2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/525

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхагвацэнд,

улсын яллагч П.Итгэл /ТПГ/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай,

шүүгдэгч Д.А*****, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Шарнууд овогт Д*****ын А*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503012630045 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *****-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарнууд овогт Д*****ын А***** /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А***** нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам Номин сүлжээ дэлгүүрийн урд замд 2025 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед Toyota Crown *****кийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”. Мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”. Мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Д*****г мөргөж түүний амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А***** нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед гэрийн зүг явж байсан. Замын 1 дүгээр эгнээгээр явж байгаад 2 дугаар эгнээ рүү орсон, тэгээд 1, 2 дугаар эгнээний машинууд эргэх гээд бөөгнөрөөд байхаар нь 3 дугаар эгнээ рүү орохоор гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж хурдаа нэмсэн. Тэгсэн урд зам дээр хүн тулаад ирсэн, машинаа зогсоож чадалгүй мөргөсөн. Тэгээд буугаад 102, 103 дуудсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...ослоос болж манай нөхөр амиа алдсан. Нөхөр маань амьдралын бүхий л асуудлыг шийддэг хүн байсан. баримттай 14 сая орчим, баримтгүй 16 сая орчим төгрөгийн зардал гарсан. Дээр нь нэмээд талийгаачийн авсан зээлийн төлбөр 9,4 сая  төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нь баримттай оршуулгын зардал төлсөн. Бусад зардлаа нэхэмжилнэ, гомдолтой” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нь: “...шүүгдэгч Д.А*****ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай нь “...гомдолтой, баримтгүй оршуулгын зардал, зээлийн төлбөр, сэтгэцийн хор уршгаа буюу бүх хохирлоо нэхэмжилнэ” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь: “...гэм буруу дээр *****гахгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж оролцоно” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.А***** нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам Номин сүлжээ дэлгүүрийн урд замд 2025 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн орчимд буюу шөнө оройн цагаар, үзэгдэх орчин хангалтгүй үед Toyota Crown *****кийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа суурин замд баримталбал зохих хурдны хязгаараас хэтрүүлэн  83км/цагийн хурдтай явснаар тухайн үед гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Д*****г мөргөж түүний амь насыг хохироосон үйл баримт нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо Яармагийн 3 дугаар буудлын орчимд Тоёота Кроун *****кийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч хэн болох нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэйг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт: “...Зам тээврийн осол болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Яармагийн 3 дугаар буудал, Номин худалдааны төвийн хойд замд тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн осол байв. Зам орчны нөхцөл байдал нь асфальтан, шулуун, тэгш, хуурай, суурины доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээтэй, явган хүний замтай, хашлага хайсгүй зам байв. Жолооч Д.А***** др:0.00%” гэж тэмдэглэсэн. (хавтаст хэргийн 5-10, 18, 20-24 дэх тал),

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16 дахь тал),

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхайн: “...2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн орчимд манай охин М***** руу цагдаагаас залгаад “...аав нь машинд мөргүүлээд гэмтлийн эмнэлэгт байна...” гэж хэлсэн гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол “...нас барсан, хүнээ таниулна...” гэхээр нь бид орж харсан. 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талийгаач Д***** гэртээ байж байгаад орой 22 цагийн орчимд “...салхилчхаад ирье...” гээд гэрээсээ гараад явсан, тэгээд эргэж ирээгүй. Талийгаач гэрээсээ гарах үедээ бага зэрэг архи уучихсан байсан, хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй, зүгээр л салхинд гарчхаад ирье гээд л гарсан. Тухайн жолоочийн зүгээс оршуулгын зардалд 14.000.000 төгрөг төлсөн. Би хүнээ алдчихсан, гомдолтой байна. Манай гэр бүлийн хамгийн гол амьжиргааны эх үүсвэр. Манай нөхөр бага хүүхдээ гадаад улс руу явуулж суралцуулахаар түүний төлбөрийг зээл авч төлсөн. Одоо баримтгүй гарсан зардал 16 сая төгрөг, манай нөхрийн өөрийнх нь авсан зээл 9.4 сая төгрөг,  сэтгэцийн хор уршгаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр 07-ны өдрийн 3248 дугаартай цогцост хийсэн шинжилгээ: “...Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун ча*****хайн хуйх, хоёр талын ча*****хайн булчинд цус хуралт, зулай, титэм заадас, зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман, доошоогоо баруун ча*****хай, хөхлөг сэртэн, суурь ясны баруун далавч, суурийн дунд хонхор, турк эмээл, зүүн суурийн дунд хонхор, зүүн далавч яс, ча*****хай руу үргэлжилж, зүүн ча*****хай, зулайн зүүн орой, баруун ча*****хайгаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, дух, зулай, ча*****хайн хатуу хальсан доорх цус хураа, хоёр тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины няцрал, тархи дарагдал, дотор эрхтний цус хуралт, зулайн хуйх, баруун мөр, тохой, сарвуу, баруун өвдөг, шилбэ, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өлмий, шилбэ, хэвлий зулгаралт, баруун хөмсөг, зүүн өвдөг, баруун гуя, зүүн шанаа, ча*****хайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ГССҮТ-ийн өвчтөний түүхэнд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 51 минутад нас барсан гэжээ. Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан ч амь нас аврагдах боломж бага. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр цусанд 2.4 промиль, ходоодны шингэн 2.5 промиль илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. Амь хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ” гэх (хавтаст хэргийн 84-91 дэх тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1493 дугаартай Инженер-Техникийн шинжилгээ: “...Шинжилгээнд ирүүлсэн “IPCamera30_chinbulag_chinbulag20251009222958_20251009225059_534648” нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 22:41:20 секундээс дүрслэгдэх ***** гэх тээврийн хэрэгсэл нь А-Б цэг хүртэлх 30 метр зайг 1.29 секунд хугацаанд 83км/цагийн хурдтай дүрслэгдэж байна” гэх (хавтаст хэргийн 143-145 дахь тал),

7. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Зураг 1.1: Явган зорчигч Ш.Д***** нь зорчих хэсгийн урд талын явган хүний замаар зүүнээс баруун тийш явж байгааг харуулав. Зураг 1.2: Явган зорчигч Ш.Д***** нь урдаас хойш чиглэлтэй явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байгааг харуулав. Зураг 1.3: Явган зорчигч Ш.Д***** нь зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байгааг харуулав. Зураг 1.4: Явган зорчигч Ш.Д***** нь зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр зорчиж яваа хар өнгийн автомашинд мөргүүлэн газарт унаж, хар өнгийн автомашин зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд зогсож байгааг харуулав” гэсэн. (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

8. 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0001634 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...Тоёота Кроун *****кийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-с хэтрүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Ш.Д***** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх (хавтаст хэргийн 171-172 дахь тал),

9. Шүүгдэгч Д.А*****ын: “...Би талийгаачийн оршуулгын зардалд одоогийн байдлаар 1.000.000 төгрөг төлсөн байгаа. Цаашид би талийгаачийн оршуулгын зардлыг баримтын дагуу төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, жолооч Д.А***** нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам Номин сүлжээ дэлгүүрийн урд замд 2025 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 22 цагийн үед буюу шөнө оройн цагаар үзэгдэлт хангалтгүй нөхцөлд Toyota Crown *****кийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан яваагүй, мөн суурин газарт баримталбал зохих хурдны дээд хязгаар дотор явалгүй 83км/цагийн хурдтай явснаас зам тээврийн осол гаргах, түүнээс үүдэн гарах хохирол, уршгийн хэмжээг ихэсгэхэд шууд хүргэсэн, нөгөө талаас  явган зорчигч Ш.Д***** нь явган хүний гарц байсаар байтал түүгээр гаралгүй  гарцгүй газраар гарч явсан нь осолд өртөхөд хүргэсэн болох нь дээрх судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

Жолооч Д.А*****ын дээрх үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-с хэтрүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг тус тус зөрчиж шинжтэй байна.

Улмаар шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хүний амь нас хохирсон байх тул шүүгдэгч Д.А*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт  шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор,

Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай   холбогдон гарсан зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд шаардах, авах эрхтэйг, гэм хор учруулсны төлбөрийг бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заажээ.

1. Тус гэмт хэргийн улмаас Ш.Д*****гийн амь нас нь хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд баримтаар 13.800.340 төгрөг, баримтгүйгээр 16.460.000 төгрөгийн зардал нэхэмжилсэн.

Шүүгдэгч Д.А***** нь 14.000.000 төгрөг төлсөн байх тул шаардлага хангасан баримттай зардал болох 13.800.340 төгрөгийн нэхэмжлэлийг барагдуулсан гэж дүгнэв.  (хавтаст хэргийн 51-70, 212 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхайн нэхэмжилсэн баримтгүй зардлыг энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэлгүй үлдээж, холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай нь зээлийн өр төлбөр болох 9.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.А*****аас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгт хамааралгүй гарсан зардал гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн  насанд хүрсэн гишүүн, ... өөрийн сэтгэцэд учирсан  гэм хорыг арилгуулахыг шаардах  эрхтэйг, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.

Амь хохирогч нь 1976 онд төрсөн, 2025 онд 49 настай хүн байсан байх бөгөөд эрэгтэй хүний дундаж наслалт нь 67.3 байсан нь статистикийн үзүүлэлтэд дурдсан. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 792.000 болж тогтоогдсон.

Ингээд тооцвол, дундаж наслалт 67.3- амь хохирогчийн нас 49 =зөрүү нь 18,3.

   18,3х792,000х5=72.468.000 төгрөг болж байна.

Нөгөө аргаар нь тооцвол, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 792.000 төгрөгийг  150 дахин нэмэгдүүлж /792.000х150= /118.800.000 төгрөг болж байна.

Тухайн осол гарахад жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалснаас гадна гарцгүй газраар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зам хөндлөн гарч явсан амь хохирогчийн энэ байдал тус ослын хохирол, хор уршгийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байх тул  Иргэний хуулийн 514. Дүгээр 1 дэх хэсэгт зааснаар багасгаж 118.800.000/2=59.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.А*****аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зөв гэж дүгнэлээ.

            3. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Золжаргалын: “...Дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогч Ш.Д***** нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламжийн үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 563.400 /таван зуун жаран гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийн зардал гарсан болох нь баримтуудаар тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь МN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт зэрэг авагджээ. (хавтаст хэргийн 71-74,77 дахь тал)

Шүүгдэгч Д.А***** нь 563.400 төгрөг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд шилжүүлсэн болох нь Хаан  банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул уг байгууллагад төлөх төлбөргүй болохыг дурдав. (хавтаст хэргийн 213 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жил  хасаж, 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн хүрээгээр хязгаарлах, зорчин явахдаа нийтийн тээврийн чиглэлээр зорчин явах боломжтойгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхай нь: “...Шүүгдэгч биднээс уучлалт гуйгаагүй, бид хүнээ алдсан, гомдолтой байна” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нь: “...Манай үйлчлүүлэгч нь гэм буруу дээр *****гаагүй, баримттай зардлыг төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хохирогчийн буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож прокуророос санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн  ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж,  мөн хуулийн  тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь  гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн  байдалтай тохирч,  бодит байдлаар  бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн  хуулийн шударга  ёсны зарчмыг  хангадаг.   

Шүүгдэгч Д.А*****ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, тус хэргийн хүний амь хохирсон, хохирол, хор уршиг ихтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгаагүй зэрэг байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.А*****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Д.А*****т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Д*****ын А*****ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаан) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурван) жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих  эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн  хугацааны нэг  хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.А*****т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхайн нэхэмжилсэн зээлийн өр төлбөр болох 9.400.000 (есөн сая, дөрвөн зуун мянган) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А*****аас нийт 59.400.000 (тавин есөн сая, дөрвөн зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Намхайд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  баримтгүй нэхэмжилсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ