| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/03485/И |
| Дугаар | 182/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/00406
| 2024 01 23 | 182/ШШ2024/00406 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 50 мянгат гудамж, 22 байр, 21 тоотод оршин суух, Мянган угалзат овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан 10 дугаар гудамж, 1077 тоотод оршин суух, Бага хотгойд овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-3 байр, 5 тоотод оршин суух, Халх сартуул овогт ******* ******* /РД:*******/
Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******
Хариуцагч О.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.*******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батдулам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Б.******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр О.Гантуяатай худалдах, худалдан авах 1751 дугаартай гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байршилтай, 88.5 м.кв талбай бүхий хувийн сууцыг 20,000,000 төгрөг, (Y-2202025298, 000837233), үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 1752 дугаартай гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байршилтай 460 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газрыг 20,000,000 төгрөгөөр (Г-2202019589, 000625510) тус тус зохих журмын дагуу худалдаж авсан.
Миний нэр дээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байршилтай 460 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газрыг улсын бүртгэлийн Г-2202019589 дугаарт бүртгэж Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000675913 дугаартай гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байршилтай 88.5 м.кв талбай хувийн сууцыг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001137660 дугаартай гэрчилгээгээр Ү- 2202025298 дугаарт бүртгэгдсэн.
Миний бие Б.******* нь өөрийн өмчлөлийн газар, хувийн сууцдаа амьдрахаар очих гэтэл О.******* нь байрыг суллаж өгөхгүй, миний өмчлөлийнх гэж хэлж хууль бусаар эзэмшиж байгаа болно.
Түүнчлэн газар, хувийн сууцыг чөлөөлж өгөх талаар О.*******ы 99945294 утасны дугаар руу бичиж мэдэгдсэн боловч тэрээр гарахгүй, мөнгөө хурдан олж ав, намайг зайлуулж барахгүй шүү гэх мэтээр хариу мессеж ирүүлсэн. Гэр бүл доторх маргаанаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу иргэн О.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоот хаягт байрлах 88.5 м.кв талбай бүхий хувийн сууц, 460 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэргийг чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээр дурдагдаад байгаа хувийн сууц болон газар нь миний эцэг Гүнчин овогтой *******ын эзэмшлийн газар байсан. Аав Г.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.
Үүнээс хойш өв залгамжлан миний отгон дүү О.Гантуяа, ээж Ч.******* нар өвлөн авч захиран зарцуулж Б.******* гэгчид 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулсныг одоо мэдэж байна.
Би дээрх хөрөнгүүдээс өвлөх эрхтэй байхад хүний эрхэд бүдүүлгээр халдаж шүүх шийдвэрлээгүй байх үед ээж Ч.******* гэдэг хүн хүмүүс дагуулж очоод миний эд зүйлийг авч шидэж хохироосон. Нотариатч хууль бус үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Би хууль ёсны дагуу өвлөх эрхээ сэргээлгэхийг хүсэж байна гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гадаадад амьдарч байгаа миний охин О.Гантуяа нь хүүдээ байр авах гээд мөнгө хэрэг болоод өөрийн эзэмшлийн зуслангийн байраа зарахаар болж 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэлээр намайг гарын үсэг зураад хүлээлгээд өгнө үү гэсэн тул би байрны гэрчилгээг худалдан авагч Б.*******д шилжүүлж өгсөн. Тухайн үед зусланд хүү О.******* гэр бүлээрээ надтай хамт ирж очиж байдаг байсан тул Б.*******д 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд байрыг нь суллаж өгөхөөр тохирсон.
Гэвч хүү О.******* одоохондоо суллаж өгөх боломжгүй 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр суллаж өгнө гээд мессеж бичиж байсан тул хүлээж нэг сарын байрны түрээс 1,000,000 төгрөгийг Б.*******д өгсөн. Би хөдөө байгаад ирсэн чинь О.******* байраа суллан өгөөгүй байсан учир Б.*******ын шаардсанаар хүү О.Ган-Эрдэнэ мөн 2 гэрчийн хамт Б.******* дүүтэйгээ нийт 6 хүн бичлэг хийгээд байшинд байсан эд зүйлсийг гаргаж гадаа хурааж бүтээсэн. Тэнд хүн амьдраагүй удаан хугацаанд хүнгүй байсныг урьд талын айлын хүмүүс болон Б.******* өөрөө гэрчилнэ.
Хүү О.*******д өмнө нь 2023 оны 4-5 дугаар сарын хооронд охин О.Гантуяа монголд ирээд буцахдаа одоо энэ лагерийн байраа зарахаар больсон мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн гэхэд О.******* нь намайг удаа дараалан дайрч давшлан хөөсөн учир түүнээс хойш энэ талаар яриагүй. Мессеж бичиж зөндөө дарамталж, доромжилсон бас бичлэгүүд нь байгаа. Бид нар чип болон гэрийн бүх цоожоо сольсон. Энэ бүхэнд өчнөөн зардал чирэгдэл болж хохирол амсаж байна.
Гадаад оронд амьдардаг О.Гантуяа охин маань 2009 онд анх газар аваад энэ хувийн сууцыг барьж аав Г.*******, ээж болох Ч.******* надад бэлэглэсэн. Анх байрандаа ороод 3 жил амьдарсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад байраа түрээслүүлдэг байсан. Г.******* 2020 онд нас барж түүнээс хойш хариуцагч О.*******ы хамт амьдарч байсан гэв.
5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1 Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/
5.2 Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-5/
5.3.Худалдах, худалдан авах гэрээ /хх-6/
5.4 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-7/
5.5 Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9/
5.6 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/
6. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
6.1 О.*******ы төрөл садангийн лавлагаа /хх-31/
6.2 Нотариатчийн танхимаас О.*******д хариу хүргүүлсэн баримт /хх-32/
6.3 Г.*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-45/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг О.Гантуяагаас худалдан авахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг өөрийн нэр дээр гаргуулан авсан. О.******* нь миний худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг суллаж өгөхгүй, хууль бусаар эзэмшиж байна. Мөн гэр бүл доторх маргаанаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна тайлбарлажээ.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ хувийн сууц болон газар нь миний эцэг Г.*******ын эзэмшлийн эд хөрөнгө юм. Г.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Үүнээс хойш миний отгон дүү О.Гантуяа, ээж Ч.******* нар өвлөн авч захиран зарцуулж Б.******* гэгчид 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулсныг одоо мэдэж байна. Би дээрх хөрөнгүүдээс өвлөх эрхтэй байхад нотариатч хууль бус үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна гэж татгалзсан байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Гадаад оронд амьдардаг О.Гантуяа охин маань 2009 онд анх газар аваад энэ хувийн сууцыг барьж аав Г.*******, ээж болох Ч.******* надад бэлэглэсэн. Анх байрандаа ороод 3 жил амьдарсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад байраа түрээслүүлдэг байсан. Нөхөр Г.******* маань 2020 онд нас барж түүнээс хойш хариуцагч О.*******ы хамт амьдарч байсан. Охин О.Гантуяа нь өөрийн хүүдээ байр авах гээд мөнгөний хэрэг болоод өөрийн эзэмшлийн зуслангийн байраа зарахаар болсон. гэх тайлбарыг гаргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1751 дугаар Худалдах худалдан авах гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 88.5 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн өдрийн 1752 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/-ээр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 460 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдагч О.Гантуяа нь худалдан авагч Б.*******д худалдахаар харилцан тохиролцжээ.
Улмаар Б.******* нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 88.5 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах, 460 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдэж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг авсан байна.
6. Талууд дээрх гэрээ байгуулагдсан, Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримтад маргаагүй боловч уг гэрээг байгуулсан хууль зүйн үндэслэл, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар маргажээ.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч О.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч Б.*******ын шаардах эрх үүснэ.
8. Хариуцагч тал нь талийгаач эцэг Г.*******ын өвлөгдөх хөрөнгөөс өвлөх эрхтэй байхад намайг оруулахгүйгээр нотариатч хууль бус үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан гэж тайлбарлан, төрөл садангийн лавлагаа, Монголын Нотариатчдын танхимын хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байна.
Уг баримтуудаас үзвэл, Бага Хотгойд овогт Гүнчингийн ******* нь Бага Хотгойд овогт *******ын *******ы эцэг болох, Г.*******ын өвлөгдөх хөрөнгөд Халхсартуул овогт ******* *******эд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгэлийн 049 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 053 дугаартай, Бага Хотгойд овогт *******ын Гантуяад 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 050,051 дугаартай, 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 058 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон талаар бичигджээ.
Хариуцагч нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөх эрхтэй, хууль ёсны дагуу оршин сууж байгаа талаар татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 88.5 м.кв талбай бүхий, Ү-2202025298 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 460 м.кв талбай бүхий, Г-2202019589 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч О.*******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 88.5 м.кв талбай бүхий, Ү-2202025298 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлан /15022/ 10 хэсэг гудамж, 1077 тоотод байрлах, 460 м.кв талбай бүхий, Г-2202019589 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус хариуцагч О.*******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ