Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 136/ШШ2024/00074

 

               

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Игийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У, Г нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Д,

Хариуцагч: Б.У, Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гарган хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.У, Б.Г нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.И нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “1.1. Миний бие өөрийн бог, бод малаа маллуулахаар *** сумын малчин Б.Г, эхнэр Б.У нартай ярилцаж тохиролцоод 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үнээ-7, тугал-7, шүдлэн-7, хязаалан-3, бяруу-4 буюу 27 үхэр өгөөд үүнээсээ 1 үхрийг нь тухайн жилийнхээ хөлсөнд тооцож өгсөн. Ер нь би тухайн хүмүүсээр малаа маллуулж байхдаа цалин хөлсөө тухай бүр нь өгдөг байсан.

1.2. Ингээд 2 жилийн дараа буюу 2021 оны 7 сард үхрээ буцааж авахад нийт 9 үхэр дутсан байсан. Айл амьтны отрын мал дагаад явсан, айл амьтнаас цуглуулж өгнө гэсэн. тухайн үедээ үхрүүдээ зарж борлуулах шаардлагатай байгаагаа хэлэхэд дутаасан 9 үхрээ бид нарт зарчих, бид нар өөрсдөө алдсан үхрүүдээ цуглуулаад авчихна, хэдээр үнэлэх вэ гэхээр нь 9 үхрээ 13 000 000 төгрөгөөр үнэлнэ гэхэд за 12 000 000 төгрөгөөр манайх авъя, 1 сая төгрөгийг нь хөлсөндөө тооцчих, бид нар 12 000 000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дансанд чинь хийнэ гэсэн.

1.3. ...Эхнэр Б.У нь бол утсаа огт авдаггүй, нөхөр Гтай ярихаар өвчтэй зовлонтой байна, одоогоор боломж алгаа, ямар ч байсан дуусганаа, Солонгосоос дүү мөнгө төгрөг өгнө гэсэн алга л байна, мал хуй туранхай байна гэх зэргээр шалтаг тоочсоор өдий хүрсэн. Иймд тухайн гэр бүлээс 12 000 000 төгрөгөө яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ.

2. Хариуцагч Б.У, Б.Г нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Игийн нэхэмжилсэн үнийн дүнг төлөх үндэслэл байхгүй.

2.1.И нь үхрээ зүс, тоо, тоо толгой, эм тамгаар нь хүлээлгэж өгөөгүй.

2.2.6 үнээ 6 тугалтай миний хань Г дэрснээс олж ирсэн. Нэг бух/ бяруу/ айлын үхэрт байгаа би өөрөө танихгүй олж аваарай гэсэн тэр нь олдоогүй. Урьд нь маллаж байсан Ч /өөрийнх нь дүү/ үлдсэн үхрийг нь олж авч өгнө гээд олж өгөөгүй. Үлдсэн үхрийг нь үзүүлье, хамт явж хар гэсэн ч үзээгүй. *** дэргэд 1 үхэр, *** булагт 2 үнээ, ***анд 2 үхэр, 1 бяруу үхсэн байсан.

2.3.Тухайн үед цаг зуд хэцүү байсан. Мал уруудсан, үхэж байсан. Гэхдээ бид өөрийн юм шиг л маллаж байсан.

2.4.Бидэнд 1 боодол, 1 тэжээл, 1 л бензин ч өгөөгүй.

2.5.Яг үхрийг нь байгаагаар нь хүлээлгэж өгсөн.

2.6.Цалингийн хувьд сарын бог малласан хөлс 250,000 төгрөг өдрийн 8,500 төгрөг, үхэр малласан жилийн хөлс 1 бяруу гэсэн нь одоогийн ханшаар 600,000 төгрөг жилийн цалин авч байсан ч нэг удаа 1 бяруу авсан өөр хөлс аваагүй. Мөн тэжээл, өвс авч өгнө. Нүүдэл суудал, малын эрэлд бензин тос өгнө гээд өгөөгүй. Миний бие Б.У нь утсандаа хариу өгдөггүй шалтгаан нь утсаар ярихаар их хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог тул авдаггүй. Бидэнд хийсэн гэрээ байхгүй. Игийн үхрүүдийн бяруу, тугалтай нь хүлээлгэж өгсөн. А.Э гэдэг хүн бол Игийн үхрийг маллаж байсан хүн. Энэ хүнээс үхрээ Г бид 2 өгч маллуулсан. Энэ баталгааны дагуу үхрийг нь бидэнд олж өгөөгүй ээ. Э гэдэг хүн нь өөрөө баталгаа бичиж үлээсэн.” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж: “...Шинжээчийн дүгнэлт дээр 11,600,000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнийн дүнгээр 11,600,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

4. Хариуцагч Б.Уас шүүх хуралдаанд гаргасан хариу талбартаа: “...Гэрч Эийн өгсөн тодорхойлолт байгаа дутуу үхэр 7 тооны 3 тугал, 4 бярууг олж авчирч өгнө гэсэн тодорхойлолтын хэргийн материалд хавсаргасан байгаа. Манайд өгсөн 6-н тугалтай үнээ, 4 бяруутай өгсөн. Ер нь бол 1 бярууны хөлстэй үхэр малласан. Төлтэй нь өсгөж авна гэсэн гэрээ хийгээгүй. Байгаа үхрийн байгаа тэр чигээр нь өгсөн. Гэрчийн мэдүүлэг авч өгөх байсан чинь зудтай байгаа болохоор ирж чадаагүй. Тэр олон шүдлэн үхэр, хязаалан үхэр байсан, байгаагүйг гэрчлэх хүмүүс байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Төлөх боломж, үндэслэл ч байхгүй. Энэ олон үхэр өгсөн гэсэн Монгол улсын иргэний хувьд малын хөлийн татвар төлсөн байх ёстой тэр тоогоо гаргаад ирээч гэж хэлсэн. 7-н тугалтай үнээтэй байсан ч юм уу гүй ч юм уу бид нарт 7 тугалтай үнээ, 7 бяруутай өгсөн гэдэг. Эийн гэдэг хүний үхэр нь дутуу байгаа 3-н тугалтай үнээ, 4 бяруутай нь 9 дүгээр сарын дотор олж өгнө гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Тэр үхрээ нэмээд л манайхаас нэхээд байх шиг байна. Би хүлээн зөвшөөрөөхгүй байгаа.” гэв.

5.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, Иргэний үнэмлэхийн хуулбар/хх 4/, гараар бичсэн дэвтрийн хуудас/хх 5/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх 23/, шинжээчийн дүгнэлт /хх 49-56/, Б.Игийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 58-62/, Б.Игийн Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх 63-66//,

Хариуцагчаас: хариу тайлбар/хх 13/,тайлбар /хх 14/, баталгаа/хх 15/,  зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс: Э.Эын гэрчийн мэдүүлэг/хх 34-35/, А.Эийн гэрчийн мэдүүлэг /хх 37-38/, Н.Нын гэрчийн мэдүүлэг /хх 40-41/, Л.Дын гэрчийн мэдүүлэг/хх 44/, Г.Дын гэрчийн мэдүүлэг/хх 69-70/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.У, Б.Г нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 11,600,000 төгрөгийг нэхэмжилжээ /хх 94/.

2.Хариуцагч Б.У, Б.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...И нь үхрээ зүс, тоо, тоо толгой, эм тамгаар нь хүлээлгэж өгөөгүй. 6 үнээ 6 тугалтай миний хань Г дэрснээс олж ирсэн. Нэг бух/ бяруу/ айлын үхэрт байгаа би өөрөө танихгүй олж аваарай гэсэн тэр нь олдоогүй. Урьд нь маллаж байсан Ч үлдсэн үхрийг нь олж авч өгнө гээд олж өгөөгүй. Үлдсэн үхрийг нь үзүүлье, хамт явж хар гэсэн ч үзээгүй. *** дэргэд 1 үхэр, *** булагт 2 үнээ, ***анд 2 үхэр, 1 бяруу үхсэн байсан.Тухайн үед цаг зуд хэцүү, ... мал уруудсан, үхэж байсан. ... Гэрч Эийн өгсөн тодорхойлолт байгаа дутуу үхэр 7 тооны 3 тугал, 4 бярууг олж авчирч өгнө гэсэн тодорхойлолтын хэргийн материалд хавсаргасан байгаа. Манайд өгсөн 6-н тугалтай үнээ, 4 бяруутай өгсөн. Ер нь бол 1 бярууны хөлстэй үхэр малласан. Төлтэй нь өсгөж авна гэсэн гэрээ хийгээгүй. Байгаа үхрийн байгаа тэр чигээр нь өгсөн. ... Монгол улсын иргэний хувьд малын хөлийн татвар төлсөн байх ёстой тэр тоогоо гаргаад ирээч гэж хэлсэн. ... Эийн гэдэг хүний үхэр нь дутуу байгаа 3-н тугалтай үнээ, 4 бяруутай нь 9 дүгээр сарын дотор олж өгнө гэсэн тодорхойлолт бичиж өгсөн. Тэр үхрээ нэмээд л манайхаас нэхээд байх шиг байна. Би хүлээн зөвшөөрөөхгүй байгаа.” гэв.

Хариуцагч Б.У, Б.Г нар ашиг сонирхлын зөрчилгүй гэх тул хариуцагч нарын тайлбарыг нэгтгэж бичив.

3.Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.У, Б.Г нар амаар харилцан тохиролцон хөлсөөр мал маллуулах, маллах гэрээг хийжээ. Талууд энэ талаар маргаагүй.

Цалин хөлсөө цаг тухайд нь өгч байсан 3,000,000 төгрөг хариуцагч нарт шилжүүлсэн гэх ба хариуцагч нар цалин хөлс 3,000,000 төгрөг/хх 59/ өгсөн, авсан талаар  маргаагүй.

Харин нь нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.У, Б.Г нарт 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үнээ-7, тугал-7, шүдлэн-7, хязаалан-3, бяруу-4 буюу 27 үхэр өгөөд үүнээсээ 1 үхрийг нь тухайн жилийнхээ хөлсөнд тооцож өгсөн гэж,

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар “Хөлсөөр ажиллах гэрээ”-г амаар хийсэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Б.У, Б.Г нар нэхэмжлэгч Б.Игийн малыг маллах, Б.И нь хариуцагч нарт хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд  үүргээ гүйцэтгэсэн.

 Хариуцагч нар малыг малласан, нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн хөлсийг төлсөн байна/хх 59/.

4.Хариуцагч Б.У, Б.Г нар нь А.Эийн “дутуу үхэр 7 тооны 3 тугал, 4 бярууг олж авчирч өгнө” гэх тодорхойлолт /хх 15/,  нэхэмжлэгч Б.Игаас ирүүлсэн гараар бичсэн тэмдэглэл /хх 5/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдаагүй буюу хэзээ хэн бичсэн нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлагын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж шүүхээс үзлээ.

5.Мөн түүнчлэн хариуцагч талаас “...тоо толгой дутуу, тоо ёсоор хүлээлгэж өгөөгүй үхэр нь ганц нэгээр үхсэн” гэж тайлбарлах боловч энэ талаараа нотолж, нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж өгөөгүйн гадна бид хариуцан төлөхгүй гэж тайлбарласнаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх,цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Талуудад нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжит хугацааг шүүхээс олгосон гэж үзнэ.

6.2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үнээ-7, тугал-7, шүдлэн-7, хязаалан-3, бяруу-4 буюу 27 үхэр өгөөд үүнээсээ 1 үхрийг нь тухайн жилийнхээ хөлсөнд тооцсон гэсэн үйл баримт нь нэхэмжлэгч Б.Игийн тайлбар болон шүүхэд хуульд зааснаар гэрчийн мэдүүлэг өгсөн:

-Э.Эын “... 2021 онд Г гэдэг айлаас 4 тугалтай үхэр, 2 бяруу тууж авчирч өгсөн, сүүлд нь би айлын үхрээс очоод 1 тугалтай үхрийг нь очиж авч байсан” гэх /хх 34-35/,

-А.Эийн “...Гантулгынд би, И, болон Игийн хүүхэд бид хэд очиж үхрийг нь аваачиж өгсөн. Гантулгын хүргэнтэй хамт явж Сайн-Уснаас 7 үнээ, 7 тугал, 4 билүү 5 бяруутай аваачиж өгсөн. Өнгө зүсийг сайн мэдэхгүй байна. Үхрүүд нь тамгагүй, чихлээстэй байдаг байсан” гэх гэрчийн мэдүүлэг/хх37-38/, 

-Н.Нын “...2019 онд И нь үхрээ Г гэдэг айлд тавьж байгаа гээд миний машинд бинзен хийгээд 35-ын тийшээ явсан. Тэгээд өдөр очоод бага малаа тоолж өгсөн.” гэх /хх 40-41/,

-Л.Д “...Гас мал авахад Итай хамт явсан. Очиход малыг нь ялгачихсан байсан. Би малыг нь туусан. 5 тугалтай үнээ, 2 бяруу, 200-д бага мал байсан. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байсан. Ямар ч байсан зун байсан.” гэх /хх 44/,

-Г.Дын “...Манай найз Б, Г ах, Цэцэг эгч 3 зүүн хойшоо үхэрт яваад 7 үнээ, 7 тугал, 4 бяруутай тууж авчраад тоолоод Г гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Г ах өөрөө гэрээсээ хойш зүүн хойд говиос /***ны хавиас/ тууж ирсэн. Б, Э хоёр мотоциклтой, Г ах морьтой үхэрт яваад тууж Г ахын гэрийн гадаа авчирсан.” гэх /хх 69-70/ гэрчийн мэдүүлгээр  тогтоогдсон.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205.2-т “...үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө”, 205.2.3-т “үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур...дутаасан, устгасан” гэж тус тус зааснаар хариуцагч тал дутаасан, үхсэн үхрийг үнийг мөнгөөр төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.У, Б.Г нараас нэхэмжлэлийн багасгасан үнийн дүнгээр буюу 11,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2, 205.5-т зааснаар хариуцагч Б.Г, Б.У нараас 11,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Игаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Г, Б.У нараас 200,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.НАРАНЦЭЦЭГ