Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/00757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, * хаягт оршин байрлах “Э ү” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, * тоот хаягт оршин суух П овогт Б Ш /РД: /,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо,   тоотод оршин суух М овогт С С /РД: /,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,   байрлах “Ө т с х” НҮТББ-д холбогдох,

450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Ш /онлайнаар/, түүний өмгөөлөгч Т.О, хариуцагч С.С, түүний өмгөөлөгч Ж.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ нь хариуцагч Б.Ш, С.С нарт холбогдуулан 450,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дүгээр тушаалаар Сангийн яам, Монгол банк, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) санхүүгийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын  22-ны өдрийн 1/01-07 дугаартай Акт тавигдсан.

Уг актад Э ү ХХК (хуучин нэрээр), “Ө т с х” НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн гүйцэтгэлгүй ажлын төлбөрт 2017 онд 450,000,000 төгрөг шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг зөрчсөн тул Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ш, Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.С нараар төлүүлж, улсын орлого болгох тухай дурдаж, уг актын биелэлтийг хангуулахыг “Э ү” ТӨҮГ-т даалгасан.

Э ү ХХК (хуучин нэрээр) нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ө т с х” НҮТББ-тай 5/188-17 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээнд тус үйлдвэрийн газрыг төлөөлж Б.Ш ажиллах хугацаандаа гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Ө т с х” НҮТББ-ын Худалдаа хөгжлийн банк дахь 404228594 тоот дансанд төлбөрийн даалгавар 381 дугаартай баримтаар 450,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Тус үйлдвэрийн газрын Хуулийн хэлтэс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 117/815, 117/816 дугаар албан бичгүүдээр дээрх улсын ахлах байцаагчийн 1/01-07 дугаартай актын шаардлагыг хангуулахаар иргэн Б.Ш, С.С нарт “Мэдэгдэл” хүргүүлсэн боловч уг актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн тул 5/188-17 тоот гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх шаардлага үүссэн. Б.Ш нь Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16/2016 дугаартай тогтоолоор Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) Тэргүүн дэд захирлаар томилогдож, тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/265 дугаар тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн.

С.С нь Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) Ерөнхий захирлын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/951 дүгээр тушаалаар Э ү ХХК-ийн (хуучин нэрээр) Ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/268 дугаар тушаалаар ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Иймд Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/01-07 дугаар актын дагуу иргэн Б.Ш, С.С нараас 450,000,000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Ш хариу тайлбартаа: Э ү ТӨҮГ-ийн нэхэмжлэлтэй, иргэн Б.Ш, С.С нарт холбогдох Э ү ХХК (хуучин нэрээр), “Ө т с х” НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ’-ний төлбөрт шилжүүлсэн 450,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгтэй холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Б.Шын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Э ү ХХК (хуучин нэрээр), “Ө т с хНҮТББ-ын нарын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэл, төлбөрийг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нараас 450,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр шаардах эрхтэй болох, хариуцагч нараас, хэнээс хэдэн төгрөг, яагаад шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Дээрх маргаантай холбоотойгоор нотлох баримт, мэдээлэл цуглуулж гаргаж өгөх шаардлагатай байгаа ба нотлох баримт цуглуулах. гарган өгөх ажиллагаа бүрэн хийгдсэний дараа дэлгэрэнгүй тайлбараа гаргах болно.” гэж маргажээ.

3. Хариуцагч С.С хариу тайлбартаа: “Э ү ХХК /хуучин нэрээр/ , Ө т с х НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэн гүйцэтгээгүй ажлын төлбөрт 2017 онд 450,000,000 төгрөг шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг гэрээг дээрх хугацаанд хийсэн гэрээ байгаа бол миний бие үүрэг гүйцэтгэж байх хооронд уг гэрээг дүгнэсэн ажиллагаа байхгүй гэж санаж байна.

Харин 2017 оны 10 сарын 23-ны өдөр “Э ү” ХХК /хуучин нэрээр/ Ө т с х НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Э ү” ХХК-ний Ерөнхий захирал Х.Б, Ө т с х НҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Г нар харилцан тохиролцсон “Э ү” ХХК-ийг төлөөлж Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Хууль, эрх зүйн газрын захирал нар гарын үсэг зурж байгуулсан хамтран ажиллах гэрээг дурдаж байгаа бол 5/188-17, ХАГ-17/002 тоот хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн дүгнэсэн актаар гэрээний төлбөр хэрхэн зарцуулагдсан нь тогтоогдох бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаагаар нэхэмжлэгч болоод төлбөр төлөгчийн хооронд тооцоо байхгүй бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж ойлгож тухайн үед ажил үүргийн хувьд үүргээ гүйцэтгэсэн болно.

Иймд миний нэр бүхий нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн үнэ нь биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ө т с х” НҮТББ хариу тайлбартаа: “Э ү” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, Б.Ш, С.С нарын хариуцагчтай иргэний хэрэгт “Ө т с х”-г гуравдагч этгээдээр оролцож байгаатай холбоотой дараах тайлбрыг гаргаж байна.

“Э ү” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Х.Б “Ө т с х” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал С.Г нарын хооронд 2017 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 5/188-17,ХАГ-17/002 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталсан. Тиймээс хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн ажлынхаа дэлгэрэнгүй тайланг өгсөн. Иймээс тайланг үндэслэж тухайн байгууллагуудын хооронд тус гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсанд тооцож акт үйлдсэн нь хамтран ажиллах гэрээгээ харилцан биелүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс  “Э ү” ТӨҮГ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-,6/, МУ-ын Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн акт /хх9-10/, Хамтран ажиллах гэрээ /хх11-12/, Нэхэмжлэх /хх-13/, Төлбөрийн даалгавар /хх-14/, Хамтран ажиллах гэрээний гүйцэтгэлийн акт /хх15-16/, гэрээ дүгнэсэн актын хавсралт /хх17-20/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-21/, “Э ү” ТӨҮГ-ын мэдэгдэл хүргүүлэх тухай /хх22-23/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх24-27/, Б.Шын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,  “Э ү” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хх-29/, “Э ү” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал /хх-30/, “Э ү” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал /хх31-32/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хөрөнгө бүртгэлд авах тухай /хх-33/, “Э ү” ТӨҮГ-ын Актын биелэлтийн тухай /хх-34/, “Э ү” ТӨҮГ-ын Архивын баримтын тухай /хх-61/,

Хариуцагч нараас хариу тайлбар /хх-46, 48/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх97-103/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: “Ө т с х” НҮТББ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-125/, хариу тайлбар /хх-141/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс “Э ү” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал /хх-104/, “Э ү” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх105-114/, Контрактын гэрээ /хх131-134/,  “Э ү” ХХК-ийн дүрэм /хх158-171/, “Э ү” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-172/, “Э ү” ХХК-ийн ерөнхий захирлын тушаал “Мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний хэмжээг тогтоох тухай” /хх-173/, “Э ү” ТӨҮГ-ын Төрөлжсөн архиваас Хариу хүргүүлэх тухай /хх174-175/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох         үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/01-07 дугаар актын дагуу “Э ү” ХХК (хуучин нэрээр), “Ө т с х” НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн гүйцэтгэлгүй ажлын төлбөрт 2017 онд 450,000,000 төгрөг шилжүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дах хэсэгт заасан заалтыг зөрчсөн тул хариуцагч Б.Ш, С.С нараар төлүүлж, улсын орлого болох шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

3. Хариуцагч Б.Ш нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...“Э ү” ХХК (хуучин нэрээр), “Ө т с х” НҮТББ-ын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгэл, төлбөрийг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй, хууль болон гэрээнд заасан ямар үндэслэлээр шаардах эрхтэй болох, хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

3.1 Хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Э ү” ХХК (хуучин нэрээр), “Ө т с х” НҮТББ-ын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний гүйцэтгэлийг дүгнэсэн актаар гэрээний төлбөр хэрхэн зарцуулагдсан нь нотлогдоно, гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэж маргажээ.

3.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ө т с х” НҮТББ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Хамтран ажиллах гэрээ”-ний тайланг үндэслэн гэрээний талууд гүйцэтгэлийг бүрэн хангагдсанд тооцож акт үйлдэж, гэрээг харилцан биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. МУ-ын Сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/01-07 дугаар актаар “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийг төлөөлж Тэргүүн дэд захирал Б.Шын баталсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн гүйцэтгэлгүй ажлын төлбөрт 450,000,000 төгрөгийг шилжүүлснийг Тэргүүн дэд захирал байсан Б.Ш, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга байсан С.С нараар төлүүлж, улсын төсвийн орлого болгохыг ерөнхий захирал Х.Б, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга ерөнхий нягтлан бодогч Ц.М нарт хариуцуулсан байна./хх-9/

6. “Э ү” ХХК (хуучин нэрээр) болон “Ө т с х” НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/188-17 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээгээр 2017, 2018 онуудад зохион байгуулах нийгмийн оюуны боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий аливаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх, өдөр тутмын сонинуудаар болон холбоотой бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийг олон нийтэд эергээр, зөв бодитой сурталчихлах, таниулах, ярилцлага, сурвалжлага нийтлэх зэрэг хүрээнд талууд хамтран ажиллахаар тохиролцжээ.

Энэхүү гэрээнд “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийг төлөөлж Тэргүүн дэд захирал Б.Ш, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Э, Хууль, эрх зүйн газрын захирал Д.Ц, “Ө т с х” НҮТББ-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Г нар гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч “Э ү” ХХК (хуучин нэрээр) 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “Ө т с х” НҮТББ-д 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/188-17 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргийг төлбөрийн даалгаврын баримтад 1 дүгээр гарын үсгийг Б.Ш, 2 дугаар гарын үсгийг С.С нар зурж 450,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба энэ нь талуудын маргааны зүйл болжээ. /хх-14/   

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар  сарын 21-ний өдрийн 16/2016 дугаар тогтоолоор компанийн Тэргүүн дэд захирлаар Б.Шыг томилсон байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/265 дугаар тушаалаар Б.Шыг Тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Мөн нэхэмжлэгч “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/951 дүгээр тушаалаар С.Сыг компанийн Ерөнхий нягтлан бодогчоор томилж, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/268 дугаар тушаалаар С.Сыг Санхүү, бүртгэлийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч “Э ү” ХХК (хуучин нэрээр) нь хариуцагч Б.Штай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Контрактын гэрээ байгуулсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй.

Учир нь “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор батлагдсан компанийн дүрмийн 10.12.1-т зааснаар “Компанийн ерөнхий захирал нь компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, ...бүх төрлийн гэрээ, хэлцлийг итгэмжлэлгүйгээр хийх, бараа, ажил үйлчилгээний үнийн дүнг эцэслэн тохирох эрхтэй” гэж, мөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/485 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.1-т “Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирдах ба тэдгээрийн эзгүйд Ерөнхий захирлын тушаалаар эрх олгогдсон Дэд захирал удирдана” гэж заажээ.

 

Түүнчлэн, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/458 дугаар “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийн ерөнхий захирлын “Мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээний хэмжээг тогтоох тухай” тушаалын 1-т “Мөнгөн хөрөнгийн нэг удаагийн зарлагын гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан, мөнгөн дүнгийн хэмжээг тогтоосугай.”, 1.2-т “Компанийн Тэргүүн дэд захирал-500,000,000 төгрөг хүртэл, 2-т “Компанийн Ерөнхий захирлын эзгүйд зөвшилцсөн эрхийн хэмжээнд компанийн Тэргүүн дэд захирал зарлагын гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурж байхыг зөвшөөрсүгэй.” гэж зааснаас үзвэл “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийг төлөөлж Тэргүүн дэд захирал Б.Ш нь “Ө т с х” НҮТББ-ын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/188-17 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсныг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл “Э ү” ХХК (хуучин нэрээр)-ийн Тэргүүн дэд захирал Б.Шт компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал, түүний эзгүйд Тэргүүн дэд захирал удирдах эрхийн дагуу бүх төрлийн гэрээ хийх, 500,000,000 төгрөг хүртэл нэг удаагийн зарлагын гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг компанийн дүрэм болон ерөнхий захирлын тушаалаар тус тус олгосон бөгөөд тэрээр өөрт олгогдсон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийг төлөөлөн гэрээ байгуулсан, компанийн эрх бүхий албан тушаалтан Б.Ш, С.С нар төлбөрийн даалгаварт 1, 2 дугаар гарын үсэг зурсан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-т “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцсэн байна.

9. Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/188-17 дугаартай “Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдлэх бөгөөд талууд “Хамтран ажиллах гэрээ”-ээс татгалзсан үйл баримт тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” зааснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г гэрээний талууд болох “Э ү” ХХК (хуучин нэрээр) болон “Ө т с х” НҮТББ нар гэрээний дагуу хийгдсэн ажлын жагсаалтыг хавсаргаж гэрээг дүгнэн акт үйлдсэн болох нь гэрээний гүйцэтгэлийн акт, гэрээ дүгнэсэн актын хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт зэргээр тогтоогдож байх тул талууд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. /хх-13-21/

 

10. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ нь хариуцагч Б.Ш, С.С нараас  гүйцэтгэлгүй ажлын төлбөрт шилжүүлсэн гэх 450,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

11. Дээр дурдсанаар хариуцагч Б.Ш, С.С нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн гүйцэтгэлгүй ажлын төлбөрт шилжүүлсэн 450,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул  хариуцагч Б.Ш, С.С нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г үндэслэн гүйцэтгэлгүй ажлын төлбөрт шилжүүлсэн 450,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах тухай нэхэмжлэгч “Э ү” ТӨҮГ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ