Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2024/00794

 

 

 

                           2024     02         22       

                            182/ШШ2024/00794

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... тоот хаягт оршин суух, Г.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................ тоот хаягт байрлах, З-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах, 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Гэрч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов..                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч З-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2023.10.23-ны өдөр гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.01.25-ны өдөр З-гийн гүйцэтгэх захирлын 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Нэхэмжлэгч Г.У нь 2012 оноос эхлээд З-гийн бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчилгүй гаргаж байгаагүй бөгөөд З-гийн гүйцэтгэх захирлын 2023.09.14-ний өдрийн Б/70 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4-ийг үндэслэсэн. Тушаалын тушаах хэсэгт ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичгийг алга болгосон тул сахилгын зөрчилтэй байх хугацаандаа н.О, н.Б, н.Б нарын бичгээр гаргасан өргөдлийг алга болгосон учраас 2023.09.11-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай гэж заасан. Г.У-ын хувьд дээрх зөрчлийг гаргаагүй. Дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж байсан.

2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд Г.У-д 2023.04.11-ний өдөр Б/47 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, бичиг баримтыг алга болгосон үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байдаг. Гэтэл энэ тушаалыг нэхэмжлэгч мэдээгүй бөгөөд хариуцагчаас ирсэн баримттай танилцахдаа мэдсэн...

Иймд үндсэн шаардлага болох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон ЭМД-ын нөхөн бичилт хийлгэх, З-гийн захирлын 2023.04.11-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... З-д бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Г.Уянгыг З-гийн гүйцэтгэх захирлын 2023.09.14-ний өдрийн тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөхдөө сахилгын шийтгэл ногдуулсан.

Нэхэмжлэлд дурдсанчлан баримт бичиг алга болгосон гэдэг. Өмнө нь буюу 2023.04.11-ний өдөр баримт бичиг алга болгосон гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Энэ сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын шийтгэл давтан гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх хэсгийг баримтлан ажлаас чөлөөлсөн. Энэ 2023.04.11-ний өдөр нь сахилгын шийтгэл ногдуулахдаа болон сүүлд ажлаас чөлөөлөх тушаал 2023.09.14-ний өдөр З-гийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн.

Захирлын зөвлөлийн хурал гэдэг нь бүх газар нэгжүүдийн дарга, ерөнхий нягтлан бодогч, хуульч, гүйцэтгэх захирал гэх бүрэлдэхүүнтэйгээр тухайн зөрчлийг гаргасан эсэх, зөрчил дээр нь ямар хариуцлага оноох эсэх, хариуцлага оноовол ямар хариуцлага оногдуулах вэ гэдгийг хэлэлцдэг.

Г.У-с өөрөөс нь тайлбар тодруулгыг авсан. Үүн дээр үндэслэн хууль зүйн дагуу тушаал шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр гаргасан. Өмнөх сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2023.04.11-ний өдөр гарсан. Тухайн ажилтан энэ тушаалтай холбогдуулж гомдол гаргаагүй. Тэгэхээр тухайн тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Сахилгын зөрчилтэй байх үедээ адилхан агуулга бүхий зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Тэгэхээр З-гийн гүйцэтгэх захирлын тушаал Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд ажил олгогчийн хувьд ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 3-5 х/,

-2023.09.14-ний өдрийн Б/70 дугаар З-гийн гүйцэтгэх захирлын “Г.У-ыг ажлаас халах тухай” тушаал /хх-ийн 6 х/,

-2023.10.18-ны өдрийн 73 дугаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 7-9 х /,

-2023.10.23-ны өдөр А.О-д олгосон итгэмжлэл /хх-ийн 10 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч З тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.11.22-ны өдрийн 1/931 тоот М.Д, Б.А нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Улсын бүртгэлийн 9081005051 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 15 х/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 47-50 х/,

-2023.03.17-ны өдрийн 08 дугаар Нууц хадгалах гэрээ /хх-ийн 51-53 х/,

-2023.09.14-ний өдрийн З-гийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 54-73 х/,

-2023.04.11-ний өдрийн Б/47 дугаар З-гийн гүйцэтгэх захирлын “Г.У-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-ийн 83 х/,

-2023.04.11-ний өдрийн З-гийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 84-101 х/ зэрэг баримтуудыг,

 

-Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024.01.09-ний өдрийн 182/ШЗ2024/01006 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн дагуу хариуцагчаас ирүүлсэн хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 37-42 х/,

-Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 43-46 х/,

2024.01.25-ны өдрийн 182/ШЗ2024/01819 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн 2023.03.06-ны өдрийн Ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 115 х/,

-2023.10.16-ны өдрийн 182/ШШ2023/02884 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 116-121 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч З-д холбогдуулан Бичиг, хэрэг архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2023.10.23-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.01.25-ны өдөр гүйцэтгэх захирлын 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

а.Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй.

б.З-гийн гүйцэтгэх захирлын 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гарсныг мэдээгүй. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтаас мэдсэн учраас сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

а.Нэхэмжлэгч Г.У нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх заалт, баримт бичгийн шийдвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих заалтад заасан чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг бүртгээгүй.

б.Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн хамтран ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гарах зардлыг гаргуулах гэрээ, н.Т, Н.О, С.Б, Ц.Д нарын бичгээр гаргасан өргөдлийг алга болгосон. 

в. З-гийн гүйцэтгэх захирлын 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар  Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр цуцалсан тушаал хуульд нийцсэн гэж маргаж байна.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”,

154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”,

154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”,

-154.2.2-т “Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор”,  

157 дугаар зүйлийн 157.1-д “Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

а.Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Г.У нь хариуцагч З-д холбогдуулан 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд 90 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх боловч уг тушаал гарсныг мэдээгүй, гардуулж өгөөгүй, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үед мэдсэн гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д “Хуульд заасны дагуу ажилтны цалин хөлснөөс суутгал хийх тохиолдолд ажилтанд урьдчилан мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд ажил олгогчийн зүгээс дээрх тушаал гарсан тухай мэдэгдсэн баримтгүй байна.

 

б.Нэхэмжлэгч Г.У нь З-гийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг эс зөвшөөрч Бичиг, хэрэг архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ.

 

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.10.18-ны өдрийн хуралдааны 73 дугаар шийдвэрээр “...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан, тохиролцоогүй...” гэсэн үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байх ба нэхэмжлэгч Г.У нь энэ хариуг авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор буюу 2023.10.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 7-9 х/

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч Г.У нь 2012 оны 12 сараас хойш 2023.09.14-ний өдрийг хүртэл З-гийн бичиг, хэрэг архивын ажилтнаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын хувьд дүгнэлт өгөх шаардлагагүй. /хх-ийн 3-5, 43-46 х/

 

5.2.Харин талуудын маргаан нь сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

 

6.Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

6.1.Нэхэмжлэгч Г.У-д З-гийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, 123.3, З-гийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.а, З-гийн Албан хэрэг хөтлөлтийн журмын 2.2.5.1 дэх заалт, Захирлын зөвлөлийн 2023.04.11-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн “...ажлын байрны тодорхойлолт 2.1-д Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх заалт, 2.2-т Баримт бичгийн шийдвэрлэлт хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих заалтад заасан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон зөрчлийг тус тус гаргасан...” гэх үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж,

Мөн 2023.09.14-ний өдрийн Б/70 тоот “Г.Уянгыг ажлаас халах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.4, З-гийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.е, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “...Ажлын байрны тодорхойлолтод заасан “Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх”, “Баримт бичгийн шийдвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих” чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон үйлдэлд сахилгын зөрчилтэй байх хугацаандаа Н.О, С.Б, Ц.Д нарын бичгээр гаргасан өргөдлийг тус тус алга болгон сахилгын зөрчлийг давтан гаргасан...” гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх-ийн 6 х/

 

а. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

б.Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүдийг авч үзвэл:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан;

-80 дугаар зүйлийн 80.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно;

-80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;

-123 дугаар зүйлийн 123.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах;

-123.4.Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна;

- З-гийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.10.9.е заалт /хариуцагч хэрэгт энэ баримтыг өгөөгүй/,

-Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.5.4.Албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажил, үүргээ хоёр ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн талаар нэгжийн удирдлагын санал, захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг Гүйцэтгэх захирал хүлээн авсан.

-13.6.Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд тооцооны хуудас олгох ба тооцооны хуудсанд тухайн ажилтан байгууллагатай ямар нэгэн тооцоогүй болсон тухай тэмдэглэгээ хийгдэж дууссаны дараа тухайн хуанлийн жилийн ээлжийн амралтын тооцоог хийнэ гэсэн заалтуудыг үндэслэжээ.

 

6.2.Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тус бүрээр дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9. “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэх үндэслэлийн тухайд

 

а.Хариуцагч З-гийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000190072 дугаартай гэрчилгээнд С овогтой Ц-г гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилсныг 2022.11.08-ны өдөр  улсын бүртгэлд бүртгэжээ. /хх-ийн 15 х/ Өнөөдрийн байдлаар энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байх тул ажил олгогчийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2023.09.14-ний өдрийн Б/70 тоот “Г.Уянгыг ажлаас халах тухай” тушаал гаргах эрх бүхий этгээд нь С.Ц байна.

 

6.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4. “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухай.

 

а.Нэхэмжлэгч Г.У-ын “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаар З-гийн  бичиг хэрэг, архивын ажилтан нь “Батлагдсан журам, дүрэм, заавар, стандартын дагуу албан хэрэг хөтлөх, архивын үйл ажиллагаа эрхлэх” зорилготой байх бөгөөд 2 дугаар зорилтын 2.1-д “Байгууллагад ирсэн баримт, бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх холбогдох ажилтанд шилжүүлэх,  мэдээллийн системээр ирсэн цахим баримт бичгийг хүлээн авах, буцаах (аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл эрх бүхий этгээд баталгаажуулсан гэж үзэхгүй бол) бүртгэх, удирдлагад танилцуулах” батлагдсан стандартын дагуу албан хэрэг хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна. /хх-ийн 47-50 х/

 

б.Нэхэмжлэгч Г.У нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

в.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”,

123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”,

-123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана”,

-123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан.

 

г.Хариуцагч нь Г.У-д 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “...ажлын байрны тодорхойлолт 2.1-д Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх заалт, 2.2-т Баримт бичгийн шийдвэрлэлт хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих заалтад заасан гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд шилжүүлээгүй, баримт бичиг алга болгосон зөрчлийг тус тус гаргасан тул үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

д.Нэхэмжлэгч нь уг тушаал гарсныг мэдээгүй, гардуулж өгөөгүй, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үед мэдсэн гэж маргасан.

 

е.Хариуцагч нь 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг гардуулж өгөөгүй, харин амаар танилцуулсан гэж тайлбарлаж, энэ тайлбараа нотлохоор гэрчээр Ц.Т-ыг шүүх хуралдаанд оролцуулсан.

 

ё. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сараас хэтрээгүй байхаар зохицуулсан.

 

ж.Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

 

Дээрх үйл баримт тогтоогдсон нөхцөлд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажилтны хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болно. Гэхдээ ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдон, баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн байх ёстой.

 

з.З-гийн Захирлын зөвлөлийн 2023.04.11-ний өдрийн хурлын тэмдэглэлээр “...н.Т-гийн гаргасан өргөдлийн эх хувийг байхгүй болсон..., Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн гэрээ алга болсон...”, 2023.09.14-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлээр “...Н.О, С.Б, Ц.Д нарын өргөдлийг алга болгосон...” гэх үндэслэлүүдээр сахилгын зөрчил давтан гаргасан, энэ талаар өөрт нь албан ёсоор мэдэгдсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаар ажилтны гаргасан зөрчил бүр тус тусдаа тогтоогдон, баталгаажсан, зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн гэх боловч энэхүү тэмдэглэлээс өөр ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй.

 

и.Хэдийгээр гэрч Ц.Т шүүх хуралдаанд “...Г.У-д 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг би амаар танилцуулсан. Энэ өдөр захирлын зөвлөлийн хурал болсон. Захиргааны газраас сахилгын шийтгэл ногдуулах болоод У надаас төслийг нь аваад өөрөө боловсруулсан...” гэж мэдүүлсэн боловч шүүх энэ мэдүүлгийг зөрчлийнх нь талаар албан ёсоор мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

 

й.Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд дараах тохиолдолд суутгал хийж болно”, 119.1.3-т “Ажилтанд энэ хуулийн 123.2.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан” гэж заасан.

 

к.Ажил олгогчийн хувьд 2023.04.11-ний өдрийн Б/47 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Г.У-ын үндсэн цалинг 3 сарын 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч нэхэмжлэгчийн сахилгын шийтгэлтэй байсан гэх хугацаанд түүний цалин хөлснөөс дээрх суутгалыг хийж байсан болон мэдэгдсэн талаар хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Энэ нь нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт дээрх 2023.05, 06, 07 дугаар сарын даатгуулагчийн цалин, төлөх шимтгэлээр үгүйсгэгдэж байна.

 

л.Хэрэгт авагдсан З-гийн Захирлын зөвлөлийн 2023.09.14-ний өдрийн хурлын тэмдэглэлийн сүүлчийн хуудас гэх “ШИЙДВЭРЛЭСЭН нь” гэсэн хэсэг нь дугааргүй, мөн 1-19 дүгээр хуудас нь эх хувь бус хуулбар, мөн энэхүү тэмдэглэл болон 2023.04.11-ний өдрийн хурлын тэмдэглэл нь Монгол Улсын Засгийн газрын 2020.12.30-ны өдрийн 246 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.11.“Тэмдэглэлийг стандартын дагуу зохион бүрдүүлж, хуралдаан дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, хурал удирдсан дарга, тэмдэглэл хөтөлсөн ажилтан гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулна” гэж заасан шаардлагад нийцээгүй, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байх тул шүүх энэхүү тэмдэглэлүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

м.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн нэхэмжлэгч Г.У-ыг албан үүргээ гүйцэтгэхдээ байгууллагын ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүрдлийг шалгах, удирдлагад танилцуулах, бүртгэх, холбогдох ажилтанд шилжүүлэх заалт, баримт бичгийн шийдвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих заалтад заасан чиг үүргийн хүрээнд ирсэн албан бичгийг бүртгээгүй. Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн хамтран ажиллах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гарах зардлыг гаргуулах гэрээ, Н.О, С.Б, Ц.Д нарын бичгээр гаргасан өргөдлийг алга болгосон. Сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан болох нь Захирлын зөвлөлийн хурлаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал хуульд нийцсэн гэх тайлбар болон ажлаас халсан тушаалын үндэслэл болсон ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд 2 удаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

а.Гэтэл ажил олгогч нь ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа энэ талаар ажилтандаа мэдэгдэж, тайлбар аваагүй, ямар зөрчлийг хэзээ давтан гаргасныг шалгаж тогтоогоогүй, мөн зөрчлийн шинж, үр дагаврыг хэрхэн дүгнэж үзсэн нь тодорхойгүйгээр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Г.У-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.У-ыг З-гийн Бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

а.Хөдөлмөр, Нийгмийн хамгаалллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговорыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.

 

б.Г.У-ын ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 2,828,405 /8,485,214 : 3 сар = 2,828,405/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 131,554 /2,828,405 төгрөг : 21.5 хоног = 131,554/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 5 х/

в.Шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 6, 7, 8 дугаар саруудын цалин /3,073,964+2,531,250+2,880,000/-гаас тооцсон болно.

 

г.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч Г.У-ийг 2023.09.14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 110 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 14,469,840 төгрөг /110 хоног х 131,554 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан бөгөөд энэ нь ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг ажилтан шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

а.Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тус тус тодорхойлсон.

 

Иймд Г.У-ын 2023.09.14-ний өдрөөс 2024.02.22-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч З-д даалгах нь зүйтэй.

 

 9.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  З-гаас цалинтай тэнцэх хэмжээний олговор 14,469,840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,299 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.У-ыг урьд эрхэлж байсан ажил буюу З-гийн Бичиг хэрэг, архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан З-гаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,469,840 /арван дөрвөн сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулан Г.У-д олгосугай.

 

            3.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 14,469,840 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Г.У-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч З-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч З-гаас 230,299 /хоёр зуун гучин мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА