Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 221/2022/0039/З |
Дугаар | 221/ШШ2023/0012 |
Огноо | 2023-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/ШШ2023/0012
А.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Мөнхтулга, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Э
Хариуцагч: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МТ/30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээд Ч.А, иргэдийн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
Хэргийн индекс: 221/2023/0054/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МТ/30 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах-аар маргасан байна.
2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МТ/30 дугаар тогтоолоор “Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.9, 15.1.7, Ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар А.Э-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.
3. Гомдол гаргагч А.Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
4. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлээ: “... Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт сэлтийг ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэтээр мөн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, хувь хүний нууцыг чанд хадгална гэж заасныг зөрчиж гэсэн нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагч Ч.А-н өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй, түүний хувийн нууцыг чанд хадгална гэж заасныг зөрчиж гэсэн нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагч Ч.А-н өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй, түүний хувийн нууцыг мэдээлээгүй, тэрээр хаягаараа хандалт тавьсан мэдээлэлд нь сэрэмжлүүлэх үүднээс залилангийн авгай, хулхидуулав, шүүх дээр байгаа хэмээн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хууртахгүй байхыг анхааруулсан үнэнийг хариу сэтгэгдэл бичсэнийг бизнесийнх нь үйл ажиллагаанд халдан мэдээлсэн мэтээр өмгөөлөгчийн байдлаар оролцоогүй байхад зөрчлийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шалгаагүй, дүгнэн миний өмгөөллийн эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М хариу тайлбартаа: “... Өмгөөлөгч нь өмгөөллийн хууль болон ёс зүйн дүрэм, журамд зааснаар үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэж ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах үүрэгтэй байдаг. Өмгөөлөгч А.Э нь цахим сүлжээнд Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргагч Ч.А-н бизнесийн үйл ажиллагаанд халдсан байдлаар нийтэд мэдээлсэн, цахим сүлжээнд байршуулсан гэдгээ хариу тайлбар болон маргаан хянан шийдвэрлэх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн...” гэжээ.
6. Гуравдагч этгээд Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шударга ёсыг баримталж, хүнлэг байх зарчимтай хуульч, өмгөөлөгч гэх энэхүү чухал мэргэжлийн нэрийн өмнөөс хууль зүйн туслалцаа авахыг хүссэн болон эс хүссэн иргэдийг төөрөгдөлж оруулж аливаад ёс зүйтэй хандах, шударга ёсыг баримтлах, эв эеийг хичээх зарчмаасаа хазайн бусдыг үл хүндэтгэн тэр байтугай санаатайгаар хувийн сэдэлтэйгээр намайг хууль мэдэхгүй байгаа сул талыг ашиглан 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл маш олон удаагийн үйлдлээрээ эрүүгийн хэрэгт гүтгэн, доромжлон нэр хүнд, алдар хүндийг гутаан олны дунд гутаах зорилготойгоор мэргэжлийн нэрийг барин цагдаа, прокурор, шүүхийн ажиллагааг санаатайгаар төөрөгдөлд оруулж, саатуулж байж боломжгүй үйлдэл гаргасаар байгаа. ... Тодруулбал өмгөөлөгч А.Э-н үйлчлүүлэгч гэх М.Ж нь 2018 оноос хойш ээж, эгч дүүсийн хамт бүлэглэн зохион байгуулалтайгаар гутааж доромжилж, зодож, миний амь насанд халдаж, үр хүүхдүүдийг минь заналхийлж байсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, нотлогдсон хэдий ч энэхүү үйлдэлээ санаатайгаар удаашруулан мөрдөн байцаалт өгөхгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг дуусган ял завшиж байсан. ...Ингээд зогсохгүй тэд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний нэр дээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3 нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг үүсгүүлсний дотор дээрх М.Ж-ы 2019 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээр орж хэрэгсэхгүй болсон хэргийг дахин нэхэмжилж оруулсан байдаг. Эдгээр нь 3 нэхэмжлэл нь доорх байдлаар шийдвэрлэгдсэн явж байна. Үүнд: М.Жаргалсайханы нэхэмжлэлтэй өмгөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 5 сая төгрөг гаргуулах иргэний хэрэг нь хэрэгсэхгүй болон шийдвэрлэгдсэн. М.Б-н нэхэмжлэлтэй 40 сая төгрөг гаргуулах иргэний хэрэгт М.Б-н биечлэн оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь түүнийг мэдээгүй гэх шалтгаанаар зориуд бодит байдлыг нуун дархагдуулж шүүгчийг төөрөгдөлд оруулах зорилготойгоор шүүх хуралд оролцоогүй бөгөөд тэдний үгсэн хуйвалдаж худал мэдүүлэг өгч байгааг шүүх харгалзан үзэж Ч.А миний иргэн хүнийхээ хувьд үнэн байх үүргийнхээ дагуу үнэн зөвөөр мэдүүлэг тайлбар өгсний дагуу 25 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. М.Э-н нэхэмжлэлтэй 14 сая төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч миний бие итгэмжлэл олгосон гарын үсэгт үл итгэж байгаа тул мөн эсэхийг тогтоолгох, мөн М.Б-г гэрчээр асуулгах, М.Э , М.Б нарын мөнгө хүлээлцсэн баримтыг гаргуулах хүсэлт гаргаснаар хүсэлтийг ханган шийдвэрлэсэн боловч А.Э нь өнөөдрийг хүртэл шүүхэд хүрэлцэн ирэхгүй шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй явж байгаа нь түүний хуульч өмгөөлөгч хүнд байх ёстой наад захын ёс зүйн хэм хэмжээ байхгүй гэдгийг илтгэж байгаа. Т.Б-н нэхэмжлэлтэй байрнаас албадан чөлөөлүүлэх иргэний хэргийг М.Б-р хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгүүлэн шүүгчийг төөрөгдөлд оруулсан. ... Ч.А миний нэхэмжлэлтэй М.Б-г эцэг тогтоож, тэтгэмж гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2019 оноос өнөөдрийг хүртэл удааширч байна. ... А.Э-н үйлдэл тэс өөр эсрэгээрээ хүний санаанд, хүний ёсонд байж боломжгүй үйлдэл үг санааг агуулж байгаад миний бие харамсаж байна. Тэрээр М.Б гэх миний хүүхдийн эцэг, гэр бүлийн харилцаатай байсан хүнийг төөрөгдөлд оруулан өөрийн өс хонзонг өвөртлөн түүний итгэл үнэмшлийг өөрийн эрх ашигт урвуулан ашиглаж, төрсөн үрээс нь татгалзуулж бидний хоорондын харилцааг өнөөдөр ямар ч сэргээх боломжгүй болгож байгаад М.Б 2022 оны 08 дугаар сард уулзаж шүүхийн маргааныг эвээр шийдвэрлье гэж уулзаж байхдаа хэлж байсан. Иймд миний бие өмгөөлөгч А.Э-н өмгөөлөх эрхийг 1 жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг алдаагаа ойлгож засаж залруулах боломж өгсөн гэж ойлгож байсан боловч энэхүү гарсан 2022 оны 08 сараас хойш өнөөдрийг хүртэл гаргаж байгаа үйлдлээс тэрээр хуульч, өмгөөлөгч байх ёс зүйгүй хүн гэж үзэж байна. Иймд миний бие Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гаргасан шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд түүний энэхүү байдлыг хуульчдын холбоонд гомдол гарган хуульч байх эрхээс нь түдгэлзүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
7. Иргэдийн төлөөлөгч З.Б: “... Худал мэдээллээр ойлгон гүтгэсэн гэж ойлгож байна. Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа алдаа, оноо гаргадаггүй хүн гэж байхгүй. Иймд 1 удаа хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж дүгнэлт гаргав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. А.Э-н нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасны тус тус дагуу дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. А.Э-н гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 20-ны 10 цаг 00 минутад товлосон боловч гомдол гаргагч А.Э-н “олон улсад тэмцээнд тамирчдаа авч явах, тайлангийн хуралд бүрэлдэхүүний хамт оролцож байгаа” гэх хүсэлтээр хойшлуулж, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутад товлосон боловч тус шүүх хуралдаанд өмгөөлөгч А.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Улмаар шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр товлосон, мөн өдөр өмгөөлөгч А.Э нь “...ажил явдал гараад Дорнод аймагт байна” гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн боловч хурлыг хойшлуулах хүсэлт, баримтыг ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх боломжоор удаа дараа хангасан, гэвч хуульд заасан үүргээ өөрөө биелүүлэгүй гэж үзэж шүүх хуралдааныг шүүх гуравдагч этгээдийн хүсэлтээр үргэлжлүүлсэн болно.
2.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МТ/30 дугаар тогтоолоор өмгөөлөгч А.Э ыг Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.3, 14.1.9, 15.1.7, Ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар А.Э-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан иргэн Ч.А-н “... А.Э нь 2019 оноос өнөөдрийг хүртэл тодорхой нотлогдсон баримтгүйгээр, өмгөөлөгч, мэргэжлийн хуулийн хүний хувьд, мэргэжлийн ёс зүйг удаа дараа зөрчсөн” гомдлын дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, өмгөөлөгч А.Э-н өмгөөлөгчийн нэр хүндийг ашиглан, гомдол гаргагчийн бизнесийн үйл ажиллагаанд халдсан байдлаар мэдээлж, Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” гэж, 4.1.4-д “өмгөөллийн нууц хадгалах” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс зүйн дүрмийг баримтлах” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх” гэж, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх” гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил гэж үзэж, арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй байна.
2.3. Учир нь гомдол гаргагч А.Э нь нэхэмжлэлдээ “...гомдол гаргагч Ч.А-н өмнө би ямар нэг үүрэг хүлээгээгүй, түүний хувийн нууцыг мэдээлээгүй, тэрээр хаягаараа хандалт тавьсан мэдээлэлд нь сэрэмжлүүлэх үүднээс залилангийн авгай, хулхидуулав, шүүх дээр байгаа хэмээн иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хууртахгүй байхыг анхааруулсан үнэнийг хариу сэтгэгдэл бичсэнийг бизнесийнх нь үйл ажиллагаанд халдан мэдээлсэн мэтээр өмгөөлөгчийн байдлаар оролцоогүй” гэх боловч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны маргааны материалд авагдсан гомдол гаргагчийн тайлбар, цахим сүлжээнд гуравдагч этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд халдсан талаарх сэтгэгдэл, мессенжер чатаар харилцаж байсан баримтууд, зөрчлийн дүгнэлт болон өмгөөлөгч А.Э-н “... сошиалд бичихэд шүүхийн шийдвэр гараагүй байсан. Би харилцагч болгонтой харилцаагүй, мөнгөө алдсан хүмүүст л надтай харилцсан. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхдаа А-н талаар мэдсэн” гэх хуралдааны тэмдэглэл зэргээр түүний гаргасан зөрчил тогтоогдож байна.
2.4. Дээрх А.Э-н гаргасан зөрчил нь Өмгөөлөлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, тэдгээрийн харилцаатай холбоотой бүхий л баримт сэлт, мэдээлэл өмгөөллийн нууцад хамаарна” гэж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгална” гэж тус тус заасныг зөрчжээ.
2.5. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч А.Э нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллах тангарагаа биелүүлэлгүйгээр олон нийтийн цахим сүлжээнд “хулхидуулав, ноолууран улавчин дээр, залилангийн авгай шүүх дээр байгаа, удахгүй сошиалаар шийдвэр түгээж сэргийлнэ, шүүх дээр бүх хэргийг баримтаар гаргана, хулхидсан мөнгөө эхлээд төлчихөөрэй” гэж сэтгэгдэл бичиж гуравдагч этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд халдаж, зохисгүй үйлдэл гаргасан байх тул гомдол гаргагч А.Э-н энэ талаарх гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Дээр дурдсан үндэслэлээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь А.Э ыг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн нь Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.7. Нэгэнт өмгөөлөгч А.Э нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэж байгаа энэ тохиолдолд иргэдийн төлөөлөгчийн “... Энэ хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа алдаа, оноо гаргадаггүй хүн гэж байхгүй. Иймд 1 удаа хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн МТ/30 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, А.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА