Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/00225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух Я овогт Б M,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, * тоот хаягт оршин суух Д овогт Д Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,   тоот хаягт оршин суух Б овогт С О,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо,   тоот хаягт оршин суух Б овогт Н Ц нарт холбогдох,

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, * орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч С.О, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч Н.Ц, түүний өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.M, Д.Н нар нь С.О, Н.Ц нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: С.О, Н.Ц нартай 2019 оны 02 сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг 19 дүгээр хороо * м.кв орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Ингэхдээ урьдчилгаанд 25,000,000 төгрөгийг бэлнээр өгч 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг төлсөөр байрны төлбөрийг дуусгаж шилжүүлж авахаар тохирсон. Улмаар уг байрны төлбөрийг С.О нь төлөхөөр тохирсон бөгөөд 2021 оны 01 сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгөнд ландкрузер 100 маркийн автомашин тооцуулан тооцоогоо дуусгая гэхэд нь би зөвшөөрч машиныг авахаар болсон. Гэтэл С.О нь удахгүй танд өгсөн машин болохгүй болчихлоо буцааж авчхаад байраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан юм чинь барьцаанд тавьж зээл аваад үлдсэн мөнгийг чинь өгнө гэсэн.

Тэгэхээр нь бид за яахав гээд байраа буцааж шилжүүлж авалгүй орхисон тэрнээс хойш мөнгөө өгөхийг шаардах болгонд өнөө маргааш гэж хойшлуулж ирсээр өдий хүрсэн. Улмаар С.О лүү гэрээнээс татгалзах талаар удаа дараа мэдэгдэж байсан. Тэгээд 2023 оны 06 сарын эхээр мөнгөө төлөхийг шаардтал С.О нь үлдэгдэл мөнгөө Н.Цээс аваарай надаас байрыг хувааж авна гэж маргаад байгаа гэсэн. Дээрх хүмүүс нь миний мөнгийг өгч дуусаагүй тэгээд удахгүй барьцаанд тавиад мөнгийг чинь гаргаж өгнө гэж итгүүлэн байрны гэрчилгээг шилжүүлж авчхаад одоо хоорондоо булаацалдаж маргаж байна.

Иймээс 2019 оны 02 сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж цуцалж Баянгол дүүрэг 19 дүгээр хороо * тоот 18 м.кв орон сууцыг буцаан авах нэхэмжлэлийг гаргаж байна.

Байрны төлбөрөөс хариуцагч нараас 45,000,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй. Харин үлдэгдэл 20,000,000 төгрөгт тооцон өгсөн машинаа С.О буцаагаад авсан хэрнээ мөнгийг нь өгөөгүй. Хариуцагч нарын өгсөн төлбөрийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй. Иймээс манай зүгээс худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй.” гэжээ.

 

2. Хариуцагч С.О, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай талаас байрны төлөгдөөгүй үлдсэн дүнд маргаж байгаа зүйл байхгүй байна. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлнө гэдэгт эвлэрэхгүй байгаа ч гэсэн. Бид нар үүнийг гэрээг цуцлахгүйгээр байрыг буцааж авахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Одоо байрны үнэ ханш ямар байгаа билээ, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломж байдаггүй юм болов уу. Нөгөө хариуцагчийн зүгээс 20,000,000 төгрөгийг төлөхөөр манайх төлөөхөөр хуваах хувь хэмжээнд нөлөөлнө гэсэн ойлголттой байна. Бид нарын зүгээс 20,000,000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн асуудал байхгүй байна. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Н.Ц, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Отэй 10 шахам жил хамтран амьдарч улмаар 2 хүүхдийн эцэг эх болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2018 оны 05 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * тоот орон сууцыг худалдан авч байсан.

Амьдрах орчноо сайжруулахын тулд уг орон сууцаа С.О өөрийн найз Б гэх хүнд 53,000,000 төгрөгөөр зарсан. Б нь 25,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн ба үлдэгдлийг сар бүр С.Оийн дансанд хийж байх нөхцөлтэйгээр гэрээ хийж байрыг худалдан авсан. 2019 оны 02 сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол *18 м.кв талбайтай орон сууцыг урьдчилгаанд 25,000,00 төгрөг төлөөд 2022 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг төлж дуусаад өөрсдийн нэр дээр шилжүүлж авах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Манай хуучин орон сууцыг худалдан авсан Б нь төлбөр тооцоогоо хурдан дуусгая гээд үлдэгдэл мөнгөө өгсөн. Бид ч мөн байрныхаа мөнгийг хурдан дуусгаж өөрсдийн нэр дээр шилжүүлж авахын тулд 20,000,000 төгрөгт тооцож Ланд крузер 100 маркийн машинаа Б.M нарт өгөхөд М.Дгэх хүний нэр дээр шилжүүлж авсан. 5,000,000 төгрөгийг Б.Mын дансанд шилжүүлснээр төлбөр тооцоо дуусч 2020 оны 05 сарын 11-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бидний нэр дээр гарсан.

Миний бие 2023 оны 05 сарын 25-ны өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Оээс гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ асрамжиндаа авч тэтгэмж гаргуулах, Үл хөдлөх хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл үл хөлдөх хөрөнгөө зараад 5 жил болоход дуугай явсан хүмүүс 2023 оны 06 сарын 21-ний өдөр буюу С.О нэхэмжлэл гардаж авсны дараа гэнэт гарч ирээд нэхэмжлэл гаргаж байгаа нь С.Отэй үгсэн хувилдсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Байрны төлбөрт нийт 65,000,000 төгрөгийг төлсөн учраас бидний нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. С.О болон нэхэмжлэгч нар машиныг буцаан авсан талаар надад энэ олон жил болоход нэг ч үг хэлж дуугарч байгаагүй. Эвлэрэх боломжгүй, хэдийгээр С.О үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлье гэсэн боловч гэрлэлт цуцлах нэхэмжлэл дээр 20,000,000 төгрөг төлсөн гэж асуудал үүсгэхээр байна. Иймээс байрны өр төлбөр дууссан учраас нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

            3. Нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 7/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Н.Цийн хүсэлтээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-49/, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-51-73/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...С.О, Н.Ц нартай 2019 оны 02 сарын 01-ний үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг 19 дүгээр хороо * тоот 18 м.кв орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Байрны төлбөрөөс хариуцагч нараас 45,000,000 төгрөгийг төлсөн талаар маргахгүй. Харин үлдэгдэл 20,000,000 төгрөгт тооцон өгсөн машинаа С.О буцаагаад авсан хэрнээ мөнгийг нь өгөөгүй. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Гэрээний үүрэгт 65,000,000 төгрөгийг бүрэн төлсөн учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бидний нэр дээр шилжсэн. Үл хөлдөх хөрөнгөө зараад 5 жил болоход дуугай явсан хүмүүс тус дүүргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 21-ний өдөр буюу С.О гардаж авсны дараа гэнэт гарч ирээд нэхэмжлэл гаргаж байгаа нь С.Отэй үгсэн хувилдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч С.О нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дараах тайлбарыг гаргасан. Үүнд: “...Орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцлахгүйгээр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Анхнаасаа гэрээний үнийг би өөрөө төлсөн, үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөхгүй олон жил болсондоо уучлалт гуйж байна. Эр хүний жудаг гаргаж би 20,000,000 төгрөгийг төлж барагдуулна.” гэжээ.

            7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, * улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8. Зохигчдын хооронд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Баянгол дүүрэг 19-р хороо 4 хороолол 52 байрны 79 тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдаахаар тохиролцож, төлбөрийн нөхцлийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 25,000,000 төгрөгийг төлөх ба үлдэгдэл төлбөрийг 2022 оны 6 сарын 01-ний өдөр хүртэл сарын бүрийн 01-ний өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

9. Талуудын маргааны зүйл нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй учраас нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч Н.Ц орон сууцны үнийг төлж барагдуулаад 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.О болон бидний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж маргасан. Зохигчдын хэн аль нь худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байдал, гэрээний үнээс дийлэнх хэсэг болох 45,000,000 төгрөгийг төлөгдсөн талаар маргаагүй.

10. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

11. Нэхэмжлэгч нар гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг төлөөгүй учраас гэрээнээс татгалзаж байна гэх тайлбар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.6-д “Гэрээний хугацаанд үнийн дүн өөрчлөгдөхгүй. Мөнгө бүрэн төлөгдөж дууссаны дараа өмчлөх эрхийг худалдан авагч талд шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч Н.Ц гэрээний үнийг бүрэн төлсөн, үлдэгдэл 20,000,000 төгрөгт Ланд крузер 100 маркийн автомашинаа нэхэмжлэгч Б.M нарт өгөхөд М.Дгэх хүний нэр дээр шилжүүлсэн авснаар төлбөр тооцоо дуусч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бидний нэр дээр гарсан гэх тайлбарыг нэхэмжлэгч нар баримтаар няцааж чадаагүй.

Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр С.О, Н.Ц нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-49/

12. Хэргийн 65 дугаар талд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.Мягмарсүрэнгээс * улсын дугаартай Тоёота Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох бичиг баримт хүлээн авах үйлдэх хийх бүрэн эрхийг С.От олгожээ. Энэхүү итгэмжлэлийн дагуу хариуцагч С.О 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Д.Нийн эцэг М.Д-д * улсын дугаартай Тоёота Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-64/

Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр М.Дармаабазараас Б.Дэлгэрмаад шилжүүлсэн болох нь хэргийн 52 талд авагдсан лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаар хариуцагч С.От тээврийн хэрэгслийг буцаан өгсөн гэж гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнээс татгалзах тухайгаа удаа дараа хариуцагч нарт мэдэгдэж байсан гэх боловч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсэгт зааснаар мэдэгдсэн болохоо нотлоогүй.

13. Хэдийгээр хариуцагч С.О худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт * улсын дугаартай Тоёота Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг тооцуулан өгснөө буцаан авсан, 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа боловч шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэгч Б.M, Д.Н нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй.

14. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан С.О, Н.Ц нарт холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, *орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Б.M, Д.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ