Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгчийн өмгөөлөгч*******, шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-т

холбогдох эрүүгийн 2539000000408 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед Хэнтий аймгийн Х  сумын 3 дугаар багт Toyota Succeed маркийн ........... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /3.42%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хэргийн үйл баримт, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр тал),

-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар тал),

-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Гэрч М.Б-ийн “...Би 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн 08 цагийн хооронд томилгоот үүргийг зохицуулагч, цагдаагийн ахмад А.Б-ийн хамт гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Х  сумын 3-р баг Марал дэлгүүрийн хажууд согтуу хүн машин бариад байна гэх дуудлагын дагуу очиход Б-ийн  Марал дэлгүүрийн зүүн талын банзан хашааг мөргөж унагасан байдалтай Toyota Succeed маркийн ........... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эмэгтэй хүн дуудлага өгсөн иргэнтэй хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Тээврийн хэрэгслийн жолооч мөн эсэхийг дуудлага өгсөн иргэн Марал дэлгүүрийн эзнээс асуухад “энэ эмэгтэй машинтайгаа ирээд манай дэлгүүрийн хашааг мөргөчихлөө” гэж хэлсэн. Би тухайн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйн регистрийн дугаарыг нь асуугаад багажаар шүүж үзэхэд 2025 оны 7 дугаар сард жолоодох эрх хасагдсан байсан. Тиймээс ачлагын машин дуудаж тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаа руу ачуулж, согтуу жолоочийг Цагдаагийн газарт авч ирж согтуурал хэмжих багажаар шалгахад ДР:3.42% гарсан. Драгер багажаар шалгахдаа хөндлөнгийн гэрч байлцуулсан. Энэ талаар шуурхай удирдлагын жижүүрт мэдэгдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04-05 дугаар тал),

-Гэрч А.Б-ийн “...Би 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн 08 цагийн хооронд томилгоот үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Х  сумын 3-р баг Мандах дэлгүүрийн хажууд согтуу хүн машин бариад байна гэх дуудлагын дагуу очиход Б-ийн  нүүрний эгнээний нэг айлын банзан хашааг мөргөж унагасан байдалтай Toyota Succeed маркийн ........... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн тээврийн хэрэгслийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай эмэгтэй хүн дуудлага өгсөн иргэнтэй хэрүүл маргаан үүсгээд байж байсан. Тээврийн хэрэгслийн жолооч мөн эсэхийг дуудлага өгсөн иргэн А-с  асуухад “энэ эмэгтэй машинтайгаа ирээд манай дэлгүүрийн хашааг мөргөчихлөө” гэж хэлсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйн регистрийн дугаарыг нь асуугаад багажаар шүүж үзэхэд 2025 оны 7 дугаар сард жолоодох эрх хасагдсан байсан. Тиймээс ачлагын машин дуудаж тухайн тээврийн хэрэгслийг журмын хашаа руу ачуулж, согтуу жолоочийг Цагдаагийн газарт авч ирж согтуурал хэмжих багажаар шалгахад ДР:3.42% гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Шүүгдэгч С.А-ийн яллагдагчаар өгсөн “Би 2025 оны 9 дүгээр сарын 26-аас 9 дүгээр сарын 27-ны шилжих шөнө би төрсөн ахынхаа эхнэр болох А эгч дээр очсон юм. А эгч маань хэвтэрт байдаг, харвалттай учир ойрд очоогүй гээд очихдоо 0.75 литрийн Хараа нэртэй архи, Сэрүүн нэртэй 0.5 литрийн шар айраг 2 лаазыг авч очсон. Тэгээд тэр шөнөжин бид юм яриад авч ирсэн зүйлсээ уусан. Өглөө нь би харих гээд Toyota Succeed маркийн ........... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Цацалд байх А эгчийн гэрээс Баянмөнхөд байх өөрийн гэр рүүгээ явсан. Тухайн үед яг гудамжаар эргэх гэж байснаа санаж байна тэгээд л хашаа мөргөчихсөн. Марал дэлгүүрийн худалдагч цагдаа дуудаад цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт авч ирж согтуурал хэмжих багажаар шалгахад 3.42% гарсан... Би жолоодох эрхээ 2025 оны 7 дугаар сард хасуулсан... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтуурсан буюу амьсгал дахь спиртийн агууламж 3.42 процент промиль байсан болох нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байх тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно. “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч С.А нь урьд 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 26 дугаар тал/-ын хуудсаар мөн тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 900 шийтгэврийн хуулбараар тус тус нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Шүүгдэгч С.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн Х  сумын 3 дугаар багт Toyota Succeed маркийн ........... ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг”

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналыг” тус тус гаргасан.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба тодруулбал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгээ лавтай сайн мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон санаатай, идэвхтэй үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.А-ийн  үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиггүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 26, 39, 40-41 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Х  сумын дэвсгэрээс гарч явахыг хориглох, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил, 6 (зургаа)  сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Хэнтий аймгийн Чингис хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН