2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,  улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /ТПГ/, хохирогч Г.Э*****, шүүгдэгч Б.Г*****, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б*****гийн Г*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503007431032 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *****-ний өдөр Төв аймагт төрсөн, яс үндэс халх, 36 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод оршин суух, урьд:

-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Б*****гийн Г***** /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эрхгүй үедээ Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны замд 2025 оны 06 сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Toyota Crown маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Э*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г***** шүүхийн хэлэлцүүлэгт: “..тэр өдөр манай хамаатны залуу архи барьж ирээд хамт уусан, Тэгээд ахиад архи авах гэж дэлгүүр лүү гарч яваад ийм асуудал болсон. Би хохирогчид 1 сая төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байна.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Хохирогч Г.Э***** шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би машинд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Бас үнэлгээ хийхэд төлсөн 869,000 төгрөг, эд ангийн зардал 130,000, ачилтад 200,000 төгрөг, 20,000 төгрөг зэрэгт төлсөн мөнгө, мөн дутуу авсан цалин хөлсөө нэхэмжилнэ. Хийснээрээ цалинждаг, сард дунджаар 4 сая орчим болдог, Одоо миний гар атгахад муу, юм атгахад алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон.Хохирлоо бүгдийг барагдуулж авмаар байна. Удаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Г*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тухай дүгнэлтийг,

Хохирогч Г.Э***** “...хохирлоо авахыг хүсэж байна” гэсэн саналыг,

Шүүгдэгч Б.Г*****ийн өмгөөлөгч С.Болорчулуун: “гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г***** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа энэ хугацааны дотор буюу 2025 оны 06 сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд  Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны эсрэг урсгал бүхий 2 эгнээ замд согтуугаар Toyota Crown маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож үедээ эсрэг урсгал руу орсны улмаас тус эгнээгээр зорчиж явсан Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Э*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: 

1. Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овооны зам 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Toyota Crown маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э*****ын эрүүл мэндэд хохирол учирсан ...” гэх (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, согтуурал шалгасан баримт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан баримт: “...жолооч Б.Г***** нь 3.10 промилл согтолттой” гэх (хавтаст хэргийн 14-19 дэх тал),

3. Хохирогч Г.Э*****ын: “...Би 2025 оны 06 сарын 18-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Сонсголонгийн 013 дугаар цэргийн ангийн хажууд байрлах бетон зуурмагийн үйлдвэрээс гэр лүүгээ харьж явж байгаад Толгойтоос хойшоо Алтан овоо өгсөх замд 780-р худгийн хажууд өөдөөс нэг машин урсгал сөрөөд намайг мөргөсөн. Тэгээд машинаасаа буусан чинь нөгөө машин зугтаасан, хажуугаар явж байсан жолооч надад доошоо уруудаж байна гэхээр нь би машинд суугаад араас нь явсан, тэгсэн  нэг гудамжинд зогсож байсан, тэгээд цагдаа дуудсан. Нөгөө жолооч согтуу байсан, удалгүй цагдаа ирээд осол хийсэн газар хэмжилт хийгээд явсан. Би ойртож ирэхээр нь харсан.Миний машины урд хойд хэсэг нилээн эвэрсэн. Үнэлгээнд орсон, 12 сая гаран төгрөг болсон. Миний машин эвдэрсэн, гар хугарсан,  хохирол барагдуулбал надад гомдол байхгүй...” гэх (хавтаст хэргийн 22, 25 дахь тал),

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №ЕГ0725/8399 дугаартай хүний биед хийсэн шинжилгээ: “...Г.Э*****ын биед зүүн гарын алганы 4 дүгээр шивнүүрийн ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

5. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1609 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: “...Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 11.320.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн дүн 869.000 төгрөг” гэх (хавтаст хэргийн 53-59 дэх тал),

6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Үүрцайхын: “...Би тухайн ослын талаар сайн мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Банк бус дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би нөхөр болох Б.Г*****т машинаа өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй …Миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28, 35 дахь тал),

7.  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 108 дугаартай албан бичиг: “...Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэх (хавтаст хэргийн 44 дэх тал),

8. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа: “...Toyota Crown  маркийн ***** тээврийн хэрэгслийн жолооч Б.Г***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Жолооч Г.Э***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх (хавтаст хэргийн 68 дахь тал),

9. Шүүгдэгч Б.Г*****ийн: “...Би 2015 онд жолооч болсон. Би 2024 оны 12 дугаар сард жолооны эрхээ хасуулсан. Уг нь А,В,C,D,M ангилалтай. Би хохирлыг барагдуулах болно. Тухайн автомашиныг ирж байгааг хараагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замын ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг”, 3.1.4 дэх заалтад “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлэх ба зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “...Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хууль, журмын дагуу олгоно” гэж заасан байна.

-Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлд заасан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны  үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-“тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн  хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас  зайлсхийсэн үйлдлийн улмаас  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.

Шүүгдэгч Б.Г***** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3628 дугаартай шийтгэврээр тогтоогдсон тул Б.Г*****ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.(хавтаст хэргийн 104-106 дахь тал)

Гэтэл шүүгдэгч Б.Г***** энэ эрх хассан хугацаанд өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин  3.10 промиль хувь согтолттойгоор тээврийг хэрэгслийг жолоодон явсан нь зам тээврийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж, нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн шинжтэй бөгөөд шүүгдэгч Б.Г*****ийн энэ байдал нь урсгал сөрж, чигээрээ яваа Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Г.Э*****ын эрүүл мэндэд хохирол, тээврийн хэрэгсэлд нь эвдрэл гэмтэл бүхий хохирол, хор уршиг  учруулснаар төгссөн, энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Улмаар хохирогч Г.Э*****ын биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн ангилалд хамаарч, энэхүү гэмтэл нь тухайн ослоос шалтгаалан үүссэн шинэ гэмтэл болох нь шинжээчийн 8399 дугаартай дүгнэлтээр, хохирогчийн жолоодож явсан тэврийн хэрэгсэлд нь 11.320,000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон зэрэг баримттай байна.

Шүүгдэгч Б.Г*****ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шинжтэй байна.

Энэ бүгдээс үзвэл, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Иймд шүүгдэгч Б.Г*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

            1. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба эмчилгээний зардалд баримтаар 57000+9000=66000 төгрөг нэхэмжилсэн, (хавтаст хэргийн 83 дахь тал)

2. Мөн Toyota Prius маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 11.320.000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 869.000 төгрөг, ачилт эд ангийн зардалд /130,000+200,000+20,000=/350,000 төгрөг буюу 12.539.000 төгрөг нэхэмжилсэн. (хавтаст хэргийн 53-57, 81-84 дэх тал)

            Өөрөөр хэлбэл, эмчилгээнд 66,000 төгрөг+ эд хөрөнгөд 12.539.000 төгрөг=12.605.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Г*****ээс өгсөн 1000,000 төгрөгийг хасаж тооцон үлдсэн 11.605.000 төгрөгийг шүүгдэгч нь төлөхөөр байна.

3. “Ди ар Жэй” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 25/54 дугаартай “...Г.Э***** нь манай байгууллагад 2006 оноос хойш одоог хүртэл сантехникч, гагнуурчнаар ажиллаж байгаа тэргүүний ажилтан. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бусдын буруутай үйлдлээс шалтгаалан зам тээврийн осолд орж 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй хөдөлмөрийн чадвараа түр алдсан юм...цалингийн хүснэгт, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас, 3 сарын дундаж цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг хавсаргав” гэх албан бичиг хэрэгт авагдсан байна. (хавтаст хэргийн 80, 85, 86-87, 91-93 дахь тал),

Улмаар хохирогч нь гэмтэл авснаас хойш 2025 оны 07 дугаар сарын 19-ний хүртэл ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй талаар мэдүүлж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны буюу 1 сарын цалин хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Хохирогч Г.Э*****ын гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт, цалингийн хүснэгт зэргийг үзвэл, тэрээр 2025 оны 3 сард 932.164 төгрөг, 4 сард 3.193.848 төгрөг, 5 сард 3.363.233 төгрөгийн, нийт 7.489.246 төгрөгийн цалин авсан байна.

Улмаар хохирогч Г.Э*****ын ажиллаж байсан хугацааны тодруулбал сүүлийн 3 сарын дээрх цалин хөлсний хэмжээнээс 1 сарын дундаж цалин хөлснийг тооцоход 2.496.415 төгрөг болсон, түүний өвчтэй байх хугацааны эмнэлгийн магадлагаагаар 891.576 төгрөг авсныг хасахад /2496.415-891.576=/1.604.839 төгрөгийг цалин хөлсний зөрүүнд олгохоор байна.

Иймээс шүүгдэгч Б.Г*****ээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 11.605.000 + дутуу авсан цалин хөлсний зөрүү 1.604.839 төгрөг=13.209.839 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э*****ад олгож, харин хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г*****ээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

4. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан ба Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ганболдын Э*****/РД: *****/ нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 256.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь М№090090100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагдсан, уг зардал төлөгдөөгүй байна. (хавтаст хэргийн 29, 30-32 дахь тал)

            Иймд шүүгдэгч Б.Г*****ийн үйлдлээс шалтгаалан энэхүү зардал гарсан байх тул түүнээс 256.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г*****т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Г*****ийн өмгөөлөгч С.Болорчулуун: “...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэггүй, өөрийнх нь эрүүл мэнд болон аавынх нь эрүүл мэнд зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагыг арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь айлын хашаанд түр оршин суудаг хүн байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь биелүүлэхэд хүндрэл үүснэ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Г*****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймд тус шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үйлдэлдээ дүгнэлт хийхийн оронд эсрэгээрээ 3,10 хувийн согтолттой байж тээврийн хэрэгсэл жолоодсон, эсрэг урсгал сөрж яван бусдын бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан нь нийгмийн аюулын шинжийг үлэмж нэмэгдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын шинж, хохирлыг барагдуулаагүй буюу барагдуулах талаар санаачилга гаргаагүй байдал, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг талаар баримтгүй, айлын хашаанд түр оршин суудаг буюу тогтсон хаяггүй зэрэг байдлыг тус тус харгалзаж шүүхээс шүүгдэгч Б.Г*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Г*****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Б*****гийн Г*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г*****т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 5 (таван) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*****т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Г***** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*****ээс 13.209.839 (арван гурван сая, хоёр зуун есөн мянга, найман зуун гучин ес) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э*****ад олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г*****ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г*****ээс 256.000 (хоёр зуун тавин зургаан мянган) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г*****ийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г*****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ