Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/00661

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, * тоот хаягт оршин байрлах “Ө ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, * тоот хаягт оршин суух О овогт Г С /РД:*/-д холбогдох,

22,704,445,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, хариуцагч Г.С, гэрч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Ө ” СӨХ нь хариуцагч Г.Сд холбогдуулан  22,704,445,2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Ө СӨХ нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * дугаар байрны Ө СӨХ ны гүйцэтгэх захирлаар 2019 оны 5 дугаар сараас 2022 оны 3-р сарын 30 хүртэлх хугацаанд ажилласан Г.С тус байрны цахилгаан,сан техникийн шугам сүлжээний засвар үйлчилгээ мөн лифтний засвар сэлбэг хэрэгсэл орцны доторх засвар гадна талбайн тохижилт ногоон байгууламж хашаа хайс мод зүлэг дундын өмчлөлийн эд хөрөнгөнд ямар нэгэн зүйл огт хийгээгүйгээс гадна   өрхийн сар болгон өгч байсан хуримтлалын мөнгө нийт 64,604,4 мянган төгрөгийг зарлагдаж авсан нь аудитаар тогтоогдсон. Мөн Г.С нь ажиллаж байх хугацаандаа Санхүү хариуцсан нягтлан бодогч, жижүүр-үйлчлэгч, Лифтчин зэрэг албан тушаалын ажилтан байхгүй байсан. Гэтэл цалингийн зардалд 25,204 мянган төгрөгийг цалин гэж гаргасан байна. Үлдсэн мөнгөөр өдөр болгон өөрийн дансаар гүйлгээ хийж 42,400,000 төгрөг авч байсан. Энэ мөнгөөр юү хийв гэдэг нь тодорхой бус сууц өмчлөгчдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй оршин суугчдын эрх ашгийг маш ихээр хохироож ирсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд цамхаг лифт ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөг,  аудитын шалгалтаар илэрсэн 8,682,200 төгрөг, аудитын тайлангийн ажлын хөлс 3,960,000 төгрөг нийт 22,704,445.2 төгрөгийг Г.Сгоос гаргуулж Ө СӨХ-д олгож өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн 4-р хороолол, 7-р хороо “Ө ” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Ргаас байгууллагын мөнгөн хөрөнгө нэхэмжлэх асуудлаар дараах тайлбарыг хийж байна. Нэхэмжлэлд дурдсан асуудлыг Г.С миний бие нь тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас хууль бусаар халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин болон ажилласан хугацааны цалинг “Ө ” СӨХ-өөс гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамтатган тайлбарлаж, гүйцэтгэх захирлаар ажилласан хугацааны санхүүгийн үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэрэг бүхий л бичгийн нотлох баримтыг шүүхэд танилцуулсан. Шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр (2023 оны 03 сарын 07-ны өдөр 102/ШШ2023/00937 дугаар)-лэсэн бөгөөд уг шийдвэртээ холбогдох хуульд зааснаар ... “шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаанд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” болохыг дурдсан. Дашрамд дурдахад хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэрийг ч өнөөдрийн өдрийг хүртэл биелүүлээгүй гөлгөр хандаж ирсэн.

Нэхэмжлэлд дурдсан 22,704,445,2 төгрөгийн төлбөрийг би зөвшөөрөхгүй бөгөөд төлөх үндэслэлгүй болохыг нотлох миний гүйцэтгэх захирлаар ажилласан хугацааны СӨХ-ны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримт, түүнчлэн БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг энэхүү тайлбарт хавсарган хүргүүлж байна.

Надаас энэхүү тайлбарт хавсарган хүргүүлж буй бүхий л нотлох баримтыг нягтлан шалгаж, шинжлэн судалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

            3. Нэхэмжлэгчээс “Г п а” ХХК-ийн нэхэмжлэх /хх-9/, “Ө ” СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол /хх-10/, “Ө ” СӨХ-ны гэрчилгээ /хх-12/, “Ө ” СӨХ-ны Ажил хүлээлцсэн акт /хх-13/, “Г п а” ХХК-ийн шинжээчийн тайлан /хх14-41/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх42-43/, “Ө ” СӨХ-ны Удирдах зөвлөлийн тогтоол /хх72-73/,  

хариуцагчаас хариу тайлбар /хх-48/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00937 дугаар шийдвэр /хх65-70/, Гүйцэтгэх хуудас /хх-71/, фото зургууд /2 хавтас/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох          үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “Ө ” СӨХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Г.С нь ажиллах хугацаандаа байрны гадна дотно тохижилт, дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар нэгэн зүйл огт хийгээгүйгээс гадна 144 өрхийн сар болгон өгч байсан хуримтлалын мөнгийг зарлагадаж авсан нь аудитаар тогтоогдсон. Өдөр болгон өөрийн дансаар гүйлгээ хийж 42,400,000 төгрөгийг авч байсан. Иймд цамхаг лифт ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөг,  аудитын шалгалтаар илэрсэн 8,682,200 төгрөг, аудитын тайлангийн ажлын хөлс 3,960,000 төгрөг нийт 22,704,445.2 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Г.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Ө ” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд айл өрхөөс авсан төлбөрийг зориулалтын дагуу ашигласан. Гүйцэтгэх захирлын ажлыг Д.Рд хүлээлгэж өгөхөд нийгмийн даатгалын шимтгэл, Баянгол дүүргийн татварын өр, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт төлөх төлбөр, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөрийг тооцон гаргаж ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлаа фото зургаар баримтжуулсан байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Г п а ХХК-ийн гаргасан шинжээчийн тайланг хүлээн зөвшөөрөхгүй, касс, харилцахын зарлагын баримтын талаар тайлбар хийх гэсэн боловч шинжээч надтай огт уулзаагүй буюу уулзахгүй гэсэн. “Ө ” СӨХ өөрийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан атлаа тухайн аудит хийлгэсний төлбөр 3,960,000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч “Ө ” СӨХ нь хариуцагч Г.Сд холбогдуулан  Ц Л ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөг,  аудитын шалгалтаар илэрсэн 8,682,200 төгрөг, аудитын тайлангийн ажлын хөлс 3,960,000 төгрөг нийт 22,704,445.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Хариуцагч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/00937 дугаар шийдвэр, ажил хүлээлцсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

7. Талуудын маргааны зүйл нь  харилцагч болон мэргэжлийн байгууллагатай төлбөр тооцоог хугацаандаа хийгээгүйгээс их хэмжээний өртэй болсон, аудитын дүгнэлтийн талаар маргасан.

8. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Г.С нь “Ө ” СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас халагдсантай холбоотой дараагийн гүйцэтгэх захирал болох Д.Рд Ажил хүлээлцсэн актаар 21,261,560 төгрөгийн харилцагчийн авлагатай,  УБЦТС ТӨХК-д 272,278.85 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 53,584.17 төгрөг, цамхаг лифт ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, вакум цонхны төлбөрт 7,000,000 төгрөг, цалингийн өглөг /захиралд/ 5,040,000 төгрөг, цалингийн өглөг /Н/ 210,000 төгрөг, цалингийн өглөг /М/ 210,000  төгрөг нийт 21,394,569.48 төгрөгийн өглөгөтэй, эд материал, бичиг баримт  болон ажлын байрыг хүлээлгэн өгч гарын үсэг зуржээ.

8.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт сууц өмчлөгчдийн холбоо гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ.

8.2 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны тухайн орон сууцны өмчлөгч бүр сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байх бөгөөд хуулийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй тул орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй.

8.3 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч “Ө ” СӨХ нь Ц л ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөгийг холбооны сангийн хөрөнгөөр мэргэжлийн болон гэрээтэй байгууллагад төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Г.Сгоос шаардах эрхгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөгийг хариуцагч ажиллаж байх хугацаандаа төлөөгүй буюу нягтлан, лифтчин, үйлчлэгчийг ажлуулж байгаагүй оршин суугчид бүгд нотолно гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотолсон баримтгүй бөгөөд талууд уг асуудлаар маргаж, мэтгэлцсэн болно.

 

9. Нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Г п а” ХХК-ийн шинжээчийн тайлан гаргасныг шүүхэд ирүүлжээ. “Г п а” ХХК-ийн шинжээчийн тайлангаар касс, харилцахын зарлагын анхан шатны 8,682,300 төгрөгийн баримтгүй гүйлгээ байна гэсэн дүгнэлтийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 8,682,300 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

9.1 Шүүх хуралдаанд хариуцагч Г.С “...аудитын дүгнэлт дээр кассын зарлагын анхан шатны баримтгүй гэснийг зөвшөөрөхгүй, би гэрээтэй харилцагч байгууллагуудад мөнгийг гэрээнд зааснаар шилжүүлсэн, мөн банкны шимтгэлүүдийг бүгдийг нь хасч тооцоогүй, надад бас бэлэн баримтууд байгаа. Миний хийж байсан ажлын талаар дүгнэлт гаргаж байгаа учраас би өөрөө тайлбарлах баримтыг шалгуулах үүднээс утсаар болон биеэр очиж уулзах гэсэн боловч надтай огт уулзаагүй, уулзахгүй гэсэн. Энэ аудитын дүгнэлт зөвхөн СӨХ-ны хүсэлтээр хийгдсэн, надтай уулзаж баримт гаргаж өгөх, тайлбарлах боломж олгоогүй...” гэх тайлбар, мөн гэрч С.О мэдүүлэхдээ “...харилцахын зарлагын гүйлгээ, кассын зарлагын гүйлгээг хариуцагч баримтаа авч ирээд дахин сууж байгаад шалгаад хасах зүйлийг нь хасаад зөвтгөж болно...” гэснээс үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “Г п а” ХХК-ийн гаргасан шинжээчийн тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

 

9.2 Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус хяналтын зөвлөлийг байгуулна, 11.3.3-т нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах, 11.3.5.холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг түр хугацаагаар хааж гүйлгээг зогсоох арга хэмжээ авах гэж заасан байх тул нэхэмжлэгч “Ө ” СӨХ нь хариуцагч Г.Сг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд хяналтын зөвлөл байгуулсан эсэх, хэрэв хяналтын зөвлөл ажиллаж байсан бол хуульд заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, удирдах зөвлөл гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг  нь дүгнэсэн эсэх зэрэг нь тодорхойгүй байна.

 

9.3 Зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан. 

 

“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл “Г п а” ХХК-ийн шинжээчийн тайлангаар касс, харилцахын зарлагын анхан шатны баримтгүй 8,682,300 төгрөгийг нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны данснаас хариуцагч Г.С шилжүүлэн хувьдаа авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

9.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг ажиллах хугацаандаа байрны гадна дотно тохижилт, дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар нэгэн зүйл огт хийгээгүйгээс гадна 144 өрхийн сар болгон өгч байсан хуримтлалын мөнгийг хувьдаа зарлагадаж авсан гэх тайлбар болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Ө ” СӨХ-ны хүсэлтээр “Г п а” ХХК-ийн шинжээчийн тайлан гаргасан байх тул шинжээчийн тайлангийн ажлын хөлс 3,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

10. Иймд хариуцагч Г.Сгоос цамхаг лифт ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөг,  аудитын шалгалтаар илэрсэн 8,682,200 төгрөг нийт 18,774,445 төгрөг, аудитын тайлангийн ажлын 3,960,000 төгрөг бүгд 22,704,445.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.Сгоос “Ц л” ХХК-д 2,160,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 691,680 төгрөг, Баянгол дүүргийн татварт 5,757,023.46 төгрөг, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 конторт 825,500 төгрөг, УБЦТС ТӨХК-д цахилгааны төлбөр 658,252 төгрөг,  аудитын шалгалтаар илэрсэн 8,682,200 төгрөг нийт 18,774,445 төгрөг, аудитын тайлангийн ажлын 3,960,000 төгрөг бүгд 22,704,445.2 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ө ” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ