Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2024/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******,

Хариуцагч:******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 14,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 10 эр ямааны 5 жилийн ноолуур 30 кг ноолуур байна. 1 кг үнэ 100,000 төгрөг, 5 жилийн хугацаанд 3,000,000 төгрөг, 1 эр ямаа 200,000 төгрөг, 10 эр ямаа 2,000,000 төгрөг нийт 10 эр ямаа 30 кг ноолуур 5,000,000 төгрөг, 11 эм хонь 5 жилийн төл 55 хонь нийт 66 хонь нэхэмжилж байна. Мөнгөн дүнд шилжүүлэхэд 9,900,000 төгрөг, Иймд 10 эр ямаа, 11 эм хонь үр төл, ноолуур дүн нийт 14,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

1.2 Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2019 онд төв рүү орж ирэхдээ *******д малаа үлдээсэн. Тэр малыг тоолж хүлээлгэж өгөөгүй гэсэн *******гийн тайлбар байдаг. *******гийнх голын дэргэд байдаг. Тэгээд эдний мал гол руу гүйж орж ирэхэд манайх өөрийн малаа тоолж амжилгүй нийлүүлчихсэн. Харин ******* бид хоёр хонио тоолчихсон байсан. *******гийн эхнэр манайд малаа нийлүүлчих гэж хэлсний үндсэн дээр манайх малаа тэдний малд нийлүүлсэн. Манайх 150 гаруй бог, 80 гаруй хониноос 11 хонь дутаад, ямаанаас 10 дутсан. Би малаа маллаж байхдаа содон шинж тэмдэгтэй бог малаа бүртгэдэг байсан. Тэгсэн манай нөхөр тийм шинж тэмдэгтэй мал алга байна гээд зүсийг нь хэлээд үгүйлээд байсан. Манайх *******гаас малаа ялгаж авсан чинь мал дутсан. Манай хоёр хурга эдний малын эмээр тэмдэглэгдсэн байж байгаад эм хонио олж ирээд хургыг нь авъя гэдгээ хэлсэн. Би *******гийн эхнэрт нь нөхрийгөө уурлаж байгаа талаар хэлсэн. *******гийн аав ээжийн зүгээс малыг төлж өгнө гэдгийг ярьж хэлсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тамга, тэмдэггүй тогтоолыг гарын үсэг зурж хүлээж аваагүй. Галуут сумын байцаагч тэр өдөр надаас мэдүүлэг авч байхад энэ тогтоол гарсан гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* 2018 онд манайд бог малаа тавьсан. Малаа тавихдаа малаа тоолж хүлээлгэж өгөөгүй. Тэрээр малд нийлүүлчхээд манайд ирсэн. 2019 оны хавар эхнэр нь манайд ирж малаа төлүүлсэн. Тэгээд 6 сард явахдаа мал дутлаа гэдэг зүйл яриагүй. Харин зун нийлүүлье гэсэн. Тэгэхээр нь авахгүй гэсэн. Миний бие 2019 онд хэрэгт холбогдоод тэгсэн чинь ямаа, хонь дутлаа өргөдөл өгнө гэсэн. Тэгэхээр нь өг гэсэн. Миний өмгөөлөгч дээр орж төлүүлээд өгчих мөнгө өгье гэж хэлсэн байсан. Миний бие энэ хүнд гомдолтой байна. 5 жил гүтгэн, гүжирдэж олон нийтийн хэрэгслээр удаа, дараа гутаан доромжилж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

2.1. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* гэх хүнийг малыг тоолж аваагүй. Намайг гэртээ байхгүй үед манай малд өөрсдийн малаа нийлүүлчхээд явчихсан байсан. Би малыг нь өвөл маллаж, онд оруулаад өгсөн. Надад ямар нэгэн хөлс өгөөгүй. Би 5 сар малыг нь малласан гэв.

3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 1/878 дугаартай мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0058 дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр ийг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...10 эр ямааны 5 жилийн ноолуур 30 кг ноолуур байна. 1 кг үнэ 100,000 төгрөг, 5 жилийн хугацаанд 3,000,000 төгрөг, 1 эр ямаа 200,000 төгрөг, 10 эр ямаа 2,000,000 төгрөг нийт 10 эр ямаа 30 кг ноолуур 5,000,000 төгрөг, 11 эм хонь 5 жилийн төл 55 хонь нийт 66 хонь нэхэмжилж байна. Мөнгөн дүнд шилжүүлэхэд 9,900,000 төгрөг,

Иймд 10 эр ямаа, 11 эм хонь үр төл, ноолуур нийт 14,900,000 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

3. Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* гэх хүнийг малыг тоолж аваагүй. Намайг гэртээ байхгүй үед манай малд өөрсдийн малаа нийлүүлчхээд явчихсан байсан. Би малыг нь өвөл маллаж онд оруулаад өгсөн. Надад ямар нэгэн хөлс өгөөгүй. Би 5 сар малыг нь малласан...гэж үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/878 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/878 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудаст: Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан таны гомдлын дагуу Баянхонгор аймгийн прокурорын газраас эрүүгийн 201400060 дугаартай, хааж шийдвэрлэсэн хэргийг татаж хянав. Хэргийг хянахад, та 2018 оны намар *******д 150 гаруй тооны бог мал маллуулахаар хүлээлгэн өгч, 2019 оны 06 дугаар сард 120 гаруй бог мал буцааж авсан, хүлээн авсан талаар ямар нэгэн баримт үйлдээгүй, ******* 10 ямаа, 11 эм хонь нийт 21 тооны бог мал буцааж өгөөгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна гэжээ.

Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд хэрэг бүртгэлтийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Энэ үйл баримтад хариуцагч маргадаггүй. /хх 4 дүгээр хуудас/

5. Хариуцагч ******* нь бусдын малыг маллаад 10 ямаа, 11 эм хонь нийт 21 тооны бог малыг буцааж өгөөгүй нэхэмжлэгч *******ад хохирол учруулсан болох нь Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/878 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдсон учир ******* өөрт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо *******гаас шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

7. Нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирлын хэмжээг тооцоолохдоо 10 эр ямаа нэгийг нь 200,000 төгрөгөөр бодоход 2,000,000 төгрөг, 5 жилийн ноолуур 30 килограмм 1 килограммыг нь 100,000 төгрөгөөр бодоход 3,000,000 төгрөг, 11 эм хонь 5 жилийн төл 55 хонь, нийт 66 хонь нэгийг нь 150,000 төгрөгөөр бодоход 9,900,000 төгрөг нийт 14,900,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан боловч энэ талаар хариуцагч маргаагүй.

8.Хариуцагч ******* ....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно..

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг өөрөө тодорхойлох бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй ба хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/878 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудас, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн хариуцагч *******гаас 10 эр ямааны үнэ 2,000,000 төгрөг, 11 эм хонины үнэ 1,650,000 төгрөг нийт 3,650,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг малын үр төл, үр шим, ноолуур зэргийн үнэ 11,250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлоогүй тул хэрэгсэхгүй болгов.

10.Иймд хариуцагч *******гаас 3,650,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 73,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй.

12.Иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн зүгээс иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэний дагуу шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 3,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 73,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН

ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА

А.ҮҮРИЙНТУЯА