| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0268/Э |
| Дугаар | 2021/ДШМ/71 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/71
Ч.Ганзориг, Л.Энхболд нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0268/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолтой, Чинбатын Ганзориг, Лхагвын Энхболд нарт холбогдох, 2118000000279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Ганзориг, Л.Энхболд нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 10-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, услалтын системийн операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Цайдам 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ТК78021019 регистрийн дугаартай, Хавчин овогт Чинбатын Ганзориг,
Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 15-нд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, үрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 2 дугаар гудамж, 132 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Хан жаргалан 9 дүгээр дамж, 12 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1- зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, баривчлах ялыг хорих ялд багтааж, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, 2009 оны 5 дугаар сарын 01-нд эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 5 жил 1 сарын хорих ял дээр 3 сар баривчлах ялыг, 2 жил 6 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сарын хорих ялаар тогтоосон, 2015 оны 1 дүгээр сарын 28-нд эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. УР79031572 регистрийн дугаартай, Боржигон овогт Лхагвын Энхболд,
шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарыг бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Цайдмын хөндий гэх газарт зам засварын ажил гүйцэтгэж байсан “Чиана Гео” ХХК-ийн гэр баазын гадна байсан Хово маркийн том оврын ачааны автомашины дугуй 2 ширхэг, авто замын засварын индүүний шинэ дугуй 1 ширхэг, хуучин дугуй 1 ширхэг, 100 литр дизель түлш зэргийг нууцаар, хууль бусаар авч 6.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Хавчин овогт Чинбатын Ганзориг, Боржигон овогт Лхагвын Энхболд ;нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч Ч.Ганзориг, Л.Энхболд нар мөрдөн байцаалтын шатнаас гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрсдийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлж ирсэн /хэргийн 37, 39, 49, 51-р тал/, гэмт хэргээс улмаас учруулсан эд зүйлсийг буцаан өгч, хохирогч Б.Хос-Эрдэнийн “...нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол саналгүй” гэж /хэргийн 29-р тал/ мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Ч.Ганзориг нь ам бүл-3 эхнэр болон 2011.06.20-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэй амьдардаг /хэргийн 69-р тал/, өндөр настай ээжтэй /хэргийн 59-р тал/, шүүгдэгч Л.Энхболд нь уушгины сүрьеэ өвчтэй /хэргийн 149, 150 тал/ гэсэн нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, сайн дураар гэм буруугаа хүлээсэн, эрүүл мэндийн байдал болон хувийн бусад байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Миний бие шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийх ялаар сольж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлцэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарыг бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Цайдмын хөндий” гэх газарт зам засварын ажил гүйцэтгэж байсан “Чиана Гео” ХХК-ийн гэр баазын гадна байсан “Хово” маркийн том оврын ачааны автомашины дугуй 2 ширхэг, авто замын засварын индүүний шинэ дугуй 1 ширхэг, хуучин дугуй 1 ширхэг, 100 литр дизель түлш зэргийг нууцаар, хууль бусаар авч 6.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
Анхан шатны шүүх болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Энхболд, Ч.Ганзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулж, Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, тэдэнд оногдуулсан ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байна.
Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Ганзориг, Л.Энхболд нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР