| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2023/0017/З |
| Дугаар | 118/ШШ2023/0025 |
| Огноо | 2023-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 118/ШШ2023/0025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамхандын 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 0010266 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ... Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр салбар нь 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн байна. Харин эрх бүхий албан тушаалтан Б.Бадамханд нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх зөрчлийг шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч, дээрх зөрчилд давхар Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0010266 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 1 зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаад 2 шийдвэр гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамхандын Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр салбарт Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0010266 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамханд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сонгино сумын Зэвсэгт хүчний 274-р ангид холбогдуулж 2023 оны 02-р сарын 14-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгийн торгох шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Түвшинтөгс нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамхандын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0010266 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.
Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг “...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн бөгөөд оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамханд нь дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зөв гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.15-д зааснаар нийгмийн даатгалын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй байна.
Харин хариуцагч болох нийгмийн даатгалын байцаагч нь шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан мөртөө 0010266 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тийнхүү шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох нь уг маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 0010266 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээсэн С.Рэнжмаагийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна.
Иймд хариуцагчаас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн №0010266 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Түвшинтөгсийн дүгнэлтийг хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын улсын байцаагч Б.Бадамханд бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР