилох тогтоолоор Г.А-г шинжээчээр томилсон. Шинжээч томилогдоод хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж ирүүлснийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул Ж.А-ын нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэв.
Гэрч Г.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
Миний бие 2014 оноос “...” ХХК-д ажиллаж байна. Хөрөнгийн үнэлгээнд 3 төрлийн арга байдаг. Тухайн 3 төрлийн аргаас тухайн хөрөнгөд тохирсон аргыг ашиглаж тогтоож болдог. Би уг маргааны үнэлгээг 2 аргаар хийж гүйцэтгэсэн. Ер нь зах зээлийн буюу жиших арга, өртгийн арга гэх аргуудыг ашиглаж уг маргааны үнэлгээг хийсэн байгаа. Үнэлгээг тогтооход хамгийн чухал зүйл бол судалгаа юм. Бид нар үнэлгээг хийхдээ тухайн үнэлж байгаа хөрөнгөтэй ойролцоо газрын байрлал, үнэ цэнийг харж үнэлгээг хийдэг. Энэ нь зах зээлийн арга хандлагаар хийгдсэн. Өртгийн хандлага аргыг болохоор Сангийн сайдын 203 дугаар тогтоолд зааснаар гаргасан. Энэ 2 аргаар хийхэд хоорондоо хэт зөрүүтэй биш, ойролцоо үнэлгээтэй гарсан. Би уг эд хөрөнгийн үнэлгээндээ итгэл үнэмшилтэй байна гэж үзэж, тухайн 2 арга хандлагадаа ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Ш газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“Барьцаа хөрөнгө болох ... 72 мк2 амины орон сууц, 50 мк2 хүнсний дэлгүүр, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 68,638,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасан процессыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж хөрөнгийн өмчлөгч намайг хохироож байна” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Ш газар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:
“Барьцаа хөрөнгийн үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн санал авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлд заасны дагуу... өдрийн 8/07 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгүүдийг 68,638,000 төгрөгөөр үнэлсэн тул 26 хуудас үнэлгээний тайланг хуульд заасан 3 хоногийн дотор талуудад танилцуулсан. Тус газраас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд дээрх хөрөнгүүдийг оруулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хөрөнгө үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Ж.А нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсанаас хойш 7 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаанд /2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр/ шүүхэд гаргасан, шүүх гомдлыг хүлээн авч хэлэлцэх үндэслэлтэй байна.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан ... өдрийн ... тоот зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 41,435,736.03 төгрөгийг хариуцагч Ж.А, А.С нараас, 3,642,245.09 төгрөгийг хариуцагч Ж.А-аас тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж.А, А.С нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ж.А-ын өмчлөлийн ... байрлах 50м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай болон 72м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, .... нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай газрыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 43-49 дүгээр тал/
Дээрх шийдвэрийг хэргийн оролцогчийн давж заалдах гомдлын дагуу хянаад Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “227 дугаар зүйлийн 227.1” гэсний дараа “221 дүгээр зүйлийн 221.3-д” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Мөн тус шийдвэр, магадлалыг хэргийн оролцогчийн хяналтын гомдлын дагуу хянаад Монгол Улсын Дээд шүүхийн ... дугаартай тогтоолоор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн байна.
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч Ж.А, А.С нараас 41,435,736,03 төгрөгийг, Ж.А-аас 3,642,245.09 төгрөгийг тус тус гаргуулан төлбөр авагч “Х банк” ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ж.А-ын өмчлөлийн ... байрлах 50м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай болон 72м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд, ... нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ... улсын бүртгэлийн дугаартай газрыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ш газарт даалгасан байна. /хх-ийн 41-42 дугаар тал/
Ш газар нь төлбөр төлөгч Ж.А-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус гардуулж, төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул Ж.А-ын үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэн, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас эд хөрөнгийн үнийн санал авах талаар мэдэгдэхэд өмчлөгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 90,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна. /хх-ийн 51-64 дүгээр тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д: “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т: “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлнэ” гэж тус тус заасан.
Ш газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/07 дугаартай ‘Шинжээч томилох тухай тогтоол”-оор шинжээчийг томилж, шинжээчид дүгнэлтээ 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгаж, шинжээч Г.А-д хууль сануулж, гарын үсэг зуруулсан байна. /хх-ийн 67, 97 дугаар тал/
Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчээр томилогдсон үнэлгээчин Г.А нь үүргийн гүйцэтгэл хангуулах үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нийт 68,638,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан байна. /хх-ийн 68-95 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хуульд заасан процессыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж хөрөнгийн өмчлөгчийг хохироож байна” гэж маргасан.
Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх бөгөөд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-т “төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөрт тооцоход”,
хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д: “үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана”,
мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д: “Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ” гэж тус тус заасан.
Ш газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/07 дугаартай шинжээч томилох тухай тогтоолд “... төлбөр төлөгч Ж.А-ын өмчлөлийн хувийн орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай нэг давхар 72 мкв талбайтай хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 500 мкв талбайтай газар, дэлгүүрийн зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай 50 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор ямар хуулийн этгээдийг шинжээчээр томилсон эсэх нь тодорхойгүй байх бөгөөд дээрх хөрөнгөд үнэлгээний тайлан гаргасан “...” ХХК нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /шинэчилсэн зөвшөөрөл/ авсан эсэх нь тодорхойгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. “...” ХХК нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлтэй” гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
“...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэг авагдаагүй, мөн хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрлийн тодорхойлолтод “хөрөнгийн үнэлгээ хийх, тусгай зөвшөөрөл эзэмшигч Г.А, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчинтэй” гэх баримтууд нь “...” ХХК-ийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болохыг нотлохгүй юм. /хх-ийн 95 дугаар тал/
Тодруулбал “...” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, мөн тус компанийн гүйцэтгэх захирал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар үнэлгээчний хугацаагүй эрх авсан эсэх нь тодорхойгүй, хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “...” ХХК болон түүний үнэлгээчин Г.А нь үнэлгээчний эрхээ сунгуулах, шинэчлэх тухай хүсэлт гаргасан эсэх нь мөн тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох төлбөр төлөгч Ж.А-т 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1172 тоот мэдэгдлээр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан 1/1172 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Ш газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /хх-ийн 65-66 дугаар тал/
Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Ж.А-ын өмчлөлийн ... байрлах, 72 м.кв талбай бүхий, ... дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 50 м.кв талбай бүхий, ... дугаартай, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаартай, 500 м.кв талбай бүхий, гэрчилгээний ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг үнэлсэн “...” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ /Хөрөнгийн үнэлгээний тайлан/-г хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Ж.А-ын өмчлөлийн ... байрлах, 72 м.кв талбай бүхий, ... дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 50 м.кв талбай бүхий, ... дугаартай, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаартай, 500 м.кв талбай бүхий, гэрчилгээний ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг үнэлсэн “...” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН