| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/03038/И |
| Дугаар | 102/ШШ2024/00253 |
| Огноо | 2024-01-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/00253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, * тоот хаягт оршин байрлах “Б у м ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух Х овогт Т Сид холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Б у м ” ББСБ ХХК нь Т.Сид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Б у м ББСБ болон Т.С нарын хооронд 2015 оны 07-р сарын 06-ны өдөр ЗГ15070601 тоот зээлийн гэрээ байгуулан, 60,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 6.0%-ийн хүүтэй зээл олгосон. Зээлдэгч Т.С нь зээлийн хугацаа дууссан хэдий зээлээ төлөхгүй байх тул 2023 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, зээлийн хүү 10,800,000 төгрөг, зээлийн алданги 836,400,000 төгрөг /2788 хоног/ нийт 907,200,000 төгрөг болсон байна. ББСБ-с зээлийн алданги болох 836,400,000 төгрөгийг хөнгөлж байгаа.
БГҮ15070601 тоот Барьцааны гэрээгээр * улсын дугаартай Lexus * маркийн Суудлын автомашин барьцаалан бэлнээр 60,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч Т.С зээлийн хугацаа дууссан ч зээлээ төлөхгүй байсан бөгөөд Т.С Барьцаа хөрөнгө *улсын дугаартай машинаа худалдаж, зээлийг төлүүлэхээр тухайн үеийн ББСБ-ын Захирал Б.Б-тай тохиролцон Барьцаа хөрөнгийг сулласан байдаг. Гэтэл Т.С тохиролцоондоо хүрэлгүй *машинаа бусдад шилжүүлээд, зээлээ төлөөгүй. Улмаар Б.Бнь зээлээ төлүүлэхээр удаа дараа Т.Сид хэлсэн боловч та санаа зоволтгүй, танайхыг хохиролгүй болгоно гээд хойшлуулсаар байсан. Б.Б захирал 2018 оны 03 сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Т.С барьцаа хөрөнгийг зараад зээлээ төлж хаана гэж залилсан гэх үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд Цагдаагийн газраас 2018 оны 03 сарын 17-ны өдөр №181100847 дугаартай Хэрэг бүртгэл нээсэн. Улмаар Мөрдөн шалгах ажил хийгдсэн боловч Хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 01 сарын 17-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай хүсэлтийг 2021 оны 02 сарын 03-ны өдрийн №60 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Улмаар ББСБ-с Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд 2021 оны 07 сарын 08-ны өдөр Нийслэлийн Прокурорын Газраас №731 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарч шийдвэрлэсэн.
Иймд Т.Соос 70,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Т.С хариу тайлбартаа: “Б у м ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ББСБ нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр мөнгө нэхэмжилсэн байна. Тус ББСБ-тай 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, ямар нэгэн өр төлбөр байхгүй билээ. ББСБ-ын шинэ гүйцэтгэх захирал тодорхой мэдээлэлгүй байх шиг байна. Хэрэв холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөхгүй гэж байгаа бол шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, Зээлийн гэрээ /хх-4/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-18/, Мөрдөгчийн тогтоол /хх-19/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоол /хх20-21/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-22/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудас /хх-32/, Баталгаа /хх-91/, тодорхойлолт /хх-93/, Нийслэлийн прокурорын газрын хэрэг хянаад, илэрсэн зөрчлийн талаар /хх-120/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх46-47, 52-55/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх56-72/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх73-88/, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол /хх-89/, Зээлийн гэрээ /хх-90/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Б у м ” ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...“Б у м ” ББСБ болон Т.С нарын хооронд 2015 оны 07-р сарын 06-ны өдөр *улсын дугаартай Lexus LX570 маркийн суудлын автомашин барьцаалан бэлнээр 60,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч Т.С барьцаа хөрөнгө *улсын дугаартай машинаа худалдаж, зээлийг төлүүлэхээр тухайн үеийн ББСБ-ын захирал Б.*тай тохиролцон барьцаа хөрөнгийг сулласан байдаг. Гэтэл Т.С зээлээ төлөөгүй, барьцаа хөрөнгийг зараад зээлээ төлж хаана гэж залилсан гэж гомдол гаргасан бөгөөд Цагдаагийн газраас 2018 оны 03 сарын 17-ны өдөр №181100847 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд 2021 оны 01 сарын 17-ны өдөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2021 оны 02 сарын 03-ны өдрийн №60 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Улмаар ББСБ-с Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд 2021 оны 07 сарын 08-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас №731 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол гарч шийдвэрлэсэн. Иймд Т.Соос зээлийн үндсэн төлбөр 60,000,000 төгрөг, зээлийн хүү 10,800,000 төгрөг, зээлийн алданги 836,400,000 төгрөг /2788 хоног/ нийт 907,200,000 төгрөг болсон байна. ББСБ-с зээлийн алданги болох 836,400,000 төгрөгийг хөнгөлж 70,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Т.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Тус ББСБ-тай 2015 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, ямар нэгэн өр төлбөр байхгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч “Б у м ” ББСБ ХХК, хариуцагч Т.С нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр “Б у м ” ББСБ ХХК нь 60,000,000 төгрөгийг сарын 6.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлдүүлсэн, Т.С нь зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ15070601 тоот зээлийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
Талуудын маргааны зүйл нь гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч “Б у м ” ББСБ ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч Т.Соос гэрээний хугацаа дууссан буюу 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хариу үүргийг шаардах эрхтэй байсан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Зохигчид гэрээ байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө нарийвчлан заагаагүй бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах учиртай.
7. “Б у м ” ББСБ ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Т.Сийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох *улсын дугаартай машинаа худалдаж, зээлийг төлүүлэхээр тухайн үеийн ББСБ-ын захирал Б.*тай тохиролцон барьцаа хөрөнгийг сулласан, барьцаа хөрөнгийг зараад зээлээ төлж хаана гэж залилсан гэх үндэслэлээр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан байна. Энэхүү гомдлын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2018 оны 3 сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар тогтоолоор "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэж хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *улсын дугаартай суудлын автомашин барьцаалан зээлийг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол зэрэг баримтыг хэрэгт бүрдүүлсэн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/00318 дугаар шийдвэрээр “Б у м ” ББСБ ХХК, хариуцагч Т.С нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ15062902 тоот зээлийн гэрээтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэжээ.
Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00219 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаар магадлалаар Т.Сийн нэхэмжлэлтэй Б.Бат-Эрдэнэ, Б.Батмөнх нарт холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, “Лэлметалл" ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр, магадлалыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2021/00231 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Дээрх хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Б у м ” ББСБ ХХК, хариуцагч Т.С нарын хооронд байгуулагдсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгтэй шалтгаант холбоотой Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэргийн 91, 92 дугаар талд авагдсан Баталгаа гэх бичвэр, мөн Компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ гэх баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг хангаагүй гэж үзнэ.
9. Аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зохицуулсан ба нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна. Иймд хариуцагч буюу зээлийн гэрээний төлбөр төлөгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар зээлийн төлбөр төлөхөөс татгалзах эрхтэй тул хариуцагч Т.Соос 70,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9, 77.10 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Сийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар тус тус шүүх хуралдаанд албадан ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчид 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Сид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б у м ” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 511,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ