Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00093

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******  овогт *******гийн *******,

Хариуцагч:  *******  овогт *******ын *******,

Нэхэмжлэлийн шаардлага: “12,341,250 төгрөг гаргуулах, эвэртэй  бор үнээг зүсээр нь гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Наранчимэг,

Хариуцагч: С.*******,

Иргэдийн төлөөлөгч: Л.Агваандоржбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Л.Цогдэлгэр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан “12,341,250 төгрөг, эвэртэй бор үнээ зүсээр нь гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 “...******* хэргийн 284 дугаар шийдвэр эвэртэй бор үнээг зүсээр нь тогтоолын 11-р хэсэгт 841,250 төгрөг, сартай бор үнээний 1 жилийн сааль, үр төл өнөөдрийг хүртэл гарсан зардлыг нэхэмжилж байна. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 284 дүгээр шийдвэрээр С.******* 2023 оны 5 дугаар сард бор алаг эр үхэр, сартай бор үнээг зүсээр нь авчирч өгсөн. 2022 оны үнээний сааль болох 1,100,000 төгрөг, төл болох бярууг 400,000 төгрөг, мөн С.*******д холбогдох *******, 201400060, 201400565 хэргүүдийн араас би Монгол Улсын ШСХ, УЕПГ, ШЕЗ, АГТ, ШШГГ-аар асар их гомдол гарган 2 жил явахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Нийт мөнгөн дүн 12,341,250 төгрөг, эвэртэй бор үнээг зүсээр нь нэхэмжилж байгаа тул С.*******гаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байна. 

1.2 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ******* хэргийн 284 дугаар шийдвэрээр эвэртэй бор үнээг зүсээр нь тогтоолын 11-р хэсэгт 841,250 төгрөг, сартай бор үнээний 1 жилийн сааль, үр төл өнөөдрийг хүртэл гарсан зардлыг нэхэмжилж байна. 2021 оны 11 дүгээр сарын 03-нй өдөр 284 дүгээр шийдвэрээр С.******* 2023 оны 05 дугаар сард бор алаг үхэр, сартай бор үнээг зүсээр нь авчирч өгсөн. 2022 оны үнээний сааль болох 1,100,000 төгрөг, төл болох бярууг 400,000 төгрөг, мөн С.*******д холбогдох *******, 201400060, 201400565 хэргүүдийн араас Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар  асар их гомдол гарган 2 жил явахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан 10,000,000 төгрөгийн зардал гарсан.

Нийт мөнгөн дүн 12,341,250 төгрөрг, эвэртэй бор үнээг зүсээр нь нэхэмжилж байгаа тул С.*******гаас гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийн дагуу гарсан 3,000,000 төгрөгийн зардал төлсөн. 2023 оны 5 дугаар сард 3 тооны үхэр авчирч өгсөн. Бор алаг үнээ гэдгийг мэдэхгүй. Хэвлэл мэдээллийн газраар гарсан би төлөхгүй” гэж тайлбарласан.

2.1. Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......” гэв.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүнэлтэдээ: “...Үнээг өгсөн тул үнээний мөнгийг төлөх ёсгүй, бусад хохирлыг өгөх ёстой...” гэв.

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, гүйцэтгэх хуудас бичигдсэн бүртгэл зэрэг баримтуудыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр 12,341,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0058 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр С.Наранчимэгийг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

 Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

  2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2021 оны 11 дүгээр сарын  03-ны өдөр 284 дүгээр шийдвэрээр С.******* 2023 оны 05 дугаар сард бор алаг үхэр, сартай бор үнээг зүсээр нь авчирч өгсөн. 2022 оны үнээний сааль болох 1,100,000 төгрөг, төл болох бярууг 400,000 төгрөг, мөн С.*******д холбогдох *******, 201400060, 201400565 хэргүүдийн араас Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар асар их гомдол гарган 2 жил явахдаа хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Нийт мөнгөн дүн 12,341,250 төгрөг, эвэртэй бор үнээг зүсээр нь нэхэмжилж байгаа тул С.*******гаас гаргуулна... гэж тодорхойлсон.  

  3. Хариуцагч ... Би үхрийг нь үхрээр төлж өгсөн байгаа...гэж тайлбарласан.  

  4. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.*******ын сартай бор үнээ, бор тарлан зүсмийн бяруу нийт 2 тооны сарлагийн үхрийг хулгайлан авч 1,100,000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зохигчдын тайлбар болон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. /хх 4-1/

 4.1. Уг шийтгэх тогтоолоор хариуцагч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ.    

  4.2. Улмаар тус шийтгэх тогтоолын 11 дэх хэсэгт хохирогч С.*******ын 841,250 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна. 

 5. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч С.******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Тухайн үйл баримтад хариуцагч маргаагүй.

 6. Нэхэмжлэгч С.******* нь хулгайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.

 7. Дээрх хулгайн гэмт хэргээс улбаалж нэхэмжлэгч нь ...2022 оны үнээний сааль, үр төл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хэвлэл мэдээллийн байгуулагад хандсаны зардал, хохиролд 12,341,250 төгрөгийг гарсан гэж тодорхойлсон.

8. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ.

 Өөрөөр хэлбэл, аливаа этгээд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хэн нэгэн этгээдэд гэм хор учруулсан тохиолдолд хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэг хуульд зааснаар үүсэх ба хохирлын хэмжээ нь гэм хор учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бодит хохирлоор хязгаарлагддаг байна.

 9. Хариуцагч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буруутай үйлдэлд нь шийтгэл ногдуулсан, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх байдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

  10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.*******ын дээрх хулгайн гэмт хэргийн улмаас гарсан зардал, хохиролд 12,341,250 төгрөг учирсан болох нь тогтоогдохгүй байхаас гадна өөрт учирсан хохирлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж,

 мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, үүрэгтэй гэж тус тус заасан.

  Тайлбарлавал: Нэхэмжлэгч С.******* нь хулгайн гэмт хэргийн улмаас гарсан зардал, хохиролд 12,341,250 төгрөг учирсан гэдгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

  11. Иймд нэхэмжлэгч С.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан 12,341,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12. Эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12.1. Нэхэмжлэгч.С.******* нь хариуцагч С.*******гаас эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн асуудлаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар  шийдвэрлэсэн байна.

 Улмаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор тус шүүхээс гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх 15/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоол /хх 4-14/-оор тогтоогдож байна.

  12.2. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ын нэхэмжилсэн эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгов.

    13. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ... Үнээг өгсөн тул үнээний мөнгийг төлөх ёсгүй, бусад хохирлыг өгөх ёстой.....гэж дүгнэсэн ч шүүх дээр дурдсанаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

 14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч С.*******д холбогдуулан 12,341,250 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэгч С.*******ын нэхэмжилсэн эвэртэй бор үнээг зүсээр нь гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.   

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЭНХ-АМГАЛАН

 

                                   ШҮҮГЧИД                     Д.МӨНХТУЯА

 

                                                                                                          А.ҮҮРИЙНТУЯА