| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/06367/И |
| Дугаар | 102/ШШ2024/00245 |
| Огноо | 2024-01-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/00245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, тоот хаягт оршин байрлах “Д ф” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Б овогт Дын Сд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,891,320.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК нь Д.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,891,320.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Д овогтой С нь “Д ф ББСБ“ ХХК-тай 2020 оны 03-р сарын 05-ны өдөр ЗГ2021345х тоот Зээлийн гэрээ байгуулж 2,199,800 төгрөгийг жилийн 34.8%- ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. Зээлдэгч нь уг ББСБ-аас олгосон зээлээр зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг “Сайн-Интернэшнл” ХХК-ийн Хаан банкин дахь 5210048889 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.
Хариуцагч нь зээл зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул 2023 оны 11-р сарын 30-ны байдлаар: Зээлийн гэрээний 2.1.10-т ноцтой зөрчил гэж “ ... зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн...” үйлдлийг ойлгохоор заасан байна. Энэхүү ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.3, 7.4-т зааснаар зээлдүүлэгч нь гэрээг дангаар цуцлан үндсэн төлбөр, хүүг хугацаанаас нь өмнө шаардах эрхтэй байна.
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,007,558.43 төгрөг, төлөх ёстой хүү 740,797.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127,965.10 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 1,891,320.84 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,891,320.84 төгрөгийг Д овогтой Сгаар гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Д.С хариу тайлбартаа: “Д ф” ББСБ ХХК-аас 2,199,800 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Эхний нэг жил гарган зээлээ төлсөн. Сүүлийн хугацаанд төлөөгүй нь үнэн болно. “Д ф” ББСБ ХХК нь одоо 1,891,320.84 төгрөгийг төл гэсэн шаардлагыг эсэргүүцэж байна. 2020 оны 4 дүгээр сараас Ковид-19 гарснаас болоод зээл төлөх нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотой Засгийн газраас зээлийн уян хатан нөхцөл үзүүлэх журам гарсан. Үүний дагуу зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа бөгөөд харин зээлийн хүүг багасгах, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээ /хх32-34/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, Д.Сгийн “Д ф” ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-9/, зээл хүсэгчийн мэдээллийн хуудас /хх-10/, Д.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-35/, зээл төлөлтийн дансны хуулга /хх 36-37/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч Д.С уг ББСБ-аас олгосон 2,199,800 төгрөгийн зээлээр зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг “С” ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.1.10-т заасныг ноцтой зөрчсөн. Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,876,320,84 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 1,891,320.84 төгрөгийг Д.Сгаас гаргуулж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Д ф” ББСБ ХХК-аас 2,199,800 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Эхний нэг жил гарган зээлээ төлсөн. Сүүлийн хугацаанд төлөөгүй нь үнэн болно. “Д ф” ББСБ ХХК нь одоо 1,891,320.84 төгрөгийг төл гэсэн шаардлагыг эсэргүүцэж байна. 2020 оны 4 дүгээр сараас Ковид-19 гарснаас болоод зээл төлөх нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотой Засгийн газраас зээлийн уян хатан нөхцөл үзүүлэх журам гарсан. Үүний дагуу зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа бөгөөд харин зээлийн хүүг багасгах, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү.” гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ /хх32-34/, зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-7/, Д.Сгийн “Д ф” ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх-9/, зээл хүсэгчийн мэдээллийн хуудас /хх-10/, Д.Сгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-35/, зээл төлөлтийн дансны хуулга /хх 36-37/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК, хариуцагч Д.С нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр “Д ф” ББСБ ХХК нь 2,199,800 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлсэн, Д.С нь зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ2021345х тоот зээлийн гэрээ, хариуцагчийн “Д ф” ББСБ ХХК-д гаргасан хүсэлт, зээлийн эргэн төлөлтийг хуваарь зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.
9. Талуудын маргааны зүйл нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргасан байна.
Харин хариуцагч Д.С нь “Д ф” ББСБ ХХК-иас зээлийн гэрээний дагуу олгосон төлбөрөөр “Сайн-Интернэшнл” ХХК-иас гар утас, зурагт, шарах шүүгээ зэргийг 2,199,800 төгрөгөөр худалдан авч, үндсэн зээлд 1,192,241.57 төгрөг, үндсэн хүү 939,616.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,641.60 төгрөг нийт 2.137,500 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зохигчдын тайлбар, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.
10. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 3.4.2-т зээлдэгч Д.С нь “Зээлийн эргэн төлөх хуваарь”-ийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.
11. Хариуцагч Д.С нь зээл авснаа үгүйсгээгүй, үндсэн зээлийн үлдэгдлийг “Д ф” ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон гэрээний хугацаа дууссанаас хойш ямар нэгэн үр дагавар тооцох эрхгүй, мөн Ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй болсон гэж тайлбар гаргасан боловч энэ талаар бичгийн нотлох баримтгүй, нөгөө талаар зээлийн хүүг багасгах зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээнд хамааралгүй тул зээлийн хүүгийн хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.С нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
12. Нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дууссан байтал 2022 оны 4,5,6 дугаар сарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс шаардах эрх дуусгавар болох бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 105,581.84 төгрөг төлүүлэхээр шаардсаныг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн, хариуцагч Д.Сгийн хувьд зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК-д төлөх үүрэг үүсэхгүй, харин зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.
13. Иймд хариуцагч Д.Сгаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,007,558.43 төгрөг, зээлийн хүү 652,420.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,760 төгрөг нийт 1,770,739 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 1,785,739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 105,581.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заасныг баримтлан хариуцагч Д.Сгаас зээлийн гэрээний үүрэгт 1,770,739 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 1,785,739 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 105,581.84 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сгаас 43,521 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д ф” ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ