Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/21

 

О.Эрдэнэ, П.Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Г.Эсэн,

Шүүгдэгч О.Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, Д.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч О.Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Эрдэнэ, П.Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нарт холбогдох 2022001280103 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, буудлагын зэвсэгт хүчний мэргэжилтэй, Гурвансайхан сумын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Гурвансайхан суманд оршин суух, Нэгдсэн Үндэстний Байгууллагын медаль, Ерөнхийлөгчийн энхийн төлөөх медаль, Монголын Залуучуудын холбооны цэргийн алтан медальтай, Гаажив овогт Оюунбилэгийн Эрдэнэ, РД:/ЗИ88092210/

Монгол Улсын иргэн 1989 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 32 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Баян Зүрх дүүрэг 23-р хороо Бага-Хайрхан 794 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гардан тулааны спортын мастер Тугалдайчимэд овогт Цэсрэнгийн Нямбаяр, РД:/ЗМ89031215/

Монгол Улсын иргэн 1990 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дундговь аймгийн Айрагийн 4-15 тоотод оршин суудаг, ам бүл 3, аав ээжийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, Гүннуур овогт Пэрэнлэйсамбуугийн Пүрэвжав, РД:/ЭФ90071238/

Монгол Улсын иргэн 1985 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Гурвансайхан суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, уншиж бичиж чадахгүй, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал 9-29 тоотод оршин суух, Шарнууд овогт Чанцалмаагийн Бат, РД:/ЗЮ85022618/.

 

Шүүгдэгч О.Эрдэнэ нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэж байсан иргэдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль авсан,

П.Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нар нь бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг, “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлохын тулд 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Гурвансайхан сум дахь хэсгийн цагдаа О.Эрдэнэд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас: О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, П.Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дундговь аймаг дахь хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нямбаяр, П.Пүрэвжав, Ч.Бат нарт холбогдох эрүүгийн 2022001280103 дугаартай хэргээс Тугалдайчимэд овогт Цэсрэнгийн Нямбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Нямбаярыг цагаатгаж, шүүгдэгч Гаажив овогт Оюунбилэгийн Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Гүннуур овогт Пэрэнлэйсамбуугийн Пүрэвжав, Шарнууд овогт Чанцалмаагийн Бат нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гаажив овогт Оюунбилэгийн Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гүн нуур овогт Пэрэнлэйсамбуугийн Пүрэвжавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Шарнууд овогт Чанцалмаагийн Батад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэд 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэвжав, Ч.Бат нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс, шүүгдэгч П.Пүрэвжав, Ч.Бат нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч О.Эрдэнээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нямбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.Пүрэвжав, Ч.Бат нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

 Шүүгдэгч О.Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: О.Эрдэнэ намайг Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж шийдвэрлэсэн билээ.

Би болсон үйл явдлын талаар анх надаас гэрч, яллагдагчаар мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлж өдий хүрсэн.

2020 оны 2 дугаар сарын 07-ны орой манай дүү Жамьянгийн найз байна гээд П.Пүрэвжав “Баянжаргалан сумаас Гурвансайхан сум руу орж явна. Хоол идэх газар байна уу” гэж над руу ярьсан. Би өдийд онгойдог газар байхгүй гээд өөрийн байсан айлдаа хүрээд ир гээд тэр айл маань П.Пүрэвжав болон түүнтэй хамт явж байсан Ц.Нямбаяр нарт бууз жигнэж өгсөн.

Тэгээд айлд хоол идчихээд П.Пүрэвжав нь аймаг явах зам заалгуулья гээд би сумын наадмын талбайн тэрүүгээр аймаг явдаг замыг зааж өгөхөөр тийшээ хөдөлсөн.

Наадмын талбайн тэнд би өөрийн приус 10 маркийн автомашинтайгаа, П.Пүрэвжав Ц.Нямбаяр нар нь өөрсдийн машинтайгаа очсон.

П.Пүрэвжав, Ц.Нямбаяр нар нь миний машинд суугаад П.Пүрэвжав нь “Та шинэ хүнтэй болсон юм байна” гээд надад 1 шил эвок нэртэй архи өгсөн. Тэр архинаас бид хэд нээх уугаагүй.

Тэгээд П.Пүрэвжав нь “Цагаан дэл гэж өмнө нь жонш олборлосон газар байна, тийшээ орох арга, чарга байна уу” гэхэд нь “Надад тэгж битгий гай болоорой. Ухмаар байвал зөвшөөрлөө авч ирээд ухаарай” гэдгээ шууд хэлсэн. Тэгээд П.Пүрэвжав, Ц.Нямбаяр нар яваад өгсөн.

Би аймаг явах замыг тэр хоёрт зааж өгөөд шууд сум руугаа орж амарсан. Гэтэл тэр хоёр Цагаан дэл гэх газар руу аль хэдийн аймгийн төвөөс ухах зорилготой машин техник явуулаад тэнд очсон юм билээ.

          Энэ явдлын маргааш өдөр нь амралтын өдөр байсан. Тэгээд би өглөө нь сумын хойд талд адуу ачсан машин байхаар нь хулгайн мал болов уу гэж бодоод яваад очтол манай дээд оны хугацаат цэргийн алба хаасан Базаррагчаа байсан. Тэгээд Базаррагчаатай архи уусан. Бас сумын төв рүү орж ирээд үргэлжлүүлээд архи уусан. Надад тухайн үед Цагаан дэлд хүмүүс байна гээд дуудлага ирсэн. Би энэ талаар байгаль орчны байцаагч Алтангэрэлд ч хэлсэн. Гэвч би архи уусан байсан тул Аптангэрэлийг миний арыг даачих, согтуу байж хүмүүс дээр очвол асуудал болно гээд Алтангэрэлийг өөрөө явчих гэсэн. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч байгаагүй.

Би суман дээр ингэж архи ууж явснаа тухайн өдөр бүрэлдэхүүнд аймгаас очсон цагдаа нарт хэлээгүй. Гэхдээ надаас архи үнэртэж байсан тул үлээлгүүлсэн.

Дээр дурдсанаар өөрөөр энэ хэрэгт ямар нэгэн оролцоо, хамаарал надад байхгүй. Миний архи уусан нь үнэхээр буруу. Гэхдээ миний архи уусан нь авлига аваад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн үг огт биш юм.

Би зүгээр мөрөөрөө сумандаа ажлаа хийгээд байж байхад П.Пүрэвжав нь тийм санаатай над дээр ирж явсны хариуд өнөөдөр би хоригдож байна.

Би П.Пүрэвжавыг дуудаад суманд минь ийм газар байна шүү, үүнийг нэг ухаадах гэж нэг ч удаа холбогдож байгаагүй. Олон жилийн дараа надтай уулзахад нь би монгол хүний ёсоор холоос яваа хүнд гээд хоол унд идүүлээд, зам зааж өгөөд явуулж байхад одоо болохоор надад 1000000 төгрөгийн авлига өгсөн гэж яриад байгаа нь ямар зорилготой талаар би үнэхээр мэдэхгүй байна.

Мөн намайг согтуу байхад над руу ярихдаа бичлэг хийсэн нь ямар зорилготойг үнэхээр мэдэхгүй байна.

Энэ хэргийн цаана надтай хамтарч ажиллаж байсан сумын хэсгийн төлөөлөгч Өнөрболд ямар нэгэн байдлаар холбоотой гэж би хувьдаа боддог. Өнөрболд бид хоёр хоорондоо таарамжгүй харьцаатайг манай сумынхан бүгд мэднэ. Өнөрболд намайг зайлуулахын тулд П.Пүрэвжавтай ийм байдлаар холбогдсон, эсхүл П.Пүрэвжавыг ийм байдалд оруулсан гэж боддог.

Шүүхээс П.Пүрэвжавыг 2700000 төгрөгөөр торгосон. Гэтэл надад авлига өгсөн гэх ажлыг зохион байгуулж, өгсөн хүн нь П.Пүрэвжав болж таараад байгаа.

Гэтэл намайг шүүхээс хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч гэм буруугүйгээ нотлохгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх шаардлагагүй талаар хуульчилсан байдаг атлаа хамгийн их гэм буруутай хүнд нь хамгийн бага торгуулийн ял ногдуулаад надад хорих ял ногдуулсанд туйлын гомдолтой.

Би гурван нялх хүүхэдтэй, нялх биетэй эхнэртэй хүн. Хэсгийн төлөөлөгчтэй тохирдоггүй учраас цагдаагийн ажлаасаа гарч Их газрын чулууны байгаль хамгаалалтын газарт байгаль хамгаалагчийн ажил хийж байна.

П.Пүрэвжав гэх хүний надад авлига өгсөөн гэх мэдүүлгээр намайг яллаж байгаад би туйлын гомдолтой байна. Өнөөдөр хэн нэгэн хүн төрийн албан хаагчдад энэ мэтээр авлига өгсөөн гэж хэлээд тухайн албан хаагчийн амьдрал, ирээдүйгээр тоглож болох юм уу? Ийм зүйл нийгэмд хаа сайгүй болвол яах юм бэ? Тэгээд өгсөөн гээд яриад яваа хүн нь хамгийн бага торгуулийн ял аваад, аваагүй гэсэн хүн нь хамгийн хүнд хорих ял эдлэх ёстой болж байна уу?

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол болон хэргийг дахин хянаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Хэрэг анхан шатны шүүхэд шилжиж  ирэх үед 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтэд Пүрэвжав нь Эрдэнэд 1 сая төгрөг өгсөн юм уу, Эрдэнэд өгсөн гээд байгаа 1 сая төгрөгийг Пүрэвжавт өгсөн байх боломжтой учраас энэ нөхцөл байдлыг тодруулмаар байна. Өөрөөр хэлбэл Пүрэвжав болон түүний ойр дотны хүмүүсийн дансанд мөнгө орсон эсэхийг тодруулах үйл баримтыг ярьсан. Анхан шатны шүүх хурал дээр энэ хүсэлтийг огт шийдвэрлээгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т зааснаар энэ хүсэлтийг шүүх хурал руу шилжүүлэн шийдвэрлэх боломжтой. Энэ талаар яагаад шийдвэрлээгүй талаар шүүх шийтгэх тогтоолдоо тайлбарлах ёстой. Энэ дүгнэлтийг шүүх хийгээгүй. Гэм буруутай гэж үзсэн нь мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх ёсгүй гэсэн ойлголт биш юм. Энэ хүсэлт маань мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэл бүхий байсан юм. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөг өгсөн асуудал нь тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хурал дээр Нямбаяр, Анхбаяр гэдэг этгээд Гурвансайхан суманд очоод байцаагдаж байх хугацаандаа буудалд байрлаад хоол ундаа төлсөн. Тэрийг хэн төлсөн бэ. Энэ асуудлыг шийдвэрлэсний дараа шүүх хурал явагдах ёстой байсан.

Хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянадаг тул Баттай холбоотой зүйл яримаар байна. Процессийн ажиллагаа зөрчсөн. Батын өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.10-т зааснаар Бат нь бичиг үсэг мэдэхгүй. Батын гэрчээр өгсөн мэдүүлгийг хасуулах тухай хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийг мөн шүүх рүү шилжүүлж байж шийдвэрлэнэ гэсэн. Энэ хүсэлтийг шүүх рүү шилжүүлж шийдвэрлэдэггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан асуудлыг шүүх рүү бүхэлд нь шийдвэрлэж болдог. Гэвч 33.6.10-т заасан асуудлыг шүүх тухайн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүх ийнхүү процесс ажиллагаагаа алдаад анхан шатны хуралдаан тэр чигтээ үргэлжлээд явсан. Батын өгсөн мэдүүлэг энэ хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Эрүүдэн шүүлт явагдсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Хүний эрхийн фактыг зөрчсөн. Тэрээр чамайг одоо баривчилна гэх зэргээр гав зүүж эрүүдэн шүүлтийн үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар шүүгдэгч мэдүүлэг өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үзлэг хийх заалтыг тэр чигт нь зөрчсөн. 1-р хавтаст хэргийн 163 дугаар хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Гар утсанд хийсэн бичлэг гар утас нь байхгүй. Авлигатай тэмцэх газрын процессорт бичигдсэн бичлэг өнөөдрийн байдлаар өөрчлөгдсөн бол яах вэ. Тухайн үед үзлэгийг судлаад сидийг судлахад энэ 2 яаг таарч байх ёстой. Гэтэл бид анхан шатны шүүх хурал дээр Авлигатай тэмцэх газрын процессор дээр хийсэн зүйлийг бид бүгд сонссон. Пир пар гээд асуултууд сонсогддог боловч хариулт нь ерөөсөө сонсогдоогүй. Тэгээд сиди хугарсан. Яллах дүгнэлт дээр энэ сиди ороод ирсэн. Энэ чинь өөрөө нотлох баримт, эд мөрийн баримт болоод яваад байна. Анхан шатны шүүх хурал дээр сиди нь хугарсан юм байна. Авлигатай тэмцэх газрын процессорыг авчраа шинжлэн судалъя гэсэн ийм зүйл байж болдог юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-т зааснаар үзлэгийг мөрдөгч хийнэ. Шүүх бүрэлдэхүүнд үзлэг хийх эрх байхгүй. Ийм учраас анхан шатны шүүх рүү хэргийг буцааж байж үзлэг хийлгээд оруулж ирэх ёстой. Жонш ухсан гээд байгаа хүмүүс ямар санаа зорилгоор нэг нь Эрдэнэ рүү яриад нөгөө хүмүүс нь тойрч зогсоод бичлэг хийдэг. Энэ нь өөрөө хуульд заасан нотлох баримт болж чадах уу. Энэ тал дээр маш их эргэлзэж байна. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судаллаа гэж үзээд энэ талаар тайлбар өгөөд явсан. Энэ хэргийг ийм байдлаар шийдвэрлээд хүчээр энэ хүнийг 1 сая төгрөг авсан юм байна гээд 1 жилийн хорих ял өгч байгаа нь хангалттай тогтоодохгүй байгаа тул мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцааж өгнө үү. Шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: Пүрэвжав нар нь хууль бусаар жонш олборлож хахууль өгсөн зүйлийг ярьж байна. Үүнийг анхан шатны шүүх гэм буруутайд тооцож нэг жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Пүрэвжав нь Эрдэнэ дээр ирж жонш олборлох талаар хэн хэн нь хэлсэн. Гэтэл Эрдэнийн зүгээс миний ажилд битгий саад болоорой, гай болоорой гэдэг. Эрдэнэ зөвшөөрөөгүй талаар мэдүүлгүүдээрээ тодорхой хэлсэн байсан. 2020 оны 2 дугаар сарын 7-оос 8-ны өдрүүдэд Пүрэвжав, Нямбаяр нартай шинэ хүнтэй болсон учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ согтуу байдлаасаа болоод дуудлагадаа яваагүй хэнтэй утсаар ярьсан талаар мэдэхгүй байна. Утасны цаанаас хүний яриа сайн сонсогдохгүй байсан гэсэн зүйлийг удаа дараа хэлдэг. Машины урд хайрцаганд хийснийг Эрдэнэ харсан ч юм шиг. Эсхүл хийсэн гээд дараа нь хэлсэн ч юм шиг тогтворгүй маш их зөрүүтэй мэдүүлгүүд байгаад байсан.   Хэрэгт авагдсан Пүрэвжав, Нямбаяр нарын мэдүүлгүүд маш их зөрүүтэй. Нотлох баримт гэж хураагдсан хугарсан сиди дээр юу байгаа талаар мэдэгдэхгүй. 163 дугаар талд байгаа үзлэг хийсэн тэмдэглэлдээ хэнээс хурааж авсан сиди юм бэ. Эх сурвалж нь тодорхойгүй. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 3.1-ээс 1.11 хүртэл заасан асуудлыг тэмдэглэл дээр тусгасан байсан. Гэтэл энэ асуудал зөрчигдсөн.  Гар утаснаас авсан бичлэг хуулж авсан гэж байна. Энэ гар утас нь хаана байдаг юм.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дугаар зүйлийн 5-т зааснаар эзэмшигчийг заавал байлцуулна. Эзэмшигч нь байхгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулна. Дуу дүрсний бичлэгийг бэхжүүлнэ. Гэтэл энэ заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн шинж хийсэн үйлдэл нь нотлогдож тогтоогдохгүй байна. Хувийн байдлын тухайд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Бага насны 3 хүүхэдтэй. Зан байдлыг найз нөхөд нь тодорхойлж хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2-т  зааснаар анхан шатны шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                         

Прокурор Г.Эсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гарсан анхан шатны шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан. Шүүгдэгч Эрдэнэ нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хуучны танил Пүрэвжаваар дамжуулж 1 сая төгрөгийг авсан. Хууль бусаар ашигт малтмал хайсан, олборлосон хэрэг нь тусдаа хэрэг бүртгэлтэд байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд 1 сая төгрөг өгсөн нь нотлогдоод явдаг. Бат бас Пүрэвжавын дансанд мөнгө хийсэн. Эх сурвалж нь миний мөнгө байсан гэдгээ хэлдэг. Энэ дээр юу ойлгомжгүй байгаа вэ гэвэл ганцхан Эрдэнэ би мөнгө аваагүй гэдэг зүйлийг хэлдэг.  Иймд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Дундговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          

Дундговь аймгийн Прокурорын газраас О.Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр, Пүрэвжав, Ч.Бат, Ц.Нямбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

         Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дундговь аймаг дахь хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ман хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Нямбаяр, П.Пүрэвжав, Ч.Бат нарт холбогдох эрүүгийн 2022001280103 дугаартай хэргээс Тугалдайчимэд овогт Цэсрэнгийн Нямбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Нямбаярыг цагаатгаж, Шүүгдэгч О.Эрдэнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Пүрэвжав, Ч.Бат нарыг бүлэглэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пүрэвжавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Ч.Батад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.Эрдэнэ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “Би болсон үйл явдлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлж ирсэн. П.Пүрэвжав, Ц.Нямбаяр нар нь миний машинд суугаад П.Пүрэвжав нь “Та шинэ хүнтэй болсон юм байна” гээд надад 1 шил эвок нэртэй архи өгсөн. Тэр архинаас бид хэд нээх уугаагүй. Тэгээд П.Пүрэвжав нь “Цагаан дэл гэж өмнө нь жонш олборлосон газар байна, тийшээ орох арга, чарга байна уу” гэхэд нь “Надад тэгж битгий гай болоорой. Ухмаар байвал зөвшөөрлөө авч ирээд ухаарай” гэдгээ шууд хэлсэн. Тэгээд П.Пүрэвжав, Ц.Нямбаяр нар аймаг явах зам заалгуулаад яваад өгсөн. Энэ явдлын маргааш өдөр нь амралтын өдөр байсан. Тэгээд би өглөө нь манай дээд оны хугацаат цэргийн алба хаасан Базаррагчаатай архи уусан. Надад тухайн үед Цагаан дэлд хүмүүс байна гээд дуудлага ирсэн. Би энэ талаар байгаль орчны байцаагч Алтангэрэлд ч хэлсэн. Гэвч би архи уусан байсан тул Аптангэрэлийг миний арыг даачих, согтуу байж хүмүүс дээр очвол асуудал болно гээд Алтангэрэлийг өөрөө явчих гэсэн. Өөрөөр энэ хэрэгт ямар нэгэн оролцоо, хамаарал надад байхгүй. П.Пүрэвжав нь тийм санаатай над дээр ирж явсны хариуд өнөөдөр би хоригдож байна. Би П.Пүрэвжавыг дуудаад суманд минь ийм газар байна шүү, үүнийг нэг ухаадах гэж нэг ч удаа холбогдож байгаагүй. Олон жилийн дараа надтай уулзахад нь би монгол хүний ёсоор холоос яваа хүнд гээд хоол унд идүүлээд, зам зааж өгөөд явуулж байхад одоо болохоор надад 1000000 төгрөгийн авлига өгсөн гэж яриад байгаа нь ямар зорилготой талаар би үнэхээр мэдэхгүй байна. Шийтгэх тогтоол болон хэргийг дахин хянаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч О.Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Мөрдөгч комиссар Г.Гантулгын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн 202200080 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / 1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас/ ...хэрэгт гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авч хэргийн газрын үзлэгийг явуулж, хойшлуулшгүйгээр...   Мөрдөгч Б.Лхагважав нь Х.Мөнхбаярын гар утаснаас бичлэг хуулбарлан авсан тэмдэглэл болон хэрэгт хавсаргагдсан бичлэгийг хуулбарлан авав. ...,

Мөн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд /хэргийн 162 дугаар хуудас/  Дундговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Лхагважавын хэрэгт Х.Мөнхбаярын гар утаснаас хуулбарлан авсан 197,898 кв бичлэгийг сд-нд буулгасан байсан тул хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул .... хэрэгт цагаан өнгийн “Эрдэнэ, Гурвансайхан сум” гэсэн хаягтай 1 ширхэг Сд-г эд мөрийн баримтаар тооцсугай гэж шийдвэрлэсэн байна.

Эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, эд зүйлийг тооцдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална” гэж заасны дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам” гарсан.

Шүүх эд мөрийн баримтаар хураагдсан гэх CD-г шүүх хуралдааны үед “... судлах боломжгүй цуурсан байгаа тул Дундговь аймаг дахь Авилгатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Нармандахын авчирсан процессорт үзлэг хийж, камерын бичлэгийг оролцогч нарт сонсгов.” гэж шүүх хуралдааны тэмдэглэл / 2-р хавтаст хэргийн 225 дугаар хуудас/-д тусгагдсан байна.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 Эд мөрийн баримт болон мэдээллийн техник, технологийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл /бүх төрлийн CD, зөөврийн хатуу диск, хатуу диск, флаш.../-ийг хүлээн авахдаа хэргийн онцлогоос шалтгаалан тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх, гэмтэлтэй эсэх, серийн дугаар тохирч буй эсэх зэргийг шалган авч болно. гэж заасан.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD гэмтэлтэй, уг гэмтэл хаана, хэзээ гарсан нь тодорхойгүйгээс гадна шүүх хуралдаан дээр Дундговь аймаг дахь Авилгатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Нармандахын авчирсан процессорт үзлэг хийсэн талаар тэмдэглэлд тусгагдсан байх боловч эд мөрийн баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаар, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болсон эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй, мөн уг эд зүйлийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлээгүй байхад энэ талаар явуулсан ажиллагаа, шийдвэр нь “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт шийдвэрлэх” журмын дагуу явагдаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаар зохицуулсан.

Шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.Бат, П.Пүрэвжав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үйл баримт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д заасан.

Шүүхээс Ц.Нямбаярыг цагаатгасан үндэслэлээ нотлох баримтанд үндэслэж дүгнээгүй, уг хуулийн цагаатгах тогтоол гаргах зүйл заалтыг баримтлаагүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тусгах тухай хуульд заасан журам биелэгдээгүй байна.

Прокуроос О.Эрдэнэд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу Хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулсан. Шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүд биелэгдээгүй байдал, Шүүгдэгчийг яллах талын гол баримт гэж үзсэн, шийтгэх тогтоолын үндэслэл болсон эд мөрийн баримтыг шүүх шинжлэн судлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан үзлэг явуулах журмыг зөрчсөн, шийтгэх тогтоолд тусгавал зохих зүйлийг тусгаагүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т заасан шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болж байх бөгөөд давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD цуурч гэмтсэн байсан тул давж заалдах шатны шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй болно.   

 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/89 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                               Х.ГЭРЭЛМАА