Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2024/01103

 

 

 

 

                                                                   

 

 

 

                             2024        02         28

          101/ШШ2024/01103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, тоот хаягт оршин суух Бэсд овогт ын /рд:/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 7,077,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.л, хариуцагчийн өмгөөлөгч Х., иргэдийн төлөөлөгч Г.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Д.л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан түүний биед халдан “хамар ясыг хугалж, хамрын таславч мурийлгаж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмлөж” эрүүл мэндэд хохирол учруулж 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 2023\ШЦТ\193 дугаар Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагчийг Эрүүгийн хуулийн 11.6.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон торгуулийн ял оногдуулсан болно. Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хамрын таслав тэгшлэх хагалгаанд орж төлбөр 2.100.000 төгрөгийн төлбөр, ор хоногийн мөнгө 354.600 төгрөг, эмнэлгийн үзлэг 30.000 төгрөг, шинжилгээний төлбөр 152.400 төгрөг, эм тарианы зардал 40.500 төгрөг нийт 2.677.500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болно. Мөн нэхэмжлэгч нь хувиараа түүхий эдийн борлуулалтын ажлыг өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан гүйцэтгэлээрээ сард дунджаар 2.300.000 төгрөгийн цалин хөлс авдаг байсан боловч татвар, нийгмийн даатгал төлдөггүй байсан тул хэрэг болсон 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэх боломжгүй болж ажиллаагүй хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний хооронд нийт 8 сарын ажлыг хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 550.000 төгрөгөөр тооцож нийт 4.400.000 төгрөгийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас гэм хорын хохирол эмчилгээний зардал 2.677.500 төгрөг, олох ёстой байсан орлого 4.400.000 төгрөг нийт хариуцагчаас 7.077.500 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү.

1а. Манай дүү 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөө явж байгаад маргаан үүсээд хамар, нүдэнд гэмтэл учирсан. Хамрын гэмтэлд хагалгаа хийлгэсэн. Нүдийг цаашдаа харна гэсэн. Энэ хугацаанд хариуцагчтай тохиролцохоор ярьсан боловч ойлголцоогүй. АПУ ХХК-д ажиллаж байсан бөгөөд мэдээгүй тул нийгмийн даатгал төлөөгүй. 8 сар ажилгүй байсан. Эмчилгээний зардлаа өөрөө төлсөн. Ажилгүй байсан хугацааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шаардсан. Хагалгаанд 2,100,000 төгрөг, ор хоногийн мөнгө 354,600 төгрөг, үзлэг 30,000 төгрөг, шинжилгээ 152,400 төгрөг, эм тариа 40,500 төгрөг, 8 сарын цалин 4,400,000 төгрөг, нийт 7,077,500 төгрөг нэхнэ гэв.

 

2.         Хариуцагчийн өмгөөлөгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь эрүүгийн хуульд зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулснаар ял шийтгэл авсан. Тухайн үед баримтаар хохирол төлж шийтгэх тогтоолд дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн. Энэ дагуу ял авч дууссан. Эмчилгээтэй холбоотой зардлын хувьд эрүүгийн журмаар тогтоогдсон тул төлнө. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс ярьдаг. Хөнгөн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх үндэслэлгүй. АПУ-д ажилладаг гэх боловч баримтаар тодорхойгүй. Шүүх нийгмийн даатгал төлсөн эсэхийг хардаг. Ажилд орсон гэсэн тушаал байхгүй тул энэ шаардлагыг татгалзана гэв.

 

3.         Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: “” ХХК-ийн төлбөрийн баримт /хх2/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлбөрийн баримт /хх3/, кассын орлогын ордер /хх5/, эмнэлгийн магадлагаа /хх8/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх10/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх13-23/, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоол /хх24-35/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 2,677,500 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Г.******* нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,677,500 төгрөг, олох байсан орлогод 4,400,000 төгрөг, нийт 7,077,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Д. нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,677,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, ажил хийдэг байсан нь тогтоогдоогүй тул 4,400,000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.         Хариуцагч Д. нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр ухамсарлаж байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж нэхэмжлэгч Г.*******гийн эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. /хх24-35/

Улмаар хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Харин хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай бөгөөд эрүүл мэндэд учруулсан хохиролд 2,677,500 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Хэдийгээр эрүүл мэндэд учруулсан гэм хортой холбогдон гарсан гэх зардлын зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч нэгэнт хариуцагч нь энэхүү шаардлагын талаар маргаагүй, зөвшөөрсөн тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

5.         Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилгах хохирлын хэмжээнд олох байсан орлого хамаарна. Тодруулбал, үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулганд байгаа орлого нь ажил олгогчоос олгосон цалин хөлс, эсхүл хувиараа хөдөлмөр эрхэлж тогтмол орлого олдог байсан гэдгийг нотлохгүй байна. /хх13-23/

Цаашлаад, эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас 8 сарын хугацаатайгаар чөлөөлөгдсөн болох нь баримтаар нотлогдоогүй.

Хэрэгт байгаа эмнэлгийн магадлагааг сүүлд нөхөн авсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэхүү магадлагаанд заасан ажлаас чөлөөлсөн цаг хугацаа нь гэм хор учруулсан цаг хугацаатай шалтгаант холбоотой гэж шууд үзэх боломжгүй байна. /хх8/

Түүнчлэн дээрх 2023/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолд дурдсанаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3728 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй, эрүүл мэндийг түр сарниулна гэж дүгнэсэн байх тул 8 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдсан гэж үзэх боломжгүй. /хх27/

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нь ажил эрхэлдэг байсан бөгөөд тогтмол орлого олдог байсан, мөн хөдөлмөрийн чадвараа 8 сарын хугацаагаар алдсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул 4,400,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6.         Иргэдийн төлөөлөгч нь олох байсан орлогод холбогдох шаардлагаас 30 хувийг ханган шийдвэрлэх санал гаргасан боловч энэхүү санал нь дээрх үндэслэлээр нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрт харгалзан үзэх боломжгүй байсныг дурдав.

 

7.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Энэхүү хэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хураамжийг буцаан олгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.аас 2,677,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,190 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.л /рд:/-д буцаан олгож, хариуцагчаас 57,790 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД

 

                                      ШҮҮГЧИД                                           Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                                  Л.ЭНХЖАРГАЛ