Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н , шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н , шүүгдэгч Т.З   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.М ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-т холбогдох эрүүгийн 2439002880411 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т.З   нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан “Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.5-т заасан “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-т заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулийн заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчиж ажилласны улмаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын үед ........  аймгийн .......... сумын 4 дүгээр багийн нутаг “.........” ХХК-ийн хашааны гадна талд талийгаач Б.Д нь мод ачих ажил хийж гүйцэтгэж байх явцдаа мод ачиж байсан тээврийн хэрэгсэл дээрээсээ газарт унахдаа модон дээр унасны улмаас бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2439002880411 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.М : “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н : “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ын хууль, эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч гэр бүлд нь нөхөж баршгүй уй гашуу тохиолдсон. Амь хохирогчийн оршуулгын зардалд 24,543,050 төгрөгийн зардал гарсан талаарх 17 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна. Мөн сэтгэцэд учирсан хор уршиг, бусад гэм хортой холбоотой гарсан зардал баримтуудыг шинжлэн судалж, хохирогчид учирсан хор уршгийг арилгуулах байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н : “шүүх хуралдаанд шүүгдэгч Т.З  ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. ........  аймгийн прокурорын газраас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж яллах дүгнэлтийг үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Манай талаас гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй оролцоно” гэж тус гэж байр суурийг илэрхийлжээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б : “Нөхөр маань тэр өдөр ажилтай гээд л гарсан. Энэ хүний ажлыг хийж байгаад осолдсон. Үнэхээр өөрийнхөө модыг бэлтгэж байсан бол одоо тэр мод нь хаана байгаа юм бэ. Би гомдолтой байна. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна. Оршуулгын үеэр З ах 1,000,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш нэг ч мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлгийг гаргасан бол,

Шүүгдэгч Т.З   шүүхэд хандаж мэдүүлэг гаргаагүй болно.

 

1.Шүүгдэгч Т.З  ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдсон байна гэж дүгнэв. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 06-10 дугаар тал),

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 11-15 дугаар тал),

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтаст хэргийн 16-20 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ын “...Б.Д нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2009 оноос эхэлж үерхээд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай байсан. Нөхөр бид хоёр одоогоос 2 жилийн өмнөөс ........  аймгийн .......... суманд суурьшин ажиллаж амьдарч эхэлсэн. Манай нөхөр “.........” ХХК-д ажилладаг байсан. Би болохоор ........  аймгийн .......... сумын Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажилладаг байсан. Манай нөхөр энэ ......... гээд компанид 2022 оны 12 дугаар сараас хойш тасралтгүй ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ компанийн үндсэн ажилтан нь мөн эсэхийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг би мэдэхгүй байна, миний мэдэхээр ямар ч байсан нийгмийн даатгал огт төлөгдөж байгаагүй... Мод зүснэ, бэлэн болсон модыг зарж борлуулах зэрэг ажлыг хийдэг байсан. Энэ компанийн захирал З  ахтай ах дүү нарын харилцаатай гээд ажилладаг байсан. Өнөөдрийн хийж байсан ажлынх нь хувьд бол Улаанбаатар хот руу мод тээвэрлэхээр бэлтгэж байсан. Өөр зүйлийн талаар би сайн мэдэхгүй байна... Манай нөхөр бид нар шиг сар болгон үндсэн цалин авдаггүй, цалин мөнгө гэхээр зүйл миний мэдэхээр орж ирж байгаагүй, ажил төрлийнхөө талаар надад ч нээх олон зүйл ярьж хэлдэггүй байсан. Мөнгө орж ирсэн ч тэр доороо гараад явчихдаг байсан. Би Солонгос явахаар виз мэдүүлэх гэж байсан учраас миний данс руу мөнгө оруулчхаад гаргаад авчихдаг байсан... Манай нөхөр ер нь хүнд тусархаг үгүй гэж хэлж чаддаггүй хүн л байсан. Мөн олон хүнтэй харилцдаг найз нөхөд олонтой нийтэч хүн байсан. Тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйлийг жилдээ баяр ёслолын үеэр 1, 2 удаа л хэрэглэдэг болохоос бараг уудаггүй гэж хэлж болно. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б ын дахин өгсөн “...Хөдөлмөрийн гэрээ байдаг эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Үндсэн ажилтан гэж явдаг үгүйг ч мэдэхгүй. З гэдэг хүн дээр л өдөр болгон очдог. Байхгүйд нь очиж ажил хийж мод зүсэх, модоо огтлоход нь хамт яваад, хот бас явахад нь цуг явдаг байсан. Модыг нь бас хүнд зарж борлуулж өгдөг байсан. Цалин гэж бол авч байгаагүй. Сар болгон тогтмол цалин гэж ордоггүй байсан... Үндсэн ажилтан яаж ажилладаг байсан талаар мэдэхгүй. Дансаар нь яаж мөнгө орж, юу болдог байсан талаар би мэдэхгүй. Зүгээр тэнд очиж ажиллана гээд өдөр болгон явдаг байсан. Хааяадаа З  ах гэрт байж байхад хот явна гээд л аваад явчихдаг байсан. Би ямар учиртай юм гэж уурладаг байсан. Яг нарийн яаж мөнгөө тооцож авдаг байсан талаар мэдэхгүй. 2023 оны 5 дугаар сарын 11-нд охиныхоо хадгаламжийг барьцаалаад 2,200,000 төгрөгийн зээл авч З ахын зээлийг хааж байсан. Гарсан гүйлгээ нь 2,140,200 төгрөгөөр З гэдэг хүний зээлийг хаасан. Энэ мөнгийг буцааж авсан үгүйг нь би мэдэхгүй. 2023 оны 5 дугаар сарын 14-нд 500,000 төгрөг З ахын данс руу шилжүүлж байсан. 2023 оны 5 дугаар сарын 23-нд 400,000 төгрөгийг бас манай нөхөр З ахын данс руу шилжүүлж байсан. Энэ мөнгөнүүдийг буцааж авч байсан үгүй талаар би мэдэхгүй байна. Би өөрөө цалинтай цалингаараа болчихдог байсан. Нөхөр бол гэрийн хүнсний зүйлс авдаг байсан. Бид 2 тэгээд л болчихдог байсан. Би сүүлд нөхрөөсөө энэ мөнгөнүүдийг З  ахаас авсан юм уу гэсэн чинь аваагүй, оронд нь мод авна гэж хэлдэг байсан... Нөхрийн талын хамаатны ах малчны 14 саяын зээл хийсэн. Тэндээ байшин барьж өгнө гэж байсан. Тэгээд миний данс руу 10,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд манай нөхөр эгчийнхээ данс руу хийчих гээд 10,450,000 төгрөг хийлгэсэн. Тэгээд З  ахад энэ мөнгөнөөс өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд оронд нь З  ах мод өгнө гэсэн байгаа юм. Тэрний мөнгийг төлүүлмээр байна. Тэгээд манай нөхөр хамаатны эгчийнхээ дэлгүүрээс компанийн ажилчдад тамхи, ус авч өгөхдөө зээлдэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнийхээ оронд З  ах шовгорын мод өгнө гэсэн байгаа юм. Тэр дэлгүүрийн өрийг даруулмаар байна. Тэгээд өөр цаана нь ямар зүйлс байгааг би мэдэхгүй байна. Одоо тэгээд би бас төрнө, 3 хүүхдээ өсгөнө гээд хэцүү л байна. Цаашдаа яахаа мэдэхгүй хэцүү л байна. Дахиад өөр өр хаанаас нэхэгдээд гараад ирэхийг нь мэдэхгүй байна. З  ахтай модны тооцоо гэх зүйлс дээр юу ч ярьсныг нь би мэдэхгүй. Намайг бол оролцуулаад байдаггүй байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Би өөрөө ажлаа хийгээд л байж байдаг байсан. Юу болж байгаа талаар мэддэггүй байсан, манай нөхөр өөрөө л яваад байдаг байсан...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 30-32 дугаар тал),

-Гэрч С.Ц-ийн “...Би ........  аймгийн .......... сумын эрүүл мэндийн төвд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өглөөний 08:30 цагаас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өглөөний 08:30 цаг хүртэл жижүүрт гарах хуваарьтай байсан. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын үед “.........” компанийн захирал З гэх манай ажилтан Б.Д модонд дарагдчихлаа гэж хэлсэн. Тэгээд эхнэрийг нь чирэх нь холгүй аваад явсан. Би дуудлага мэдээллийн дагуу хүчилтөрөгчийн аппарат яаралтай тусламжийн төхөөрөмжүүдээ аваад араас нь эмнэлгийн машинтай очсон. Тухайн газарт очиход амь хохирогч болох Б.Д нь модонд дарагдсан байдалтай нүүр хэсэг  нь хөхөрсөн, хамар болон амнаас их хэмжээний цус алдсан, цус нь газарт нь шингээд дээд талд нь бүлэгнэчихсэн байсан. Тэгээд би амьд байгаа эсэхийг шалгаахаар очоод гүрээний судсыг барьж үзэхэд амьсгал зүрх, судас зогссон байсан. Даралтын аппаратаар даралтыг үзэхэд орж ирэхгүй, чагнуураар чагнахад сонсогдохгүй, пульс оксиметрээр үзэхэд уншихгүй байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь нас барсан талаар мэдэгдсэн... Миний сонссоноор модоо буулгах гэж байгаад дарагдчихлаа гэж ярьцгааж байсан. Өөр яриа сонсогдоогүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 35-36 дугаар тал),

-Гэрч Л.Н-гийн “...Би хот хооронд өөрийн хувийн тээврийн хэрэгслээр бараа ачиж зөөдөг ажил эрхэлдэг хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн байгаа юм. Би хагас сайн өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 15-ны орой ........  аймгийн .......... суманд Улаанбаатар хотоос ачаа тээвэрлэж ирсэн. .......... суманд ирээд авчирсан ачаануудаа буулгачхаад байж байхад 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талийгаач Б.Д нь над руу утсаар яриад “ахаа Улаанбаатар хот руу мод тээвэрлэх хэрэгтэй байна та ачаад оруулаад өгөх боломж байна уу” гэхээр нь би “за тэгье, таньж мэдэхгүй улс биш” гээд тээвэрлэж өгөхөөр тохиролцоод өчигдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ойролцоогоор 10 цаг 30 минутын үед талийгаач Б.Д нь ачаагаа ачъя ахаа та хүрээд ирэх үү гээд “Төгөлдөр” супермаркетын гадаа намайг дуудсан. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн ачаа ачих зориулалттай 26 тн багтаамжтай Howo шалаанз маркийн тээврийн хэрэгсэлтэй очиход талийгаач нь намайг аваад ........  аймгийн .......... сумын ........... дүгээр баг ............. тоот буюу Г  гэх айлын гадаа намайг дагуулж очоод машинаа байрлуулчих гэж хэлэхээр нь би хашааны гадна талд машинаа урагш нь харуулаад байрлуулсан. Тэгээд би хэд хоног нойргүй явчихсан ядраад байсан учраас талийгаачид ахынх нь гар хавагнаад даагдахаа больчихсон болохоор мод өргөж, зөөж чадахгүй учраас машин дотроо амарч байя гэж хэлэхэд талийгаач Д тэг тэг дүү нь моднуудаа гялс аччихъя гэж хэлээд Э гээд залуу ковш гэх машинаар миний машин дээр 9 метрийн урттай дүнзэн моднуудыг ачиж тээвэрлэж байрлуулаад тэрийг нь талийгаач Д нь миний машин дээр гараад лобамоор тэгшилж, өрж байрлуулж байсан. Тэгээд ойролцоогоор 14 цаг нэлээн өнгөрч байхад Э гэнэт над руу хашхираад нөгөөдөх уначихлаа ахаа гэхээр нь би машинаасаа буугаад очиход талийгаачийн хамар амнаас нь их хэмжээний цус гараад, байрлуулж тэгшилж байсан модондоо цохиулж шидэгдээд нэлээн хүчтэй газарт унасан байдалтай ухаангүй байхаар нь би Э-т хандаж одоо хөдөлгөөд хэрэггүй шүү шууд түргэн тусламж болон З г дуудъя гэж хэлсэн. З  удалгүй ирээд шууд л эмнэлэг рүү яваад эхнэрийг нь авчирсан. Араас нь эмнэлгийнхэн ирсэн. Эмч үзээд нас барчихсан байна гэж хэлсэн... Би талийгаачийг ямар нэртэй ямар компанид юу хийдэг талаар нь мэдэхгүй миний мэдэхээр сүүлийн 2 жилийн хугацаанд амь хохирогч нь энэ З гээд залуутай хамт ажиллаад цуг л юм хийгээд явдаг байсан... Бид хоёр яг моднуудаа ачиж үзэж байгаад хэр их болох талаар нь дараа нь ярилцаад тэгээд үнэ хөлсний талаар тохирохоор болсон байсан... Талийгаач Б.Д хот руу мод ачаад оруулаад өгөөч л гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 39-40 дугаар тал),

-Гэрч Б.Б-ийн  “...Би ........  аймгийн .......... суманд мод модон эдлэл боловсруулах, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “.........” ХХК-д ХАБЭА ажилтан албан тушаал дээр 2023 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байна... Би тухайн өдөр чөлөө аваад хөдөө гэр рүүгээ ажлаар явчихсан хойгуур ийм асуудал болчихсон байсан. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байгаа... Би хөдөө байсан учраас мэдэхгүй байна. Ер нь талийгаач бол манай компанийн үндсэн болон гэрээт ажилтан биш байгаа юм. Ноднин жилээс хойш талийгаач манай захирал 3 тай ах дүүгийн харилцааны үндсэн дээрээс өөрөө байшин хашаатай болох зорилготойгоор З ахын ажилд сайн дураараа туслаад юм хийгээд явдаг байсан. Хийсэн ажлынхаа хөлсийг модоор орлуулж авдаг байсан тухайн осол болох үед машин дээр ачиж байсан мод нь талийгаачийн өөрийн зарж борлуулах гэж байсан мод байсан байна лээ... Мод бэлтгэлийн үед л каск компанийн үндсэн хувцас болох хантааз зэргийг өмсөж хэрэглэдэг өөр бусад цэвэрлэгээний үед бол хэрэглэдэггүй. Тухайн осол болох үед талийгаач хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй байна... Талийгаач бэлтгэсэн моднуудыг зарж борлуулах чиглэлээр ажилладаг байсан. Өөр хүн хүч байхгүй байхгүй үед усанд явж, хөрөөчидөд мод ойртуулж ойр зуурын ажилд л туслалцдаг хүн байсан. Ямар нэг чиг үүргийн ажил бол хариуцаж ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 51-52 дугаар тал),

-Гэрч У.Э-ын “...Би “.........” ХХК-д жолооч ажилтай. Энэ компанид жолоочоор ажиллаад 3-4 жил болж байна. Гэрээт ажилтан... Тухайн өдөр намайг гэртээ амарч байхад талийгаач Д нь ойролцоогоор 11 цагийн үед над руу утсаар яриад би хот явах унаа олсон та надад моднуудыг маань ачиж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд компанийн эзэмшлийн өөрөө барьдаг ковш машинаа бариад Д мод байгаа хашаанд яваад очтол Д нь шалаанз маркийн тээврийн хэрэгсэл авчраад байрлуулчихсан одоо ачиж эхэлье гээд ерөнхийдөө талийгаач бид хоёр моднуудыг ачсан. Би тэр үед өөрийн барьдаг ковш маркийн тээврийн хэрэгслээр нөгөө талын хашаанд байгаа 9 метрийн урттай бүдүүн моднуудыг ачиж шалаанз дээр байрлуулаад, миний байрлуулж тавьсан моднуудыг талийгаач ачаан дээр нь гаргаад лоомоор хөшиж эвлүүлж янзалж тавих ажил хийгдэж байсан. Би тухайн үед ковшийн үзүүрт байсан сэрээн дээр 2 ширхэг мод ачиж машин дээр нь тавиад нийтдээ бараг 10 гаран удаа явсны дараа эргээд дахин мод ачиж ирэхээр нөгөө талын хашаан дотор ороод модоо базаад гарах гэж байхад талийгаач чиргүүлэн дээр зогсоод модоо эвлүүлж тавьж байхдаа 2 хөлийнхөө голд байсан 9 метрийн урттай модны үзүүрт шидэгдээд модтойгоо цуг газарт уначихсан юм. Тэгээд би осол болохыг харчхаад ковшноосоо буугаад гүйгээд очтол талийгаачийн цээжин хэсэг доор нөгөө хөлөндөө хөшигдөж газарт унасан модны үзүүр дээрээ унасан байж таарсан. Нэг ёсондоо унагасан модон дээрээ өөрөө унаж осол болсон байгаа юм. Тэгээд 2 хамраас нь маш их цус гарч байсан учраас би машин дотор хэвтэж байсан жолооч болох Гавааг дуудаад дараа нь З  ах руу залгаж осол болсон талаар хэлсэн. Удалгүй З  ах ирээд эргэж түргэн дуудахаар эмнэлэг яваад эмч ирж үзчихээд нас барсан талаар хэлсэн...Энэ талийгаач болохоор З ахтай хамт ажиллаад өөрөө мод чулуу ажлынхаа хөлсөнд авдаг юм. Тэгээд тэр хэрэг болох үед ачиж байсан моднууд нь талийгаачийн ажлынхаа хөлсөнд авсан моднууд байсан, тэгээд өөрөө тэр моднуудаа Улаанбаатар хот руу оруулж зарж борлуулах гэж авч явах гэж байсан юм. Тийм учраас “.........” ХХК-ийн ажил биш байсан... Үгүй ээ. Гартаа бээлийтэй л байсан... Талийгаач бид нарыг ажилд гарахад түлш тос зөөх, хоол унд хийх, зэрэг ажлуудад л тусалдаг байсан, тэрнээс мод чулуу хөрөөдөх унагаах зэрэг ажилд оролцдоггүй байсан. Тэгээд ажлынхаа хөлсөнд мод авдаг байсан...гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 64-55 дугаар тал),

-........  аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Н-ийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай “1.2.3.Талийгаачид, цээжний баруун талын 1-6-р хавирганы үйрч бяцарсан хугарал, зүүн талын 1-5-р хавирганы шахагдсан хугарал, сээрний Th3-р нугалмын хөндлөн хугарал, өвчүүний их биеэр салсан хөндлөн хугарал, уушгины няцрал, баруун уушгины урагдал, гялтанд цус хуралт, 2 уушгины авчийлт, мөгөөрсөн хоолойн урагдал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний няцрал. Баруун хацар, цээж, баруун бугалга, хэвлий, нуруу, баруун өвдөгт цус хуралт зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, шууд үхэлд хүргэсэн, нэг цаг хугацаанд, нэг механизмаар үүсгэгдсэн байна. 4.Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Цусанд 0.7 промилли спиртийн зүйл илэрсэн. Хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6.Дээрх цээжний битүү гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ. 0/1/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 62-66 дугаар тал),

-Шинжээч Б.Б-гийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/01 дугаартай:

Хариулт-1. 1.Хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Гэрчээс авсан мэдүүлэгт “.........” ХХК-ийн захирал Т.З  ын өгсөн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн 9-д Хохирогч сэжигтэн яллагдагчтай ямар харилцаатай гэсэн асуултад Манай компани ХАБЭА болон борлуулагчийн ажлыг хийдэг байсан гэх хариулт, мөн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр өгсөн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд.../...талийгаач Д нь 2023 оны 3 дугаар сард над дээр ирж, ахаа дүү нь таны ажилд туслаад ажиллаж амьдаръя гэж хэлсэн. Тэр цаг хугацаанаас хойш миний хийж байгаа ажилд туслаад явдаг байсан ...ажил хийсэн хөлс мөнгөө аваад явдаг байсан./;

2.Хавтаст хэрэгт 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “.........” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Б.Б-ийн  өгсөн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Талийгаач бэлтгэсэн моднуудыг зарж борлуулах чиглэлээр ажилладаг байсан. Өөр хүн хүч байхгүй үед усанд явж, хөрөөчдөд мод ойртуулж ойр зуурын ажилд л туслалцдаг хүн байсан./;

3.Мөн "Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл"-д 2023.01.01-2024.07.01 өдөр хүртэл хугацаанд захирал Т.З  ын Хаан банкны 5944016794 тоот дансны хуулгаар Б.Д нэр дээрх болон түүний ашиглаж байсан гэх (Төрийн банкны-10290001........, Хас банкны-500067.........., ХААН банкны-542919......., 594401......, 10290037........) мөн эхнэрийнх нь ХААН банкны 503143........ тоот данснуудын хооронд 51 удаа гүйлгээ хийгдсэнээс Д / о/ нэрээр орлого 22,275,000 төгрөг хийгдэж, З-аас  /3 , З гоос, , z, o /нэрээр Д-т зарлага 4,289,000 төгрөг, нийт-26,564,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн баримт;

4.“.........” ХХК-ийн аюулгүй ажиллагааны танилцуулга нэртэй 2023 он гэсэн 2 ширхэг жижиг дэвтэр авагдсанаас 2 дахь дэвтэрт 2023 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүд, 6-р сарын 02-3-ны өдрүүдийн ажилтны нэр гэх хүснэгтэд Б.Д нэр бичигдсэн зэрэг баримтуудад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3./Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно./ заалтыг үндэслэн Б.Д болон Т.З   нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3. /Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.../ мөн 48.2./Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй./ гэж заасны дагуу хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй.

Хариулт-2. Талийгаач Б.Д болон захирал Т.З   нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, осол нь “.........” ХХК-ийн хураалттай байсан модыг ачих үед гарсан байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20. “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг “үйлдвэрлэлийн осол” гэнэ./ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн.

Хариулт-3. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны дугаар тушаалаар “Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх /ойд арчилгаа цэвэрлэгээ хийх/ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай 20230...... дугаартай гэрчилгээтэй байна.

......... ХХК нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж ашиглах “Ойн санг гэрээгээр эзэмших”, “Экологийн хариуцлагын” 2 гэрээг байгуулсан байна. Үүнд: 1.Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4./ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ ойгоос ойн менежментийн төлөвлөгөө, гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу мод, ойн дагалт баялгийг ашиглах; 22.1.10. тухайн шатны Зacar даргатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах/ гэж заалтын дагуу ........  аймгийн .......... сумын ИТХ-ын 2022 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэн .......... сумын Засаг дарга Д.М , ......... ХХК-ийн захирал Т.З   нар ойн сангийн тодорхой хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хариуцан эзэмшиж хамгаалах 1 жилийн гэрээ мөн ......... ХХК-ийн захирал Т.З   Б сум дундын ойн ангийн инженер Э.С нар Экологийн хариуцлагын гэрээг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан байх эдгээр гэрээнүүдийн хугацаа дууссан дахин сунгагдаагүй байна.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4./Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ: 35.4.1.гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн; 35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн; 35.4.3.засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн./ гэж заасан байна.

Хариулт-4. ......... ХХК нь ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зарим журмыг боловсруулж баталсан байна.

Хариулт-5. ......... ХХК-ийн ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг хариуцсан ажилтан байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Хэргийн материалд ......... ХХК-ийн аюулгүй ажиллагааны танилцуулга нэртэй 2023 он гэсэн 2 ширхэг жижиг дэвтэр авагдсан байна. Уг 2 дэвтрийн нэгд нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан байна. 2 дахь дэвтэрт 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. 2023 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүд зааварчилга өгч, Ш.М, Б.Б гэсэн 2 ажилтан гарын үсэг зурсан, 6-р сарын 02-3-ны өдрүүдэд ажилтнуудын нэрс бичигдсэн боловч нийт ажилтнуудад зааварчилга өгөгдөөгүй, 2 дахь дэвтэрт 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 03 хүртэл, мөн 2023 оны 5 дугаар сарын 28-31-ний өдрүүдийн ажилтнуудын нэрс дунд Б.Д нэр бичигдсэн боловч аюулгүй ажиллагааны зааварчилга өгөгдөөгүй, 2024 онд огт өгөгдөөгүй, дээрх 2 дэвтэрт зааварчилга өгсөн 2 хүний гарын үсгийн тайлал байхгүй тул хэн хэн өгснийг тогтоох боломжгүй байна.

Эндээс үзэхэд “.........” ХХК нь ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгаа өдөр бүр байнга өгч хэвшээгүй, ажилтан бүрд бүрэн танилцуулж гарын үсэг зуруулдаггүй, тухайн осол гарсан өдөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн ямар ч баримт байхгүй тул энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. /Ажил олгогч аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

Хариулт-6. Ажил олгогч нь ажилтныг ажлын нөхцөл, онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3. /Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ./ гэж заасны дагуу ажилтнуудад ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгох жагсаалт баталсан шийдвэр, ажилтнуудад олгосон баримт хэргийн материалд байхгүй байгаа тул ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Ажилтнуудад ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5./ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан болно.

Хариулт-7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу ажил олгогч хариуцах үүрэгтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно: 125.1.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин./ гэсэн зохицуулалт бий.

Хариулт-8. “.........” ХХК-ийн ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах сургалтад хамруулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгөөгүй, тухайн ажлын байрны эрсдэлийг үнэлж тогтоогоогүй, дотоод хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/ заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.” гэх дүгнэлт (I хавтаст хэргийн 89-93 дугаар тал),

-......... ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 202300327 дугаартай “Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ (I хавтаст хэргийн 115 дугаар тал),

-3 ын Хаан банкны 594401..... тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (I хавтаст хэргийн 206-207 дугаар тал),

-“.........” ХХК-ийн 2023 оны “аюулгүй ажиллагаа танилцуулж, баталгаа авсан хүснэгт гэсэн 2 ширхэг дэвтэр (II хавтаст хэргийн 91-96, 97-102 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2045 дугаартай “1.2.Т.Б /РД:УУ9207........./-ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх дүгнэлт (III хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

-Шүүгдэгч Т.З  ын яллагдагчаар өгсөн: “..Анх 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай компани мод бэлтгэх, арчилгаа, цэвэрлэгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2016 оноос 2018 он хүртэл ................. компанийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оноос хойш би төрсөн дүү болох Т.Г ийн хашаанд бэлтгэсэн модоо буулгадаг хашаа болсон. Тухайн осол болсон гэх хашаа бол миний дүүгийн нэр дээр байдаг. Би дүүгийнхээ хашаанд мод буулгаж, харин модоо зүсүүлэх болохоороо компанийн хашаанд зөөж аваачдаг. Дүүгийнхээ хашаанд би зөвхөн модоо буулгадаг байсан. Харин бусад үйл ажиллагаа явуулахдаа компанийн хашаанд модоо аваачдаг байсан.” гэх мэдүүлэг (III хавтаст хэргийн 51-52 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Т.З   нь “.........” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд амь хохирогч Б.Д тус компанийн ажилтан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын үед ........  аймгийн .......... сумын 4 дүгээр багийн нутаг “.........” ХХК-ийн хашааны гадна талд талийгаач Б.Д нь мод ачих ажил хийж гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж мод ачиж байсан тээврийн хэрэгсэл дээрээсээ газарт унахдаа модон дээр унасны улмаас бусдын амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

            Прокуророос “Шүүгдэгч Т.З  т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд улсын яллагчаар оролцон дараах гэм буруугийн дүгнэлтийг танилцуулж байна. “.........” ХХК-ийн захирал Т.З   нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан “Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.3.5-т заасан “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-т заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн хуулийн заалтуудад заасан үүргээ биелүүлээгүй, зөрчиж ажилласны улмаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын үед ........  аймгийн .......... сумын 4 дүгээр багийн нутаг “.........” ХХК-ийн хашааны гадна талд талийгаач Б.Д нь мод ачих ажил хийж гүйцэтгэж байх явцдаа мод ачиж байсан тээврийн хэрэгсэл дээрээсээ газарт унахдаа модон дээр унасны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Ц, Л.Н, У.Э нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгүүд, ........  аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт, шинжээч Б.Б-гийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/01 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү,

Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон үйл баримт хөдөлбөргүйгээр тогтоогдсон. Гэмт хэрэг гарснаас хойш 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн боловч шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлаас төлбөр төлөөгүй бөгөөд төлөх боломжит хугацааг өнгөрөөчхөөд төлөх боломжгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршгийг нөхөн төлөх, арилгах, сэргээх оролдлогыг нэг ч удаа хийгээгүй болох нь харагдаж байна. Хэдийгээр гэм буруу дээрээ маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч үг үйлдэл хоёр нь зөрүүтэй байна гэж улсын яллагчийн зүгээс харж байна. Иймээс оршуулгын зардалд нэхэмжилсэн 24,543,050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, харин хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учир хохирлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч Т.Б  нь 33 настай 3 хүүхдийнхээ эцгийг алдаж сэтгэл зүй, амьдрал, цаг хугацаа гээд бүхий л зүйл дээрээ маш хүнд байдалтай явж байгаа. Өөрийн нөхцөл байдлыг шүүхэд илэрхийлэхдээ үгээр хэлэхийн аргагүй, хэрэв аав нь байсан бол ингэхгүй дээ гэж бодоход хүргэхээр үнэхээр хэцүү байдалд амьдарч байна. Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар амь хохирогч Д нь “.........” ХХК-д ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хууль зөрчсөн зөндөө зүйл байгаа учраас “.........” ХХК-ийг буруутай байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас шүүгдэгчийг яллаж байгаа улсын яллагчийн зүйчлэл тохирсон гэж үзэж байна. 2024 оны 6 сард  болсон асуудлаас хойш 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд дээрх хугацаанд Т.З   нь оршуулгын зардалд нэг ч төгрөг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Т.З   нь хөдөлмөрлөх чадвартай, тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг хүн юм. Манай зүгээс оршуулгын зардал хэцүү байна гэдэг талаар нэг ч өгүүлэмж хэлж байгаагүй. Хэдийгээр хань ижлийнхээ амь насыг мөнгөөр үнэлэхгүй ч гэсэн амьдрал нь хэцүү байхад оршуулгын зардлын 50 хувийг ч болтугай өгчихгүй яав даа гэсэн бодол зөндөө бодогдож байсан байх. Одоогийн байдлаар оршуулгын зардал 24,543,050 төгрөг гарсан бөгөөд энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Үүнд нэг ч илүү нэхэмжилсэн мөнгө байхгүй, мөрдөн байцаалтын шатанд удаа дараа ирсэн зардал, шүүх хуралдаанд ирэхдээ гарсан зардал зэргийг нэхэмжлээгүй. Харин талийгаачийн буяны ажилд гарсан зардлыг л нэхэмжилж байгаа гэдгийг хэлмээр байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүх шийдвэрлэх хэдий ч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэц учирсан хохирол 4-р зэрэглэлээр тогтоогдсон гэж гарсан. Дээд шүүхийн тайлбараар шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний сэтгэл санааны хохирлын зэрэглэлийг тогтоомж боломжгүй, хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэлээр шийдвэрлэвэл зохистой гэдэг утгаар байгаа. Гэхдээ тухайн хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдал бүх асуудал дээр дүгнэлт хийж шүүх шийдвэрээ гаргах нь ойлгомжтой. Т.Б ын хувьд 15 жил ханилсан хань ижил, амьдралынхаа насан туршийн хань болох хүнээ алдчихсан сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Хань ижлээ алдах нь ээж ааваа алдахаас хэцүү байдаг гэдэг үг байдаг. Т.Б  нь тухайн үед хань ижлээ алдаж, 5 сартай жирэмсэн байсан, сэтгэл санааны гүн хямралд орсон нөхцөл байдлыг нь харгалзан түүний сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын явцаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байгаа. Гэм буруугийн дүгнэлтийг хэлэхээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гүн эмгэнэл илэрхийлж уучлалыг чин сэтгэлээсээ гуйж байна. Эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд маш хүнд байгаа, хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй гэдгийг ойлгож ухаарч байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд дуу цөөтэй, нөхцөл байдлыг чөлөөтэй сайн илэрхийлээд явж чадахгүй байгаа учраас санасан хэмжээнд нь хүртэл ярилцаж чадаагүй байх гэж үзсэн. Миний үйлчлүүлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 27 дугаар зүйлийн 27.3.5, 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй, зөрчиж ажилласны улмаас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 45 минутын үед ........  аймгийн .......... сумын 4 дүгээр багийн нутаг “.........” ХХК-ийн хашааны гадна талд талийгаач Б.Д нь мод ачих ажил хийж гүйцэтгэж байх явцдаа мод ачиж байсан тээврийн хэрэгсэл дээрээсээ газарт унахдаа модон дээр унасны улмаас нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргаангүйгээр мөрдөн байцаалтын шатанд дэмжлэг үзүүлж оролцсон нөхцөл байдал харагддаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг төлж барагдуулах үүрэг шүүгдэгчид байгаа бөгөөд энэ үүргийг өмгөөлөгчийн зүгээс сайн ойлгуулж хэлсэн. Хэлсэн зүйлийн дагуу ажилласан байх гэдэгт итгэж байна. Оршуулгын зардал 24,543,050 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд харагдаж байсан. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Манай талаас нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтад үнэлэлт дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хэдэн төгрөгийг төлөх, хэдийг нь төлөхүй гэсэн зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг 4-р зэрэглэлтэй гарсан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлж нийт 36,186,048 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Хэрэв дээрх үнийн дүнгээр гаргуулах боломжгүй гэвэл 150 дахин нэмэгдүүлэх хэмжээг бага хэмжээгээр ч болтугай 60 хувиар тооцож өгнө үү гэдэг хүсэлттэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гэм буруутай байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүх тогтооно гэж заасан. Талийгаачийн хувьд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, болгоомжтой ажиллах гэх зэрэг дүгнэлт хийх насанд хүрсэн байсан. Энэ үүргээ биелүүлээгүй байж болзошгүй гэх нөхцөл байдал харагдаж байгаа энэ нөхцөл байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр биш багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэж тус тусын дүгнэлтээ гаргасан.          

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “.........” ХХК-ийн захирал Т.З   нь амь хохирогч Б.Д-той хөдөлмөрийн гэрээг албан ёсоор байгуулаагүй ч тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байдаг.

Шүүгдэгч Т.З   нь “ажил олгогч” мөн болохыг шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2024/01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь “ажил олгогч”-ийн хувиар хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажиллагсдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах сургалтад хамруулаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгөөгүй, тухайн ажлын байрны эрсдэлийг үнэлж тогтоогоогүй, дотоод хяналт тавьж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;/, 28.1.8 дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/ заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу “.........” ХХК-ийн захирал, ажил олгогч Т.З   нь шууд хариуцна.

Прокуророос шүүгдэгч Т.З  ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд зүйлчлэл зөв, тохирчээ.

Тухайн гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хүний амь нас хохирох, эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирчээ.

Иймд “.........” ХХК-ийн захирал болох шүүгдэгч Т.З  ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс: “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар 150 дахин нэмэгдүүлж 99 сая төгрөг нэхэмжилнэ, мөн оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн тул уг мөнгийг нэхэмжилнэ. Бид зөвхөн оршуулгын зардалтай холбоотой баримтаа цуглуулж нэхэж байгаа болохоос энэ зардлаас ч их мөнгө гарсныг зардалд тооцоогүй” гэж тайлбарласан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж хавтаст хэрэгт тусгасан баримтад тулгуурлан дараах байдлаар хохирол, хор уршгийг тооцож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн ба уг баримтуудыг нэг бүрчлэн хянаж тооцоог гаргахад 22,913,490 төгрөгийн баримт цугласан байна. Энэхүү баримтуудыг шүүх гэмт хэргийн улмаас зайлшгүй зарцуулагдсан зардал гэж дүгнэлээ.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4 дүгээр зэрэглэлээр тогтоосон хэдий ч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 99,000,000 төгрөгөөр тогтоов.

Иймд нийт 121,913,490 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй.

Мөн түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх санал гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс 20,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн ба үлдэгдэл 101,913,490 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Т.З  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх мөн төлөгдөөгүй үлдсэн 101,913,400 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч Т.З  аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б т олгуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н ээс: “Хэрэг үйлдэгдээд 1 жил 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд хугацаанд оршуулгын зардал, болон хохирлыг мөнгийг төлөөгүй байсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч төлөхөөр 5 хоногийн завсарлага авч хурал хойшлогдсон. Гэтэл өнөөдрийн байдлаар оршуулгын зардлыг ч бүрэн төлж барагдуулаагүй байгаа учраас манай талаас маш их гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагын тухайд улсын яллагчийн байр суурьтай ижил байгаа тул улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н ээс: “Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалздаг. Хувийн байдлын тухайд миний үйлчлүүлэгч тийм залуу хүн биш, болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Амьдралын боломж бололцоотой, эд хөрөнгөтэй байгаад хохирол төлбөрөө төлөхгүй явж байсан зүйл байхгүй. Хувийн байдлыг тогтоосон баримтуудыг харахад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Одоогийн байдлаар том машин барих ажил хөөцөлдөөд явж байгаа. Миний үйлчлүүлэгч үлдэгдэл 101,913,400 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал байдалд орохоор хуульчилсан. Үүнийг шүүхээс харгалзан үзнэ үү. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг дуусах хүртэл гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаангүй оролцдог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх зорилго агуулагддаг. Шүүгдэгчийг цагдан хорьж 3 жилийн хорих ял оногдууллаа гэхэд 3 жилийн хорих ялаа эдэлж дууссаны дараагаар хохирол төлбөрийг төлөх асуудал яригдана. Тэгэхээр хохирогч давхар хохироод явах нөхцөл байдал үүсэж байгаа. Иймээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх нөхцөл бололцоогоор хангаж ял шийтгэлийг оногдуулж  өгнө үү. Хорих ял оногдуулах бол тэнсэх, хэрэв тэнсэх боломжгүй гэвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б оос: “Өмгөөлөгч маань миний хэлэх үгийг хэлсэн учраас нэмэлт хэлэх зүйл байхгүй. Гомдолтой байна” гэх,

Шүүгдэгчээс: “Надад хорихоос өөр төрлийн тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Би том тэрэг барьж хохирол төлбөрөө төлөх саналтай байна” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.З  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Учир нь хэдийгээр шүүгдэгч болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол хор уршгийг хэрхэн нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь тодорхойгүй байна.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Т.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.3 ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З  ыг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1,  511 дүгээр зүйлийн 5-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.З  аас 101,913,490 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б т олгосугай.

6.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Т.З   нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН