| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 132/2016/0099/Э |
| Дугаар | 00087 |
| Огноо | 2017-07-24 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00087
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж, Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч Ц.Сувдаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа, П.Ган-Очир, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох 201606000186 дугаартай, 132/2016/0099/Э индекстэй хэргийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овгийн *******ын ******* /РД:*******/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Баян- Агт сумын Хүрэмт багийн нутагт иргэн Г.*******г шалтаг шалтгаангүйгээр модоор цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Би тэр өдөр согтуу байхдаа авгайтайгаа муудалцсан. Тэгээд авгайнхаа араас хашгираад мод эргүүлж байхад гаднаас хүн орж ирээд цохиулсан. Тэр хүнийг цохисон нь миний буруу. Хөнгөн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг, 201606000186 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Г.*******гийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Шарга багт байдаг манай баз *******гийнхаас шөлний хонь авах гээд очсон юм. Очиход 2 орой 18 цаг болж байсан байх, сайн санахгүй байна. Тэгээд цай, хоол унд идээд гэрийн гадаа сууж байхад “амь авраарай” гээд эмэгтэй хүн дуугарсан. Тэгтэл хажуу талын гэрээс эмэгтэй хүн гүйгээд гараад ирсэн, араас нь нэг эрэгтэй хүн хөөгөөд гараад ирсэн. Тэгэхээр нь “хөөе миний хүү болохгүй шүү, юу болж байна” гээд гүйгээд очиход газарт зоолттой байсан аарц өлөгдөг шонг аваад миний толгой руу цохисон ба нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Ийм л юм болсон. Би тэр хүнийг танихгүй. Хэрүүл маргаан хийгээгүй, үгийн зөрүүгүй цохисон юм. Тэр хүн нилээн согтолттой байсан. Эхнэрийгээ “алнаа чамайг” гээд гэрээсээ хөөгөөд гараад ирсэн юм. Миний очсон айлд *******,*******,*******,, Соёлоо, манай эхнэр байсан ба бүгд харсан гэх мэдүүлэг/хх-н 23-24, 238 тал/, Гэрч Л.ийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайд ******* ах өөрийн эхнэр гийн хамтаар ирсэн. Тэгээд цай унд уугаад байж байтал манай хажуу айлын ******* согтуу манай нөхөр Ганбат руу элдэв үгээр хараагаад байсан. Тэгтэл ******* ах *******ад хандаж “миний дүү яачаад байгаа юм бэ” гэтэл ******* ******* ахыг модоор цохиод унагаасан. Яг цохих үед нь байгаагүй гэрлүү орсон байсан. Тухайн үед *******ыг хүмүүс эхнэртэй агсан тавиад байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд ******* ах гадаа унасан байдалтай байсан. Тэгээд манай нөхөр түргэн дуудаж өгсөн. Огт хэрүүл маргаан болоогүй. ******* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их согтуу байсан гэх /хх-н 26/, ...Би тухайн үед ******* ахыг манай нөхөртэй маргалдсан юм байх гэж бодсон чинь үгүй, эхнэртэйгээ маргалдсан юм байна лээ. Эхнэртэйгээ маргалдэх явцдаа ******* ахыг модоор цохисныг сүүлд нь мэдсэн гэх /хх-242 тал/ мэдүүлэг, Гэрч Ө.Соёл-Эрдэнийн өгсөн: 2016 оны 07 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манайд ******* ах өөрийн эхнэр гийн хамтаар ирсэн. Тэгээд цай унд уугаад байж байтал манай хажуу айлын ******* согтуу Ганбат руу элдэв үгээр хараагаад байсан. Тэгтэл ******* ах *******ад хандаж миний дүү яачаад байгаа юм бэ гэтэл *******, ******* ахыг модоор цохиод унагаасан тухайн үед яг цохих үед нь би хараад байж байсан юм. Тухайн үед *******ыг хүмүүс эхнэртэй агсан тавиад байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд ******* ах гадаа унасан байдалтай байсан тэгээд Ганбат эмнэлэгээс түргэн дуудаж өгсөн. Огт хэрүүл маргаан болоогүй. ******* ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их согтуу байсан. ******* ахыг цохих үед хажууд нь Ганбат, , Алтанцэцэг, ******* нар байсан гэх мэдүүлэг /хх-н 27-28-р тал/ Гэрч М.Ганбатын өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд манайхтай саахалт айлын ******* согтуу орж ирээд агсан согтуу тавиад байсан. Тэгж байгаад гайгүй болоод гараад явсан. 18 цагийн үед ******* ах, эхнэр гийн хамт шөлний хонь авахаар манайд ирсэн. Тэгээд манай хадам аав *******, ээж*******, эхнэр э бид хэд гэрийн гадаа суугаад хоол идэж байтал *******ын гэрээс эмэгтэй хүн орилоод гарч ирсэн гэсэн. Хашгираад байхаар нь гарсан чинь /би гэр рүү орж малын юм янзлах гээд байж байсан/ ******* ахыг шонгийн модоор цохиод унагасан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан. ******* нилээн согтуу байсан. Маргалдаагүй, шонгийн модоор цохиод 3 унагасан гэх мэдүүлэг /хх-н 29/, ...******* ахыг ирсэний дараа ******* нь надтай хэрүүл маргаан үүсгэсэн асуудал байхгүй, эхнэртэйгээ юунаас болсоныг мэдэхгүй ...гэрээсээ маргалдсан шинжтэй гарч ирсэн гэх /хх-241 тал/ мэдүүлэг, Гэрч Б.гийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга нуурын урд талд орших манай хүргэн ах ******* /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ ахынд өөрийн нөхөр *******гийн хамтаар очсон. Тухайн үед 18-19 цаг болж байсан. Тэгээд бид 2 ахын гэрт ортол манай хүргэн ах *******, эгч Алтанцэцэг, хүргэн нь болох Ганбаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/, охин э нар байсан. Тэгээд цай уугаад байж байтал хүргэн Ганбаа нь гаднаас орж ирээд манайд орж хоол ид гэхээр нь Ганбаагийн гэрт орсон. Тухайн үед манай ахынхтай айл 5 гэр байсан. Тэгтэл дунд талд нь орших гэрээс яг ямар хувцас өмссөн байсныг нь санахгүй байна. Нэг эрэгтэй хүн хашгираад гараад ирсэн. Тэгээд тэр эрэгтэй хүн өөрийн эхнэр бололтой эмэгтэй хүнийг хашааны шон хийдэг бүдүүн урт модоор цохих гээд байхаар нь би "хүн аллаа" гэтэл манай нөхөр ******* салгах гээд урдаас нь гүйгээд очтол ямар нэг үгийн зөрүүгүй манай нөхрийн толгойн баруун хэсэгт нь нэг удаа гартаа барьсан байсан модоороо цохиод унагаасан. Тэгээд манай нөхөр ухаан алдаад газар унасан. Толгойноос нь их хэмжээгээр цус гараад байхаар нь бид нар түргэн дуудаж, эмнэлэгт авчирч эмчилгээ хийлгэсэн. Би тэр хүнийг танихгүй, манай ах *******гийнхтай айл буусан байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, манай нөхөр тэр залууг эхнэрийгээ модоор цохих гэж байхад салгах гэтэл манай нөхрийг модоор цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг/хх-н 31, 239 тал/, Гэрч Ө.Отгончимэгийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ямаанд гараад ирэхэд цагаа сайн санахгүй байна. Манай нөхөр ******* согтуу ирчихсэн байсан. Тэгээд хажуу талын айлын Ганбатад агсан тавиад байсан. Тэгээд Ганбат *******ыг “та орж унтаж амар” гэсэн чинь Ганбатыг бариад авсан. Тэгээд гайгүй болоод гэртээ орсон. Тэгээд Ганбатынд машинтай хүмүүс ирсэн. Би үнээндээ гараад гэрээсээ нилээн зайтай явж байгаад эргээд харсан чинь ******* тэр ирсэн хүнийг нь цохиод унагаачихсан байсан. Би гүйж очоод нөхрийгөө “чи яаж байгаа юм бэ, хүн цохиод унагачихаж байгаа юм уу” гэхэд юм дугараагүй. Тэгээд цагдаа эмнэлэг болсон юм. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай их согтуу байсан гэх мэдүүлэг /хх-н 32/, ...тухайн өдөр манай нөхөр ******* нь архи уучихсан байсан болохоор нь би “архи уулаа” гэж хэрүүл хийгээд бид хоёр хоорондоо маргалдаад намайг хөөгөөд байхаар нь би гэрээс гарч тугалын хашаа руу гүйж байгаад эргээд харахад ******* ахыг модоор цохиод унагаачихсан... гэх мэдүүлэг /хх-240 тал/, Гэрч Д.*******гийн өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг өнгөрч байхад ******* эхнэрийн хамт шөлний хонь авахаар ирсэн юм. Энэ үед саахалт айлын ******* архи уучихсан согтуу Ганбатад агсан тавиад явсан юм. Намайг түлээ хагалаад байж байхад *******, Ганбат руу дайраад байх шиг байсан. Тэгээд ******* боль хүү минь ингэж болохгүй гээд гарсан чинь аарц өлгөдөг модыг сугалан аваад толгой руу нь цохиод унагасан. Тэгээд цагдаа эмнэлэгт мэдэгдсэн. Хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. ******* уугаагүй байсан. ******* уучихсан байсан гэх мэдүүлэг /хх-н 34-35-р тал/, Шинжээч эмч Д.Должмаагийн өгсөн: "Олон улсын өвчний 10 дугаар ангилалын Р-70 өвчний оношилгооны стандартын дагуу асуумжийн аргаар 4 сэтгэцийн байдлыг тодорхойлоход оюуны хөнгөн хэлбэрийн хомсдолтой байсан. Хэргийн талаар тоочиж ярина, гэхдээ орой зай, цаг хугацаа болж байгаа үйл явдлын учир холбогдол зэргийн талаар бүрэн гүйцэд мэдүүлэг өгөх чадваргүй боловч хэрэг хүлээх хариуцах чадвартай гэж манай комисс үзсэн. Хөнгөн хэлбэрийн оюуны хомсдол өвчтэй учир бүрэн гүйцэт мэдүүлэг өгөх чадваргүй. Олон улсын өвчний 10 дугаар ангилалын Р-70 өвчний оношийн шалгуурыг хангасан төрөлхийн сэтгэцийн өвчнийг оюуны хөнгөн хомсдол гэнэ гэх мэдүүлэг/хх-н 68-р тал/, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 220 тоот дүгнэлтэнд: 1. Г.*******гийн биед баруун хацар дух, чамархай дайрсан хугарал, тархины няцрал, баруун талын дух, чамархай хамарсан эпидурал цус хуралт, баруун дух, чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, оношилгооноос хамаарна гэх дүгнэлт/хх-н 56-57-р тал/ 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 278 тоот дүгнэлт: 1. Б.******* нь F 70 оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. 2. Б.******* нь хэрэгт холбогдох үедээ F 70 оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан байна. 3. Б.******* ньөөрийн оюун ухааны түвшинд өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 4. Б.******* нь F 70 оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. 5. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /хх-н 231 тал/ 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №278 тоот шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа: 1. Б.******* нь F70 оюуны хөнгөн хомдолтой байна. 2. Б.******* нь хэрэг үйлдэх үедээ F70 оюуны хөнгөн хомсдолтой байсан байна 3. Б.******* нь өөрийн оюун ухааны түвшинд өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. 4. Б.******* нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-н 230-231 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 39-54 тал/, сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол тэмдэглэл /хх-ийн 76-80 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний давлагаа / хх-ийн 84-85 тал/ шүүхээс буцаасан хэрэгт мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай 5 тогтоол /хх-ийн 221-223 тал/, эрүүгийн хэргийг хүлээн авч байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 224 тал/ шүүгдэгч Б.*******ын өмнө шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 226-227 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шонгийн модыг таниулж судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт иргэн Г.*******г шалтаг шалтгаангүйгээр модоор цохиж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч Г.*******, гэрч Л.э, Ө.Соёл-Эрдэнэ, М.Ганбат, Б.Оюунтуяа, Ө.Отгончимэг, Д.******* нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц гэм судлалын 278 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Шүүгдэгч Б.*******ын бусдын бие махбодийг гэмтээж, амь насанд аюултай байдалд хүргэсэн дээрхи үйлдэл нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, түүний аюулгүй байдалд халдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цогбадрахын танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт “танхайн сэдэлт” гэх хүндрүүлэх 6 бүрэлдэхүүнийг заагаагүй, энэ зүйл хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байгаа нь шүүгдэгч Б.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн гэм буруутай үйлдлийнхээ улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна Шүүгдэгч Б.*******ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний биеийн эрүүл мэндийн байдал, ар гэрт нь өндөр настай ээж нь байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж, шүүгдэгч Б.*******ын хөрөнгө орлогын байдал, санал хүсэлтийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шонгийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******ыг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгж буюу 15000 / арван таван мянга/ төгрөгөөр тооцож 1065000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийг түүний 10000000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******ын 8935000 /найман сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялыг эхний 35 сард сар бүр 248200 /хоёр зуун дөчин найман мянга хоёр зуу/ төгрөгөөр, сүүлийн сард 248000 / хоёр зуун дөчин найман мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 36 сарын буюу 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шонгийн мод нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтын хувийг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст /шүүгчийн туслах Б.Цогзолмаад/ даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД