| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/04656/И |
| Дугаар | 102/ШШ2024/00682 |
| Огноо | 2024-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/00682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, тоот хаягт байрлах З б д сгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байрлах “Х ф” ХХК-д холбогдох,
Батлан даалтын гэрээний үүрэгт 78,652,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч нь холбогдуулан тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “З б д с нь “Х ф” ХХК-ийн Г б наас авсан 250,000,000.00 төгрөгийн зээлийн 60 хувьд батлан даалт гаргаж, “Г б ” ХХК, “Х ф” ХХК нартай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БГД1805039481 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд орж зээлийг бүрэн төлөөгүй тул З б д сгаас Батлан даалтын гэрээний үүрэг болох 78,652,799.74 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Г б ” ХХК-нд төлсөн. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БГД1805039481 тоот Батлан даалтын гэрээнд зааснаар Батлан даагч З б д с гэрээний үүргээ биелүүлж Зээлдүүлэгч Г б анд батлан даалтын үүрэг төлсөн тохиолдолд зээлдэгч уг төлбөрийг барагдуулах ёстой бөгөөд зээлдэгч “Х ф” ХХК нь Батлан даалтын гэрээний 3.5.4-т заасны дагуу батлан даагчид төлбөрийг төлж барагдуулах үүргээ биелүүлэхгүй байна. Уг төлбөрийг хугацаа тохиролцон хуваарь тогтоож барагдуулах талаар зээлдэгчтэй ярилцсан боловч гэрээ байгуулаагүй, батлан даалтын төлбөрөөс огт төлөлт хийгээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэг, Батлан даалтын гэрээг тус бүр үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. “Х ф” ХХК-иас батлан даалтын гэрээний үүрэг 78,652,799 төгрөгийг гаргуулан З б д сд олгуулна уу.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “З б д сгийн нэхэмжлэлтэй “Х ф ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар оролцох зарлан дуудах хуудас ирүүлсэн байна.
Манай “Х ф” ХХК болон З б д с хооронд 2023 оны 6 сараас эхлэн зээлийг төлөхөөр хуваар гаргасан боловч Г б ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг Нийслэлийн иргэний хэргийн давж заах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Энэ нь манай “Х ф” ХХК-ийн зүгээс З б д сд төлөх ёстой мөнгөн дүн эцэслэн шийдэгдээгүй байна гэсэн үг юм. З б д с болон Г б тай нэхэмжлэлтэй “Х ф” ХХК 3 дагч этгээдээр оролцож буй иргэний хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. Г б ны зүгээс Улсын дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс З б д сгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, З б д сгийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-5, 52/, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Батлан даалтын гэрээ /хх8-10/, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ /хх11-13/, Зээлийн эргэн төлөлтийн график /хх-14/, Төлбөрийн даалгавар /хх-53/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх54-57/,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-20/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 210/МА2023/01772 дугаар магадлал /хх21-24/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч З б д с дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Батлан даагч нь зээлдүүлэгч “Г б ” ХК-д батлан даалтын гэрээний үүргийг биелүүлсэн тул дээрх гэрээний 3.5.4-т заасны дагуу зээлдэгч “Х ф” ХХК-аас 78,652,799 төгрөгийг гаргуулж З б д сд олгож өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч “Х ф” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “З б д сд төлөх мөнгөн дүн эцэслэн шийдэгдээгүй байна. “Г б ” ХК-ийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байгаа.” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч З б д с хариуцагч “Х ф” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 78,652,799 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
6. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Г б ” ХК нь 250,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай “Х ф” ХХК-д зээлж, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулагдсан байна.
6.1 З б д с нь “Г б ” ХК, “Х ф” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БДГ1805039481 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ-1805039481 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч “Х ф” ХХК биелүүлээгүй тохиолдолд батлан даагч З б д с нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч “Х ф” ХХК төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Батлан даалтын гэрээгээр баримтаар тогтоогдож байна.
7. Энэхүү тогтоогдсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар зохигчид маргаагүй, харин батлан даалтын гэрээний үүрэгт 78,652,799.74 төгрөгийг зээлдэгч “Х ф” ХХК төлөх эсэх нь маргааны зүйл байна.
8. Батлан даалтын гэрээний 1.4-т Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь байна, 3.4.1-т зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчсөнөөс 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг гэрээний 1.4-т заасан хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс Зээлдүүлэгчид төлөх үүргийг З б д с гэрээгээр хүлээжээ.
8.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/00259 дүгээр захирамжаар “Г б ” ХК гэрээний үүргийн гүйцэтгэлд 268,533,690 төгрөгийг “Х ф” ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Х ф” ХХК хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Х ф” ХХК нь 138,500,000 төгрөг төлсөн, Батлан даалтын сан батлан даалтын гэрээнд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 131,087,999.57 төгрөгийн 60 хувиар тооцож 78,652,799 төгрөгийг төлсөн үйл баримтыг зөв гэж дүгнэн “Г б ” ХК-ийн нэхэмжлэлтэй З б д сд холбогдох 61,557,360.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
9. Нэхэмжлэгч З б д с Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4-т зааснаар Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 78,652,799 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Г б ” ХК-ийн 9141000015 тоот дансанд шилжүүлж төлсөн болох нь Сангийн гүйцэтгэх захирлын А/91 дугаартай Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх тухай тушаал, төлбөрийн даалгавар гэсэн баримтуудаар тогтоогджээ.
9.1 Талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний 3.5.4-т зааснаар Батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд уг мөнгөн дүнг Батлан даагчид бүрэн төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн тул “Х ф” ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөр 131,087,999.57 төгрөгийн 60 хувиар тооцож 78,652,799 төгрөгийг шаардах эрхтэй байна.
10. Иймд хариуцагч “Х ф” ХХК-аас 78,652,799 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З б д сд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
11. Шүүх хариуцагч “Х ф” ХХК-ийн төлөөлөгч Т.Б-д 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцсан, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
11.1 Хариуцагчийн төлөөлөгч Т.Б нь өөрийн оршин суух хаягийг Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, тоот гэж тодорхойлсон. Шүүхэд оршин суух хаягийг өөрчилсөн талаар мэдэгдээгүй тул түүний бүртгэлтэй болон оршин суух хаягуудаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн шүүхээс 2023-12-20, 2024-01-19-ний өдрүүдэд шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх тухай 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2024/01811 дүгээр шүүгчийн захирамжаар түүний эхнэр Т.Б “миний нөхөр Т.Б нь 2023 оны 10 дугаар сард БНСУ-руу явсан тэнд ажиллаж, амьдарч байгаа нь үнэн” гэсэн тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 551,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х ф” ХХК-аас 78,652,799 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З б д сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х ф” ХХК-аас 551,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З б д сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ