| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 195/2026/0381/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/423 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Дашмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,
улсын яллагч Д.Дашмаа /ХУД/, өсвөр насны шүүгдэгч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч А.Д, өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Цагаан овогт А-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510037422172 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цагаан овогт А-гийн М /РД:*****/
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ***** тоот хаягт оршин суух хохирогч Х.С*****ийн монгол гэрийн хаалганы цоожийг ломбоор хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, дээлийн хормойн боолт 1 ширхэг, бэлэн 97.040 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч хохирогчид 539.440 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчийн гэр манайхтай ойрхон. Гэрийнх нь хаяанд байсан лоомоор цоожийг хөшиж орсон. Тэгээд бэлэн мөнгө болон бусад зүйлийг авч ирээд гэртээ хадгалсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)
Өсвөр насны шүүгдэгч А.Мын хууль ёсны төлөөлөгч А.Д: “...А.М нь манай эгчийн хүүхэд байгаа юм. Эмээ, өвөө дээрээ өссөн, төлбөрийн боломж муугаас сургуулиас гарсан, одоо мал малладаг” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч нь: “...өсвөр насны шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь: “...хэргийн үйл баримт болон гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ***** тоот хаягт оршин суух хохирогч Х.С*****ийн монгол гэрийн хаалганы цоожийг ломбоор хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, дээлийн хормойн боолт 1 ширхэг, бэлэн 97.040 төгрөг зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “…Иргэн Х.С***** нь “2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн ***** тоот манай гэрт хулгай орсон байна” гэх гомдол (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн задгай хашаан дотор 2 ширхэг 5 ханатай монгол гэр, 1 ширхэг цэнхэр өнгөтэй контейнер байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн гэр дотор ороход гэрийн эд юмс эмх цэгцтэй, гэрийн ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт байрлах гал тогооны шүүгээний дээд хэсэгт онгойлгож эвдэлсэн мэт төмөр, цагаан өнгийн хазайж далийсан цоож байх ба үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гэрийн хоймор хэсэгт байрлах бурхны гууны дээд хэсэг рүү заах ба тухайн хэсэгт байсан дээлийн хормой шуудаг, хормойн боолт, мөн тэр хэсэгт байсан монгол мөнгөн дэвсгэрт 47.000 төгрөг алга болсон гэснийг шинжээч Nikon-3500 маркийн гэрэл зургийн аппаратаар 12 кадр зураг бэхжүүлэн авав” гэх (хавтаст хэргийн 25-28 дахь тал),
3. Хохирогч Х.С*****ийн: “...Би Хан-Уул дүүргийн ***** тоотод нөхөр Х.Б*****, охин Б.Э*****, охин, Б.С*****, охин Б.С*****, охин Б.Б***** нарын хамт амьдардаг юм. 2025 оны 07 дугаар сарын 12-ний өдөр гэртээ юм угаагаад байж байтал манай урд айлын хүүхэд /нэрийг нь мэдэхгүй/ манай гэр рүү 2 ширхэг 20 литрийн цэнхэр, шар өнгийн усны савтай ирээд “...эгч ээ ус өгөөч...” гэхээр нь би “...тэг тэг...” гэж хэлэхэд манай худгаас ус авахдаа товчлуурыг нь мэдээд дарчихсан. Тэгэхээр нь би тэр хүүхдийг манайхаас өмнө ус авч байсан юм байна гэж бодсон. Тэрний дараагаар манай урд айлын хүүхэд усаа авчхаад 30 минут орчим гэр рүүгээ чиглэн явж байгаад замдаа усны саван дээрээ 10-20 минут орчим суусан. Удалгүй намайг гэрээс гараад ирэхийг харснаа гэнэт босоод явчихсан. Тэрний дараа 20 цаг 20 минутын орчимд би угаасан хувцсаа гэр рүүгээ буцааж оруулаад, буцаад гэрээсээ том цүнхтэй хувцас аваад машиныхаа ард ачихад нөгөө хүүхэд гэрийнхээ гадаа гарч ирээд манай гэр рүү нүд салгалгүй хараад сууж байсан. Түүний дараа 20 цаг 25 минутад манайх гэр бүлээрээ /манай гэрт хүн үлдээгүй/ Шувуун фабрик руу хөдөлсөн. 21 цаг 35 минутад гэртээ буцаад ирэхэд манай гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд би манай гэрт хулгай орсон байна гэж бодоод гэр рүүгээ дотогш ороход гэрийн эд юмс эмх цэгцтэй, харин бурхан тавьдаг бурхны гууны дээд хэсэгт байсан дээлийн хормойн боолт /мөнгөн тоногтой 4 үе дамжиж ирсэн/ маань алга болчихсон, мөн гэрийн унинд хавчуулчихсан байсан бэлэн 47.000 төгрөг алга болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаагийн байгууллагын алба хаагчид манай гэрт ирээд тухайн манай гэрт орсон байж болзошгүй гэх манай урд айлын хүүхдийн гэрт очин тухайн хүүхдийг гэрээс нь дуудан гаргаж ирж уулзахад манай гэрээс авсан зүйлс тэр хүүхдэд бүгд бүрэн байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),
4. Гэрч Х.Б*****ийн: “...2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай эхнэр Х.С***** гэртээ хувцсаа угаагаад, харин би бөх үзээд байж байсан. Орой 20 цагийн үед манайхан гэр бүлээрээ Шувуун фабрик орохоор явж, 21 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай гэрийн цоож эвдэрчихсэн, хүн эвдэж орсон байсан. Тэгээд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс мөнгөн тоногтой дээлийн хормойн боолт, миний унинд хавчуулсан байсан 47.000 төгрөг, мөнгөний гахай гэх зүйлс алга болсон байсан. Мөнгөний гахайнд хэдэн төгрөг байсныг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 100.000 төгрөг байсан байх. Манайд өмнө хулгай орж байгаагүй. Мэдүүлэг өгөхийн өмнө гэр рүүгээ залгаж асуухад мөнгөний гахай байхгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
5. “Гранд ассэт валью” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 25/415 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Нийт хохирол 442.400 төгрөг” гэх (хавтаст хэргийн 31-34 дэх тал),
6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “.. хохирогч Х.С*****т хормойн боолт 1 ширхэг, унинд хавчуулсан байсан 47000 төгрөг, мөн гахай дотор байсан 50040 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн тухай” (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
7. Өсвөр насны шүүгдэгч А.М-ын: “...хохирогчийн гэр манайхтай ойрхон. Гэрийнх нь хаяанд байсан лоомоор цоожийг хөшиж орсон. Тэгээд бэлэн мөнгө болон бусад зүйлийг авсан. Гэртээ хадгалсан хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Цагаан овогт А-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлахын тулд лантуу, лоом зэрэг багажийн зориулалтыг нь өөрчилж тусгайлан засаж тохируулаагүй, зохион бүтээгээгүй учраас дээрх багажийг зориулалтаар нь ашигласан үйлдэл хулгайлах гэмт хэргийн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжид хамаарахгүй гэж дүгнэлээ.
Харин өсвөр насны шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зүргаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт ... иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.
Орон байр гэдэг нь хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг хамааруулна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд онгорхой байхад сэм орох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах болон ашиглахгүйгээр цонх, хаалгаа түгжээг эвдэх, цуургыг сугалах зэргээр орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, өсвөр насны шүүгдэгч А.М нь хохирогчийн гэрт нэвтрэх эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж гэрийн эзэд нь гадуур гарсан, гэр эзгүйг харж мэдсэн үедээ түгжээг нь лоомоор хөшиж онгойлгон нэвтрэн орж, мөнгөн тоногтой дээлийн хормойн боолт, мөнгөний гахай, бэлэн мөнгө зэргийг хууль бусаар, нууцаар сэм авч гаран өөрийн мэдэлд шилжүүлж авч захиран зарцуулах бололцоог өөртөө олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Өсвөр насны шүүгдэгч А.М нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба тэрээр хохирогчийг эзгүй хойгуур хаалганы түгжээг эвдэн хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдлийг хийснээр гэмт хэрэг төгссөн шинжтэй, түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Өсвөр насны шүүгдэгч А.Мын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Х.С*****т 442.400+ 47000+50040=539.440 төгрөгийн хохирол учирсан нь “Гранд ассэт валью” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 25/415 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч А.М нь хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь: “...өсвөр насны шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь: “...Миний үйлчлүүлэгч нь насанд хүрээгүй, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн буюу төлөх төлбөргүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасныг хэрэглэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “арван дөрвөөс арван зургаа хүртэлх насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.1 /хулгайлах/ ... гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь ны өдөр төрсөн /РД:*****/ тухайн гэмт хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарт хүрсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ хуульчилж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “... өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан.
Өсвөр насны шүүгдэгч А.М-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан ба тус зүйл, хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулна” гэж заасан хэдий боловч шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.М-д дээрх зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, түүнийг хүмүүжүүлэх боломжтой байна гэж дүгнэлээ. Учир нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна тэрээр гэм буруу дээр маргаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн шүүгдэгч нь 17 настай, түүнд суралцах, нийгэмших боломжийг олгох үүднээс Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, А.М-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Д-д тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1, 37.12 дугаар зүйлийн 4, 5, 6 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Цагаан овогт А-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2.Өсвөр насны шүүгдэгч Цагаан овогт А-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
4. Өсвөр насны шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг 1 (нэг) жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Мыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Д-д даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ