| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 131/2023/00957/И |
| Дугаар | 131/ШШ2024/00046 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2024/00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ургийн овогт *******гийн *******
Хариуцагч: ******* ургийн овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага: 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ё.*******,
Хариуцагч:З.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие нь Баянхонгор аймгийн Баруун бус худалдааны төвд лангуу түрээслэн 12 жил арилжаа хийж амьдралаа залгуулж байна. Би өөрөө 1017 тоот лангууг түрээсэлдэг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 1 ний үед миний лангууны харалдаа өөдөөс харсан 2 лангууг түрээслэгч З.******* нь лангуунуудаа 45 000 000 төгрөгөөр зарна гэсэн би тухайн үед миний лангуутай ойролцоо байрлалтай тул өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 1030, 1031 тоот лангууг 30 000 000 төгрөгөөр ам хэлцэл хийж худалдах худалдан авахаар тохирч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр З.*******гийн ХААН банкин дахь ******* тоот дансанд 30 000 000 төгрөгийг өөрийн ******* тоот гар утасны мобайл банкаар гүйлгээ хийж шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхээс өмнө хойно *******г гэрээ хийе гэхэд хийлгүй явсаар байгаад нэг жил шахмын хугацаа өнгөрсөн. Би *******г лангуугаа зарахдаа түрээслүүлэгчдээ мэдэгдсэн гэж ойлгож мөнгө шилжүүлсэн. Уг лангууг худалдаж аваад нэг жил шахмын хугацаанд ашиглаад байж байтал 2023 оны 06 дугаар сарын 16-нд Баруун бус худалдааны төвийн захирал тухайн лангууг *******д түрээслүүлж байсан түрээслүүлэгч байгууллагын төлөөлөгч Т.Бат-Очир *******г түрээсийн зүйлийг худалдахыг хориглосон байхад худалдсан байна гээд 1030 ,1031 тоот лангууг суллаж өгөхийг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн. Хэрвээ дурдсан хугацаанд 1030,1031 тоот лангуунуудыг суллаж өгөхгүй бол миний өөрийн гэрээтэй 1017 тоот лангууг бас хурааж авна гэсэн тул маргаан бүхий 1030,1031 тоот лангуунуудыг суллаж өгсөн. Ингээд одоо уг лангууг эзэмших боломжгүй болсон тул *******гийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд З.*******гийн түрээсийн зүйлээ хууль бусаар зарснаас надад хохирол учирсан тул хохирлын 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгч Ё.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би олон дахин гуйж лангууг нь аваагүй. Би ч гэсэн хохирсон хүн. Миний хүүхдүүдийн лангуу энэ асуудалд хамаагүй. Би ноднин цагаас сараар Солонгос улс руу явж өвөлжсөн. Би тэр лангуунаас ямар ч орлого олоогүй. З.******* хүний аргийг олохгүй Бат-Очир руу дахин дахин гүйж орж хэрүүл хийсээр байгаад хүний дургүй хүргэсэн. Хариуцагч З.*******д өгсөн 30,000,000 төгрөгөө авмаар байна. Надад өөр ярих зүйл байхгүй... гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ё.******* 2022 оны 6 дугаар сарын эхээр над руу утасдаж чи эндээ лангуугаа зарчих эгч нь авъя хэд хэдэн удаа ярьсан. Дахин дахин ярьж 30,000,000 төгрөгөөр авъя гээд гуйж, хавар 4-н сард нэрээ шилжүүлэхээр болсон. Бид харилцан тохиролцож, өгч авалцсан. Ингээд Ё.******* гэж хүн гутлын худалдаа эрхэлсэн.... Хэрвээ миний 2 лангуу буцааж авч өгсөн тохиолдолд мөнгө төлнө буцааж өгөхгүй бол төлөх боломжгүй. Шуналтай хүмүүсийн золиос боллоо би, энэ хэргийг шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна... гэж тайлбарыг гаргасан.
2.2. Хариуцагч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би худалдаа эрхэлдэг хүн байгаа юм, зун нь контейнер дээрээ наймаа хийдэг, өвөл нь баруун бүсийн лангуун дээрээ суудаг. Би 12 жил наймаа хийж амьдарч байна. 2022 оны 06 сард ******* эгч залгаад лангуугаа зарчих гэж гуйсан. Сүүлд нь 45,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Гэтэл надаас гуйсаар байгаад 30,000,000 төгрөгөөр авахаар болсон. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудаад лангуугаа суллаад өгчих гээд мөнгөө шилжүүлсэн. Энэ эгч үйл ажиллагаа явуулж байсан. Түрээсийн гэрээний нэр шилжүүлж өгнө гэж ярьсан байсан. 2022 оны 10 дугаар сард нэр шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл бичиж өгсөн. Тэгээд Бат-Очир дарга дээр орсон чинь хэний нэр дээр шилжүүлэхээ би мэднэ гээд намайг хөөж гаргасан. Би ******* эгчид лангуугаа буцаагаад авъя гэж хэлсэн чинь түрээсийн гэрээний нэр шилжүүлж болох юм байна гэж хэлсэн. Нэр шилжүүлж болно гэж хэлчхээд намайг ингээд өрөнд оруулчихлаа. Би ээж шигээ хүнтэй наймаа хийсэн гэж бодсон. Баруун бүс худалдааны төвийн захиралд учраа хэлтэл намайг доромжилсон. Надад нэг хүн ******* эгчийн хүүхдүүд нь Австрали руу яваад чиний лангуу хэрэггүй болсон. Золиосонд гарж байгаа гэж хэлсэн. Үнэхээр тийм зүйл болсон. Миний лангууг буцаагаад өгчихвөл би 30,000,000 төгрөгийг нь өгнө. Баруун бүсийн лангууг хүн болгон зарсаар байгаа. Би гомдолтой байна гэв.
4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, баруун бүсийн худалдааны төвийн 1017 тоот ажлын байрны мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагч З.*******гээс Орон сууцны ипотекийн 712 дугаар зээлийн гэрээний хуулбар, Б-712 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 259 дүгээр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ, 76 дугаар зээлийн гэрээ болон бусад баримтуудыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ... 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж үгүйсгэсэн.
4. Нэхэмжлэгч Ё.******* нь Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвд байрлах 1030, 1031 тоот лангууг хариуцагч З.*******гээс 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Ё.******* нь 30,000,000 төгрөгийг З.*******д төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх 3/ Энэ үйл баримтад талууд маргадаггүй.
5. Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвд байрлах 1030, 1031 тоот лангуу нь Баянхонгор аймгийн Баянхонгор трейд центр ХХК-ийн өмчлөлийнх болох нь Баянхонгор трейд центр ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны №01 дугаар албан бичиг /хх 82/, тус компанийн захиргааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэл /хх 4/, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
6. Маргааны зүйл болох 1030, 1031 тоот лангуу нь хариуцагчийн өмчлөлийнх бус, эрхийн доголдолтой болох нь тогтоогдсоны улмаас нэхэмжлэгч нь худалдан авахаар тохиролцож төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан бөгөөд уг төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүргийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
6.1. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах-худалдан авах гэрээний шинж нь ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...гэх шаардлагыг хангаагүй бөгөөд, тухайн 1030, 1031 тоот лангууны өмчлөгч биш байхдаа бусдад худалдахаар тохиролцож төлбөр авсан байна.
6.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу бүртгэл хийгдээгүй, нэхэмжлэгч Ё.******* нь тухайн 1030, 1031 тоот лангууг өмчлөлдөө аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэхээр байна.
7. Дээрх үйл баримтыг үндэслэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч З.*******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Хариуцагч З.******* нь нэхэмжлэгч Ё.*******аас хүлээн авсан 30,000.000 төгрөгийг түүнд буцаан төлөх үүрэг хүлээнэ.
9. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.*******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******ид олгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Хариуцагч шүүх хуралдаанд ....надаас гуйсаар байгаад 30,000,000 төгрөгөөр авахаар болсон. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг дуудаад лангуугаа суллаад өгчих гээд мөнгөө шилжүүлсэн. Түрээсийн гэрээний нэр шилжүүлж өгнө гэж ярьсан байсан. Би Ё.******* эгчид лангуугаа буцаагаад авъя гэж хэлсэн чинь түрээсийн гэрээний нэр шилжүүлж болох юм байна гэж хэлсэн. Нэр шилжүүлж болно гэж хэлчхээд намайг ингээд өрөнд оруулчихлаа. Баруун бүс худалдааны төвийн захиралд учраа хэлтэл намайг доромжилсон. Миний лангууг буцаагаад өгчихвөл би 30,000,000 төгрөгийг нь өгнө. Баруун бүсийн худалдааны төвд лангууг хүн болгон зарсаар байгаа. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно.
11. Хариуцагч Ё.*******ийн гаргаж өгсөн Орон сууцны ипотекийн 712 дугаар зээлийн гэрээний хуулбар,/хх 23-30/, Б-712 дугаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар /хх 31-33/, 259 дүгээр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ /хх 34-43/, 76 дугаар зээлийн гэрээ /хх 44-49/, Баянхонгор аймгийн зарын нэгдсэн бүлгэмд байршуулсан Баруун бүс худалдааны төвд лангуу худалдаж авна, лангуу зарна, бартер сонирхоно гэсэн баримтуудыг /хх 84-106/ нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт хамааралгүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
12. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.*******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.*******ид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН