2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

           улсын яллагч Г.Мөнхтүвшин /СХД/,

            иргэдийн төлөөлөгч Б.Бүрнээбаатар,

            шүүгдэгч Б.С***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Жинст овогт Б*****ын С*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000430572 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн ***** оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Жинст овогт Б*****ын С***** /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С***** нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод хохирогч Э.*****ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний цээж, хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийд зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хутга буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.С***** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед ажлаасаа тараад  ажлынхаа хүнтэй хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд дэлгүүрээс 1 шил архи аваад гэртээ харихаар такси бариад явж байхдаа жолоочтой нь танилцаад хамт гэртээ дагуулж ороод эхнэртээ манай найз гэж танилцуулаад хамтдаа уусан. Тэгээд архи ууж байхдаа жолооч залуутай маргалдсан. Хутга  ширээн дээр байсан.  Миний ухаан санаа орж гараад байсан. Уул нь тэр залууг гэртээ харь, бид амарлаа гээд байхад явахгүй гээд байсан юм. Тэгээд бид ноцолдоод  миний хамар луу цохисон. Би  түүний гэдэс цээж, суга руу нь  хутгалсан.Тухайн үед би эхнэртэйгээ  хардсан байх” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь: “...шүүгдэгч Б.С*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

            Иргэдийн төлөөлөгч нь “...гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

             Шүүгдэгч Б.С***** нь: “...Маргахгүй. Би хохирогчийг хутгалсан” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С***** нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод хохирогч Э.*****ийг эхнэртэйгээ хардсаны улмаас түүний цээж, хэвлий хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийд зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйл баримт нь:

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Э.*****э нь бусдад хутгалуулсан” гэх (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ***** тоот буюу ертөнцийн зүгээр урд зүгт харсан бор хүрэн өнгийн хашаанд ороход урд зүгт харсан 3 монгол гэр байх бөгөөд уг 3 монгол гэрийн дунд байх гэрт ороход 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. Гэрээс архины үнэр үнэртэж, гэрийн эмх цэгц муу байх бөгөөд уг монгол гэрийн шалаар эд зүйлс хөглөрсөн байдалтай байв. Гэрийн баруун хойморт эд зүйл шалаар хөглөрч шавар шавхай, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, .... гэрийн дунд байх зуухны доод хэсэгт бариулгүй 14.3 см урттай хутганы ажлын хэсэг цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг хураан авч тэмдэглэлд тусгав” гэх (хавтаст хэргийн 10-15 дахь тал),

3. Хохирогч Э.*****ийн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд гэртээ харих гэж яваад ханын материалын орчимд үл таних залуутай танилцаж, улмаар бид хоёр гэр бүлийн найзууд болохоор ярилцсан. Тухайн залууг С***** гэдэг бөгөөд бид хоёр С*****ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод хамт очиход эхнэр нь гэх эмэгтэй байсан. Тэгээд бид хоёр эхнэртэй нь хамт 0.5 литрийн 1 шил архи, 0.75 литрийн 1 шил архи, нийт 2 шил архи хувааж уусан. С***** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийхээ дараа намайг эхнэртэйгээ хардсан. Тэгээд бид хоёр маргалдаж эхлээд ноцолдож газарт унаснаа санаж байна. Нэг мэдэхэд С***** нь миний хэвлий хэсэг рүү хутгаар нэг удаа, зүүн суга руу нэг удаа хатгасан байсан. Би зарим зүйлсийг санахгүй байгаа. Машины түлхүүрээ С*****ын эхнэрт “...нуучих...” гэж хэлж байснаа санаж байна, түүнээс өөр зүйл сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан. Түүнийг хаанаас, ямар хутга гаргаж ирснийг сайн санахгүй байна. Миний хэвлийд 10 см орчим хатгасан шарх, мөн зүүн суганы доод хэсэгт хатгасан шарх байна. Суганы шарх цээжний хөндийд нэвтэрсэн байна гэсэн. Надад тухайн хүний биед халдсан асуудал байхгүй. Би ер нь их согтолттой байсан. Зарим зүйлсийг санаад, зарим зүйлсийг санахгүй байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

4. Гэрч Г.Э*****ын: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байрлах гэртээ байхад манай хамтран амьдрагч С***** нь манай найз гээд нэг залууг дагуулж орж ирсэн бөгөөд С***** архи уучихсан, согтуу байсан. Харин нөгөө залуу нь уугаагүй эрүүл байсан. Тэд гаднаас орж ирэхээсээ өмнө надтай ярихаар нь би түүнд 0.5 литрийн Агар гэх нэртэй архи захисныг тэр хоёр авчирсныг бид гурав хувааж уучхаад дахиад 0.75 литрийн Агар нэртэй архи гарч авчирсан. Уугаад дуустал нэг мэдэхэд тэр хоёр муудалцаад, зодолдоод эхлэхээр нь би салгасан. Салгах үедээ С*****ын нүүр рүү нь цохиж авсан учир хамраас нь цус гараад нөгөө залуу саванд ус хийж ирээд угаалгах гэхэд С***** “...чи яахаараа миний цусыг угаадаг юм...” гээд дахиад зодолдсон. Нөгөө залуугаас цус гараад байхаар нь би цагдаа дуудсан. Би тэр хутгыг огт анзаараагүй, нэг мэдэхэд цус гараад эхэлсэн, тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Би С*****тай хамт амьдраад 6 жил болж байна. Тэр архи уухаараа л ааш зан нь эвдрээд ууртай ширүүн болчихдог. Хэдэн жилийн өмнө намайг хутгалаад 1 жил 6 сар хоригдсон. 3 жил гаруй хугацаанд өөр асуудал гаргаагүй байсан юм. Би яг юугаар тэр залуугийн биед халдсаныг мэдэхгүй байна. Тэр залуу манайд анх удаа ирсэн, урьд өмнө таньдаг байгаагүй, одоо нэрийг нь сайн санахгүй байна. Намайг тэр залуутай хардсан байж магадгүй гэж бодож байна. Тэр хоёр нэг их удаан зодолдоогүй, би салгачхаад цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 204 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Э.*****ийн биед цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эр үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, хэвлийн зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх (хавтаст хэргийн 44-48 дахь тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 577 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ: “...Э.*****ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Э.*****ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх (хавтаст хэргийн 53-55 дахь тал),

7. Шүүгдэгч Б.С*****ын: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байгаад Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод байрлах гэр рүүгээ такси бариад, улмаар таксины залуутай танилцаад манай гэрт хамт нэг шил архи хувааж уусан. Тухайн үед миний хамтран амьдрагч Г.Э*****, таксины жолооч Э.*****э бид гурав архи уусан. Би гадаа гарч бөөлжчихөөд буцаад орж иртэл таксины жолооч залуу Г.Э*****ыг тэвэрчихсэн байхаар нь би хардсандаа тухайн залуутай маргалдаад зодолдсон. Тухайн үед би Э.*****этэй маргалдсан, надаас өөр хүн түүнтэй маргалдаж, биед нь халдсан зүйл огт байхгүй. Би Э.*****э гэх залууг танихгүй, тухайн өдөр такси барьж явж байгаад л танилцсан. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би тухайн үед нэлээн согтолттой байсан тул миний ухаан санаа орж гараад байсан. Хутга  ширээн дээр байсан. Уул нь тэр залууг гэртээ харь, бид амарлаа гээд байхад явахгүй гээд байсан юм. Тэгээд бид ноцолдоод  миний хамар луу цохисон. Би  түүний гэдэс цээж, суга руу нь  хутгалсан.Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч Б.С***** нь ажлаа тараад гэртээ харихаар такси барьж хүргүүлэх явцдаа таксины жолооч Э.*****этэй танилцан түүнийг гэртээ урьж хамтран амьдрагч Г.Э*****тай нийлж гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн байна.

Улмаар архи ууж байх явцдаа шүүгдэгч Б.С***** нь хамтран амьдрагч Г.Э*****ыг хохирогч Э.*****этэй хардаж маргалдаж хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хэн алины мэдүүлэгт дурдагдсан, хохирогчид учирсан гэмтэл нь хүнд зэргийн ангилал хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан  байна.

 Шүүгдэгч Б.С***** нь гэмт үйлдэлдээ хүйтэн зэвсэг хэрэглэн хохирогчийн хэвлий болон цээжний хөндий хэсэгт хутгалсан үйлдэл нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн энэ үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна.

Иймээс шүүгдэгч  Б.С*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогч Э.*****э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.*****ийн биед хүнд хохирол учирсан байх бөгөөд тэрээр хохирлоо нэхэмжилнэ гэсэн байх боловч холбогдох баримтуудаа гаргаж өгөөгүй байна.

Иймд хохирогч Э.*****э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдуулан гарсан зардал, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С*****аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт  “…Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эдийн бус  гэм хорыг арилгуулахаар хохирогч, хэрэв хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн  гишүүн нь гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Тус хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Э.*****ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрсэн, энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан. (хавтаст хэргийн 53-55 дахь тал)

“Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.С*****аас гаргуулж, хохирогч Э.*****эд олгохоор тогтов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь: “ ... шүүгдэгч Б.С*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.С***** нь: “...хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Б.С*****ын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С*****ын үйлдсэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд тухайн зүйл хэсэг, заалтад таван жилээс арван хоёр жил хүртэл  хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр зэвсэг хэрэглэж  гэмт хэрэг үйлдсэн нь нийгмийн аюулын шинжийг ихээр агуулсан, түүний үйлдлээс шалтгаалан хохирогчид хүнд гэмтэл учирсан, уг үйлдлээс улбаатайгаар эрүүл мэндэд нь хор уршиг учирсан, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал /3 удаа ял шийтгүүлсэн, гэмт үйлдэлдээ зэвсэг хэрэглэдэг байдал/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.С*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жинст овогт Б*****ын С*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С*****т 6 (зургаан) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С*****т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С*****аас 3.300.000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгийг гаргуулж хохирогч Э.*****эд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.С*****аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.С*****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

              ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР