Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2024/00081

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2022/00782/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух хаягтай ... овгийн Н-ийн Б /РД:..., утас: .../,

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороо, ... тоот хаягт оршин суух .. овгийн Б-ын А /РД:..., утас:.../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ...сум, ... баг, ... хороо ... тоот хаягт оршин суух ... овгийн Д-гийн Ц /РД:..., утас:.../-д холбогдох

"16,066,571 төгрөг гаргуулах тухай " үндсэн нэхэмжлэлтэй,

“39,747,442 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Содболд,

Хариуцагч Д.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Б, Б.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Бид 2020 онд хамтарч гоо сайхны салоны үйл ажиллагаа эхлүүлэхээр түрээсийн объект хайж эхэлсэн. Ингээд бид ... сум, ... баг, ... хороололд байрлах Г.р-ийн гадна “объект түрээслүүлнэ” гэсэн зар байсан ба зарын дагуу холбогдоход Ц-тэй холбогдсон. Ц ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... давхрын В хэсэг тоот оффис үйлчилгээний зориулалттай объектыг удаан хугацаагаар түрээсэлнэ, нийт 120 мкв, 1 мкв нь 10,000 төгрөгөөр тооцож нийт нэг сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж хэлсэн. Тус объект нь анх үзэхэд хоосон, их хэмжээний засвар орохоор талбай байсан. Ингээд бид ярилцсаны эцэст түрээслэхээр шийдэн 2020 оны 11 сард Ц-гээс түлхүүрээ авч үйл ажиллагаа явуулахдаа бэлдэж, засвар оруулах талаар Ц-тэй зөвлөлдөж засвараа эхлүүлсэн. Бид албан журмаар ажлын байрны түрээсийн гэрээ байгуулахаар Ц-тэй 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өөр уулзсан. Тухайн үед гэрээ байгуулахад тус объектын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харахад нийт 120 мкв биш 107 мкв талбайтай байсан. Энэ талаар Ц-д хэлж үнэ бууруулах талаар ярихад 1,200,000 төгрөг гэж тохирсноороо л түрээслүүлнэ гэсэн. Бид нэгэнт засвараа эхэлсэн тул арга буюу зөвшөөрч гэрээгээ байгуулж, 2 жилийн хугацаатайгаар түрээслэхээр болсон. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээгээр 5 хүртэлх жилээр сунгаж түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр засвар дуусаж, нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэхдээ үүнээс өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн сар сардаа түрээсээ төлж байхаар гэрээгээ хийсэн. Түрээслүүлэгч Ц нь биднийг засвараа дуусаж үйл ажиллагаагаа эхлүүлэх өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг авч болох байсан хэдий ч бидэнд уян хатан байдлаар хандаагүй. Ингээд гоо сайхны үйл ажиллагаа явуулж эхлээд 2021 оны 06 сараас галбиржуулах, тураах төвөөр ажиллахаар болсон. Учир нь гоо сайхан, маникюрын үйлчилгээ Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үйл ажиллагаа Ковидоос хамаарч маш их догололтой явсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хувиараа бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон ба энэхүү байдлыг түрээслэгч тал мөн л огт харгалзан үзээгүй. Манай байгууллага 6 хүн ажлын байраар хангаж ажилладаг. Түрээсийн талбайд орсон цагаас эхлэн Цтэй их маргадаг байсан. Учир нь түрээсээ боломжоороо хувааж хийх бүрд, мөн дотоод үйл ажиллагаанд оролцож ариун цэврийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэх зэргээр үл ойлголцол үүсдэг байсан. 2021 оны 12 сараас эхлээд Ц нь “манай талбайгаас гар, би одоо объектоо зарах гэж байна” гэж дарамтлах болсон. Энэ явдлаас болж манайхаар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид “манайх зарагдах гэж байгаа юм байна, татан буугдах гэж байгаа юм байна” гэх зэргээр асуудал үүсгэж 2 хүн төлбөрөө буцааж авсан тохиолдол ч гарах болсон. Ингээд бид аргагүйн эрхэнд цаашид ажиллах боломжгүй болсон тул тус объектоос гарахаар болсон. Ц нь 2022 оны 03 дугаар сарын 15-аас хойш “5 өрөөтэй тохижилт сайтай, тасалгаатай объект зарна” гэж зар оруулах болсон. Гэтэл үнэн хэрэгтээ бидэнд анх 2020 оны 11 сард түлхүүр өгөх үед ямар ч засваргүй, өрөө тасалгаагүй талбай байсан. Бид өөрсдийн зардлаар өрөө тасалгаа хийж, маш их засвар хийж тохижилттой болгосон. Одоо бид нэгэнт ихээхэн хөрөнгө оруулалт хийж засварт зарцуулсан мөнгөө буцаан гаргуулах үүднээс мэргэжлийн байгууллагад хандан тус талбайн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлын төсөв өртгийг гаргуулахад нийт 16,066,571 төгрөг болсон тул энэхүү мөнгийг түрээслүүлэгч Д.Ц-гээс гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.А, Н.Б нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Д.Ц-гийн гаргасан сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл болно. Бид анхнаасаа түрээслэгч Д.Ц-тэй хоорондоо ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хана босгох, интерьер заслын ажлыг эхлүүлсэн. Бид дур мэдэж түрээслэгч эзний зөвшөөрөлгүйгээр засварын ажлыг эхлүүлээгүй бөгөөд тухайн объектыг түрээслэхээр болсон өдрөөс эхлэн өрөө тасалгааг хуваах засвар үйлчилгээний талаар эзэн болох Д.Ц-тэй болон түүний эхнэртэй хамтдаа санал солилцож засвараа эхлүүлсэн. Засвар эхэлсэн өдрөөс Д.Ц нь өдөр бүр ирж хяналт тавьж байсан. Анх орохдоо ийм их засвар үйлчилгээ хийж байгаа учраас бид дор хаяж 5 жил үйл ажиллагаа явуулна, түүнээс наана гарах боломжгүй гэдгээ тохиролцож орсон. Тухайн үед Д.Ц нь “Манай хүүхдүүд гадаадаас 5 жилийн дараа ирнэ, тэр үед л энэ объектоо зарна, наана нь зарахгүй. Хэрвээ зарсан тохиолдолд дараагийн худалдаж авсан хүн нь та нарт түрээслүүлэхээр зохицуулна” гэхэд бид үүнийг гэрээн дээр нэмэлтээр оруулж өгсөн. Д.Ц нь гэрээний хугацаа дуусаагүй байхад өдөр шөнөгүй шахаж “объект зарагдсан” гэх нэрийдлээр хөөж гаргасан. Дор дурдсан шалтгаануудаар “Д.Ц-гийн нэхэмжилсэн 2022.11.07 хүртэлх түрээсийн төлбөр болох 7,600,000 төгрөг”-ийг төлөхгүй.

а. Бид 2022.04.25 өдрөөс уг объектыг түрээслэгч талдаа хүлээлгэн өгч түрээслэхээ больсон. Зарагдсан гэх объектын түрээсийн төлбөрийг бид төлөх үндэслэл байхгүй.

б. Бид түрээсэлж байсан тухайн объектыг урьдчилан мэдэгдэхгүйгээр өөрсдийн хүсэлтээр оргон зугтаж, хаяж гараагүй болно. /Биднийг нүүж байхад түрээслэгч Д.Ц нь объектоо хүлээн авч биднийг нүүлгэж өгсөн болно/

Нэхэмжлэл2: Д.Ц-гийн нэхэмжилж буй объектыг хуучин хэвэнд оруулах тухайд тус барилга нь ашиглалтанд ороод 10 орчим жил болсон бүх зүйл нь хуучирч муудаж, өнгө үзэмж муутай хоосон заал байсан. Бид өрөө тасалгаа хийх хана босгож, интерьер хийж засаж сайжруулсан. Тус засвар үйлчилгээ нь уг объектод үлдэж дараа дараагийн хүмүүстээ түрээслүүлэх болон зарахад интерьер засалтай өрөө тасалгаа болон тохижилттой цэвэрхэн гэдэг утгаараа үнэ нэмж зарах боломжтой. Д.Ц нь өөрөө ч объектоо зарахдаа цэвэрхэн, засвар хийсэн, өрөө тасалгаатай гэж рекламдаж байгаа. Засварын явцад Д.Ц нь өөрийн биеэр хуучирч муудсан, хугарч эвдэрсэн плинтүс болон залгаанууд, нурсан таазны гипсэн хавтангуудаа гаргаж хаясан. Өөрөө ч мэдэж байгаа. Бид түрээсэлж, засвар сайжруулалт хийж орсон объектынхоо хуучирч муудсан элэгдэл хорогдол ихтэй Д.Ц-гийн нэхэмжилсэн плинтүс болон бусад жижиг зүйлсийн үнэ төлбөрийг төлөхгүй болохоо мэдэгдэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нар 2023 оны 07 сарын 20-ны өдөр болон 2023 оны 08 сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“...Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,040,000 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж төлөхөөс татгалзаж байна. Учир нь 2020.10.20-ны өдөр уулзаж тус объектод хана босгох, засвар хийх, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах стандартад нийцсэн засвар хийж засварлан үйл ажиллагаа дууссаны дараа гэрээ байгуулж түрээс явуулж эхэлнэ гэж харилцан тохиролцсон. Тохиролцсоны үндсэн дээр 10 сарын 23-нд барьцаа төлбөрөө шилжүүлж, түлхүүрээ өгч авалцсан. Дараа нь засварын үйл ажиллагааг өөрчлүүлэхийн тулд засвар хийлгэх хүмүүсийг олж тохиролцох, бараа материалаа татах гэх мэтийн ажлууд хийгдээд байж байтал ковид-19 дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас гэрээсээ ч гарах эрхгүйгээр хөл хорионы захирамж гарч 2021.01.07 хүртэл засварын ажил зогссон болно. 2021.01.07-2021.02.01 хүртэл засвар болон тохижилтын ажил явагдсан. Хариуцагч Д.Ц нь 2020.10.23-ны өдөр түлхүүр хүлээлцэж, 2020.11.01-нээс 2022.11.01 хүртэл 2 жилийн хугацаагаар түрээсийн гэрээг 3%, актанд 2% гарын үсэг зурж 1,1 хувийг авсан. Мөн 7 хоногийн засвар хийх хангалттай хугацаа өнгөрсөн гэж бичсэн байна. Уг хүсэлтэд бичсэн энэ зүйл нь үндэслэлгүй, бидний дунд ийм тохиролцоо огт хийгдээгүй. Учир нь засвар дууссаны дараа бид нар нотариатаар орж гэрээ хийхээр тохиролцсон. Мөн бүтэн 107 мкв объектод 7 хоногийн хугацаанд хана босгож засвар хийх битгий хэл орон сууцны нэг өрөө байранд ч засвар хийх хангалттай хугацаа биш гэдгийг ямар ч хүн мэднэ. Гэрээг хөл хорио бүтэн дууссаны дараа буюу 2021.01.07-ны өдөр хийж, албан ёсоор гарын үсэг зуралцсан байхад үндэслэлгүйгээр худлаа гүтгэж байна. Иймд засвартай, хөл хориотой байсан үеийг хүртэлх түрээс болох 2,042,000 төгрөгийг төлөхгүй. Мөн нэхэмжилж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага 28,873,130 төгрөгийг төлөхгүй. Учир нь анх 2020 онд бид нарыг ороход хагархай цонх, муухай тоос тортог, хир буртаг болсон орчныг засаж сайжруулж цэвэрхэн болгосон. Анх байгуулагдсанаас хойш нэг ч удаа засвар ороогүй барилга, объектыг бүрэн засвар хийж гоо сайхны үйл ажиллагааныхаа стандартад нийцсэн орчныг бүрдүүлсэн. Мэдээж барилгын эзэнтэй харилцан тохиролцож зөвшөөрөл авсан. Хариуцагч нь 10 жил болсон паркет, билинтус зэргээ нэхэмжилж байгаа бол бид нар дөнгөж хийсэн засвар болон маркетингийн мөнгөө нэхэмжлэх нь зүй ёсных гэж бодож байна. Д.Ц нь ковидын үеийн түрээсийг огт хөнгөлөхгүйгээр битгий хэл хориотой хаалттай байх үеийн түрээсэд хүү алданги хүртэл тооцож нэхэмжилж байж яагаад дахин дахин нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Бид нар 2022.04.25-нд түрээсийн объектыг суллаж өгсөн байтал түүнээс хойш хугацааны түрээсийн төлбөрийг төлөх ёсгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Сөрөг нэхэмжлэлийн 39,747,442 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна” гэжээ.

2.Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие Б.А, Н.Б нарын надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2020 оны 10 сард миний бие ажлын байр түрээслүүлнэ гэсэн зар тавьсны дагуу Б.А, Н.Б гэгч хүмүүс ирж уулзаад “гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм, танай байрыг түрээсэлье” гэсэн санал тавьж надад хандсан. Би тэдэнд ажлын байраа 1,500,000 төгрөгөөр түрээсэлнэ гэдэг саналаа хэлэхэд тэд түрээсээ жаахан буулгаач гэж гуйсан. Тэгэхэд нь би дулааны төлбөрөө төлөөд явбал түрээсийн үнийг буулгаж 1,200,000 төгрөг болгож болно гэхэд тэд зөвшөөрч ажлын байрны түрээсийн гол нөхцөлөө тохиролцсон. Тухайн үед түрээсийн гэрээний үнийг тэдэнтэй тохирохдоо мкв-р тооцно гэж огт хэлээгүй. Ингээд Б.А, Н.Б нар нь гэрээтэй уншиж танилцаад нөхцөлийг зөвшөөрч байна гээд гэрээний нэг хувийг аваад явсан. Дараа нь тэд дахин ирж уулзахдаа “Бид гоо сайхны болон тураах салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулах учир тэр үйл ажиллагаандаа тохируулж засвар хиймээр байна” гэж хэлэхээр нь “гэрээний заалтын дагуу барьцаагаа өгөөд түлхүүрээ авч болно” гэж хэлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тэд барьцаа 1,200,000 төгрөгөө өгөөд түлхүүрээ аваад явсан. Энэ үед ажлын байрны түрээсийн гэрээний хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор бид тохиролцсон. Үүнээс хойш 2 сар гаруй хугацаанд Б.А, Н.Б нар нь ажлын байраа засаж байна гэж явсаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээндээ гарын үсэг зурсан. Түрээслэгч нар нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсээ төлөх байсан атлаа төлөхгүй явсаар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 400,000 төгрөг өгөөд түүнээс хойш 3 сарын хугацаанд нэг ч төгрөг өгөхгүй явсаар 06 сарын 18 хүргэсэн. Гэх мэтээр түрээслэгч нар нь түрээсийн төлбөрөө гэрээгээр тогтоосон цаг хугацаандаа төлөхгүй, өөрсдийн боломж тааваараа дутуу хагас төлөх зэрэг байдлаас нь болж би түрээсээ бүрэн гүйцэд төлөх талаар шаардлага тавьдаг байсан. Мөн тэдний утас руу нь залгахаар сүүлдээ утсаа ч авахаа больсон. Гэсэн хэдий ч би түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг урьтал болголгүй хүлээцтэй хандаж ирсэн. Гэтэл түрээслэгч нар нь түрээсийн мөнгөө төлөхгүй байж салондоо нэмж шинэ аппарат хэрэгсэл худалдаж аваад өөрсдийн үйл ажиллагааг өргөтгөөд байхаас түрээсийн төлбөр төлөх тал дээр санаа санаачилга гаргахгүй байсаар ирсэн. Ийнхүү түрээслэгч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх үйлдэл нь бүтэн 10 сарын хугацаагаар үргэлжлээд байсан учир би арга ядаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээний 4-р зүйлийн 4.5, 4.12, 4.13, 7-р зүйлийн 7.4 дэх заалтын дагуу гэрээг цуцлах шаардлага бүхий мэдэгдлийг 3 удаа өгсөн. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр түрээсийн төлбөрийг даруй төлж өгөх талаараа өөрсдөө тодорхойлолт бичиж, төлбөр төлөх хуваарь гаргаж өгөөд өнөөдрийг хүрсэн ч түрээсийн төлбөр нь мөн л төлөгдөөгүй байна. Зөрчлөө арилгаагүй өнөөдрийн байдлаар 14,000,000 орчим төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна. Гэрээний 5.6, 5.7-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй байж намайг ажлын байрны түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн гэж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн түрээсэлсэн байрандаа өрөө тасалгаа, засвар хийж тохижуулахад гарсан зардал гэж 16,066,571 төгрөгийг надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Ажлын байрны түрээсийн гэрээний 5.14-т түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хийгдсэн нэмэлт тохижилт сайжруулалтын аливаа ажлаа өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр бараа материалын үнэ ажлын хөлс нь түрээсийн төлбөрт суутгагдаж тооцогдохгүй бөгөөд түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй. 5.15-д түрээслэгч нь түрээсийн хугацаа дууссан болон түрээсийн гэрээ цуцалмагц өөрсдийн үйл ажиллагаанд зориулан өөрчилсөн түрээсийн байрны эд хөрөнгийг анх байсан чанар байдал, материалын дагуу хийж байрлуулан хүлээлгэн өгөх бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг өөрсдөө хариуцах бөгөөд түрээсийн төлбөрт суутгагдаж тооцогдохгүй мөн түрээслүүлэгчээс нэхэмжлэн авах эрхгүй гэж заасан байна. Гэрээний энэ заалтыг танилцаж гэрээний нөхцөлөө зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа өөрийнхөө ажил үйлчилгээ явуулах аятай таатай нөхцөлөө бүрдүүлэхээр багахан хэмжээний засвар хийсэн зардлаа хэд дахин өсгөж төсөвчнөөр нөхөн төсөв /2022 он/ хийлгэж нэхэмжлэлд хавсарган өгсөн байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Д.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

         “...Б.А, Н.Б нар нь байр түрээслэх болсон цагаасаа хойш

1.2021.01.07-2021.02.07-нд төлөх 1,200,000 төгрөгөөс 0 төгрөг-алданги 186,000 төгрөг,

2.2021.02.07-2021.03.07-нд төлөгдөөгүй алданги 165,000 төгрөг,

3. 2021.03.07-2021.04.07-нд 800,000 төгрөг төлөгдсөн. 3/7-нд 400,000 төгрөг, 3/11-нд 400,000 төгрөг, алданги 168,000 төгрөг,

4.2021.04.07-2021.05.07-нд төлөөгүй алданги 180,000 төгрөг,

5.2021.05.07-201.06.07-нд төлөөгүй алданги 186,000 төгрөг,

6.2021.06.07-2021.07.07-нд 6/18-нд 250,000 төгрөг, 7/4-нд 300,000 төгрөг, 7/6-нд 350,000 төгрөг нийт 900,000 төгрөг төлсөн. Алданги 66,000 төгрөг,

7.2021.07.07-2021.08.07-нд 07/10-нд 300,000 төгрөг төлсөн, алданги 138,000 төгрөг,

8.2021.08.07-2021.09.07-нд 8/21-нд 1 сая төгрөг төлсөн. Алданги 84,000 төгрөг,

9.2021.09.07-2021.10.07-нд төлөөгүй алданги 180,000 төгрөг,

10.2021.10.07-2021.11.07-нд төлөөгүй алданги 186,000 төгрөг,

11.2021.11.07-2021.12.07-нд төлөөгүй алданги 186,000 төгрөг,

12.2021.12.07-2022.01.07-нд 12/12-нд 200,000 төгрөг, 12/13-нд 300,000 төгрөг, 12/16-нд 200,000 төгрөг, 12/22-нд 200,000 төгрөг, 12/24-нд 200,000 төгрөг, 0/4-нд 300,000 төгрөг нийт 1400,000 төгрөг төлсөн. Алданги 120,000 төгрөг

13.2022.01.07-2022.02.07-нд 1/7-нд 300,000 төгрөг, 1/13-нд 300,000 төгрөг, 1/17-нд 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөг, алданги 120,000 төгрөг

14.2022.02.07-2022.03.07-нд 2/16-нд 300,000 төгрөг төлсөн, алданги 120,000 төгрөг

15.2022.03.07-2022.04.07-нд төлөөгүй алданги 186,000 төгрөг,

16.2022.04.07-2022.04.28-нд 21 хоногийн төлбөр хийгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5,600,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. 15 сар 21 хоногт нийт 18,840,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 5,600,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөгдөж үлдэгдэл түрээсийн төлбөр 13,240,000 төгрөг болж хуримтлагдсан байна. Ажлын байрны түрээсийн гэрээнд заагдсаны дагуу алданги тооцоход 2,430,000 төгрөг болж байна. Мөн дулааны төлбөр 105,630 төгрөг төлөөгүй байх ба ус, цахилгааны мөнгө одоогоор бичилт хийгдээгүй байна. Түрээслэгч нар нь ажлын байрны 70*190 см хэмжээтэй вакум цонхны шил хагалсан байна. Цонх шиллүүлэхэд 193,500 төгрөг шаардагдах юм байна. Иймд нэхэмжлэгч нараас түрээсийн төлбөр 13,240,000 төгрөг, алданги 2,430,000 төгрөг, дулааны төлбөр 105,630 төгрөг, цонхны шилний төлбөр 193,500 төгрөг нийт 15,963,130 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Ц нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний зөвшөөрөлгүй байрны дотоод интерьерийг дур мэдэн өөрчилж, миний барилгын материалыг хайр найргүй өрөмдөн цоолж бүтцийг нь өөрчилсөн байсан. Иймд би сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 10,651,800 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүнд дараах материалууд болон ажлын хөлс орно.

1.Орос плинтүс /2,5м/ 17ш*9500=161,500 төгрөг

2.Орос плинтүс залгаа 20ш*1200=24,000 төгрөг

3.Паркет шал /80см-15см/ 4мкв /1мкв*28,000/=112,000 төгрөг

4.Дүүжин тааз /60см*60см/ 29ш*3000=87,000 төгрөг

5.Гипс хавтан /1,2м*2,4м/ 4ш*22,000=88,000 төгрөг, 13 ширхэг нүдэн гэрэл суулгасан гипсэн хавтанг зориулалтын биш болгосон учраас анхны байдалд оруулж хийлгэнэ. Замаск татаж, эмульсээр будах ажлын хөлс 150,000 төгрөг,

6.Замаск /25кг/ 1ш*18,000=18,000 төгрөг

7.Эмульс /Солонгос 4л/ 1ш*32,000=32,000 төгрөг

8.Өдрийн гэрлийн запас /60см урттай/ 6ш*3500=21,000 төгрөг /гэрэл шатсан/

9.42,1 м талбайд 2,5 м урттай 17 ширхэг Орос плинтүс орох бөгөөд 1 плинтүсийг 4 өрөмдөж тогтоодог ба ажлын хөлс нь 2500-3500 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Ажлын хөлс 170,000 төгрөг.

10. Паркетан шал хуулах, шахах ажлын хөлс 107 мкв талбайд 642,000 төгрөг /шал шахах ажлын хөлс 1мкв 600 төгрөг байдаг/

11.Дулааны төлбөр 110,300 төгрөг, торгуулийн төлбөр 36,000 төгрөг нийт 146,300 төгрөг.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 194 хоног өнгөрч байгаа бөгөөд энэ хугацааны түрээсийн төлбөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7,600,000 төгрөг, алданги 1,400,000 төгрөгөөр нэмэгдсэн учир энэ төлбөрийг мөн нэмж нийт 9,000,000 төгрөг нэхэмжилж байна. Дээрхи нэхэмжилж байгаа зүйлийн үнэлгээ ажлын хөлс нийт 10,651,800 төгрөг болж байгаа ба өмнөх сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн 15,925,630 төгрөгийн хамтаар нийт 26,577,430 төгрөг болж байна. Энэ мөнгийг гэрээний үүргээ зөрчсөн нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Ц 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хариуцагч Д.Ц миний бие нь нэхэмжлэгч Б.А, Н.Б нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2,040,000 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ тус шүүхэд гаргаж байна. Учир нь түрээслэгч Б.А, Н.Б нартай миний бие 2020.10.23 өдөр ХААН банкны шилжүүлгээр барьцаа төлбөрийг авч урьдчилан бидний тохирсон байдлаар бэлдэж ирсэн буюу 2020.11.01-нээс 2022.11.01-нийг хүртэл 2 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ байгуулав гэсэн 3 хувь гэрээнд, мөн түрээсийн байрны бусад эд хөрөнгийг хүлээлцэж 2 хувь актанд гарын үсэг зурж, хүн тус бүр нэг нэг хувийг авсан байдаг. Мөн энэ үед оффисын барилгын гадна хаалганы түлхүүрүүд, коридорын үүдний хаалганы түлхүүрүүд, ажлын байрны түлхүүрүүдийг бүрэн хүлээлгэн өгч, засвар тохижилт хийх 7 хоногийн хангалттай хугацаа гаргаж өгөөд 2020.11.01-нээс гэрээний хугацаагаа эхлэн тооцно гэдгээ ярьж ойлголцоод ингээд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. Ингээд 2020.11.16-ны өдрийн 06 цагаас 2020.11.17-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосугай гэсэн ... аймгийн Засаг даргын ... тоот хамгийн анхны захирамж гарсан байдаг. Үүнээс хойш хязгаарлалтаа нээж хаасаар, аймгийн хэмжээнд Корона вирусын халдваргүй эрүүл бүс болсонтой холбогдуулан 2021.01.06-ны өдрийн ... тоот 2021.01.07-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай гэсэн ... аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг. Уг захирамжийн нэгдүгээр хавсралтын жагсаалтын 8 дугаарт гоо сайхны газруудын үйл ажиллагааг нээсэн байдаг. Д.Ц миний бие дээрх ... аймгийн Засаг даргын захирамжууд гарч байсан хугацааны хооронд буюу 2020.11.16-наас 2021.01.07-ны хүртэл ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор 51 хоногийн 2,040,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлснөө би түрээслэгч Б.А, Н.Б нарт тухайн үед хэлэхэд уг шийдвэрийг талархан хүлээн авсан байдаг. Гэсэн хэдий ч тэд 2021.01.07-ноос эхлэн түрээсийн төлбөрөө төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн 2022.04.12 өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “бидэнд уян хатан байдлаар хандаагүй, ковидоос хамаарч үйл ажиллагаа доголдолтой байдлыг түрээслэгч тал харгалзан үзээгүй гэх мэтчилэн бичиж, миний гаргасан сэтгэлийн тусыг үл ойшоож, бодит болсон зүйлийг хүртэл эрээ цээргүй, мушгин гуйвуулж, гүтгэн гүжирдэж байгаа тул өмнө нь түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн гэх 2,040,000 төгрөгийг түрээслэгч Н овогтой Б, Б овогтой А нараас нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Д.Ц нь 2023 оны 07 сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлсэн. Үүнд: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн, тодруулга хийх нь зүйтэй байна. Би нэхэмжлэгч нарт холбогдуулан 28,873,130 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал,

1.Дулааны төлбөр 141,630 төгрөг,

2.Вакум цонхны шилний төлбөр 193,500 төгрөг,

3.Дур мэдэн үүдний хэсэг газарт засвар хийсний төлбөр 400,000 төгрөг

4.Дур мэдэн хийсэн шатны хонгилын засварын төлбөрт 1,000,000 төгрөг,

5.Дур мэдэн эд хөрөнгөд хохирол учруулан бүтцийг нь өөрчилсөн материалын болон засварын ажлын хөлсний зардал 1,384,000 төгрөг,

6.Монтажийг дур мэдэн өөрчилснөөс болж буцааж цахилгааны холболт 80,000 төгрөг, ингээд нийт дүн 3,199,130 төгрөг болж байна. Үүн дээр нэмээд 2021.11.16-2022.04.29 өдрийг хүртэл түрээсийн төлбөр18,920,000 төгрөг болох бөгөөд үүнээс түрээсэнд төлсөн болон барьцаанд өгсөн 6,800,000 төгрөгийг хасаад 12,120,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаа 2023.01.07-ны өдөр дуусах байтал гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрсдөө байр суллаж явсан учир гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 10,794,000 төгрөг гээд нэгтгэхэд 26,113,000 төгрөг болж байна. 2021.04.25-2022.05.25-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацааны төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги 720,000 төгрөгийг нэмэхэд 26,833,130 төгрөг болж байна. Ковидын үед Засаг даргын захирамжаар 51 хоног үйл ажиллагаа нь зогссон учир энэ хугацаанд би түрээсийг нь хөнгөлж байсан. Нэхэмжлэгч нар хүн чанаргүй зан гаргаж намайг шүүхэд өгч гомдоосон тул энэ хугацааны түрээсийн төлбөр болох 2,040,000 төгрөг нэхэмжилж байна. Нийт сөрөг нэхэмжлэлийн төлбөр 28,873,130 төгрөг” гэжээ.

Хариуцагч Д.Ц нь 2023 оны 09 сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дахин нэмэгдүүлж, үндэслэлээ “...2022.04.25-2023.05 сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 674,312 төгрөг, 2023.01.07-2023.09.07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн үлдэх төлбөр 9,720,000 төгрөг, алданги 480,000 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагыг 10,874,312 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 39,747,442 төгрөг болгож байна” гэжээ.

 3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай ажлын байрны түрээсийн гэрээ, хүлээлгэн өгсөн эд материалын жагсаалт, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ, ... дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгч болон хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, фото зургууд, “Д.О.Н” ХХК-ийн галбиржуулах тураах төвийн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлын төсөв зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн төлбөрийг төлөх хуваарь, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гар бичмэл мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт гар бичмэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, өөрийн Х банкны дансны хуулга, 2022 оны 03,04,05 сарын дулааны нэхэмжлэх, фото зургууд, Ч.Р төсөв, дулааны төлбөр төлсөн баримт, “Д.Б.Т” ХХК-ийн бараа материалын үнийн санал, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Д.ц.к” ХХК-ийн хуванцар цонхны чанарын гэрчилгээ, “Д.ц.к” ХХК-ийн зарлагын баримт, “Д.ц.к” ХХК-ийн тодорхойлолт, гадаад паспортын хуулбарууд, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай ажлын байрны түрээсийн гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... аймгийн Засаг даргын “хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох тухай” захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай ... аймгийн Засаг даргын “коронавируст халдварын цар тахлын үед авах зарим арга хэмжээний тухай” захирамж болон хавсралт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5.Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Н.О, Н.Н, М.Э, М.Э, Ч.З, Т.Б нарын мэдүүлэг, шинжээч “К.з” ХХК-ийн үнэлгээний тайлангууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Н.Б, Б.А нарын Д.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дэмжиж оролцсон. Үүнд:

“Нэхэмжлэгч Н.Б, Б.А бид хамтарч гоо сайхны салоны үйл ажиллагаа эхлүүлэхээр түрээсийн объект хайж, улмаар хариуцагч Д.Ц-гийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... давхрын В хэсэг тоот объектыг нэг сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, 2020 оны 11 сард Д.Ц-гээс түлхүүрээ авч, үйл ажиллагаа явуулахдаа бэлдэж, засвар оруулах талаар Д.Ц-тэй зөвлөлдөж, засвараа эхлүүлсэн. 2021 оны 01 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 2021 оны 05 сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, түрээсийн гэрээний хугацааг 5 жил хүртэл сунгасан. 2021 оны 02 сарын 05-ны өдөр засвар дуусаж нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2021 оны 06 сараас галбиржуулах, тураах төвөөр ажиллахаар болсон. Учир нь маникюр, гоо сайхны үйлчилгээ Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх үйл ажиллагаа цар тахлаас хамаарч маш их доголдолтой явсан. Үүнийг түрээслэгч тал огт харгалзаагүй. Түрээсийн талбайд орсон цагаас эхлэн Д.Ц-тэй их маргадаг байсан. Учир нь түрээсээ боломжоороо хувааж хийх бүрд, мөн дотоод үйл ажиллагаанд оролцож, ариун цэврийн өрөөний асуудлыг шийдвэрлэж өгөөгүй гэх зэргээр үл ойлголцол үүсдэг байсан. 2021 оны 12 сараас эхлээд Д.Ц талбайгаас гар гэж дарамталж хөөх болсон. Ингээд бид аргагүйн эрхэд цаашид ажиллах боломжгүй болсон тул тус объектоос гарахаар болсон. 2022 оны 04 сарын 25-нд тус объектоос гарч, хүлээлгэж өгсөн. Түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан учраас их хэмжээний дүнгээр засвар үйлчилгээ хийсний дараа хариуцагчийн зүгээс объектоо худалдана, гар гэж шаардан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд тус объектод хийсэн засвар үйлчилгээний төлбөр болох 16,066,571 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

2.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

“Түрээслэгч нар 2020 оны 10 сарын 23-нд барьцаа 1,200,000 төгрөг өгөөд түлхүүр авч, түрээсийн гэрээний хугацааг 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс тооцохоор бид тохиролцсон. Анх нэхэмжлэгч нар багахан тохижилт хийгээд л ормоор байна, цэвэрхэн байр юм гэж хэлж орсон. Н.Б, Б.А нараас шүүхэд гаргасан тайлбаруудаар иргэн намайг маш их гүтгэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Д.О.Н” гэдэг компанийн захирал Ч.Р-гийн зохиосон галбиржуулан тураах төвийн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлын төсөв нь хийгдээгүй засварын материал, үнийг бичсэн, бодит байдлаас маш их зөрүүтэй гарсан байсан бөгөөд Ч.Р нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч дахин хэмжилт хийж, нэг бүрчлэн тулган үзэж дахин төсөв гаргахдаа 6,171,485 төгрөгийн төсөв гаргасан байдаг. Мөн уг төсвийг магадлахаар шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулахад “К.з” ХХК нь засварын ажлын төсвийг 7,194,200 төгрөг гэж гаргасан. Мөн бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.14-т түрээслэгч нь өөрсдийн үйл ажиллагаанд хийсэн нэмэлт тохижилт, сайжруулалтын аливаа ажлыг өөрсдийн зардлаар хийх бөгөөд эдгээр ажлын бараа, бүтээгдэхүүний үнэ, ажлын хөлсийг түрээсийн төлбөрт суутгагдан тооцогдохгүй, түрээслүүлэгчээс нэхэмжлэх эрхгүй гэж заасан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2021 оны 05 сарын 21-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээг нэхэмжлэгч нар зөвхөн банкны мэргэжилтэнд үзүүлэхэд шаардлагатай гэрээ гэж хэлээд намайг хуурч, залилж хийсэн гэрээ, 5 жилийн хугацаагаар түрээсийн гэрээ хийхээр тохиролцоогүй. Өөрсдөө гэрээний үүргээ биелүүлээгүй байж намайг үүргээ зөрчсөн гэж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан”  гэв.

3.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...2022.04.25-ны өдрийг хүртэлх төлөөгүй дулааны төлбөр 141,630 төгрөг, түрээсийн байрыг хүлээлгэж өгөлгүй орхин гарсан тул түүнээс хойшхи буюу 2022.04.25-2023.05 сар хүртэлх дулааны төлбөр 674,312 төгрөг, вакум цонхыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн боловч хагалсан байсан тул вакум цонхны шилний үнэ 193,500 төгрөг, дур мэдэн үүдний хэсэг газарт засвар хийсний төлбөр 400,000 төгрөг, дур мэдэн хийсэн шатны хонгилын засварын төлбөрт 1,000,000 төгрөг, дур мэдэн эд хөрөнгөд хохирол учруулж бүтцийг өөрчилсөн материалын болон засварын ажлын хөлсний зардал 1,384,000 төгрөг, монтаж дур мэдэн өөрчилснөөс болж буцааж цахилгааны холболт хийх 80,000 төгрөг, 2021.11.16-2022.04.25 өдрийг хүртэлх түрээсийн нийт төлбөр 12,120,000 төгрөг, нэхэмжлэгч нар нь гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрсдөө байр суллаж явсан учир гэрээний хугацаа дуусах хүртэл хугацааны буюу 2022.04.25-2023.01.07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10,794,000 төгрөг, 2021.04.25-2022.04.25 өдрийг хүртэлх түрээсийн алдангид 720,000 төгрөг, ковидын үеийн хугацааны хөнгөлж байсан түрээсийн төлбөрт 2,040,000 төгрөг, 2023.01.07-2023.09.07 хүртэлх түрээсийн төлбөр 9,720,000 төгрөг, алданги 480,000 төгрөг нийт 39,747,442 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулна” гэж тодорхойлсон.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийг “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус гэрээ тул гэрээний үүргийг шаардахгүй” гэх үндэслэлээр няцаасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч нар нь хариуцагч Д.Ц-гийн өмчлөлийн ... дугаартай ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... давхрын В хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайхны сургалтын төвийн чиглэлээр түрээслэхээр 2021 оны 01 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж “...түрээсийн талбайг 2021.01.07-2023.01.07-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр түрээслэх, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг өгөхөөр” гэрээний гол нөхцөлийг тохиролцжээ. /1хх 4-6,9 хуудас/

-Талууд 2021 оны 05 сарын 21-ний өдөр дээрх түрээсийн гэрээний нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээнд “...2 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг цаашид түрээсийн гэрээ цуцлах зүйл заалтыг зөрчөөгүй бол жил бүр сунган 5 хүртэлх жилээр түрээслүүлэн ажиллуулах, түрээсийн талбай худалдагдсан тохиолдолд худалдан авсан дараагийн өмчлөгчтэй түрээсийн гэрээг үргэлжлүүлэн түрээслэхээр зохицуулалт хийнэ” гэжээ. /хх 8 хуудас/  

6.Нэхэмжлэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн барьцаа төлбөр 1,200,000 төгрөгийг хариуцагчийн дансанд хийж, түлхүүрийг хүлээн авч, талууд түрээсийн гэрээг 2021 оны 01 сарын 07-ны өдөр бичгээр байгуулж, уг гэрээнд 2021 оны 05 сарын 21-ний өдөр нэмэлт оруулж, 2022 оны 04 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нар түрээсийн талбайг сулласан гэж тайлбарласан, хариуцагч энэ үйл баримтад маргаагүй.

7.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэжээ.

Талуудын хооронд 2021 оны 01 сарын 07-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ. /2хх 72-74 хуудас/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар 2021 оны 05 сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан дээрх түрээсийн гэрээний нэмэлт гэрээ мөн хүчин төгөлдөр бус байна.

8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Тодруулбал хүчин төгөлдөр бус хэлцлээс эрх зүйн үр дагавар үүсэхгүй, өөрөөр хэлбэл талууд гэрээний үүргийг шаардах эрхгүй бөгөөд харин нэгэнт үүссэн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх уг хэлцлийн улмаас ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдэд үүснэ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд “...хариуцагч нь түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг мэддэг мөртлөө бүртгүүлээгүй” гэж, хариуцагч нь “...би түрээсийн гэрээг бүртгүүлэх гээд улсын бүртгэл дээр очиход түрээсийн гэрээг нотариатчаар гэрчлүүлээд аваад ир гэсэн бөгөөд бүртгүүлэх шаардлагагүй талаар улсын бүртгэгч тайлбарласан” гэж мэтгэлцсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ” гэж зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт түрээслэгч болон түрээслүүлэгчийн хэн аль нь бүртгүүлэх боломжтой байх ба түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр бус болсонд зөвхөн хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр хариуцагч Д.Ц нь 2021 оны 05 сарын 21, 2021 оны 11 сарын 19, 2022 оны 02 сарын 28-ны өдрүүдэд түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөх талаар нэхэмжлэгч нарт бичгээр мэдэгдэж, төлөхгүй тохиолдолд түрээсийн талбайг ямар нэгэн асуудалгүйгээр чөлөөлж өгөх талаар нэхэмжлэгч Н.Б, Б.А нартай бичгээр баримт үйлдэж байснаас дүгнэхэд нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөрийг удаа дараа хоцроосон, түүнээс улбаалан талуудын хооронд маргаан үүсчээ. /хх 38-40 хуудас/

Нэхэмжлэгч нарын зүгээс цар тахалт ковид-19 өвчний улмаас үйл ажиллагаа маш их доголдож, явуулах боломжгүй болсон, энэхүү байдлыг түрээслүүлэгч огт харгалзан үзээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ... аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 16-ны өдрийн ... тоот захирамжаар ...2020.11.16 өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд короновирусын халдвар илэрч батлагдсан тохиолдол 1 гарсан тул цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио хязгаарлалтын дэглэм тогтоосон..., мөн ... аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн ... тоот захирамжаар ...үйл ажиллагаа явуулах болон хязгаарлах аж ахуйн байгууллагуудын жагсаалтыг баталсан байх бөгөөд захирамжийн хавсралтад гоо сайхны газруудын үйл ажиллагааг нээсэн байна. /2хх 8-11 хуудас/

Дээрх түрээсийн гэрээг байгуулсан, түрээсийн гэрээний харилцаа үргэлжилж байх үед бүх нийтийг хамарсан цар тахалт коронавирус өвчин дэгдсэн байсан, түүнээс улбаалан үйлчилгээний зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан үйл баримтууд нийтэд илэрхий боловч тухайн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нэхэмжлэгч нарын явуулж байсан гоо сайхны салоны үйл ажиллагаа болон галбиржуулах тураах төвийн үйл ажиллагаа хэрхэн доголдсон, үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болсон эсэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх баримтаа нэхэмжлэгч нар шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.Б, Б.А нар нь хариуцагч Д.Цгийн өмчлөлийн объектод хийсэн засварын зардлыг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл болж буй зураг төслийн “Д.О.Н” ХХК-ийн “Галбиржуулан тураах төвийн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлын төсөв” нь бодит байдалд нийцэхгүй гэж хариуцагч маргасан, шүүхээс “К.з” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад шинжээч засварын зардлыг 7,194,200 төгрөгөөр үнэлжээ. “К.з” ХХК-ийн үнэлгээтэй холбоотой талуудаас ямар нэг гомдол, санал хүсэлт гаргаагүй. /хх14-21, 121-126, 129-142 хуудас/

Нэхэмжлэгч нар “...түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан учраас их хэмжээний дүнгээр засвар үйлчилгээ хийсний дараа хариуцагчийн зүгээс объектоо худалдана, гар гэж шаардан түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан боловч 2021 оны 05 сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээ нь “...2 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг цаашид түрээсийн гэрээний зүйл заалтыг зөрчөөгүй тохиолдолд жил бүр сунган 5 хүртэлх жилээр түрээслүүлнэ...” гэх агуулгатай байх бөгөөд дээр дурдсанчлан нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрийг хугацаандаа төлж байгаагүйгээс түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь объектыг ашиглан гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулж, орлого олох /үр шим хүртэх/ зорилготойгоор түрээсийн гэрээг байгуулсан, түүндээ нийцүүлэн засвар, тохижилтын ажлыг хийсэн, түрээсийн төлбөрөө тохиролцсон ёсоор төлөөгүйгээс объектыг цаашид ашиглах боломжгүй болсон, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болоход хариуцагчийн буруу гэж үзэх нь учир дутагдалтай байх тул нэхэмжлэгч нарт засварын зардлын хэмжээгээр хохирол учирсан гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Н.Б, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Хариуцагч Д.Цгийн нэхэмжлэгч Н.Б, Б.А нарт холбогдуулан гаргасан 39,747,442 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,285,988 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нар нь маргааны зүйл болох объектыг өөрсдийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 1 жил 6 сарын хугацаанд орлого олохоор үйл ажиллагаа явуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түрээсийн талбайг түрээслэн ашиглаж байсан хугацааны төлөгдөөгүй түрээсийн төлбөр 11,920,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч нар үндэслэлгүй хөрөнгөжиж, үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тооцоолбол: Түрээсийн объектын 1 сарын түрээс 1,200,000 төгрөг, 1 өдрийн түрээс 40,000 төгрөг, нийт 2021.01.07-ны өдрөөс 2022.04.25-ны өдрийг хүртэлх хугацааны 15 сар 18 хоног буюу 468 хоногийн түрээсийн төлбөр 18,720,000 төгрөг, үүнээс нэхэмжлэгч нарын төлсөн 6,800,000 төгрөгийг хасахад 11,920,000 төгрөг байна. Нэхэмжлэгч нар нь түрээсийн төлбөрт барьцаа төлбөрийг оролцуулан нийт 6,800,000 төгрөг төлсөн болох нь хариуцагч Д.Цгийн Х банкны дансны хуулгаар нотлогдсон. /хх 49-61 хуудас/

Дээрх түрээсийн төлбөрөөс гадна нэхэмжлэгч нар нь түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн талбайг эзэмшиж, ашиглаж байхдаа 2022.04.19-ны өдрийн байдлаар дулааны төлбөрийн үлдэгдэл 172,488 төгрөгийг төлөөгүй болох нь “Д.д.с” ТӨХК-ийн дулааны нэхэмжлэх баримтаар тогтоогдож байна. /хх 65 хуудас/

Талууд 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээг байгуулахдаа талбайн эд зүйлс хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурсан, тухайн актад цонх хагархай байсан талаар тэмдэглэгээ байхгүй тул цонхыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн гэж үзэх ба түрээсийн талбайг суллах үеийн фото зураг, гэрч Т.Б-ийн мэдүүлэг зэргээр түрээсийн талбайг суллах үед цонхны шил хагарсан байсан болох нь тогтоогдсоноос гадна вакум цонхыг шиллэхэд 193,500 төгрөг болох нь “М.н” ХХК-ийн нэхэмжлэхээс харагдаж байна. /1хх 7,47,86 хуудас, 2хх 151-153 хуудас/

Иймд дээрх 11,920,000+172,488+193,500=12,285,988 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн үлдэх 27,461,454 төгрөгийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:

Хариуцагч нь нэхэмжлэгч нараас түрээсийн объектод дур мэдэн засвар хийсэн гэж 3,199,130 төгрөгийг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нар нь объектод тодорхой хэмжээний засан сайжруулалт хийсэн болох нь “К.з” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, нэхэмжлэгч нар түрээсийн объектыг хүлээж авсан үеийн байдлаас дордуулсан, ашиглах боломжгүй болгосон, эвдсэн, устгасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн хариуцагч нь ковидын үед Засаг даргын захирамжаар 51 хоног үйл ажиллагаа зогссон хугацааны түрээсийн төлбөр 2,040,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч тухайн төлбөрийг хөнгөлж байсан тухайгаа өөрөө тайлбарласан, нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан ... аймгийн Засаг даргын захирамжаар цар тахалт өвчний улмаас 2020.11.06-2021.01.06-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нарын явуулахаар төлөвлөж байсан үйл ажиллагааг хязгаарлаж байсан, талууд 2021.01.07-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан, түрээсийн гэрээг хэрэгжих хугацааг 2021.01.07 гэж гэрээндээ тусгасан зэрэг нөхцөл байдлаас дүгнэж 2,040,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй гэж зааснаар түрээсийн гэрээний алдангийг, мөн хуулийн 56.1.8-д зааснаар түрээсийн гэрээний үлдэх хугацааны төлбөрийг, түрээсийн талбайг ашиглаагүй хугацааны дулааны төлбөр зэргийг хариуцагч нэхэмжлэгч нараас шаардах эрхгүй байна.

Хариуцагч Д.Ц нь гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч нь 2023 оны 10 сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээрээ гар утсан дахь зурагт үзлэг хийлгэх гэтэл бодит байдлыг бүрэн илэрхийлэх боломжгүй, дутуу, мөн зарим нь утасны фокус таараагүй бүрзгэр зэрэг шаардлага хангахгүй гэж дурдаж, үзлэг хийлгээгүй болохыг дурдах нь зөв байна.

10.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 238,285 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 211,515 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,634 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 356,687 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар нэхэмжлэгч Б.А, Н.Б нарын хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 16,066,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А, Н.Б нараас 12,285,988 төгрөг гаргуулан хариуцагч Д.Ц-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 27,461,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 238,285 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 211,515 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 676,634 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 356,687 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.НОМИН