Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 125/ШШ2023/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж,

Нэхэмжлэгч: Л.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Ховд аймгийн ................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн  04 дугаартай хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох,

2. Ховд аймгийн .................. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

3. Ховд аймгийн .................. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

4. Ховд аймгийн .................... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

5. Ховд аймгийн ..................... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/04 дугаартай “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

6. Ховд аймгийн ..................... сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын даргын ажил албан тушаалд эгүүлэн томилуулах,

7. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах,

8. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр даалгуулах” ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т , хариуцагч, гуравдагч этгээд                       Б. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Т нь Ховд аймгийн ..................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1,  2 дахь заалт, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол,  2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны  ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар, мөн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ............... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгохоор, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгохоор тус тус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Л.Т  нь 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ......................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, шүүх хуралдааны явцад 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

3. Ховд аймгийн .....................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, уг хуралдаанд ....................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгээс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан боловч уг асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэх талаар маргаан гарч, Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 9 цаг хүртэл завсарлаж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 57 минутад  хурал  11 төлөөлөгчтэй үргэлжилсэн.

Тус хурлын 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудлыг  хуралд оролцсон төлөөлөгч нар баталж, улмаар  2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоолоор Л.Т-ийг .................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлж, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолоор Б.Ц-ийг ..................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Л.Т  нь маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Л.Т  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991 оноос эхлэн ..................сумын Засаг даргын Тамгын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2020 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 67 дугаар тогтоолоор тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар, хурлаар ийт 8 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл 2021 оны 12 сарын 16-ны өдөр Ховд аймгийн ..............сумын Монгол ардын намын хорооноос ээлжит 4 дүгээр хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх саналыг 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр хуралд хүргүүлсэн байна.

            Ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгч нарт урилгаар тараагдсан байсан.

...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт эхэлж хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэх гэж байтал төлөөлөгч Т.Нурлан, Ц.Идэрсайхан нар хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулах санал гаргасан. Ардчилсан намын бүлгийн 11 төлөөлөгч хурлын даргыг огцруулах шаардлагагүй гэх дүгнэлт гаргасныг уншиж танилцуулан бүлгийн дарга Т.Нурланд гардуулж өгсөн.

Улмаар хуралдаан завсарлаж 2021 оны 12 сарын 19-ний өдөр 09:00 цагт зарлагдсан ба Монгол ардын намын бүлийн төлөөлөгчид ирээгүй тул орой 18 цаг хүртэл хүлээж байгаад тарсан. Гэтэл Монгол ардын намын бүлийн төлөөлөгчид орой 20 цагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдаж 2021 оны 12 сарын 19-ний өдрийн маргаан бүхий актуудыг гаргасан байдаг.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасан. Гэтэл хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн юм.

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан ба одоо ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/04 дугаар “Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэв.

 

6. Хариуцагч болон гуравдагч этгээд Б.Ц  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ..................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэргүүлэгчдийн тогтоолоор товлон зарласан байдаг. Тухайн тогтоолоор хуралдааны хэлэлцэх асуудлыг баталдаггүй. Өөрөөр хэлбэл тухайн хуралд хэлэлцэх асуудлын төслийг тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэх зөвшөөрлийг төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэж хуралдааны байнгын дэгийн 5.4 дахь хэсэгт заасан байна. ................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2021 оны 12 сарын 17-ны өдөр эхэлсэн боловч хурал дахь Монгол ардын намын бүлгийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 4 дүгээр албан бичгээр хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах санал гарсныг бүлгийн дарга Т.Нурлан танилцуулснаар албан ёсоор танилцсан. Уг асуудлыг хурлаар хэлэлцүүлэх асуудалд тусгах саналаа нийт төлөөлөгчдөд танилцуулж, төлөөлөгчдийн олонхоор хэлэлцэх байсан. Гэтэл ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлаагүй, хэлэлцэх асуудлыг батлах гээд төлөөлөгчид гараа өргөх үед Монгол ардын намын бүлгээс оруулсан дээрх саналтай холбоотой маргаан үүссэн тул Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Завсарлага дуусаж хурлын дарга Л.Т  орж ирээд хуралдааныг 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа гэж хэлчхээд гаргаад явсан ба хурал хойшлох эсэх асуудлыг төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэх учиртай. Гэтэл үүнийг зөрчсөн.

2021 оны 12 сарын 19-ны өдөр 09:00 цагаас хуралдаан үргэлжлэхэд төлөөлөгч нар ирээгүй. Тухайн сумын жилийн төсвийн тодотгол хэлэлцэх байсан тул сум орон нутгийн нийгэм эдийн засаг болоод нийт ард иргэдийн эрх ашгийг хөндөхгүйн тулд 2021 оны 12 сарын 19-ны өдөр хуралдааныг хийсэн. Тухайн хурлаас өмнө байнгын хороодын дүгнэлт гарсан байсан. Тухайн хурлын товыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Т-д хурлын нарийн бичгийн дарга Д.Баттулга утсаар хэлсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаагүйгээр ирээгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 03 сарын 31-ны өдрийн 8 дугаар тогтоолоор “эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсоноос бусад тохиолдолд хурлын дарга хуралдаанд заавал ирэх ёстой” гэж заасан байна.

Захиргааны хэргийн шүүх нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд олонхын саналаар шийдвэрлэсэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудлын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан гаргасан улс төрийн шийдвэрийг шүүх эрх зүйн хувьд дүгнэлт өгөх боломжгүй. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байдаг. Хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажил албан тушаалаа эрхлээд явж байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хуульд нийцээгүй. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, өөрчлөх гэсэн заалт бий. Түүнээс биш чөлөөлөх гэсэн ойлголт байхгүй.

Нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараас чөлөөлөөд байгаа нь ойлгомжгүй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.2-т “Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тухайн шатны Хуралд, сум, дүүрэг, баг, хорооны Хурал зохих дээд шатны Хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал дэвшүүлж болно”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хурлаас өмнө, хуралдааны үед горимын санал гаргах эрхтэй. Гэтэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 4 дугаартай албан бичгийг дээрх хуульд заасан шийдвэрийн төсөл гэж үзээд байгаа юм уу, тооцоо судалгаа гэж үзээд байгаа юм уу, ямар үндэслэлээр Л.Т-ийг хурлын даргын албан тушаалаас чөлөөлөөд байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна.

Тийм учраас ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 4/01 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Хурлын даргаар ажиллаж байсан Л.Т-ийг чөлөөлөх ямар үндэслэл байгаа юм бэ? ямар тооцоо судалгаа байгаа юм бэ? гэхээр тэр нь байдаггүй. Утга агуулгын хувьд ойлгомжгүй. .................. сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан болохоос өмнө тэргүүлэгчид хуралдаж ээлжит 4 дүгээр хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхээ шийдвэрлээд хуралдааны урилга дээр хэлэлцэх асуудлаа тусгаад тараагдсан байдаг. Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 онд хийсэн ажлын тайланг сонсоогүй байж ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус юм. Хариуцагчаас Монгол ардын намын бүлгийн дарга Т.Нурлан санал гаргасан гэж байна. Саналтай холбоотой тооцоо судалгаа гэж зүйл байх ёстой. Хаана ямар судалгаа хийгдсэн юм бэ?, Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй юм бэ?, Ямар хуулийн заалт зөрчсөн юм бэ?, тогтоол гаргахдаа ямар алдаа гаргасан юм бэ гэдгийг тооцоо судалгаа гаргаж байж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулах ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Ч.Нэргүйгийн нэхэмжлэлтэй ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийн маргаан нь энэ хэрэгтэй хамааралтай, нэг л хурлаас гарсан тогтоолууд юм. Энэ хоёр хэргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэл нь нэг. Тэгэхээр ээлжит 4 дүгээр хуралдааныг хойшлуулсан, завсарласан гэдэг дээр маргах шаардлагагүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.3-д “хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, 12.1.4-д “Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах бүрэн эрхийн төлөөлөгч эдлэхээр заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “хурлын  тэргүүлэгчид хуралдааныг товлон зарлах, үүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” гэх заалт хэрэгжээгүй. Мөн хуулийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан. Энэ хуульд заасан хуралдаанаар хэлэлцэх саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, шийдвэрийн төсөл хуралдаан болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт тараагдаагүй, ийм зүйл угаасаа байхгүй, хийгдээгүй, үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт байхгүй юм.

Бидний маргаж байгаа захиргааны актын гол асуудал энэ. ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын маргаан бүхий тогтоолууд хуульд үндэслээгүй, хууль зөрчсөн зүйл л харагдаж байгаа. Хариуцагчаас Л.Т-ийг хурлын даргаас чөлөөлсөн шийдвэр нь улс төрийн шийдвэр, шүүх энэ шийдвэрийг хянах эрхгүй гэж байна. Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүхэд хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Ч.Нэргүйгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолууд нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэдгийг тогтоочихсон. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-д зааснаар нэгэнт тогтоосон үйл баримтын талаар бид маргах шаардлага байхгүй. Энэ хэрэгт шинэ хуралдааны тэмдэглэл, тогтоолууд оруулж ирээгүй, тэр хэрэгтэй л адилхан тэмдэглэл тогтоолууд байгаа, үүн дээр маргаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг хуралдаанаар огцруулсан, чөлөөлсөн хүмүүсийн асуудал яригдаж байгаа. Энэ нь шүүхэд нөлөөлж байгаа асуудал биш.

...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдааны тэмдэглэлд 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хурлыг нээлттэй үлдээж хойшлуулсан гээд биччихсэн байгаа. Дараа нь 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 19:57 минутанд үргэлжилж гэж бичсэн байна. Энэ ямар журмаар яаж үргэлжлээд байгаа юм бэ?. Ардчилсан намын 10 төлөөлөгч тэр өдрийн өглөө 09:00 цагаас эхлэн хүлээсэн. Хуралдааны ирц бүрдээгүй тул цайндаа явсан байдаг. 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 19:57 цагт эхэлсэн гээд байгаа хурлын товыг Ардчилсан намын бүлгийн 10 төлөөлөгчид мэдэгдээгүй шүү дээ. Хурлын товыг утсаар мэдэгдсэн гээд байгаа юм бол утсаар ярьсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, үүнийгээ нотлоогүй, үлдсэн 10 төлөөлөгч 19:57 цагт эхэлсэн хурлын товыг мэдээгүй, мэдэгдээгүй юм.

Мөн тус хуралдааны ажлын хэсэг гэх апрат ажиллах ёстой. Засаг даргын Тамгын газраас оролцсон ажлын хэсэг нь энэ хуралдаан болсон гэдгийг мэдээгүй, тамгын газрын дарга, хурлын тэмдэглэл хөтлөх нарийн бичгийн дарга оролцох ёстой. Мөн хуралдаанаар бусад асуудлыг танилцуулж хэлэлцүүлэх Тамгын газрын ажилчид тус хуралдаанд орох ёстой байсан боловч ороогүй, тэдэнд мэдэгдээгүй. 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны сумын төсөв хэлэлцэхэд Засаг даргын Тамгын газраас холбогдох хүмүүс оролцож танилцуулах ёстой. Энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр Л.Т-ийн ажилд ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

2021 оны 12 сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл завсарлаж байхад 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 19:57 цагаас нууцаар хуралдаан хийсэн нь тус хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Энэ үйл баримт өмнө нь нэгэнт тогтоогдсон учраас дахин нотлох шаардлага байхгүй. Тус хуралдаанд нэг ч төрийн албан хаагч оролцоогүй, төсвийн гүйцэтгэл, ирэх оны төсвийг хэлэлцэхэд тухайн мэргэжилтэн, төрийн албан хаагч оролцоогүй. Хариуцагч ч гэсэн сая шүүх хуралдаанд тайлбарлахдаа хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг хуралдаан болсон өдөр албан ёсоор танилцсан гэж хэлсэн. Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хурлаар хэлэлцэх саналыг 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 19:57 цагт эхэлсэн хуралдаанаар хэлэлцсэн, түүнээс өмнө төлөөлөгч нарт танилцуулагдаагүй, тараагдаагүй гэдэг нь тус хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хуралдаан дээр хурлын даргыг чөлөөлөх саналыг хэлэлцээгүй шүү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хууль бус дээрх тогтоолуудаас болж нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан цалин хөлс авах эрх зөрчигдсөн. Ажилгүй байсан хугацааны цалин 17 сараар тооцож, 1 сарын 1376000 төгрөгийг цалинтай, нийт 23 сая төгрөгийн цалинг шүүхээс гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

8. Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаан хэрхэн явагдсан талаар баримт нотолгоо цуглуулж нөхцөл байдлыг тогтоосон. Хэрэгт байгаа үйл баримтаар л тухайн нөхцөл байдлыг тогтоох ёстой. Гэтэл энэ хэрэгт байхгүй,  өөр хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар энэ хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Өөр хүний эрхийн асуудыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг энэ хэрэгт нэгэнт тогтоогдсон үйл баримт гэх байдлаар тайлбарлах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Өөр хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрчүүдийн тоо зэрэг нь энэ хэргээс шал өөр байгаа. Энэ хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрчийн мэдүүлэг, нотлох баримт тайлбар зэрэгт үндэслэн үйл баримтыг тогтоох ёстой. Энэ хэрэгт авагдсан баримтуудаар ямар үйл баримт тогтоогдоод байгаа юм бэ гэхээр ээлжит 4 дүгээр хуралдаан завсарласан уу, хойшилсон уу гэдэг нь нэгдүгээр яригдах ёстой.

 Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.3-д заасан шийдвэрийн төсөл, тооцоо судалгаа, лавлагаа зэрэг нь хэзээ ирсэн, хэнд хэрхэн танилцуулсан гэдэг үйл баримтыг тогтоох шаардлагатай.

2021 оны 12 сарын 17-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдаан эхэлсэн гэдэгтэй маргахгүй байгаа. 21 төлөөлөгч бүгд ирсэн. Хуралдаан эхлээд хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмж оруулъя гэх зүйлээс болж маргаан гараад хуралдаан 2 завсарласан, 2021 оны 12 сарын 19-ний өдрийн 19:5 цагт хуралдаан эхлээд хэлэлцэх асуудлаа батлаад хэлэлцээд шийдвэрлэсэн гэдэг нь тогтоогддог. 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хуралдаан дээр хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулах саналыг танилцуулсан гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 21 төлөөлөгч бүгд,  Л.Т өөрөө ч гэсэн хурлын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалал оруулах санал ирсэн гэдгийг мэдсэн байдаг. Тийм учраас төлөөлөгч нар 2021 оны 12 сарын 17-ны өдөр энэхүү үйл баримтыг мэдсэн, Л.Т-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа шүү гэдгийг ойлгосон байсан учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа саналаа гаргах, намын бүлгээрээ дамжуулаад саналаа илэрхийлэх боломж байсан.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний уирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14- д хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож дэгээ батална гэж заасан байдаг. Үүний дагуу байнгын дэгийг 2020 оны анхдугаар хуралдаанаар баталсан байдаг. Энэ дэгийн дагуу тухайн хурал хойшилсон уу эсвэл завсарласан уу гэдгийг тогтоох боломжтой. Түүнээс биш нэг хүний хэлсэн үг, өөрийнх нь ойлгосон ойлголт, хуралдааны тэмдэглэлээр үргэлжилсэн гэдэг байдлаар хойшилсон, завсарласан гэдгийг тогтоох боломжгүй.

Хуралдааны дэгээр хэн хэрхэн хэдэн цагийн завсарлага авах вэ гэдгийг тухайн дэгээр тогтоож өгсөн. Хурал 2 удаа завсарлах эрхтэй, ингэхдээ 1 цагийн завсарлага авах эрхтэй, энэ эрхээ бүлгийн даргаар дамжуулах ёстой гэдгийг байнгын дэгийн 5.12, 5.13, 5.15 гэх заалтуудад заасан. Тухайлбал нэг хуралдаанд 2-оос илүүгүй завсарлага авах ба нэг завсарлагааны хугацаа 1 цагаас илүүгүй байна гэж заасан. 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хуралдаанд 2 удаа завсарлага авсан гэсэн хэдий ч 2 цагаар завсарлага авч тухайн өдрөө хуралдаад дуусах ёстой. Гэтэл хуралдааныг 2021 оны 12 сарын 19-ний өдөр хуралдсан нь хуралдааны дэгээ зөрчсөн, нөгөө талаар хуралдаан дахин эхэлсэн нөхцөл байдал харагддаг. 2021 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл завсарлагаа аваагүй. 19-ний өдөр шинэ хуралдаан болсон. Хуралдаан нь ирц танилцуулаад, тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг баталснаар эхэлдэг. Гэтэл талуудын тайлбараар бол хэлэлцэх асуудлын жагсаалтаа ч баталж чадалгүйгээр маргаад тардаг. Тэгэхээр хэзээ хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсан бэ гэхээр 2021 оны 12 сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсан. Түүнээс биш 2021 оны 12 сарын 17-ны өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсан гэдэг нь харагддаггүй. Тэгэхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх эсэхийг төлөөлөгчид мэдсэн өдөр нь 2021 оны 12 сарын 17-ны өдөр байна. Харин төлөөлөгчид уг асуудлыг мэдэж танилцсаны дараа хэлэлцэж шийдвэрлэсэн өдөр нь 2021 оны 12 сарын 19-ний өдөр юм. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний уирдлагын тухай хуулийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах ёстой, энэ шаардлагыг хангаагүй гэж маргаж байгаа ба уг хуулийн заалтаас харвал холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл гэх 4 шаардлага дөрвүүлээ байх ёстой юм уу эсвэл нэг нь байхад уг хуулийн шаардлага хангах ёстой юм уу гэдгийг хуулийг үг зүйн утгаар нь тайлбарлавал үг дундах таслалаар аль нэг нь байхад хуулийн шаардлага хангасан гэж үзэхээр байна.

Тэгэхээр 2021 оны 12 сарын 17-ны өдөр гаргасан хурлын даргыг чөлөөлөх тухай албан бичиг нь тухайн хурлаас гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өгсөн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл  уг албан бичигт Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “18.1.1 б, 18.1.1.г” гэж дурдсан ба иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн заалтын дагуу хурлын даргыг чөлөөлөх шийдвэрийн төслийг бичгээр гаргасан. 2021 оны 12 сарын 17-ны өдрийн хурал 2 удаа завсарлага аваад үргэлжлэх ёстой. Гэтэл хуралдаан болоогүй, төлөөлөгчид ирээгүй. Ардын намын төлөөлөгч Идэрсайхан гэрчээр мэдүүлэхдээ 2021 оны 12 сарын 17-ны өдрийн 13 цагаас шөнийн 24 цаг хүртэл Ардчилсан намын бүлгийн гишүүдийг хуралдааны танхимд хүлээсэн, ирээгүй. Ирэхгүй болохоор нь бид явсан. Учир нь дэгийн дагуу 1 цагийн завсарлага аваад хуралдаа ирэх үүрэгтэй байсан, гэтэл ирээгүй гэх тайлбар өгсөн байдаг.

Ардчилсан намын бүлэг нь хуралдааны дэгийн 5.2-т төлөөлөгчдөө хуралдаанд бүрэн оролцуулахыг намын бүлэг хариуцна, хуралдаанаар гарах тогтоол шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулах саналыг төлөөлөгчдөөр нэг бүрчлэн хэлэлцүүлж, оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэнэ, бичгээр ирүүлсэн асуулт, мэдэгдэл, мэдээлэл зэргийг уншиж сонсгож, шаардлагатай асуудыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэж хурлын даргад үүрэг болгосон байдаг.

 Энэ үүргээ хурлын дарга биелүүлээгүй учир 2021 оны 12 сарын 17-ны өдөр Ардын намын бүлгийн дарга Нурлан хурлын даргыг чөлөөлөх саналаа уншиж танилцуулсан. Нэхэмжлэгчээс түүнийг чөлөөлөх ямарч үндэслэл байхгүй, хууль зөрчөөгүй, ажлын үр дүн нь хангалттай байсан гэж тайлбарладаг. Улс төрийн албан тушаал гэдэг нь өөрөө сонгуулийн үр дүнд томилогдож чөлөөлөгддөг.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь улс төрийн шийдвэр гаргадаг байгууллага. Төлөөлөгчдийн олонхын саналаар буюу ардчиллын зарчмаар хурлын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн улс төрийн шийдвэр учраас улс төрийн албан тушаалтан хууль зөрчөөгүй гэдэг байдлаар насаараа уг албан тушаалд ажиллах эрхтэй гэсэн үг биш юм. Алдаа гаргасан, эсхүл гаргаагүй гэдгээс үл хамааран улс төрийн албан тушаалтны хувьд уг албан тушаалаас чөлөөлөх, хамтарч ажиллах боломжгүй гэдэг байдлаар улс төрийн шийдвэр гаргах эрхтэй юм.Энэ улс төрийн шийдвэрийг шүүх зөв буруу гэж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Т нь анх шүүхэд Ховд аймгийн ............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн .............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1,  2 дахь заалт, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш хугацааны  ажилгүй байсан хугацааны  цалин олговор гаргуулж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасан шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

Нэг. Нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухайд:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар 20.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзах эрхтэй ба 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, шүүх хуралдааны явцад 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

 

Хоёр. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухайд:

2.1. .............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаар “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолоор ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталж, тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтаар “Хурлын дарга чөлөөлөх тухай”, 2 дахь заалтаар “Хурлын даргыг сонгох тухай” асуудлыг хэлэлцэхээр баталжээ./хх-6, 7/

Улмаар ..........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаар тогтоолоор Л.Т-ийг хуралдаанд оролцогчдын 52.3 хувийн саналаар үүрэгт ажлаас чөлөөлж /хх-8/, мөн өдрийн 4/03 дугаар тогтоолоор хуралдаанд оролцогчдын 52.3 хувийн саналаар Б.Ц-ийг хурлын даргаар сонгожээ./хх-9/

2.2. Нэхэмжлэгчээс “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ................сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 4 дүгээр хуралдаан хууль бус болсон,  2021 оны 12  дугаар сарын 02-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг баталсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хурал болохоос 1 хоногийн өмнө төлөөлөгч нарт танилцуулаагүй, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцсэн...”  гэж,

2.3. Хариуцагчаас “... Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж зааснаар Монгол Ардын намын бүлгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хурлын дарга Л.Т-д албан ёсоор гардуулж өгсөн. Хурлын дарга нь албан тоотыг хурлын тэргүүлэгчдэд тараах үүрэгтэй буюу хурлын зохион байгуулалтыг хариуцах үүрэгтэй. Ардын намын бүлэг нь 1 хоногийн өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр албан бичгээ зохих этгээдэд нь гардуулж өгсөн...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

2.4. ............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны тов зарлах тухай” тогтоолоор /хх-12/ ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагт ...............сумын төвд хуралдахаар товлон зарлаж, хурлаар

1.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны ажлын гүйцэтгэл, 2022 оны зорилтын тухай илтгэл

2.Сумын Засаг даргын 2021 оны үндсэн чиглэлийн биелэлт

3.Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай

4.2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн  төслийн тухай

5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт,

6.Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл

7.Төлөөлөгчийн ёс зүйн  дүрэм батлах тухай

8.Улс, аймгийн  аварга малчин, саальчин, тариаланчид нэр дэвшүүлэх тухай нийт 8 асуудлуудыг хэлэлцэхээр баталсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан судалж үзэхэд, ............сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдаан 21 төлөөлөгч буюу төлөөлөгчдийн  100 хувийн ирцтэй эхэлсэн. Хурал эхлэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол Ардын намын  бүлгийн дарга Т.Нурлан Ховд аймаг ..................сумын Монгол ардын намын хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаар “... Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх саналыг хэлэлцэх  асуудлын эрэмбэд оруулах”-аар  санал гаргасныг тус хуралдааны хэлэлцэх асуудалд оруулах эсэхэд санал хураасан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэлгүйгээр хуралдаан даргалагч Л.Т  хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл нээлттэй үлдээж хойшлуулжээ. 

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 57 минутад  хурал  11 төлөөлөгчтэй үргэлжилж,

1.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга чөлөөлөх тухай

2.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох тухай

3.Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай

4.Сумын Засаг даргыг огцруулах тухай

5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай

6.Сумын Засаг даргын 2022 оны үндсэн чиглэлийн зорилтын тухай

7. 2021 оны  төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн  төслийн тухай

8.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалт,

9.Иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар 2021 онд хийсэн ажлын тайлан, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай илтгэл

10.Төлөөлөгчийн ёс зүйн  дүрэм батлах тухай  гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр баталсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 23 дугаар зүйлийн 23.7-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хувьд тухайн орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх ба ийнхүү шийдвэр гаргахдаа олонхын зарчмыг баримтлахыг хуульчилсан байх бөгөөд энэхүү маргааны хувьд нэгэнт олонх буюу 11 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон тохиолдолд ................сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн ээлжит 4 дүгээр хуралдааныг болоогүй, хууль бус гэж  үзэх үндэслэл байхгүй байна.

Харин нэгэнт хуралдаан хуульд нийцсэн ирцтэй явагдсан гэж үзсэн нь түүнээс гарсан тогтоол хуульд нийцэж гарсан гэсэн үг биш тул нэхэмжлэгчийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлсөн 4/02 дугаар тогтоол нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин авах эрх нь зөрчигдсөн эсэх талаар дүгнэх шаардлагатай.

Ховд аймаг ................сумын Монгол ардын намын хорооны 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот /албан бичигт бичигдсэн он сар өдрөөр бичив/ “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг /хх-14/ .....................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт танилцуулаагүй, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон ...................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан дээр танилцуулсан болох нь ..................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэл /хх-70-93/, гэрч Ц.Идэрсайхан /хх-156-157/, М.Мөнхбат /хх-147-148/, О.Баатарчулуун /хх-150-151/, М.Отгонцагаан /хх-153-154/,  Р.Дэмбэрэл /хх-158-159/, Ч.Нэргүй /хх-161-163/, Б.Түвшинсайхан /хх-165-167/, П.Баянжаргал /хх-181-182/, Н.Батмөнх /хх-184-185/ нарын мэдүүлэг, хариуцагч, гуравдагч этгээд Б.Ц-ийн “...  Монгол ардын намын хорооны 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот  бичгийг албан бусаар бүх төлөөлөгч нар мэдэж байсан. Гэхдээ 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр бүлгийн дарга Т.Нурланыг танилцуулахад албан ёсоор мэдсэн...” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4-т зааснаар Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, Хурлын дарга, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох, хороо байгуулах, тэдгээрт сонгогдох, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал, дүгнэлт гаргах бүрэн эрхийг Хурлын төлөөлөгч нь эдлэх боловч энэхүү Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах асуудлыг хуулиар дараах байдлаар нарийвчлан зохицуулжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж зааснаар ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны анхдугаар хуралдааны 1/03 дугаар тогтоолоор ..................сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэгийг баталсан ба байнгын дэгийн 4.7-д “Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэжээ. /хх-49/

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй,  24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан ба хуулийн дээрх зохицуулалт, ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байнгын дэгийн дээрх заалтаас үзвэл ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ байнгын дэгийн 4.7 дахь заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн болох нь нотлогдож байна.

Тодруулбал, хэдийгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нь хуралдаанд асуудал хэлэлцүүлэхээр санаачилж оруулах эрхтэй хэдий ч тийнхүү хэлэлцүүлэхээр оруулж буй саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн  өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх хуулийн зохицуулалт, хуралдааны дэгийг зөрчсөн төдийгүй төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгч Л.Т-ийг ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас чөлөөлсөн үйл ажиллагааг хууль  ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн байна гэж үзлээ.

Хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Батзаяа”... Бүлгийн дарга Нурлан нь хурлын даргын огцруулах асуудлыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр танилцуулсан. Хурал 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилсэн. 2021 оны 12 дугаар сарын 17-19-ний  өдрийн хооронд хуульд заасан 1 хоногийн өмнө танилцуулах хуулийн шаардлага хангагдсан ...” гэж тайлбарладаг бөгөөд энэ тайлбар нь үндэслэлгүй байна.

Учир нь  ...........сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэх асуудлыг хэлэлцэж чадалгүйгээр хурал 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшилж, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хурал үргэлжилсэн байх тул хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.  

Өөрөөр хэлбэл  нэгэнт Иргэдийн төлөөлөгчдийн хурал эхлээд үргэлжлэх хугацаанд хуралд хэлэлцүүлэхээр гаргасан санал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн  24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

Иймд Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалт, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолууд нь нэхэмжлэгч Л.Т-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул уг тогтоолуудыг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэлийн дээрх шаардлага хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон тул нэхэмжлэгч Л.Т-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн .............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдөж улмаар цалин, хөлс авах эрхээр хохирсон нь тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан  хугацаа болох нэхэмжлэлийн шаардлагад зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгох, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн ...........сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1,106.3.7,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн  Ховд аймгийн ...............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/04 дүгээр “Тэргүүлэгчдэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 он/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-б,  20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн ..............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/01 дугаартай “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалт,  2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай “Хурлын дарга чөлөөлөх тухай” тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4/03 дугаартай “Хурлын дарга сонгох тухай” тогтоолуудыг тус тус  хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,  нэхэмжлэгч Л.Т-ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн .............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2, 102.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Ховд аймгийн .............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөс нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид /Ховд аймгийн .................сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд/ даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ............сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгтэй холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ