| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/06080/И |
| Дугаар | 102/ШШ2024/00584 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/00584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, * тоот хаягт байрлах “А о” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, * тоот хаягт оршин суух Г овогт Б Б /РД:*/-д холбогдох,
3,090,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “А о” ХХК нь Б.Бд холбогдуулан 3,090,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчтэй 2022.10.14ны өдөр Б/53 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан авто механикчаар ажилласан бөгөөд манай компани зүгээс хөдөлмөрийн аятай тухтай нөхцөлөөр хангаж, цаг тухай бүр цалин хөлсийг нь бүрэн өгч ажиллуулсаар ирсэн. 2023.01.06-ны өдөр хариуцагч санхүүгийн туслалцаа хүсэж 2,200,000 төгрөг зээлсэн бөгөөд 1 болон 2 сарын цалин дээрээсээ 1,000,000 төгрөг татуулж, үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 2023.01.30-ны дотор төлж дуусгана гэж хүсэлт тавьсан тул манай компани түүний санхүүгийн байдлыг ойлгож, тус дэм болох үүднээс хүсэлтийг нь шийдвэрлэсэн.
Ингээд түүний 1 болон 2 саруудын цалингаас 1,000,000 төгрөгийн суутгал хийгдэх байсан боловч тухайн сарын ажил бага байсан тул түүний цалингаас 542,950 төгрөгийн суутгал хийж, залуу хүнд санхүүгийн дарамт үүсгэхгүй гэх үүднээс аль болох өөрийн боломжоор төлөх боломж олгож хүлээсэн. Гэтэл хариуцагч нь 2023 оны 04 дүгээр сард гэнэт ажлаа хаяж явсан төдийгүй зээлсэн мөнгөө төлөхгүй, ажлаас олгосон 406,400 төгрөгийн үнэ бүхий ажлын багажийг авч явсан. Манай компаний зүгээс аль болох ажилтны хувийн байдлыг ойлгож, тусалж дэмжин, итгэл хүлээлгэж ажиллуулж байхад үүрэг хариуцлагаа үл тоож, зээлсэн мөнгөө төлөхгүй биднийг хохироож, тэр ч бүү хэл ажлаас олгосон багажийг өөрийн өмч хөрөнгөд дураараа авч явж байгаад гомдолтой байна.
Иймд хариуцагч Б.Бгээс үндсэн зээл 2,200,000 төгрөгийн үлдэгдэл 1,657,050 төгрөг, зээлийн хүү 198,846 төгрөг, 290 өдрийн алданги 2,402,722 төгрөг үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 зааснаар зээлийн алданги 50%-иас хэтрэхгүй гэх нийцүүлэн 828,525 төгрөг, багажийн үнэ 406,400 төгрөг буюу нийт 3,090,821 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “А о” ХХК-д ажиллаж байхдаа зээл авсан нь үнэн. Зээлийн хүү их байгаа тул багасгахыг хүсч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ажлын багажийг надад хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хэлээгүй ба багаж хариуцаж ажиллана гэж хүлээлгэж өгөөгүй, би ажлаас гарахдаа сейфнд үлдээгээд явсан. “А о” ХХК камертай учраас багаж авч гаргах ямар ч боломжгүй тул багажны үнийг төлөхгүй.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс “А о” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, А о” ХХК-ийн дүрэм /хх6-7/, Хөдөлмөрийн гэрээ /хх8-10/, А о” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет /хх11-12/, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх-13/, “А о” ХХК-д Б.Бгийн гаргасан хүсэлт /хх-14/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “А о” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “А о” ХХК нь 2023.01.06-ны өдөр Б.Бд 2,200,000 төгрөгийг зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Түүний цалингаас 542,950 төгрөгийн суутгал хийж үлдэгдэл 1,657,050 төгрөг, зээлийн хүү 198,846 төгрөг, 290 өдрийн алданги 2,402,722 төгрөг үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 зааснаар зээлийн алданги 50 хувиас хэтрэхгүй гэх тул 828,525 төгрөг, багажийн үнэ 406,400 төгрөг буюу нийт 3,090,821 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Зээлийн хүү, алданги их байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ажлын багажийг хүлээлгэн өгөөгүй, ажлаас гарахдаа үлдээгээд явсан.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч “А о” ХХК нь Б.Бд холбогдуулан 3,090,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
6. “А о” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Бг “Л о авто засварын төв”-д авто механикчийн ажлын байранд ажилтнаар авч Б/53 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
6.1 Б.Б 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Л о” ХХК-д хандаж 2,200,000 төгрөгийн санхүүгийн тусламж авах тухай хүсэлт гаргасны дагуу ажил олгогч “А о” ХХК мөн өдөр түүнд 2,200,000 төгрөгийг /гүйлгээний утгад хүсэлтийн дагуу зээл олгов, 1, 2 сарын цалингаас 1 сая, 1.30-ны дотор 2 сая/ шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
7. Талуудын маргааны зүйл нь ажлын багажны үнэ болон зээлийн хүү болон алдангийн талаар маргаж байна. Харин 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,200,000 төгрөгийн зээл авсан, мөн түүний цалингаас 542,950 төгрөгийн суутгал хийж авсан талаар маргаагүй.
8. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох”-оор заасан байх тул 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “А о” ХХК, Б.Б нарын хооронд 2,200,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.
8.1 Талууд зээл олгох талаар хуулийн шаардлагад нийцсэн бичгийн гэрээ байхгүй байх бөгөөд хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн зээлийг хэлэлцэн тохирч, мөнгийг зээлийн зориулалтаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хүү, алданги авах эрхээ алдах боловч үндсэн зээлийг шаардах эрхтэй байна.
9.1 Өөрөөр хэлбэл зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү, алданги авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан учраас нэхэмжлэгчийн “зээлийн хүү 198,846 төгрөг, 290 өдрийн алданги 828,525 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
9.2 Нэхэмжлэгч “А о” ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 2,200,000 төгрөгөөс хариуцагч Б.Бгийн цалингаас 542,950 төгрөгийн суутгал хийснийг хасч үлдэгдэл 1,657,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
10. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “А о” ХХК “...ажлаас олгосон 406,400 төгрөгийн үнэ бүхий ажлын багажийг хариуцагч авч явсан” гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Энэ талаарх хариуцагчийн “...надад ажлын багажийг хариуцуулж хүлээлгэн өгөөгүй, ажлаас гарахдаа үлдээгээд явсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
11. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иймд хариуцагч Б.Бгээс 1,657,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А о” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,433,771 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс 1,657,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А о” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,433,771 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 41,462 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ