Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 45

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 1723000040006 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19... онд Х аймгийн А сумд төрсөн, дээд боловсролтой, ... настай, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Б дүүргийн ... дугаар хорооны .... байрны .... тоотод оршин суух, ........ ажилтай, Одоогоор Завхан аймгийн Идэр сумын ............... хариуцаж ажилладаг, У овогт С-н Г.

Шүүгдэгч С.Г нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Х-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зам ангийн Кемпийн гадаа иргэн Д.Х-ыг “нохой дайрч аллаа” гэсэн шалтгааны улмаас түүний толгой, зүүн шанаанд нь гараараа цохисон үйл баримт болжээ. Хэргийн дээрхи үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.Х-ын “...2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18-19 цагийн орчим ажлынхаа harrier маркийн машинтай явж байсан чинь машины урдуур зүүн талын урд дугуйны тийшээ нэг хар нохой гүйгээд орчихсон. Тэгээд би толиндоо харсан чинь тэр нохой босоод явж байгаа харагдсан. Тэгээд би техникээ үзчихээд удаагүй буцаад явж байсан чинь нэг залуу нохой дайрчихлаа гээд уулзсан. Тэгээд нохойны эзэнтэй очиж уулз гэхээр нь би кемп рүү явалгүй өөрийнхөө кемп рүү очоод байж байтал нохойны эзэн гээд нэг залуу ирсэн. Тэгээд тэр залуу намайг цохиж, зодсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...тэр өдөр би бутлуур дээр байхад Х, Г 2 ирсэн.Тэгээд тэнд Г чи нохой дайрчихаад зогсоход яадаг юм, ирээд уулзахад яадаг юм, хаяад явчихдаа яадаг юм хоёулаа уулзъя гэж байсан. Би яасан юм гэхэд энэ хүн Г-н нохойг дайрчихлаа гэж Хонгор хэлсэн. ..” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Х-н мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 14- ний өдөр 20 цагийн орчим манай найз Г өөрийн нохойгоо тэргэн дээр түрээд ирсэн. Тэгээд яасан бэ гэж асуухад harrier маркийн машинтай Х гэдэг хүн дайрчихаад яваад өглөө гэж хэлсэн. Удаа ч үгүй нохой нь үхсэн. Тэгээд Г бид 2 нохойг нь оршуулчихаад Х-н байрлаж байсан кемп рүү машинтай очсон. Бид хоёрыг очиход тэнд нэлээн олон хүн байсан ба манай найз Г уурлаад Х-г цохих гээд очсон боловч тэнд байсан хүмүүс урдуур нь ороод хаагаад цохиулаагүй. Х нь цохиулахгүй цаашаа зугтаагаад байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн энэ мэдүүлгүүд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Шүүгдэгчийн Д.Х-г цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь “шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 201720133 дугаартай дүгнэлтийн”хохирогч Д.Х-н биед тархи доргилт, зүүн шанаанд зөөлөн эдийн гэмтэл зүүн талдаа ухархайн дотор ханы цөмрөл гэмтэл тогтоогдож, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэл учирсан” гэсэн хэсгээр тогтоогджээ. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Шүүгдэгч С.Г нь хохирогч Д.Х-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Ийнхүү шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зам ангийн Кемпийн гадаа иргэн Д.Х-н толгой, зүүн шанаанд цохиж, түүнд хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Г-г гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлснийг тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч С.Г-г Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирогчид учруулсан хохирлыг нь төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч С.Г-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5,1.6 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. У- овогт С-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Г-д оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурван/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.Гэрэлмандахад өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгчийн хувьд оногдох хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг торгох ялыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА